Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2023/01111

 

 

2023 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2023/01111

 

 

Л,,,,,,,,,,,,,ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Э.Энэбиш, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ШШ2023/01693 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Л,,,,,,,,,,,,,ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ,,,,,,,,,,,, ХХК-д холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Бадрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч ,,,,,,,,,,, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,,,,,, хариуцагчийн өмгөөлөгч ,,,,,,,,,,,,,,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Миний бие 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хариуцагч ,,,,,,,,,,,, ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулж, ерөнхий нягтлан бодогчийн ажилд томилогдсон. Гэвч хугацаандаа ажил үүргээ биелүүлээгүй шалтгаанаар сахилгын шийтгэл ногдуулан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн.

Тооллогын тайланг хугацаандаа хийгээгүй шалтгаанаар ажлаас чөлөөлсөн бөгөөд тухайн үед тооллого зөрсөн учир тооцооны нягтлан нар НӨАТ-ын тайлан гаргах, цалин бодох гэх мэт ажлууд зэрэгцсэн учир тушаалын хугацаанд тооллогыг хийж амжаагүй хэдий ч хагас жилийн тайлантай хамт хийж өгсөн. Эхний сахилгын шийтгэлийн хувьд н.Заяатын цахилгааны төлбөрийг шивсэн асуудал нь нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолтод хянах гэсэн заалт байхгүй, шууд албан тушаалтан буюу санхүүгийн албаны даргад тайлагнах ёстой.

Ажлаас чөлөөлөх шалтгаан нь сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх үндэслэлээр уг шийтгэлийг ногдуулсан. Хоёр удаагийн зөрчил гаргасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн тушаал үндэслэлгүй. ,,,,,,,,,,,, ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн ажлаас чөлөөлөх тушаал болон 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Сануулах сахилгын шийтгэл ногдуулсан тушаал үндэслэлгүй. Иймд ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч Л,,,,,,,,,,,,, манай компанийн гүйцэтгэх захирлын 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б-241/21 тоот тушаалаар сахилгын шийтгэл ногдуулж, 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А-17/22 тоот тушаалаар дахин сахилгын шийтгэл ногдуулсан.

Ийнхүү сахилгын зөрчил давтан гаргасан гэх үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Манай компанийн зүгээс нэхэмжлэгчид сахилгын зөрчил, шийтгэлийн талаар тухай бүрт нь мэдэгдэж, танилцуулж байсан. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгч Л,,,,,,,,,,,,, урьд эрхэлж байсан буюу ерөнхий нягтлан бодогчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч ,,,,,,,,,,,, ХХК-аас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 26,741,120.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлээс 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б-241/21 тоот тушаалыг хүчингүй болгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д тус тус зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус заасныг үндэслэн хариуцагчаас 290,306 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж тус тус шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:

Шүүх нотлох баримтыг бодитойгоор, тал бүрээс нь үнэлэхгүйгээр ажил олгогч нь Л,,,,,,,,,,,,,д урьдчилан мэдэгдэж тайлбар авахгүйгээр сахилгын шийтгэл ногдуулсан гэж үзсэн буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 123.3, Иргэний хуулийн 221.3, Хөдөлмөрийн дотоод журмын 8.5.1, 8.5.2 дахь хэсгүүд зөрчигдсөн гэж үзсэн нь үндэслэлгүй болсон.

Л,,,,,,,,,,,,,тэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 2.2.7-д ажил олгогч, ажил олгогчийн төлөөлөгчийн хууль ёсны үүрэг даалгаврыг цаг тухайд нь гүйцэтгэх, 6.2.9-т ажил олгогчийн шаардсанаар ажил үүрэгтэйгээ холбоотой мэдээллийг ажил олгогчид үнэн зөвөөр өгөх, хийсэн ажлаа тайлагнах гэж заасан. Мөн түүний ажлын байрны тодорхойлолтын 1.7-д эргэлтийн болон эргэлтийн бус хөрөнгийн тооллого зохион байгуулж ажиллах, үр дүнг тайлагнах гэж тодорхой заасан.

Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 123.1 дэх хэсгийг үндэслэлгүйгээр хэт өргөжүүлэн тайлбарлаж хэрэглэн маргааныг шийдвэрлэсэн. Иймд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ШШ2023/01693 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

 

5. Зохигч давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээний агуулга:

5.1.Хариуцагч ",,,,,,,,,,,," ХХК нь нэхэмжлэгч Л,,,,,,,,,,,,,д 20,000,000 төгрөг төлнө. Уг төлбөрийг хариуцагч тал нэхэмжлэгчид энэхүү гэрээ байгуулсан өдөр 10,000,000 төгрөг, талуудын эвлэрлийг Нийслэлийн иргэний хэргийн давж шатны шүүхээс баталгаажуулж тогтоол гаргасан өдөр 10,000,000 төгрөг гэсэн хуваариар төлнө.

5.2. Нэхэмжлэгч Л,,,,,,,,,,,,, нь ",,,,,,,,,,,," ХХК-ийн ерөнхий нягтлан бодогчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 26,741,120 төгрөгөөс 6,741,120 төгрөг гаргуулах хэсгээс татгалзаж байна.

ХЯНАВАЛ:

 

1. Нэхэмжлэгч Л,,,,,,,,,,,,, нь хариуцагч ,,,,,,,,,,,, ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан ба давж заалдах шатны шүүх хуралдаанд зохигч харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Дээрх эвлэрлийн гэрээний нөхцөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахад төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ШШ2023/01693 дугаар шийдвэрийг хүчингүй болгож,

нэхэмжлэгч Л,,,,,,,,,,,,, нь хариуцагч ,,,,,,,,,,,, ХХК-д холбогдуулан гаргасан ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 26,741,120 төгрөгөөс 6,741,120 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж,

хариуцагч ,,,,,,,,,,,, ХХК нь 20,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Л,,,,,,,,,,,,,д төлж барагдуулахаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ,,,,,,,,,,,, ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 502,256 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж хариуцагч ,,,,,,,,,,,, ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү магадлалыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол албадан гүйцэтгэх болохыг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар энэ магадлалд зохигч хяналтын журмаар гомдол гаргах, мөн тухайн асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

 

Т.БАДРАХ