Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 803

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонням,

Улсын яллагч Ц.Ганцэцэг,

Шүүгдэгч Д.О нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Д.О холбогдох эрүүгийн 1906 02302 0943 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

        Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо,   тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо,   тоотод түр оршин суух, гавъяа шагналгүй,

        Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн №229 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, регистрийн дугаар  , хэрэг хариуцах чадвартай, Д.О .

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

         Шүүгдэгч Д.О нь 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелын нийтийн байранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Амгаланбаатарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.О мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас өнөөдрийн шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй...Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Б.Амгаланбаатарын өгсөн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл, гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, мэдүүлэг /хх-2-4, 11-12/, гэрч Н.Нарантогосын өгсөн мэдүүлэг /хх-17-18/, гэрч Л.Атарсайханы өгсөн мэдүүлэг /хх-20-21/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны  4 дүгээр сарын 15-ны өдрийн 4462 дугаартай дүгнэлт /хх-24/, Д.Д.О  яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-60/, шүүгдэгч Д.О  урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-45/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

 Шүүгдэгч Д.О нь 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелын нийтийн байранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Амгаланбаатарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Амгаланбаатарын өгсөн: “...2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр өөрийн танил Л.Атараа гэдэг ахтай гэртээ байж байсан чинь 15 цагийн үед миний утас руу багадаа найзалдаг байсан Д.О гэдэг залуу залгаад “андаа би гэртээ хоол хийгээд нэг юм задлаад сууж байна хүрээд ир” гэхээр нь би “нэг хүнтэй хамт байна цуг очъё” гээд 20-30 минутын дараа Монелын өндөр хүчдэлийн автобусны буудлын хажууд байдаг нийтийн байранд байдаг гэрт нь очсон чинь Д.О эхнэртэйгээ бас 2 эрэгтэй найзтайгаа архиа уугаад дуусчихсан сууж байсан. Д.Д.О  эхнэр Тогосоо “нэг шил архи авчихъя” гээд дэлгүүр орж архи аваад ууцгаасан. Тэгэзд байж байсан чинь Оргил нэг найзтайгаа гарч явчихаад эргээд орж ирсэнээ намайг “гараад ир” гэхээр нь би гараад очсон чинь намайг шууд барьж аваад хана руу түлхсэн. Тэгсэн Д.Д.О  эхнэр Тогосоо ирээд бид хоёрыг салгаад би доошоо тонгойсон чинь Д.О шууд миний нүүр рүү хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд миний хамарнаас цус гараад толгой эргээд би гадаа гарсан. Баруун нүд юм харж чадахгүй болтлоо хавдсан. Одоо миний нүд хөхөрч хавдсан байна.” /хх-11-12/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Нарантогосын өгсөн: “...Коридорт пижигнэлдээд явчихаар нь би гараад очсон чинь Б.Амгаланбаатар Д.О хоёр нэг нэгнийгээ заамдчихсан Д.О Б.Амгаланбаатарыг цохиж байхаар нь би очиж салгаад Б.Амгаланбаатарыг гадаа гаргаж хамарнаас нь цус гарсан байхаар нь би алчуураар арчиж өгсөн. Тэгээд Д.О Б.Амгаланбаатарт “яаснаа мэдэхгүй байна ёстой уучлаарай” гэсэн чинь Б.Амгаланбаатар “би дахиж чамтай харьцахгүй” гээд байсан. Тэгээд би Б.Амгаланбаатарыг таксинд суулгаж өгөөд явуулсан. Манай гэрт Б.Амгаланбаатар ирэхэд биед нь ямар нэгэн гэмтэл байхгүй байсан. Б.Амгаланбаатарын нүд нь хөхрөөд хамарнаас нь цус гарсан байсан.” /хх-17-18/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Атарсайханы өгсөн: “...Б.Амгаланбаатар намайг Д.Д.О хоо гэр рүү “хамт яваад ирье” гэхээр нь би хамт явсан. Тэгээд тэд нар нэг шил архи дэлгүүрээс аваад зургуулаа хувааж ууж дуусаад гэрээс нь гарч ирэхэд Д.О Б.Амгаланбаатарын толгойны дагз руу 2 удаа алгадах шиг болсон. Тэгэхээр нь Б.Амгаланбаатар зөрүүлээд цээж рүү нь түлхсэн чинь Д.О Б.Амгаланбаатарын хүзүүнээс хоёр гараараа татаж байгаад нүүр рүү нь 2 удаа өвдөглөсөн. Тэгээд Д.Д.О  эхнэр нь салгаад удаагүй нэг хормын хугацаанд чад гээд дуугарах шиг болсон чинь Б.Амгаланбаатарын хамарнаас цус гараад доошоогоо суусан. Тэгсэн нүд нь улайж хавдсан байсан. Д.О ямар нэгэн бэртэл гэмтсэн зүйл байхгүй байсан. Б.Амгаланбаатар өөр хүнтэй маргалдаж зодолдсон зүйл байхгүй.” /хх-20-21/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 4462 дугаартай дүгнэлтэд:

1. Б.Амгаланбаатарын биед зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, тархи доргилт. зүүн нүдний алим, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, зүүн хөмсөг. зүүн хацар, эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэд хэдэн удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрлийн байдлаас хамаарна. /хх-24/ гэх дүгнэлт,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Д.О  яллагдагчаар өгсөн: “...Би хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би гараараа нүүр рүү нь 2 удаа цохиход Б.Амгаланбаатарын хамарнаас цус гарч зүүн нүд нь хөхөрч хавдсан, цээж рүү нь нэг удаа гараараа цохиход Б.Амгаланбаатар хамраа дараад доошоогоо суусан.” /хх- 60/ гэх мэдүүлэг,

 

         Хохирол нэхэмжилсэн баримтууд /хх-51-55/,

Шүүгдэгч Д.Д.О  урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-45/ зэрэг болно.

 

         Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.

 

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Д.Д.О  2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелын нийтийн байранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Амгаланбаатарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Дээрхи байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир

түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Д.О нь хохирогч Б.Амгаланбаатарт учирсан хохирлыг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн ба үүнийг хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Шүүхээс шүүгдэгч Д.О холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн ба шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу шүүгдэгч Д.Д.О  цалин, хөрөнгө болон бусад орлого олох боломжийг харгалзан, түүнд 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр ял шийтгэл оногдуулж, уг торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Д.О нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Д.О ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар Д.О 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Д.О нь шүүхээс оногдуулсан 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Д.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Д.О нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Д.О урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

     7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг

дурдсугай.

     8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Д.О урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС