Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 769

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга С.Нямсүрэн,                           

Улсын яллагч Э.Гэрэлмаа,

Шүүгдэгч Л.Л  /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ж танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Л-д холбогдох эрүүгийн 1806 04441 0458 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Л.Л, 2000 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Ховд аймагт төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, МСҮТ-д оюутан, ам бүл 5, аав, ээж, ах, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 90/а-00 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, 

Шүүгдэгч Л.Л нь 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Авто угаалгын газрын гадна иргэн Б.Цолмонхүүг шалтаг шалтгаангүй зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун чамархайн хуйх, баруун шанаа, баруун хацарт зулгаралт, хэвлийд зулгаралт, цус хуралт бүхийн хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Л.Л шүүх хуралдаанд: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч Б.Цолмонхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр миний ажиллаж байгаа офицер авто угаалгын газрын баруун талд явган хүний зам дээр хоёр хүүхдийг зургаан хүүхэд нийлээд зодож байхаар нь би салгах гээд Баярнямын хамт очсон...гэтэл намайг үл таних шар царайтай жинсэн хар өмдтэй чихэндээ хар өнгийн ээмэгтэй банди шууд намайг нүүрэн хэсэгт тоосгоор цохиж намайг газар унагааж шууд өшиглөж дээрээс дэвсэж зодсон. Намайг зодсон гэх залуу одоо эрүүлжүүлэхэд байгаа...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 12-17 хуудас/,

Гэрч Д.Ундрамын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “..2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр манай найз нарын хонхны баяр болж Их буурал зочид буудалд бид хэд ороод 1 шил 0.75 литрийн соёрхол архи ууцгаасан. Тэгээд архи талдаа орж байхад буудлын эгч архи уулаа гээд биднийг хөөгөөд гаргасан. Тэгээд бид буудалд архи уугаад дуусгасан байсан харин тал 2,5 литрийн боргио пиво аваад гарсан. Офицер руу зам хөндлөн гарах гэж байхад 2 согтуу ах биднийг юугаа хараад байгаа юм гэж хэлсэн...надтай хамт явсан манай найз нар нийлээд тэр хоёр ахыг зодсон. Би боль гэж хэлсэн боловч миний үгэнд орохгүй байсан. Тэгж байхад хажуу талын машин угаалгын газраас 4 залуу гарч ирээд юу болж байгаа юм гэж асууж байснаа надтай хамт явж байсан хүмүүстэй зодолдсон. Тухайн үед би тэднийг салгах гээд байсан учир хэн нь хэнийгээ хашаа юугаар цохисныг мэдэхгүй...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 19 хуудас/,

Яллагдагч Л.Л-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “.,.би тэр тоосгыг аваад шидэхэд нэг эрэгтэйгийнх нь баруун билүү зүүн талын гар дээр оносон. Тэгээд би буцаж очоод тэд нартай зодолдсон. Тэгээд Ундрам намайг салгаж авч яваад хол очоод сууж байхад машинтай цагдаа ирж намайг эрүүлжүүлэхэд хонуулсан. Намайг цагдаагийн машинд суухад дээгүүрээ хувцасгүй эрэгтэй суучихсан явж байсан тэр эрэгтэй намайг хараад энэ залуу намайг зодсон гээд байхаар нь би тэр залуугийн нүүр рүү 2-3 удаа гараараа цохисон...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 20-21 хуудас/

                 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №6502 дугаартай дүгнэлт:

1. Б.Цолмонхүүгийн биед тархи доргилт, баруун чамархайн хуй, баруун шанаа, баруун хацарт зулгаралт, хэвлийд зулгаралт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохой зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэх шинэ гэмтэл байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх-ийн 26/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-39, Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-45/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Шүүгдэгч Л.Л нь 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Авто угаалгын газрын гадна иргэн Б.Цолмонхүүг шалтаг шалтгаангүй зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун чамархайн хуйх, баруун шанаа, баруун хацарт зулгаралт, хэвлийд зулгаралт, цус хуралт бүхийн хөнгөн хохирол учруулсан болох нь

            Хохирогч  Б.Цолмонхүүгийн: “...2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр миний ажиллаж байгаа офицер авто угаалгын газрын баруун талд явган хүний зам дээр ...гэтэл намайг үл таних шар царайтай жинсэн хар өмдтэй чихэндээ хар өнгийн ээмэгтэй банди шууд намайг нүүрэн хэсэгт тоосгоор цохиж намайг газар унагааж шууд өшиглөж дээрээс дэвсэж зодсон. Намайг зодсон гэх залуу одоо эрүүлжүүлэхэд байгаа...” гэх мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Л.Л-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Л.Л-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Л.Л нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Л.Л-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Л-ийг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Л.Л нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Л.Л нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Л.Л-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                    

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ          Т.ШИНЭБАЯР