| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Мөнхзул |
| Хэргийн индекс | 148/2016/00411/И |
| Дугаар | 503 |
| Огноо | 2016-09-19 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 503
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул би Хүнс хөдөө аж ахуйн яамны мал хамгаалах сангийн нэхэмжлэлтэй “Тавантунамал” ХХК-д холбогдох “39.790.800 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч танилцаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Тус сангаас “Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих” хөтөлбөрийн хүрээнд Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны төрийн нарийн бичгийн даргын 2013 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн А/220 дугаар тушаалаар олгосон хөнгөлөлттэй зээлийн дэмжлэгт хариуцагч “Тавантунамал” ХХК нь хамрагдан 2013 оны 08 дугаар сарын 23-ны өдөр ЭМААХДХ/ҮАА/2013/64 тоот зээлийн гэрээг байгуулан 40.000.000 төгрөгийг жилийн 2.4 хувийн хүүтэй, 5 жилийн хугацаатай авсан байна. Хариуцагч нь зээлийн хуваарьт төлбөрөөс үндсэн зээл 8.000.000 төгрөг, хүүх 1.750.000 төгрөг, нийт 9.750.000 төгрөгийг тус сангийн төрийн сангийн 900019044 тоот дансанд төлсөн. Үлдэгдэл төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч зээлийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүй.
Иймд зээлийн гэрээний 4.1.1-д зааснаар гэрээг цуцалж, дараах нэхэмждлэлийн шаардлагыг гаргаж байна. Иймд хариуцагч “Тавантунамал” ХХК-иас үндсэн дүн 32.000.000 төгрөг, хүү 590.800 төгрөг, алданги 7.200.000 төгрөг нийт 39.790.800 төгрөг нэхэмжилж байна. Хариуцагч ЭМААХДХ/ҮАА/2013/64 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд гэрчилгээний дугаар 000109141, улсын бүртгэлийн дугаар Ү-1317001148-тай хувийн сууц, гэрчилгээний дугаар 000109141-тай эзэмшлийн газрыг тус тус барьцаалсан байх тул уг хөрөнгийг худалдан борлуулж нэхэмжлэлийн шаардлага хангуулах гэжээ.
Зохигчдоос шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: хариуцагч талыг төлөөлж “Тавантунамал” ХХК-ны захирал Д.Аззаяа /РД: ШЗ64012264/, нэхэмжлэгч талыг төлөөлж МХС-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнх-Эрдэнэ бид харилцан тохиролцож дараахь байдлаар эвлэрлийн гэрээ байгуулж байна.
Нэгдүгээрт: Мал хамгаалах сангаас “Тавантунамал” ХХК-д холбогдуулан үндсэн зээл, хүү, алданги нийт 39.790.800 /гучин есөн сая долоон зуун ерэн мянга найман зуу/-н төгрөг нэхэмжилсэн болохыг тэмдэглэн,
Хоёрдугаарт: Мал хамгаалах сангийн нэхэмжилсэн нийт 39.790.800 төгрөгөөс 4.790.800 төгрөгийг хасаж, үлдэх 35.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч дараахи графикийн дагуу төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулав.
| № | Зээл төлөх хугацаа | Мөнгөн дүн |
| 1 | 2016.09.16 | 2.000.000 |
| 2 | 2016.10.20 | 2.500.000 |
| 3 | 2016.11.20 | 3.250.000 |
| 4 | 2016.12.20 | 3.250.000 |
| 5 | 2017.01.20 | 3.250.000 |
| 6 | 2017.02.20 | 3.250.000 |
| 7 | 2017.06.01 | 8.750.000 |
| 8 | 2018.06.01 | 8.750.000 |
| Нийт | 35.000.000 | |
Эвлэрлийн гэрээ байгуулсан:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнх-Эрдэнэ
Хариуцагч “Таван тунамал” ХХК-ний захирал Д.Аззаяа ...гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хүнс хөдөө аж ахуйн яамны мал хамгаалах сан нь 39.790.800 төгрөгийг хариуцагч “Тавантунамал” ХХК-иас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид 35.000.000 төгрөгийн хэмжээнд эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан болох нь 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан зохигчдоос ирүүлсэн дээрх гэрээгээр батлагдаж байна.
Зохигчдын хооронд байгуулсан энэхүү эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Хүнс хөдөө аж ахуйн яамны мал хамгаалах сангийн нэхэмжлэлтэй “Тавантунамал” ХХК-д холбогдох “39.790.800 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах” тухай иргэний хэргийн зохигч 35.000.000 төгрөгийн хэмжээнд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Нийгмийн даатгалын хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас 35.000.000 төгрөгөнд оногдох улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 166.475 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дахь хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ