| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лодойн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 156/2015/00426/И |
| Дугаар | 426 |
| Огноо | 2016-08-03 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 08 сарын 03 өдөр
Дугаар 426
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс: 156/2015/00426/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Цэрэндулам би,
Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сум 4 дүгээр баг Баянмөнхийн 1-37 тоотод оршин суух оршин суух, Дархисүрэнгийн Батболдод холбогдох
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Өлзийтийн 5-04 тоот оршин суух, Давхар овогт Агваанжанцангийн Амгаланбаатарын нэхэмжлэлтэй,
"бусдад учруулсан гэм хорын хохирлын 2 109 000 төгрөгийг гаргуулах" тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч А.Амгаланбаатар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Д.Батболд нь 2012 оны 1 дүгээр сарын 5-6 нд шилжих шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн Булагийн 5-04 тоотод байрлах манай гэрээс телевизор, сансарын антен, станц, мөнгөн аяга , халтар манан хөөрөг зэргийг хулгайлж 2 109 000 төгрөгийн хохирол учруулсан тул иргэн Д.Батболдоос хохирлыг гаргуулж өгнө үү гэжээ. (хх-ийн 1 тал)
Хариуцагч Д.Батболд нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д.Батболд би А.Амгаланбаатарын нэхэмжлэлтэй танилцлаа. Би 2012 оны 1 дүгээр сарын 5-6 нд шилжих шөнө А.Амгаланбаатарын гэрээс телевизор, сансарын антен, станц, мөнгөн аяга , халтар манан хөөрөг зэргийг хулгайлсан минь үнэн юм. Нэхэмжлэгч А.Амгаланбаатарын нэхэмжилсэн 2 109 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Би уг мөнгийг 2017 онд бүрэн барагдуулж дуусгана гэжээ. (хх-ийн 1 тал)
Нэхэмжлэгч А.Амгаланбаатар нь шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: А.Амгаланбаатар миний бие, Д.Батболдтой эвлэрэн хэлэлцэж, ар гэрийн байдал өрхийн орлого зэргийг нь харгалзан үзэж сар бүр 200 000 төгрөгийг цалингаас нь суутгаж байхаар харилцан тохиролцож 2 109 000 (хоёр сая нэг зуун есөн мянган) төгрөгийг Д.Батболдоос гаргуулахаар харилцан тохиролцлоо.
Нэхэмжлэлтэй холбогдуулан гаргах бичгийн нотлох баримт байхгүй, энэ хэрэгт өмгөөлөгч авахгүй гэжээ. (хх-ийн 31 тал)
Хариуцагч Д.Батболд нь шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Миний бие А.Амгаланбаатартай эвлэрэн хэлэлцэж 2 109 000 (хоёр сая нэг зуун есөн мянган) төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Миний бие сар бүрийн цалингаасаа 200 000 төгрөгийг суутгуулж 2017 онд бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцлоо.
Энэ хэрэгт өмгөөлөгч авахгүй. нэхэмжлэлтэй холбогдуулан гаргах бичгийн нотлох баримт байхгүй гэжээ. (хх-ийн 31 тал)
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч А.Амгаланбаатар нь хариуцагч Д.Батболдоос "бусдад учруулсан гэм хорын хохирлын 2 109 000 төгрөгийг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Д.Батболд нь нэхэмжлэгч А.Амгаланбаатарын нэхэмжлэлийн шаардлага болох гэм хорын хохирлын 2 109 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөөгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Д.Батболд холбогдох, А.Амгаланбаатар нэхэмжлэлтэй, “бусдад учруулсан гэм хорын хохирлын 2 109 000 төгрөгийг гаргуулах” тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч А.Амгаланбаатар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Д.Батболд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Д.Батболдоос 178 728 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулсугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч Д.Батболд нь 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг дурьдсугай.
4. Зохигчид тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Л.ЦЭРЭНДУЛАМ