Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 264

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Баярмаа хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Мөнхцэцэг,

шүүгдэгч Ц.М- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ... М-т холбогдох эрүүгийн 1810027510117 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч Ц.М- нь 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо ... тоотод хохирогч Л.Ц-тай хамт архи ууж байгаад маргалдан архины шилээр толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч Ц.М- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй, гэм буруугийн талаар маргахгүй гэв.

 

            Эрүүгийн 1810027510117 дугаартай хавтаст хэргээс:

 

Хохирогч Л.Ц- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2018 оны 11 дүгээр сарын 26-ны орой 17 цагийн үед Наяа /М-/ ахын гэрт нь түүнтэй 0.75 литрийн “Их Монгол” архи нэг шилийг хувааж уугаад сууж байтал гаднаас М- ах орж ирээд хамт уусан. Би М- ахад архи хундгалж өгөхөд “яасан бага хийдэг юм бэ” гэсэн утгатай үг хэлэхээр нь “танд хийж өгч байхад та яасан ядаргаатай юм бэ” гэхэд гэрээс гарснаа архины шил барьж орж ирээд миний толгой руу цохисон. ...М- “архи бага хийж өглөө” гэх шалтгаанаар миний дух болон толгойны ар хэсэг рүү архины шилээр 2 удаа цохиж миний толгойг хагалсан. Миний духны зүүн талын хэсэгт хагарсан, мөн толгойн ар талд дагзанд хагарсан...гэх мэдүүлэг /хх-ийн 7-9-р хуудас/,

 

           Гэрч С.М- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2018 оны 11 дүгээр сарын 26-ны орой 17 цагийн үед Ц- манай гэрт 1 шил 0.75 литрийн савлагаатай “Их Монгол” архи байсныг хувааж уугаад сууж байтал гаднаас М- орж ирсэн. Бид хамт архи ууж байгаад Ц-, М- хоёр хоорондоо маргалдсан. Гэтэл М- гэрээс гараад орж ирэхдээ архины шил барьчихаад Ц-ын толгой руу 2 удаа цохиж толгойг нь хагалсан...гэх мэдүүлэг /хх-ийн 13-15-р хуудас/,

         

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед үзлэг хийсэн Шүүх эмнэлгийн №14390 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

          Хэсэг газрын үзлэгт: Духны зүүн дээд хэсгээс зулайн зүүн доод хэсэг хүртэл үргэлжилсэн 2х6см ангайсан шархтай, шарханд мэс заслын оёдол тавигдаж авагдсан байдалтай, шархнаас их хэмжээний ногоон шаргал өнгийн идээ гоожино, дагзны зүүн доод хэсэгт 0.5х3см, 0.5х4 см хүрэн улаан өнгийн тав тогтсон зах ирмэг тэгш бус тав тогтсон шархтай. Дүгнэлт:

          1. Л.Ц-ын биед дух, зулай, дагзны хуйхны язарсан шарх бүхий
гэмтлүүд тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

          3. Дээрх гэмтэл нь хэзээ үүссэнийг тогтоох боломжгүй.

          4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т
зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт
хамаарна.

          5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 20-р хуудас/,

          Шүүгдэгч Ц.М- мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: Тухайн өдөр Ц- нь “суллагдлаа” гээд М-ын гэрт нь 1 шил 0.75 литрийн архитай орж ирсэн. Бид гурав тэр архийг нь хувааж ууж байгаад Ц- бид хоёр маргалдаад М-ын гэрээс гарч ноцолдсон. Бид хоёр буцаж гэрт нь ороод хоорондоо хэрэлдсэн. Миний уур хүрээд М-ын гэрийн үүдний амбаарын хажууд талд байсан архины шилийг авч ороод Ц-ын толгой руу 2 удаа цохиход тэрээр “одоо больё, яв” гэхээр нь би М-ын гэрээс гарч явж байгаад цагдаад баригдсан...гэх мэдүүлэг /хх-ийн 28-р хуудас/,

          Шүүгдэгч Ц.М-ын хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 31-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 32-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 34-р хуудас/, Хан-Уул дүүргийн шүүхийн 2005 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 269 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 37-38-р хуудас/, Хан-Уул дүүргийн шүүхийн 2007 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 37 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 39-р хуудас/, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 180 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 40-43-р хуудас/, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны  06 дугаар сарын 27-ны өдрийн 286 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 48-50-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

           Гэм буруугийн талаар.

 

Шүүгдэгч Ц.М-, хохирогч Л.Ц- нар нь танилын харилцаатай ба 2018 оны 11 дүгээр сарын 26-ны орой Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо ... тоот С.М-ын гэрт тааралдаж, хамтдаа согтууруулах ундаа хэрэглэсэн байна. Энэ үед шүүгдэгч Ц.М- нь хохирогч Л.Ц-ыг “архи бага хийж өглөө” гэж шалтаглан маргаан үүсгэж улмаар архины шилээр хохирогчийн толгой руу 2 удаа цохиж биед нь “дух, зулай, дагзны хуйхны язарсан шарх” бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь:

 

Хохирогч Л.Ц-ын ...Би М- ахад архи хундгалж өгөхөд “яасан бага хийдэг юм бэ” гэсэн утгатай үг хэлэхээр нь “танд хийж өгч байхад та яасан ядаргаатай юм бэ” гэхэд гэрээс гарснаа архины шил барьж орж ирээд миний толгой руу цохисон. ...М- “архи бага хийж өглөө” гэх шалтгаанаар миний дух болон толгойны ар хэсэг рүү архины шилээр 2 удаа цохиж миний толгойг хагалсан...гэх мэдүүлэг /хх-ийн 7-9-р хуудас/,

 

          Гэрч С.М-ын ...2018 оны 11 дүгээр сарын 26-ны орой 17 цагийн үед Ц- манай гэрт 1 шил 0.75 литрийн савлагаатай “Их Монгол” архи байсныг хувааж уугаад сууж байтал гаднаас М- орж ирсэн. Гэтэл Ц-, М- хоёр хоорондоо маргалдсан. М- гэрээс гараад орж ирэхдээ архины шил барьчихаад Ц-ын толгой руу 2 удаа цохиж толгойг нь хагалсан...гэх мэдүүлэг /хх-ийн 13-15-р хуудас/,

         

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №14390 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

          1. Л.Ц-ын биед дух, зулай, дагзны хуйхны язарсан шарх бүхий
гэмтлүүд тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

          3. Дээрх гэмтэл нь хэзээ үүссэнийг тогтоох боломжгүй.

          4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т
зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт
хамаарна.

5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 20-р хуудас/ гэх дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Хавтаст хэрэгт авагдсан дээрх баримтуудаар 2018 оны 11 дүгээр сарын 26-ны орой шүүгдэгч Ц.М-, хохирогч Л.Ц-, гэрч С.М- нар нь нийлж архидан согтуурсан ба шүүгдэгч Ц.М- нь хохирогч Л.Ц-ыг “архи бага хийж өглөө” гэж шалтаглан маргалдсаны улмаас түүний толгой руу архины шилээр цохиж биед нь “дух, зулай, дагзны хуйхны язарсан шарх” бүхий хөнгөн гэмтэл учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

 

         Шүүгдэгч Ц.М- нь хохирогч Л.Ц-ын толгой руу архины шилээр цохисны улмаас хохирогчийн биед “дух, зулай, дагзны хуйхны язарсан шарх” бүхий хөнгөн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, дээрх зүйл, хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

          Шүүгдэгч Ц.М- нь өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцохдоо хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

Хохирогч Л.Ц- нь “эмчилгээний зардалд 50.000 төгрөг авсан тул гомдолгүй, хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” /хх-ийн 56-р хуудас/ гэсэн хүсэлт прокурорын шатанд бичгээр гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

  Эрүүгийн хариуцлагын талаар.

 

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших ба тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлах нь зүйтэй.

 

Улсын яллагчаас шүүгдэгч Ц.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт гаргасан ба, шүүгдэгч Ц.М- нь торгох ял оногдуулж өгнө үү гэсэн санал гаргаж мэтгэлцэв.

 

Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба шүүгдэгч Ц.М- нь эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогогүй, мөн урьд удаа дараа ял шийтгүүлж байсан хувийн байдлыг харгалзан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ц.М- нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 286 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн ба уг ялыг эдлээгүй талаарх Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 4/8233 дугаартай албан бичиг ирүүлжээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Ц.М-т энэ тогтоолоор оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 286 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн, нийт 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэхээр тогтоов.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй тохиолдолд найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.М-т мэдэгдэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Ц.М- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.