| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2018/0120/Э |
| Дугаар | 837 |
| Огноо | 2019-05-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Болормаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 837
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонням,
улсын яллагч П.Болормаа,
шүүгдэгч Д.Н нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Д.Н холбогдох эрүүгийн 1906 02475 1061 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1979 оны 6 дугаар сарын 6-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, жолооч ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын оршин суух бүртгэлтэй, одоо Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Эрчим 8-6 тоотод түр оршин суух, гавъяа шагналгүй,
Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2006 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж хянан харгалзсан, регистрийн дугаар , хэрэг хариуцах чадвартай, Д.Н .
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Д.Н нь 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Өгөөмөр” захын арын автомашины засварын хашаан дотор М.Баатарнямтай маргалдаж улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Н мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас өнөөдрийн шүүх хуралдаанд
мэдүүлэг өгөхгүй...Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч М.Баатарнямын өгсөн мэдүүлэг /хх-7-8, 24-25, 42-43/, гэрч Ц.Батбаярын өгсөн мэдүүлэг /хх-12-13/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 4998 дугаартай дүгнэлт /хх-14/, Д.Н яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-39-40/, шүүгдэгч Д.Н урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-17/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Д.Н нь 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Өгөөмөр” захын арын автомашины засварын хашаан дотор М.Баатарнямтай маргалдаж улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Баатарнямын: “...2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр найз Д.Н “Хэнтийгээс ирж байна, Ц.Батбаяр та хоёр намайг тосоод хүрээд ир” гэхээр нь Ц.Батбаяр бид хоёр офицерын орчим Д.Наранбаатартай уулзаад шууд “Өгөөмөр” захын урд байрлах барилгын хашаанд гэрт очсон. Гэрт нь очиход дүү нь гээд хоёр эмэгтэй байсан. Ороод Батбаяр бид хоёрын 0.75 граммын авчирсан тал шил архийг хувааж уусан. Дахиад 0.75 граммын дахин нэг шил архи авчирсан. Орой болоод явах гэтэл миний самсунг эс 6 эджи маркийн rap утсыг Д.Н миний халаасыг уудалж байгаад авсан. Би тоглож байна гэж бодоод явлаа “утас өг” гээд булаацалдаж байтал газраас чулуу аваад зүүн нүд рүү чулуугаар цохьсон...Батбаяр манай ахыг дуудаад бид гэмтлийн эмнэлэг явсан. Гэмтлийн эмнэлэг дээр нүднийхээ зургийг авахуулахад зүүн нүдний ухархайн яс, хамрын яс цөмөрсөн байна гэсэн. Гэхдээ гар утсаа Д.Н дүүгээс бүрэн бүтэн хүлээж авсан. Утсанд ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй. Надад гар утасны талаар гомдол санал байхгүй. Биеийн байдал зүгээр байна. Бид хоёр эвлэрсэн эмчилгээний зардал нэхэмжлэхгүй. Гомдол санал байхгүй.” /хх-7-8, 24-25, 42-43/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Батбаярын өгсөн: “...Д.Н дүүгийн гэрт очсон. Тэгээд тэдний гэрт очоод 0.75 граммын 2 шил архи уусан. М.Баатарням Д.Н тосохоор очихдоо согтуу байсан. Орой болоод харихаар гарсан. Хашаан дотор М.Баатарням, Д.Н хоёр гар утасны хэрүүл хийгээд хоорондоо барилцаж авах гэхээр нь дундуур нь ороод салгаад байсан. Тэгтэл Д.Н М.Баатарнямыг барьж аваад тонгороод газар унагааж байсан өөр зүйл хараагүй. М.Баатарнямын хөмсөг нь задарчихсан байсан. М.Баатарням муудалцаж байх явцдаа “би явлаа” гэж гүйгээд газар таварцаглаад унаж байсан. Ямар ч байсан чулуугаар цохиогүй би хараагүй, үүрээд шидээд газар унагааж байхыг нь харсан. Самсунг маркийн гар утас байсан, “чи наадах утсаа хаячихна эрүүлдээ ирээд ав” гэж хэлээд гар утсыг нь гарнаас нь аваад дүүдээ оруулаад өгч байх шиг байсан. Тэгтэл нөгөөх нь чи миний утсыг авах гэлээ гэхэд Д.Н “би чиний утсаар яадаг юм” гэх мэт хэрүүл хийгээд байсан.” /хх-12-13/ гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 4 дүгээр
сарын 24-ний өдрийн 4998 дугаартай дүгнэлтэд:
1. М.Баатарнямын биед зүүн нүдний ухархайн дотор, доод ханын хугарал, хамар ясны хугарал, таславчийн муруйлт, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн хөмсөгний шарх, зүүн хацар, хамрын зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэд хэдэн удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрлийн байдлаас хамаарна. /хх-14/ гэх дүгнэлт,
Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Н яллагдагчаар өгсөн: “...2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шинэ-Амгалан” хотхонд найзтайгаа уулзах гэж очсон. Орцонд нь 3 залуу пиво уугаад сууж байсан. Хажуугаар нь гарсан чинь “дайрах нээ” гээд байсан. Найзтайгаа уулзаад найз Од-Эрдэнэ, Г.Ууганбаяр нарын хамт гарсан. Тэгээд тухайн 3 залуу өөдөөс хүрээд ирэхээр нь О.Мөнх-Эрдэнэ гэх залууг нүүрэн тус газар нь гараараа цохисон. Од-Эрдэнэ, Г.Ууганбаяр нар салгаад салцгаасан. Удалгүй цагдаа хүрээд ирсэн. Үг хаяад байсан болохоор цохисон. Хохирол бүрэн барагдуулсан.” /хх-29/ гэх мэдүүлэг,
Хохирол нэхэмжилсэн баримтууд /хх-26-29/,
Шүүгдэгч Д.Н урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-17/ зэрэг болно.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.
Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Д.Н 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Өгөөмөр” захын арын автомашины засварын хашаан дотор М.Баатарнямтай маргалдаж улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Дээрхи байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч Д.Н нь насанд хүрээгүй хохирогч М.Баатарнямд учирсан хохирлыг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн ба үүнийг хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүхээс шүүгдэгч Д.Н холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн ба шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу шүүгдэгч Д.Н цалин, хөрөнгө болон бусад орлого олох боломжийг харгалзан, түүнд 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр ял шийтгэл оногдуулж, уг торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Н нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Н ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар Д.Н 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Д.Н нь шүүхээс оногдуулсан 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Д.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Д.Н нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Д.Н урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг
дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Д.Н урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС