Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2019/0503

 

 

                                                         “Ш” ХХК-ийн гомдолтой

                                                        захиргааны хэргийн тухай

 

         Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц-О, хариуцагч У.Х, М.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2019/0462 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу “Ш” ХХК-ийн гомдолтой, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

        Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2019/0462 дугаар шийдвэрээр: “...Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газын хэрэглэгчийн эрхийг хамгаалах улсын байцаагчийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 0059267 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай “Ш” ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

      Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг зөв, үндэслэл бүхий тогтоож, дүгнэлт өгөөгүй. Өөрөөр хэлбэл, улсын байцаагч нарын зүгээс торгууль ногдуулах болсон гол үндэслэл нь шатахууны үнийг тодорхой түвшинд тогтвортой байлгах талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй гэдэг нөхцөл байсан. Гэтэл гомдол гаргагч нь шатахуун түгээх станцуудаар зарагдаж буй шатахууны жижиглэнгийн үнийг 1630 төгрөгөөс 1665 төгрөг болгож 35 төгрөгөөр нэмэгдүүлсэн. Энэ нь 1 литр шатахууны үнэ ердөө 2 хувиар нэмэгдсэн гэсэн үг. Ердөө хувиар үнээ нэмэгдүүлсэн үндсэн шалтгаан нь гадаад хил үнийн өсөлт болон гадаад валютын ханшийн өсөлтийн улмаас хүлээх алдагдлаа багасгахын тулд зах зээлийн зарчмын дагуу нэмсэн үйлдэл байсан. Энэ нэмэлтийг шатахууны үнийг тодорхой түвшинд тогтвортой байлгах талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй юм.

       “Ш” ХХК-ийн хувьд нийгмийн хариуцлагыг ухамсарлаж, литр тутамд тодорхой хэмжээ /20-30/ хувийн алдагдлыг хүлээнгээ шатахууны үнийг тодорхой түвшинд тогтвортой байлгасан байдаг.

     Тиймээс Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар болон бусад холбогдох төрийн эрх бүхий байгууллагуудтай хийсэн удаа дараагийн хурал, зөвлөлдөөн, уулзалт, зах зээлийн судалгаа, харилцан санал хүсэлт, шаардлага, мэдээлэл солилцох замаар гадаад хил үнийн өсөлт болон гадаад валютын ханшийн өсөлтийн улмаас литр тутамд үүссэн 20-30 хувийн алдагдлаа багасгах зорилгоор 2 хувь нэмсэн үйлдлийг шатахууны үнийг тодорхой түвшинд тогтвортой байлгах талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй гэж үзэх боломжгүй юм. Энэ нөхцөл байдлыг Анхан шатны шүүхээс бүрэн гүйцэд үнэлж, дүгнэлт өгөөгүй нь Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх зарчмыг алдагдуулжээ.

      Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг бүрэн гүйцэд үнэлээгүй. Гомдол гаргагч “Ш” ХХК-ийн зүгээс шатахууны литр тутамд 35 төгрөг буюу жижиглэнгийн үнийг 2 хувиар нэмэгдүүлэх болсон шалтгаан нөхцөлийг харуулах, тайлбарлах зорилгоор холбогдох нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн боловч тухайн нотлох баримтуудын талаар ямар нэгэн үнэлэлт, дүгнэлт өгөлгүйгээр шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

       Гомдол гаргагчийн зүгээс шатахууны үнийг нэмэх болсон үндсэн учир шалтгаан, нөхцөл юу байсан эсэх, тэдгээрийг ямар баримтаар нотолж буй нь хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэхэд туйлын чухал ач холбогдолтой гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, тавьсан шаардлагыг үл тоон үнийг шууд нэмсэн бус, үнийг нэмэхээс өөр арга замгүй болж, ашиг хийх бус харин алдагдлыг багасгах ганц зорилгоор үнийг нэмсэн гэдэг шалтгаан нөхцөл нь хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэх, гомдол гаргагч тал хууль зөрчсөн үү, эс зөрчсөн үү гэдгийг тогтооход чухал ач холбогдолтой байсан. Үүнийг тогтоох нь шүүхийн шийдвэр шударга ёсны зарчимд нийцэх нөхцөлийг бүрдүүлэх байсан гэж үзэж байгаа юм. Энэ хүрээнд гадаад хил үнийн өсөлт, валютын ханшийн өсөлтийн талаарх мэдээ, тооцоолол, эдгээрийн улмаас тус компани хэрхэн алдагдал хүлээсэн талаарх тайлан баланс, нэг өдөр гарч ирээд гэнэт үнэ нэмсэн бус аргагүй нөхцөл байдал үүсээд буй учир асуудлыг яаралтай шийдвэрлүүлэх, үнийг нэмэхээс өөр аргагүйд хүрсэн талаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар болон бусад бүх төрийн эрх бүхий байгууллагуудад холбогдох тайлан мэдээ, тооцоо, үүсээд буй нөхцөл байдлыг харуулах баримт материалуудыг хүргүүлэн ажиллаж байсныг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Гэвч хэргийг шийдвэрлэх чухал ач холбогдол бүхий үйл баримт, дээрх нотлох баримтуудын талаар үнэлэлт, дүгнэлт хийлгүйгээр шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэрийг үндэслэл бүхий болгож чадаагүй гэж үзэж байна

        Мөн хэрэгт чухал ач холбогдолтой байсан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 13 дугаар тушаалаар батлагдсан Шатахууны жижиглэнгийн үнийн бүрдэлт, компаниудын ашиг, алдагдлын тооцоог судалж, санал дүгнэлт гаргах ажлын хэсгийн дүгнэлтийг холбогдох төрийн байгууллагууд, ажлын хэсгээс гаргуулаагүй, ажлын хэсгийн дүгнэлтийг гарсан эсэхийг эцэслэлгүйгээр хэргийг шийдсэн нь шүүхийн шийдвэрийг үндэслэлгүй болгож байна.

      Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

     Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

       Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нарын 2018 02 дугаар сарын 22-ны өдрийн 00592674 дугаартай шийтгэлийн хуудсаар “Ш” ХХК-ийн төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй эсхүл биелүүлэхгүй байхыг бусдад уриалсан зөрчилд таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

     Үүнийг эс зөвшөөрч гомдол гаргагчаас “...компанийн бодит алдагдал, цаашдын нөхцөл байдлын талаарх судалгаа дүгнэлтэд үндэслэн зах зээлийн зарчмын дагуу шатахууны үнэд бага хэмжээний өөрчлөлт оруулсан нь тогтоол, зөвлөмжийг зөрчсөн үйлдэл биш, төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй эсхүл биелүүлэхгүй байхыг бусдад уриалсан гэх аливаа үйлдэл гаргаагүй” гэж маргажээ.

     Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 1-43 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр нефтийн бүтээгдэхүүний худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд “...шатахууны хязгаарлалт, үнийн өөрчлөлт хийхгүй байхыг мэдэгдсэн”-ий дараа буюу 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр “Ш” ХХК нь Аи-92 шатахууны борлуулах нэгжийн үнийг 1630 төгрөгөөс 1665 төгрөг болгож нэмэгдүүлсэн, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 1/222 дугаар албан бичгээр “...дотоодын зах зээлд борлуулж буй автобензиний хангамж, нийлүүлэлтийг тасалдалгүй байлгах, жижиглэнгийн үнийг тогтвортой байлгах талаар холбогдох арга хэмжээ авч хамтарсан зөвлөлөөс гаргасан шийдвэрийг биелүүлж ажиллах” талаар мэдэгдсэн үйл баримт тогтоогдсон, энэ талаар гомдол гаргагч маргахгүй байна.

      Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.8-д “Хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан Засгийн газрын шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нийт байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэн биелүүлэх үүрэгтэй”, Өрсөлдөөний тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Аж ахуй эрхлэгч, байгууллага, албан тушаалтан дараахь эрх, үүрэгтэй”, 26.1.1-д “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, улсын байцаагчийн гаргасан хууль ёсны шийдвэрийг тогтоосон хугацаанд заавал биелүүлэх” гэж заасанчлан Засгийн газар, түүнээс эрх олгосон байгууллага, албан тушаалтны хууль ёсны шийдвэрийг мөн адил аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэн заавал биелүүлэх үүрэгтэй.  

     Гомдол гаргагч “Ш” ХХК нь шатахууны үнийг нэмэгдүүлсэн, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хүргүүлсэн мэдэгдлийг биелүүлээгүй тул Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.1-д “Төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсхүл биелүүлэхгүй байхыг бусдад уриалсан хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу торгууль оногдуулсан хариуцагч нарыг буруутгах үндэслэлгүй байна.

      Түүнчлэн гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “гадаад үнийн өсөлт, валютын ханшийн өсөлтийн талаарх мэдээ, тооцоолол, эдгээрийн улмаас тус компани хэрхэн алдагдал хүлээсэн талаарх тайлан, баланс ... үнийг нэмэхээс өөр аргагүйд хүрсэн талаар материалуудыг хүргүүлсэн боловч дээрх нотлох баримтуудын талаар үнэлэлт, дүгнэлт хийлгүйгээр шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.

      Учир нь гомдол гаргагч нь Засгийн газрын тогтоол, Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах асуудлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын хамтарсан зөвлөлийн зөвлөмж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хүргүүлсэн албан бичгүүдтэй маргаагүй бөгөөд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нарын “төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй эсхүл биелүүлэхгүй байхыг бусдад уриалсан зөрчилд” оногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах хүрээнд тус маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэхэд дээрх баримтууд нь ач холбогдолтой, хэрэгт хамааралтай байж болох нөхцөл байдал тогтоогдохгүй, анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасны дагуу тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлснийг буруутгах үндэслэлгүй.

    Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

      Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2019/0462 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

      Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Д.БАТБААТАР

                          ШҮҮГЧ                                                                          Э.ЗОРИГТБААТАР

                           ШҮҮГЧ                                                                          Д.БААТАРХҮҮ