| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лодойн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 156/2016/00397/И |
| Дугаар | 427 |
| Огноо | 2016-08-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 08 сарын 10 өдөр
Дугаар 427
Шийдвэр
2016.08.10 ¹427 Хэрлэн сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:156/2016/00397/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж тус шүүхийн "Б" танхимд хийсэн хуралдаанаар,
Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг, Ц-03 дугаар байрны 12 тоотод оршин суух Боржигон овогт Дондогпэрэнлэйн Энхтуяад (РД:СЭ58122601) холбогдох,
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг, Т-170 дугаар байрны 15 тоотод оршин суух Боржигон овогт Түмэн-Өлзийн Болдмаагийн(РД:СТ75060705) нэхэмжлэлтэй,
"Зээл зээлийн хүүгийн 18 585 000 төгрөгийг гаргуулах" тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батбаатар, хариуцагч Д.Энхтуяа, хариуцагчийн өмгөөлөгч Г.Бадамгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтансувд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Т.Болдмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Миний бие Д.Энхтуяатай 2012 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 6 300 000 төгрөгийг 15 хувийн хүүтэй зээлдүүлэн гэрээг гарын үсэг зурж нотариатаар баталгаажуулсан юм. Зээлийн гэрээг хамгийн сүүлд 2015 оны 10 дүгээр сарын 10-нд сунгуулсан боловч Д.Энхтуяа нь зээлийн төлбөрөө төлөөгүй өнөөг хүрч байна.
Иймд зээлийн гэрээнд заагдсаны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутмын 0.5 хувийн алданги тооцож 90 хоногийн алданги 2 835 000 төгрөг, үндсэн зээлийн 6 300 000 төгрөг, түүний хүү болох 9 450 000 төгрөгийн хамт нийт 18 585 000 төгрөгийг хариуцагч Д.Энхтуяагаас гаргуулж өгнө үү гэжээ. (хх-ийн 1 тал)
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батбаатар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Т.Болдмаа нь хариуцагч Д.Энхтуяатай 2012 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 6300000 төгрөгийг 15 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Уг мөнгийг зээлдүүлэхдээ зээлийн гэрээ байгуулж нотариатаар батлуулсан. Мөн талууд зээлийн гэрээнд сайн дурын үндсэн дээр гарын үсэг зурсан. Зээлийн гэрээг хамгийн сүүлд 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр сунгуулсан боловч Д.Энхтуяа нь зээлийн төлбөрөө төлөөгүй өнөөг хүрч байна. Иймд зээлийн гэрээнд заасны дагуу Б.Энхтуягаас зээл болон зээлийн хүүг гаргуулж авах хүсэлттэй байна. 2012 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр авсан 4000000 төгрөг аваад 2013 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 2300000 төгрөгийг нэмж зээлсэн юм. Мөн зээлийн гэрээгээ сунгасан. Харин 2015 оны 01 дүгээр сарын зээлийн гэрээ бол гэрээг 1 жилийн хугацаатай сунгасан гэсэн утгатай гэрээ юм. Одоо бид Д.Энхтуяагаас үндсэн зээл, зээлийн хүүгийн 11 025 000 төгрөгийг нэхэмжилж байна. Өмнөх оны зээлийн хүүг тодорхой хэмжээгээр авч авсан болохоор гомдол санал байхгүй. Хариуцагч Д.Энхтуяа 2015 оны 11, 12 дугаар сар, 2016 оны 01-04 дүгээр саруудад Т.Болдмаад 1170300 төгрөгийг бэлнээр өгсөн гэж байна. Бид 1 170 300 төгрөгийг аваагүй учраас хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагчид зээлийн хүүгийн үлдэгдлээ төлж дууссаны дараа үндсэн зээлээ төл гэсэн шаардлага тавьсан. Үндсэн зээл болох 6 300 000 төгрөгийг төлөөгүй байгаа. Харин охин Цэнгэлмаад 500 000 төгрөг өгсөн нь үнэн юм. 2015 оны 2 дугаар сараас 12 дугаар сарыг хүртэл нийт 10 сарын хүүг нэхэмжилж байгаа, эхний хоёр сарын хүүг авсан байсан. Хариуцагч тал нэг удаа өгсөн мөнгөө олон дахин давтаж оруулж байна. Баримтууд давхардаж байна. Би хариуцагч талын өгсөн мөнгийг өгөөгүй гэж хэлэхгүй. 2013 оны 04, 05 дугаар сарын хүү гэж 945 000 төгрөгийг 2 удаа буюу нийт 1 890 000 төгрөгийг хариуцагчаас авсан. Цэнгэлмаад 500000 төгрөгийг өгсөн, Зээлийн гэрээг сунгаагүй байхад зээлийн хүү өгч байсан гэж ярьж байна. Би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Д.Энхтуяа зээлийн гэрээгээ сунгуулъя гэхээр зугтаад байдаг байсан. Би шүүхэд өгөхдөө Д.Энхтуяад мэдэгдсэн. Энэ талаар удаа дараа сануулж байсан. Мөн 2015 оны 08 дугаар сард Д.Энхтуяаг Улаанбаатар хотод байхад гэрт нь очиж нөхөрт нь хэлж байсан. Мөн хүүхэд рүү нь утсаар ярьж мэдэгдсэн. Зээлийн гэрээг 2 талын зөвшилцлийн үндсэн дээр хийсэн гэж бодож байна. Бид нар хариуцагч Д.Энхтуяагийн хэлснээр 35190300 төгрөгийг түүнээс аваагүй. Манайх мөнгө хүүлдэг газар биш. Буруу яриад байна. 2012 онд би байшин бариулах гээд цалингийн зээл авсан. Д.Энхтуяа энэ талаар хаанаас сонссонг нь мэдэхгүй, мөнгө зээлээч гэж ойр ойрхон ирж байсан. Мөн ажил дээр ирж гуйгаад байсан. Тэгээд би 15 хувийн хүүтэй мөнгө зээлүүлсэн юм. Д.Энхтуяа зээлийн хүүг хүлээн зөвшөөрсөн. Д.Энхтуяа нь эрх зүйн бүрэн чадамжтай хүн. Өөрийн байгуулсан гэрээний үүргийг биелүүлэх эрх зүйн чадамжтай гэж бодож байна. Хариуцагч Д.Энхтуяа нь үндсэн зээл болох 6300000 төгрөгийг хоёр дахин нугалаад төлсөн байна гэж яриад байна. Анх зээлийн гэрээ байгуулахдаа 15 хувийн хүүг сар болгон төлнө гэж хүлээн зөвшөөрсөн. Зээлийн хүүгээ яагаад төлөхгүй гээд байгааг ойлгохгүй байна. Манай тал Д.Энхтуяагаас авсан мөнгөө бүгдийг нь хүлээн зөвшөөрсөн. Цэнгэлмаад өгсөн мөнгө баримтгүй байхад нь хүлээн зөвшөөрсөн. 35190300 төгрөг өгсөн гэж худлаа хэлээд байна. Бид нар 2012 онд зээлсэн 4000000 төгрөгт алданги бодоогүй. Зээлийн хүү гэж 3600000 төгрөг төлсөн гэж байна. Үүнийг баримтаар шаардаж байна. Д.Эрдэнэтуяа зээлийн гэрээг сунгахаас зайлсхийж зугтсаар байгаад хугацаа хэтрүүлсэн юм. 2012 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 2015 оны 05 дугаар сар хүртэл зээл болон зээлийн хүүнд төлсөн гээд байгаа мөнгөө нотлох баримтаар гаргаж өгөхийг шаардаж байна. Хариуцагч Д.Энхтуяагийн 5000000 төгрөгийн сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөхгүй байна. Д.Энхтуяа болон түүний өмгөөлөгч 2012 оны зээлийн гэрээнээс бусад зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. 2013, 2015 онуудад хийсэн зээлийн гэрээг нотариатын байгууллага дээр очиж тухайн байгууллагын зээлийн гэрээний маягт дээр хийсэн. 2012 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр авсан 4000000 төгрөг дээр 2013 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 2300000 төгрөг нэмж авсан. Мөн зээлийн гэрээгээ сунгасан юм. Өөрөө гарын үсгээ зурж баталгаажуулсан байдаг.
Хариуцагч Д.Энхтуяа нь үндсэн зээл болох 6 300 000 төгрөгийг төлөөгүй байгаа гэв.
Хариуцагч Д.Энхтуяа нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2012 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хугацаатай 4000000 төгрөгийг сарын 15 хувийн хүүтэйгээр Т.Болдмаагаас зээлийн гэрээ байгуулж авсан юм. Мөн 2013 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 2300000 төгрөгийг нэмж зээлсэн. Би Т.Болдмаагаас нийт 6300000 төгрөг зээлдсэн юм. Т.Болдмаа зээлийн хүүгээ төлөхгүй байна гээд намайг дахин зээлийн гэрээ хий гэж шаардсан. Зээлийн гэрээг сунгах ёстой байсан боловч дахин мөнгө зээлсэн утгатай гэрээ байгуулсан байсан. 2012 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл гэрээ хийгдсэн. Би 2012 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 2015 оны 05 сар дуустал хугацааны зээлийн хүүгээ төлсөн. Нийт 35 190 300 төгрөгийг хүү гэж өгсөн. 2015 оны 06, 07 дугаар сарын хүүг төлөх чадваргүй байсан. Т.Болдмаагийн том охин Б.Цэнгэлмаа их дээд сургуульд явах болоод 500000 төгрөгийг намайг Улаанбаатар хотод байхад бэлнээр авсан. Тэгээд би Т.Болдмаад би чамаас 6300000 төгрөг зээлсэн. Гэтэл хүү гэж 35 190 300 төгрөг өгсөн. Үндсэн зээлсэн мөнгөө бараг 5, 6 дахин нугалж төлсөн байна. Одоо би үндсэн зээлээ өгье гэсэн санал тавьсан. Мөн би 2015 оны 11, 12 дугаар сар, 2016 оны 01-04 дүгээр саруудад Т.Болдмаа болон түүний гэр бүлийн гишүүдэд нь нийт 1170300 төгрөгийг бэлнээр өгсөн. Ингээд нийт 35190300 төгрөг төлсөн. Би Т.Болдмаагаас зээлийн гэрээ хийж зээл авснаас хойш 3 гэрээ хийгдсэн. Гэхдээ уг гэрээнүүдийг хугацаа нь дуусангуут үргэлжлүүлж хийгээгүй. Зарим үед гэрээ хийгдээгүй байхад хүү төлөгдсөн байдаг. Нийт 10 сар 14 хоногийн хүү 1361000 төгрөгийг гэрээ хийгдээгүй байхад төлсөн байсан. Мөн эмийн сангийн орлогоос бэлнээр 274500 төгрөгийг Т.Болдмаад өгсөн. Миний Т.Болдмаад төлсөн 35190300 төгрөгт эмийн сангийн орлогоос авсан 274 500 төгрөг багтаж байгаа. Нэхэмжлэгч тал зээлийн хүүг өдий хүртэл аваад явж байсан байж 2015 оны 06 дугаар сараас зээлийн хүүгээ өгч чадахаа болиход шууд шүүхэд өгсөн байсан. Би үүнд гомдолтой байна. Шүүх энэ асуудлыг үнэн зөвөөр шйдвэрлэж өгнө гэдэгт итгэж байна. Т.Болдмаа шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 2015 оны 01 дүгээр сараас хойш зээлийн хүүгээ төлөөгүй гэж бичсэн байсан. Миний мөнгө төлсөн гэдэг нь дансны хуулгаас харагдах байх. Т.Болдмаад бэлнээр өгч байсан мөнгөө тэмдэглэж аваад гарын үсэг зуруулаагүй нь миний буруу байна. Гэхдээ эдгээр мөнгийг бэлнээр авч байсныг миний болон Т.Болдмаагийн хүүхдүүд гэрчилнэ. Т.Болдмаа надаас 2 удаа 945000 төгрөг авсан баримтаа хавтаст хэрэгт хавсаргасан байсан. 2015 оны эхний таван сарын хүүг төлсөн. Т.Болдмаа энэ талаар календарь дээрээ тэмдэглэсэн. Үүнээс хойш Т.Болдмаагийн охинд 500000 төгрөг, мөн Т.Болдмаагийн эмчилгээний төлбөрт мөнгө өгч байсан. Энэ 1170300 төгрөг бол цагаан сар, март зэрэг баяр ёслолоор, мөн зээл хаах үеэр цувуулж өгсөн мөнгө юм. Т.Болдмаа бид хоёр энэ мөнгийг үндсэн мөнгөнөөс хасахаар тохирсон байсан. Тухайн мөнгийг Т.Болдмаад өгсөн нь миний хувийн тэмдэглэлийн дэвтэрт байгаа. Би нэхэмжлэгчид баримтаар 13399800 төгрөг, ХААН банкны дансаар 5785000 төгрөгийг төлсөн. Т.Болдмаад итгэж байсан болохоор тухайн үед тэмдэглэж, гарын үсэг зуруулж байгаагүй. Би 2012 онд зээлсэн 4000000 төгрөгийн зээлийн хүүг төлж дуусгаад 2013 онд 2300000 төгрөг нэмж авсан. Зээлийн гэрээг сунгах хүртэл гэрээгүй байх хугацаанд би хүү төлж байсан. Энэ ХААН банкны хуулгаар батлагдаж байгаа. Би 6300000 төгрөгийг өгч чадахгүй байсан болохоор хүү төлж байсан юм. Миний гэрээгүй байх хугацаанд төлсөн зээлийн хүүг үндсэн зээлээс хасч бодвол би сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй болно. Т.Болдмаа бид хоёр хамт явж 2015 оны 01 дүгээр сард зээлийн гэрээгээ сунгасан. Тэр үед зээл, зээлийн хүүгийн талаар маргах зүйл байгаагүй. 2015 оны 01 сараас 05 дугаар сарыг дуусталх хугацааны хүүг цувуулж өгч дуусгасан. 2012 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс хойш 2015 оны 05 дугаар сар хүртэл нийт 35190300 төгрөгийг зээлийн хүүнд өгсөн. Анх зээлсэн 6300000 төгрөгийг 2 дахин нугалж төлсөн гэдэг нь харагдаж байна. Т.Болдмаа 1170300 төгрөгийг авахдаа үндсэн зээлсэн 6300000 төгрөгөөсөө хасаж бодно гэж хэлж ярьсан. Гэтэл намайг шүүхэд өгсөн байсан. Зээл болон зээлийн хүүг төлөх төлбөрийн чадвар байхгүй байна. Нэхэмжлэгч тал хуулийн байгууллагад хандаагүй байсан бол зээлээ чадах чинээгээрээ төлөх байсан. Би Т.Болдмаагаас 6300000 төгрөг зээлж аваад 2012 оноос эхлээд 2015 оны 05 дугаар сар хүртэл 35190300 төгрөг болгож өгсөн юм байна. Одоо энэ асуудлаа хуулийн байгууллагаар шийдвэрлүүлэх саналтай байна. Миний зээл болон зээлийн хүүнд өгсөн мөнгийг яагаад өгөөгүй гэж худлаа хэлээд байгааг ойлгохгүй байна гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Г.Бадамгэрэл нь шүүхэд өгсөн тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд Д.Энхтуяагийн өмгөөлөгчөөр оролцож байна. Миний үйлчлүүлэгч Т.Болдмаагийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир сөрөг нэхэмжлэл гаргасан. Хамгийн анх 2012 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 15 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай 4000000 төгрөгийг зээлүүлж тухайн өдрөө Д.Энхтуяагийн дансанд хийсэн баримт байдаг. Энэ гэрээг хуулийн хүчин төгөлдөр байна гэдгийг өмгөөлөгчийн зүгээс хүлээн зөвшөөрч байна. 2013 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 6300000 төгрөгийг өгсөн, авсан гэсэн зээлийн гэрээ хийсэн байдаг. Мөнгө шилжүүлсэн талаар 2013 оны 2 ширхэг баримт байдаг. Энэ баримт нь 2013 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Д.Энхтуяагийн дансанд 200000 төгрөг, мөн оны 03 дугаар сарын 23-ны өдөр 2100000 төгрөг шилжүүлсэн талаар баримт байдаг. 2013 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 6300000 төгрөгийг өгч авсан гэсэн баримт байдаггүй. Тиймээс энэ зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус байна. Энэ гэрээг дүр эсгэж хийсэн байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Тиймээс энэ гэрээнд заасан хүү, алданги авах эрхгүй. Тиймээс зээлийн хүү 6 300 000 төгрөгийг авах эрхгүй юм. Энэ гэрээ нь хугацаа сунгасан эсхүл зээлийн гэрээний нөхцөл өөрчилсөн гэрээ байх ёстой байсан. Мөн уг зээлийн гэрээний 4 дүгээр хэсэгт “ энэхүү гэрээ нь зээлдүүлэгчээс зээлдэгчид мөнгийг бодитойгоор гардуулсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болж, талууд хүлээсэн үүргээ бодитойгоор биелүүлснээр дуусгавар болно” гэж заасан байдаг. Гэтэл 6 300 000 төгрөгийг 2013 оны 03 дугаар сарын 22-ны өдөр гардаж аваагүй байдаг. Нэхэмжлэгчийн талаас гаргаж өгсөн нотлох баримтыг харахад уг мөнгийг гардаж авах боломж байхгүй байна. Тиймээс 2013 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хийсэн гэрээг хүчин төгөлдөр бус гэрээ гэж тооцуулах хүсэлтэй байна. Нэхэмжлэгч тал сарын 15 хувийн хүүтэй мөнгө зээлсэн гэж ярьдаг. Гэтэл Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригын агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна гэж заасан байдаг. Гэтэл энэ гэрээн дээр сар бүрийн 15 хувийн хүүтэй мөнгө зээлсэн гэсэн үг үсэг байдаггүй. Гэрээн дээр жилийн гэсэн үгийн доогуур зурсан байдаг. Энэ зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус зээлийн гэрээ байна гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгч тал алданги болон хүү нэхэмжлэх эрхгүй, үндсэн мөнгийг өгсөн гэсэн баримт байгаа тул 6300000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Мөн 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр мөн адил хүчин төгөлдөр бус гэрээ хийсэн байдаг. Энэ өдөр Д.Энхтуяагийн дансанд мөнгө ороогүй байдаг. 2 тал зээлийн гэрээг сунгасан гэж ярьдаг боловч уг гэрээнд сунгасан гэсэн үг үсэг байдаггүй. Мөн гэрээний 4 дүгээр хэсгийг уншихад ойлгомжтой байгаа. Иймд Д.Энхтуяа нэхэмжлэгчийн нэхэмжлээд байгаа 18585000 төгрөгийг төлөх ёсгүй юм. 2012 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн зээлийн гэрээ хүчин төгөлдөр тул 4000000 төгрөгт 2000000 төгрөгийн алданги тооцуулахад гомдол байхгүй. 2835000 төгрөгийг төлөх боломж байхгүй. Шүүх хуралдаан дээр давхардуулж хэлсэн гэж нэлээд мөнгөн дүнг хассан. Сөрөг нэхэмжлэл гаргахдаа эдгээр давхардсан мөнгөн дүнг оруулсан байсан. Хавтаст хэрэгт байгаа баримтуудаас харахад 1890000 төгрөгийг Т.Болдмаад төлсөн гэдэг нь харагдаж байна. Мөн Цэнгэлмаад бэлнээр өгсөн 500000 төгрөг, Батбаатарын дансаар өгсөн мөнгө, эм авсан болон бэлнээр өгсөн мөнгө зэрэг 1890000 төгрөг буюу 2015 оны 01, 02 дугаар сарын зээлийн хүүг өгсөн гэдгийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрч байгаа тул эдгээр мөнгийг нийлүүлээд 9565000 төгрөгийг баримттайгаар төлсөн байна. 9565000 төгрөгөөс үндсэн зээл 6300000 төгрөг болон 2000000 төгрөгийг алданги зэргийг хасаад 1265000 төгрөг болж байна. Энэ 1265000 төгрөгийг нэхэмжлэгч талаас гаргуулах хүсэлттэй байна. Мөн Т.Болдмаагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлтэй байна гэв.
Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Т.Болдмаа нь хариуцагч Д.Энхтуяагаас зээл, зээлийн хүүгийн 18 585 000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзэв.
Зохигчид нь 2012 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулж нэхэмжлэгч Т.Болдмаа нь хариуцагч Д.Энхтуяад 4 000 000 төгрөгийг 6 хугацаатай, сарын 15 хувийн хүүтэйгээр зээлдүүлжээ. (хх-ийн 20 тал)
Мөн нэхэмжлэгч нь 2013 оны 03 дугаар сарын 22-нд хариуцагчтай харилцан тохиролцож нэмж бичгээр гэрээ байгуулж 2 300 000 төгрөгийн зээлээр өгсөн байна. (хх-ийн 15 тал)
Энэ нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д заасан “эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн дагуу талууд тохиролцож тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулсанд тооцно” гэжээ.
Нэхэмжлэгч Т.Болдмаа нь хариуцагч Д.Энхтуяатай мөнгө зээлдүүлэх гэрээ байгуулсан өдрөөс хойш 2012 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хариуцагчийн ХААН банкны 5954174487 тоот дансанд 4 000 000 төгрөгийг, 2013 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 2 100 000 төгрөгийг, 2013 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 200 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн болох нь ХААН банкны орлогын мэдүүлэг, мөнгөн шилжүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. (хх-ийн 6-8 тал)
Иймд шүүх Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д заасан зохигчдын хооронд бичгээр зээлийн гэрээ байгуулагдсан байна гэж үзэв.
Нэхэмжлэгч Т.Болдмаа нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэжээ. Иймд нэхэмжлэгч Т.Болдмаа нь хариуцагч Д.Энхтуяад зээлдүүлсэн мөнгөө шаардах эрхтэй байна.
Мөн Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.3-т зааснаар зээлдүүлэгч нь сарын 15 хувийн хүүтэйгээр зээлдэгчид 6 300 000 төгрөгийг бэлнээр гэрээ байгуулж шилжүүлсэн байх тул хүү авах эрхтэй байна.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь өвчтэй тул итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Ц.Батбаатар оролцов. (хх-ийн 4 тал)
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцоно гэж шүүхэд бичгээр хүсэлт гаргажээ. (хх-ийн 90 тал)
Шүүх хүсэлтийг хүлээн авч түүнийг өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцуулав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батбаатар нь хариуцагч Д.Энхтуяагаас зээл, зээлийн хүүгийн 18 585 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагынхаа 7 560 000 төгрөгөөс татгалзаж 11 025 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн байна.
Зээлдэгч Д.Энхтуяа нь зээлдүүлэгч Т.Болдмаад ХААН банкаар 5 775 000 төгрөг, зээлдүүлэгчийн охин Цэнгэлмаад 500 000 төгрөг, 2013 оны 4,5 сарын хүү 1 890 000 төгрөг, нийт 8 165 000 төгрөгийг өгсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдсон гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2-т заасан “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй, мөн хуулийн 38.1-д “зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэсэн заалтыг биелүүлээгүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт байхгүй тул буруутай гэж үзэв.
Зээлдэгч Д.Энхтуяа нь зээлдүүлэгч Т.Болдмаад 35 190 300 төгрөгийг банкаар болон бэлнээр өгсөн гэж шүүх хуралдаанд тайлбар гаргасан боловч нэхэмжлэгчид 8 165 000 төгрөгийг өгсөн болох нь тогтоогдож 27 025 300 төгрөгийг зээлдүүлэгчид өгсөн болохоо нотолж чадаагүй байна.
Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-д зааснаар зээлдэгч Д.Энхтуяагаас зээл, зээлийн хүүгийн (11 025 000--8 165 000=2 860 000) төгрөгийг гаргуулж зээлдүүлэгч Т.Болдмаад олгох үндэслэлтэй гэж тооцов.
Мөн зээлдэгч Д.Энхтуяа нь зээлдүүлэгч Т.Болдмаад үндсэн зээл 6 300 000 төгрөгийг буцаан төлсөн болохыг нотолж чадаагүй, хүүг нь төлж байсан гэж тайлбарласан байна.
Хариуцагч (зээлдэгч) Д.Энхтуяа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д зааснаар сөрөг нэхэмжлэл гаргаж зээлдүүлэгч Т.Болдмаагаас 5 000 000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. (хх-ийн 82 тал)
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2-д “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй, мөн хуулийн 38.1-д “зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж зааснаар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ шүүхэд нотлож чадаагүй тул зээлдэгч Д.Энхтуяагийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-д заасныг баримтлан хариуцагч Д.Энхтуяагаас зээл, зээлийн хүүгийн 2 860 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Болдмаад олгож, хариуцагч Д.Энхтуяагийн 5 000 000 төгрөг гаргуулах Т.Болдмаад холбогдох сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 250 075 төгрөгийг, сөрөг нэхэмжлэл гаргасан Д.Энхтуяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95 000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Энхтуяагаас 60 710 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Болдмаад олгосугай.
3. Иргэний шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЦЭРЭНДУЛАМ