| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2018/0120/Э |
| Дугаар | 831 |
| Огноо | 2019-05-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Ганбулган |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 831
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонням,
Улсын яллагч Б.Ганбулган,
Шүүгдэгч М.Т нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч М.Т холбогдох эрүүгийн 1906 02559 1071 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2000 оны 2 дугаар сарын 9-ний өдөр Хэнтий аймгийн Норовлин суманд төрсөн, 19 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, сургуулийн оюутан, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар , хэрэг хариуцах чадвартай, М.Т .
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч М.Т нь Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, “Шинэ Амгалан” хотхонд иргэн О.Мөнх-Эрдэнийн нүүрэн тус газар 1 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Т мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас өнөөдрийн шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй...Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч О.Мөнх-Эрдэнийн өгсөн мэдүүлэг /хх-9-10/, гэрч Б.Гантогтохын өгсөн мэдүүлэг /хх12/, гэрч Г.Ууганбаярын өгсөн мэдүүлэг /хх-32/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 4870 дугаартай дүгнэлт /хх-14/, М.Т яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-29/, шүүгдэгч М.Т урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-36/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч М.Т нь Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, “Шинэ Амгалан” хотхонд иргэн О.Мөнх-Эрдэнийн нүүрэн тус газар 1 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.Мөнх-Эрдэнийн өгсөн: “...2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шинэ-Амгалан” хотхонд Б.Гантогтох, Амар нарын хамт Б.Гантогтох “найз охинтойгоо уулзана” гээд очсон. Тэгээд орцны үүдэнд дээр зогсож байхад гадаа байсан 3 залуу ирээд эхлээд Б.Гантогтохтой маргалдсан. Би Амарын хамт түрүүлээд алхаж байсан. Б.Гантогтох дуудахаар би Амарын хамт гүйгээд очсон. Тэгтэл гадаа байсан 3 залуугийн М.Т гэх залуу миний нүүрэн тус газар гараараа 2 удаа цохисон. Тэгээд би цус гарахаар доошоо дараад суусан. Тэд нар байрны булан тойрохоор нь би босож очиход М.Т “уучлаарай би цохисон” гэж хэлсэн. Тэгээд удалгүй цагдаа ирсэн. Зүүн талын хөмсөг сэтэрч 7 оёдол тавиулсан. М.Т гэх залуу энэ гэмтлийг надад учруулсан. Өөр хүн цохиж зодсон асуудал байхгүй. Б.Гантогтохтой маргалдаж байхаар нь салгах гэтэл шууд намайг цохисон. Одоо ямар нэгэн гомдол, санал байхгүй. Эмчилгээний зардлыг бүрэн барагдуулсан.” /хх-9-10/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Гантогтохын өгсөн: “...2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шинэ-Амгалан” хотхонд Амар, О.Мөнх-Эрдэнэ нарын хамт би найз охинтойгоо уулзах гэж очсон. Найз охинтойгоо уулзаад гарч ирэхэд 3 залуу тааралдаад нэг залуу “чи мөн байна” гээд бариж аваад чирэхээр нь “та нар яах гэж байгаа юм, хүн андуураад байгаа юм биш үү” гэж хэлсэн. Нэг залуу нь намайг өшиглөхөд би хаасан. Тэгтэл цаашаа алхаж байсан Амар, О.Мөнх-Эрдэнэ нар гүйж ирсэн. Тэгтэл О.Мөнх-Эрдэнийг М.Т гэх залуу нүүрэн тус газар нь цохиж хөмсгийг нь сэтэлсэн байсан. Тэгээд юу болоод байгаа юм гэж яриад ноцолдоод салцгаасан. О.Мөнх-Эрдэнэ “миний хөмсөг сэтэрчихлээ” гээд “та нар хүн андуураад байгаа юм биш үү” гээд маргалдаад байж байхад цагдаа ирсэн. М.Т гэх залуу нь цохиж хөмсгийг сэтэлсэн. Өөр хүн цохиогүй. О.Мөнх-Эрдэнэ, Амар, М.Т хоёр найзтайгаа байсан. Шууд О.Мөнх-Эрдэнийг цохисон. Ямар нэгэн маргаан үүсгэсэн асуудал байхгүй. Мөн байна гэж яриад байсан. Хүн андуураад байх шиг байсан. Миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй.” /хх-12/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Ууганбаярын өгсөн: “...2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 20 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шинэ-Амгалан” хотхонд харья гэж М.Т дуудсан. Би найз Од-Эрдэнийн хамт очсон. Таксинаас буухад О.Мөнх-Эрдэнэ гэх хүүхэд тааралдаад М.Т маргалдаад М.Т О.Мөнх-Эрдэний нүүрэн тус газар 2 удаа цохисон. Тэгээд бид нар салсан. Нүүрэн тус газар нь 1-2 удаа цохисон. Нүүрээ дараад байсан. Хөмсөг нь сэтэрсэн байсан.” /хх-32/ гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 4870 дугаартай дүгнэлтэд:
1. О.Мөнх-Эрдэнийн биед тархи доргилт, хөмсөгт няцарсан шарх, зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэд хэдэн удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрлийн байдлаас хамаарна. /хх-14/ гэх дүгнэлт,
Мөрдөн шалгах ажиллагаанд М.Т яллагдагчаар өгсөн: “...2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шинэ-Амгалан” хотхонд найзтайгаа уулзах гэж очсон. Орцонд нь 3 залуу пиво уугаад сууж байсан. Хажуугаар нь гарсан чинь “дайрах нээ” гээд байсан. Найзтайгаа уулзаад найз Од-Эрдэнэ, Г.Ууганбаяр нарын хамт гарсан. Тэгээд тухайн 3 залуу өөдөөс хүрээд ирэхээр нь О.Мөнх-Эрдэнэ гэх залууг нүүрэн тус газар нь гараараа цохисон. Од-Эрдэнэ, Г.Ууганбаяр нар салгаад салцгаасан. Удалгүй цагдаа хүрээд ирсэн. Үг хаяад байсан болохоор цохисон. Хохирол бүрэн барагдуулсан.” /хх-29/ гэх мэдүүлэг,
Хохирол нэхэмжилсэн баримтууд /хх-15, 21-24/,
Шүүгдэгч М.Т урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-36/ зэрэг болно.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.
Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч М.Т Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, “Шинэ Амгалан” хотхонд иргэн О.Мөнх-Эрдэнийн нүүрэн тус газар 1 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Дээрхи байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч М.Т нь насанд хүрээгүй хохирогч О.Мөнх-Эрдэнэд учирсан
хохирлыг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн ба үүнийг хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүхээс шүүгдэгч М.Т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн ба шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу шүүгдэгч М.Т цалин, хөрөнгө болон бусад орлого олох боломжийг харгалзан, түүнд 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр ял шийтгэл оногдуулж, уг торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч М.Т нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М.Т г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар М.Т 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар М.Т нь шүүхээс оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар М.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, М.Т нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба М.Т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн
тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл М.Т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС