| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 145/2016/00384/И |
| Дугаар | 384 |
| Огноо | 2016-09-01 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 01 өдөр
Дугаар 384
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар баг 8-10 тоотод оршин суух, 1984 онд төрсөн, 32 настай, Д овгийн С. С-н нэхэмжлэлтэй
Хариуцагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр баг 80-24 тоотод оршин суух, 1979 онд төрсөн, 36 настай, У овгийн Ш.Ц-д холбогдох
“Гэрлэлт цуцлуулах”-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Со, хариуцагч Ш.Ц, нарийн бичгийн дарга П.Дониддуламнар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 2002 онд Ш овогтой Ц танилцаж 2004 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүү Ц.Б-г төрүүлсэн. Бид 2006 оны 08 дугаар сарын 04-ний өдөр гэр бүл болсон. Хамтран амьдрах хугацаанд Ш.Ц нь архи ууж, агсан тавьж, сэтгэл санааны дарамтанд оруулдаг ба сүүлдээ байнга архи ууж зодож хүүхэд бид хоёрыг гэрээсээ хөөж хамт амьдрах аргагүй байдалд хүргэлээ. Энэ байдал нь хүүхдийн хүмүүжилд муугаар нөлөөлж ар гэрийн амгалан тайван байдал алдагдаж байсан учир 2007 оноос хойш тусдаа амьдраад өнөөдрийг хүртэл 9 жил болж байна. Иймд цаашид энэ хүнтэй хамтран амьдрах боломжгүй байх тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй, хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй гэжээ
Нэхэмжлэгч С.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хариуцагч Ш.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.С нь хариуцагч Ш.Ц-д холбогдох гэрлэлт цуцлуулахыг хүссэн нэхэмжлэлийгтус шүүхэд гаргажээ.
С.С, Ш.Ц нар нь 2006 оны 08 дугаар сарын 04-ний өдөр гэр бүл болж, 2007 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн, тэдний дундаас 2004 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүү Ц-н Б-г төрсөн болох нь зохигчдын тайлбар, хүү Ц.Ба-н №71 дугаартайтөрсний гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар, 2007 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн №28 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Зохигчид нь 2007 оноос тусдаа амьдарч байгаа, цаашид хамтдаа амьдрах боломжгүй, 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 988 дугаартай шүүгчийн захирамжаар зохигчдод 1 сарын хугацаатай эвлэрүүлэх арга хэмжээ авсан боловч эвлэрээгүй байх тул гэрлэлтийг цуцалж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Зохигчдын тайлбар, Арвайхээр сумын 8 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, Түшиг дөлгөөн өрхийн эмнэлгийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн тодорхойлолт зэргээр хүү нь эх С.С-н асрамжинд амьдарч байгаа нь нотлогдож байгаа, хүүхдийн асрамжийн асуудлаар нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан тохиролцсон, хүү Ц.Б-г нь ээжтэйгээ хамт амьдрах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн зэрэг хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн хүү Г.Б-г төрсөн эх С.С-н асрамжинд үлдээж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч С.С нь хариуцагч Ш.Ц-с хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй, зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэсэн болохыг дурдав.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч Ш.Ц-с 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт зааснаар Улаанхүү овгийн Ш.Ц, Д овгийн С.Снарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2004 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүү Ц.Б-г эх Дөлгөөн овгийн С.С-н асрамжинд үлдээсүгэй.
3. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй, хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэсэн болохыг дурдсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 38 дугаар зүйлийн 38.1, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дахь заалтад зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчинг бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом бусад шаардлагатай зүйлээр хангах зэрэг эхийн үүргээ гэрлэлт цуцалсанаас үл хамааран зохих ёсоор биелүүлэхийгС.С, уг үүргээ хэрэгжүүлэхэд нь саад болохгүй байхыг Ш.Ц-д тус тус даалгасугай
5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Т.Эрдэнэ даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч Ш.Ц-с 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогын дансанд хэвээр үлдээсүгэй.
7. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэддавж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА