Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 1460

 

 

    Б.Баясгалангийн нэхэмжлэлтэй,

    иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Дамдин-Од, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

           

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2016/04358 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Баясгалангийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох

           

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах, төлбөр гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг гүйцэтгэхийг даалгуулах, шийдвэр гүйцэтгэх байгууллагаас учруулсан хохирол гаргуулах шийдвэрийг гүйцэтгүүлсний дараа, орон сууцтай холбоотой шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахыг даалгуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгч Б.Баясгалангийн гаргасан гомдлыг үндэслэн, хэргийг 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Сарантуяа

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Оюунбилэг

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Хас банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гантөгс,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Баясгалан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2010 оны 3 дугаар сарын 10-нд Банк, хадгаламж, зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны зохион байгуулсан дуудлага худалдаанд оролцож,  Сүхбаатар   дүүргийн  5  дугаар хороо, 14  дүгээр байрны 10 тоот орон сууцыг 74 000 000 төгрөгөөр худалдан авсан. Дуудлага худалдаанд Гэр хорооллын барилгажилт ХЗХ, “Бөөнцагаан нуур” ХЗХ зэрэг хоршоодын хөрөнгө болон бусад өр төлбөртэй байгууллагуудын үл хөдлөх хөрөнгүүдийг оруулж, төлбөр барагдуулах ажиллагааг явуулж байсан. Дуудлага худалдаа болсны дараа Банк, хадгаламж, зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас надад Ү-2203011990 дугаарт бүртгэгдсэн Ж.Болдсайхан гэсэн нэр бүхий үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ өгсөн ба энэхүү дуудлага худалдаа нь Сүхбаатар дүүргийн шүүхийн 2007 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 97 дугаар шийтгэх тогтоолын дагуу явагдсан. Гэтэл Ж.Болдсайхан нь шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2007 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 97 тоот шийтгэх тогтоолоос тус орон сууцыг дуудлага худалдаанд оруулах хэсгийг хасуулсан ба тухайн орон сууцыг “Хас банк” ХХК-ийн барьцаанд тавьж, банкнаас 2014 оны 9 дүгээр сарын 17-нд 110 000 000 төгрөгийн зээл авч, төлөөгүйгээс Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 4413 дугаар шийдвэрээр Ж.Болдсайханаас 109 629 625 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн.

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 901 дүгээр шүүгчийн захирамжийг Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 1065 дугаар магадлалаар хүчингүй болгосон. Манай байр 97 дугаар шийтгэх тогтоолоор дуудлага худалдаанд орох байтал “Хас банк” ХХК-ийн нэхэмжлэлээр Ж.Болдсайханаас төлбөр гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа нь үндэслэлгүй. Миний бие шийдвэр гүйцэтгэлийн буруутай ажиллагаанаас орон сууцаа эзэмших эрхгүй болсон тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас хохирол 480 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1792 дугаар шийдвэрээр хангаж, уг шийдвэрийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба биелүүлэхгүй байх тул төлбөр барагдуулах ажиллагааг гүйцэтгэхийг даалгаж өгнө үү. Шүүх хуралдаанд байрыг худалдан борлуулж, өр төлбөрөө авахыг хүссэн этгээдүүд оролцож байгаатай холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас учруулсан хохирлоо барагдуулсны эцэст орон сууцыг бусдын төлбөрт олгох асуудлыг шийдвэрлэхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Оюунбилэг шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 4413 дугаар шийдвэрийн дагуу 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна. Төлбөр төлөгч Ж.Болдсайханы үүргийн гүйцэтгэлд Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 14 дүгээр байрны 10 тоот, 180 м.кв талбайтай, 6 өрөө бүхий орон сууц барьцаалуулсныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд зааснаар 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 154/11-10 дугаар тогтоолоор битүүмжилж, 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 16/1-06 тоот тогтоолоор хураасан. Тухайн орон сууцыг үүргийн гүйцэтгэлд барьцаатай эсэхийг бүртгэлийн байгууллагаас тодруулахад “2014 оны 1510006398 дугаартай гэрээний дагуу “Хас банк” ХХК-ийн барьцаанд бүртгэлтэй байна” гэсэн хариу өгсөн. Хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1792 дугаар шийдвэрийн дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 181 дүгээр тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас Б.Баясгаланд олговол зохих төлбөрийг жил бүрийн улсын төсөвт тусгуулахаар Хууль зүйн яам, Сангийн яаманд хандаж, ажилласны дагуу Хууль зүйн сайдын 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн А/121 дүгээр тушаалаар 241 778 975 төгрөг олгохоор баталсан ба тус төлбөр 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Б.Баясгалангийн дансанд шилжиж орсон. Манай байгууллагын зүгээс Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1792 дугаар шийдвэр биелүүлэх талаар ажиллагаа хийж байна. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 4413 дугаар шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, Ж.Болдсайхан, Э.Намуунзул нараас төлбөр гаргуулахаар зохих ёсоор явагдаж байна. Хууль зүйн сайдын тушаалаар Б.Баясгаланд энэ оны 7 дугаар сар гэхэд үлдсэн төлбөрийг олгоно, бидний зүгээс төлбөр төлөхгүй удаасан зүйл байхгүй, төлбөр олгоход Хууль зүйн яам, Сангийн яам гээд олон төрийн байгууллага дамждаг учраас хугацаа авсан байх. Маргааны зүйл болсон орон сууц нь нэхэмжлэгч Б.Баясгалангийн өмч биш, тус тусдаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

          Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Банк, хадгаламж, зээлийн хоршоодын төлбөр барагдуулах алба шүүхэд гаргасан болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батмөнх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн шүүхийн 2007 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 97 дугаар шийтгэх тогтоолоор “Бүтээн байгуулалт хөгжлийн сан” ХЗХ-ны үүсгэн байгуулагч Т.Энхтөр, Д.Баттөр нараас 15 645 493 376 төгрөг гаргуулж, нэр бүхий 1413 хохирогч нарт олгохоор шийдвэрлэсэн. Мөрдөн байцаалтын шатанд битүүмжлэгдсэн шийтгэх тогтоолд /хавсралт 2.1-ийн 61/ 90 000 000 төгрөгөөр худалдан борлуулж, тус хадгаламж зээлийн хоршоодын хохирогч нарт хувь тэнцүүлэн олгохоор шийдвэрлэсэн. Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 14 дүгээр байрны 10 тоот, 6 өрөө бүхий орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлд зааснаар 2009 оны 8 дугаар сарын 14-ний өдөр үнэлгээ хийлгэхэд 73 500 000 төгрөг болсон бөгөөд 2010 оны 3 дугаар сарын 10-ны өдөр албадан дуудлага худалдаанд оруулж, 74 000 000 төгрөгөөр иргэн Б.Баясгаланд худалдсан бөгөөд 2010 оны 3 дугаар сарын 29-ний өдөр тус орон сууцыг хүлээлгэн өгч, Хохирлыг эргэн төлөгдөх нөхцлөөр барагдуулах тухай хуулийн 5.2.3-т заасны дагуу орон сууцны үнэ 74 000 000 төгрөгийг Төрийн санд шилжүүлсэн. Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1065 дугаар магадлалаар 901 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул тухайн орон сууц нь “Бүтээн байгуулалт хөгжлийн сан” ХЗХ-ны хохирлыг барагдуулахад тооцон олгох нь зүйтэй юм гэжээ.

 

          Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Хас банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батмөнх шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Болдсайхан нь 2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр “Хас банк” ХХК-тай зээлийн 1510006398 дугаар гэрээ байгуулж, 110 000 000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 1.8 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авч, зээлийн барьцаанд Ү-2203011990 тоот Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 14 дүгээр байрны 10 тоот, 6 өрөө бүхий орон сууцыг барьцаалуулсан. Зээл олгох үед авсан улсын бүртгэлийн мэдээллийн сангаас уг үл хөдлөх хөрөнгө барьцаалагдаагүй, битүүмжлэгдээгүй болон түдгэлзүүлээгүй байсан. Банк, зээлдэгчтэй баталгаат ипотекийн гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлэн, барьцааг баталгаажуулсан. Ж.Болдсайхан нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учраас Ж.Болдсайхан, Э.Намуунзул нарыг хариуцагчаар татаж нэхэмжлэл гаргасан бөгөөд Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 4413 дугаар шийдвэрээр хариуцагч нараас 109 629 665 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 706 098 төгрөг гаргуулж “Хас банк” ХХК-д олгох, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж байтал Б.Баясгалангийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн улмаас 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШЗ2016/07914 дүгээр шүүгчийн захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. “Хас банк” ХХК нь Улсын бүртгэл үнэн зөв байх зарчмын хүрээнд, хуульд нийцүүлэн дээрх барьцаа хөрөнгийг барьцаалсан бөгөөд манай банк шударга эзэмшигчид тооцогдох, бүртгэлтэй холбоотой аливаа маргаан нь банкны хүчин төгөлдөр барьцааны эрхийг хөндөхгүй. Иймд Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 4413 дугаар шийдвэрийг гүйцэтгүүлж өгнө үү гэжээ.

 

          Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд В.Хишигбаяр шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Сүхбаатар дүүргийн шүүхийн 2007 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 97 дугаар шийтгэх тогтоолоор “Бүтээн байгуулалт хөгжлийн сан” ХЗХ-ны хохирогч болсон. Шийтгэх тогтоолоор хохирогч нарын хохирлыг барагдуулах хөрөнгийн жагсаалтад Ж.Болдсайханы орон сууц битүүмжлэгдсэн байсан. Гэтэл үүнийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэрүүд гарч байгаа нь хууль зөрчсөн үйлдэл тул гомдолтой байна. Б.Баясгалангийн амьдарч буй орон сууц нь 97 дугаар шийтгэх тогтоолын дагуу дуудлага худалдаанд орох ёстой байтал “Хас банк” ХХК-ийн барьцаанд орж, дуудлага худалдаанд орох болсныг ойлгохгүй байна. Ж.Болдсайхан анхнаасаа энэ бүгдийг хууль зөрчиж хийсэн. Дээрх орон сууцыг шийтгэх тогтоолын хавсралтаас хассан захирамж хүчин төгөлдөр хэвээр байгаа учраас хохирогч нарын хохирлыг барагдуулах зорилгоор худалдан борлуулах ёстой гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийг үндэслэн нэхэмжлэгч Б.Баясгалангийн гаргасан хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүйд тооцуулах, төлбөр гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг гүйцэтгэхийг даалгах, шүүхийн шийдвэрийн дагуу хариуцагчаас төлбөр төлтөл орон байрыг бусдад төлбөрт олгох асуудлыг шийдвэрлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Баясгалангаас төлсөн 140 400 төгрөгийн тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Баясгалан давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Би оршин сууж буй орон сууцаа Банк, Хадгаламж, зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас зохион байгуулсан дуудлага худалдаанд оролцож худалдан авсан боловч тухайн байгууллага уг ажиллагааг зохион байгуулан явуулахдаа алдаа гаргаснаас “дуудлага худалдаа" хүчингүй болсон. Шүүхийн шийдвэрийн дагуу олгох ёстой хохирлыг барагдуулаагүй мөртлөө намайг байрнаас гаргуулахаар 4413 дугаар шийдвэрийн дагуу орон сууцыг битүүмжлэн хураах тогтоол үйлдсэнийг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргасан. Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1792 дугаар шийдвэрийг биелүүлүүлж өгөхийг хүссэн. Хариуцагчаас төлбөрийг бүрэн барагдуулсны эцэст орон сууцыг бусдад шилжүүлэх эсэхийг шийдвэрлэж өгөхийг хариуцагч байгууллагад даалгахыг хүссэн боловч шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Сүхбаатар дүүргийн шүүхийн 2007 оны 97 дугаар шийтгэх тогтоолын дагуу орон сууцыг худалдан борлуулсан тохиолдолд олон жил амьдарсан орон сууцаа дахин авах боломжтой гэж үзэж байгаа тул уг орон сууцыг сүүлд барьцаанд тавьсан Ж.Болдсайханы өрөнд хураахыг зөвшөөрөхгүй. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ бодит байдалд ямар шударга бус үйл явдал болсныг анхаарч үзсэнгүй. Миний амьдарч байгаа орон сууцнаас өөр орон сууц байхгүй ба эхнэр 5 хүүхдийн хамт амьдардаг. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүйд тооцож нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

          Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч Б.Баясгалан нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах, төлбөр гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг гүйцэтгэхийг даалгуулах, шийдвэр гүйцэтгэх байгууллагаас учруулсан хохирол гаргуулах шийдвэрийг гүйцэтгүүлсний дараа, орон сууцтай холбоотой шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахыг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

         Сүхбаатар дүүргийн шүүхийн 2007 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 97 тоот шийтгэх тогтоолыг гүйцэтгэх ажиллагааны явцад Банк, хадгаламж, зээлийн хорооны төлбөр барагдуулах ажлын албанаас Ж.Болдсайханы өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 14 дүгээр байрны 10 тоот 180 м.кв талбайтай орон сууцыг 2010 оны 3 дугаар сарын 10-ны өдөр худалдан борлуулах албадан дуудлага худалдааг зохион байгуулсан. Уг албадан дуудлага худалдаанд нэхэмжлэгч Б.Баясгалан оролцож, орон сууцыг 73 600 000 төгрөгөөр худалдан авсан боловч өмчлөлдөө шилжүүлж аваагүй байна.

 

         Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 450 дугаар шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 448 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 568 дугаар тогтоолоор маргаан бүхий 10 тоот орон сууцыг худалдан борлуулсан албадан дуудлага худалдааг хүчингүй болгож, Б.Баясгалан болон Банк, хадгаламж, зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албатай байгуулсан уг орон сууц худалдах худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөр бус гэсэн үйл баримтыг тогтоосон.

 

Иймд Б.Баясгалан нь маргаж буй орон сууцыг эзэмших эрхгүй гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 4413 дугаар шийдвэрээр Ж.Болдсайхан, Э.Намуунзул нараас 109 629 665 төгрөг гаргуулж “Хас банк” ХХК-д олгож, Ж.Болдсайханы өмчлөлийн барьцаа хөрөнгө болох 10 тоот орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.

 

Маргаан бүхий орон сууцны өмчлөгч нь Ж.Болдсайхан болох үйл баримтын талаар зохигчид маргаагүй.

 

Нэхэмжлэгч Б.Баясгалан нь дээрх шийдвэрийн дагуу явуулж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны гуравдагч этгээд биш. Учир нь түүний эрх, ашиг сонирхол хөндөгдөж буй байдал тогтоогдохгүй байна.

 

Иймд Б.Баясгалан нь Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 4413 дугаар шийдвэрийн дагуу явуулж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулахаар шаардах эрхгүй тул анхан шатны шүүх түүний нэхэмжлэлийн энэ хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь зөв болжээ.

 

Түүнчлэн маргаж буй 10 тоот орон сууцыг хохиролд тооцуулахаар шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсэн Сүхбаатар дүүргийн шүүхийн 2007 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 97 тоот шийтгэх тогтоолыг биелүүлэхтэй холбогдож үүссэн асуудлыг Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 901 дүгээр захирамжаар шийдвэрлэсэн боловч уг захирамжийг Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1065 дугаар магадлалаар хүчингүй болгосон байна.

 

Дээрх шүүгчийн захирамж, магадлал нь “Хас банк” ХХК-ийн хүсэлтийн дагуу явуулж буй шүүхийн 4413 дугаар шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг зогсоох, хүчингүй болгох үндэслэл болохгүй.

 

Нэхэмжлэгч Б.Баясгалан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газарт холбогдуулж 10 тоот орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан авсан боловч өмчлөлдөө шилжүүлж чадаагүй болон маргаан бүхий 10 тоот орон сууцыг худалдан борлуулах албадан дуудлага худалдаа, түүний үндсэн дээр байгуулсан худалдах, худалдан авах тухай гэрээг хүчин төгөлдөр бус болсонтой холбогдуула н Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газраас гэм хорын хохиролд 480 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаснаар Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1792 дугаар шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 162 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 239 дүгээр тогтоолоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газраас 480 000 000 төгрөг гаргуулж Б.Баясгаланд олгохоор шийдвэрлэжээ.

 

 

Нийслэлийн  шийдвэр  гүйцэтгэх  алба шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулж 241 778 975 төгрөгийг барагдуулж, үлдэх 238 221 025 төгрөгийн төлбөрийг гүйцэтгээгүй үйл баримтын талаар талууд маргаагүй. Энэ асуудлаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас улсын төсөвт тусгуулах ажиллагаа хийсны дагуу Хууль зүйн сайдын 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн А/128 дугаар тушаалаар Б.Баясгаланд 483 557 950 төгрөг олгуулахаар шийдвэрлэсэн байна. Иймд уг шийдвэрийг гүйцэтгээгүй гэх байдал тогтоогдохгүй байх тул энэ шийдвэрийг гүйцэтгүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэл үндэслэлгүй болжээ.

 

          Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 1792 дугаар шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 162 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2014 оны 239 дүгээр тогтоолын дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагаа,

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 4413 дугаар шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаатай хоорондоо холбоогүй, тэдгээрийг нэгэн зэрэг эсхүл дараалан гүйцэтгэх хууль зүйн үндэслэлгүй тул Б.Баясгаланд төлбөр гаргуулан олгох тухай шийдвэрийг гүйцэтгэсний дараа, 4413 дугаар шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг явуулах дараалал тогтоолгох тухай нэхэмжлэлийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

 

         Харин анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийг бүхэлд нь баримталсан нь алдаатай байх тул давж заалдах шатны шүүх зөвтгөх нь зүйтэй.

 

Түүнчлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой шүүхэд гаргах гомдолд төлөх Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн зохицуулалтыг буруу баримталсан, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн нэрийг буруу бичснийг залруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. 

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна. 

 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2016/04358 дугаар шийдвэрийн               тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...143 дугаар зүйл...” гэснийг “...143 дугаар зүйлийн 143.1...” гэж, 2 дахь заалтын “...7.1.2...” гэснийг “... 7.1.4...” гэж, 3 дахь заалтын “...Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх...” гэснийг “...Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх...” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтын хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Баясгалангаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Э.ЗОЛЗАЯА

 

                                            ШҮҮГЧИД                                       Д.ДАМДИН-ОД

 

                                                                                                   Д.БАЙГАЛМАА