Улсын дээд шүүхийн Тогтоол

2022 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 58

 

О.А-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэн даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Золзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Өмнөговь аймаг Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 14 дүгээр шүүгчийн захирамж, Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дүгээр магадлалтай, О.А-т холбогдох 1/21350035 дугаартай эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хяналтын хувийн хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1985 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Баянгол суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, түгээгч оператор мэргэжилтэй, “Энержи ресурс” ХХК-д түгээгч оператор ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй, О.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5.500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн байна.

 

Өмнөговь аймаг Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 14 дүгээр шүүгчийн захирамжаар:  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан Боржигон дарь овогт О.А-ийн Өмнөговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 59 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялаас биелүүлээгүй үлдсэн 5.350.000 төгрөгөөр торгох ялыг өршөөн хэлтрүүлж шийдвэрлэжээ.

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Өмнөговь аймаг Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 14 дүгээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Хяналтын шатны шүүхэд прокурор Б.Энхмэнд гаргасан эсэргүүцэлдээ ... Магадлалыг 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч танилцаад, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Өршөөл үзүүлэх хуулийг буруу тайлбарлан, хэрэглэсэн гэж дүгнэснийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна Үүнд: 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн Өршөөл үзүүлэх тухай хуулийн        4 дүгээр зүйлийн 4.1-т “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2- т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ” гэж заасан байна. Ялтан О.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн ба тухайн гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т заасан хэсэгт хамаарч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хууль бусаар ан агнах гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солихоор заасан байна. Ялтан О.А-ийн үйлдсэн гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байх тул 4 дүгээр зүйлийн 4.1-т заасны дагуу торгох ялаас өршөөн хэлтрүүлэх үндэслэлгүй байна. Энэ хуулийн үзэл баримтлалд хорих байгууллагуудад хоригдож буй хоригдлын тоог бууруулах, хорихоос өөр төрлийн ялыг нэмэгдүүлэх, коронавируст халдварын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, ФАТФ-ын зөвлөмжийн     3, 5, 35 болон шууд хэрэгжилтийн 7-д нийцүүлэн мөнгө, угаах, терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх, татвар төлөхөөс зайлсхийх, хулгайлах, дээрэмдэх, залилах, хөрөнгө завших, авлига, хүрээлэн байгаа орчны эсрэг зэрэг гэмт хэргийг өршөөн хэлтрүүлэхгүй байхаар тусгасан байна. Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т заасныг баримтлан ялтан О.А-ийн биелүүлээгүй үлдсэн 5.350.000 төгрөгийн торгох ялаас өршөөн хэлтрүүлж Өршөөл үзүүлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн байна. Иймд 2021/ХМШЗ/14 дүгээр шүүгчийн захирамж, 2021/ХММ/01 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.  

 

Прокурор А.Золзаяа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 59 дүгээр шийтгэх тогтоолоор О.А-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5.500 нэгжээр торгох ял оногдуулжээ. Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдан гарсантай холбоотойгоор Өмнөговь аймгийн Ханбогд сум  дахь сум дундын шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 14 дүгээр шүүгчийн захирамжаар ялтан О.А-ийн эдлээгүй үлдсэн 5.350.000 төгрөгийн торгуулийн ялыг тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг баримтлан өршөөн хэлтрүүлж шийдвэрлэсэн. Гэтэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байхад тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т заасны дагуу торгох ялаас өршөөж, хуулийг буруу хэрэглэсэн байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгуулахаар бичсэн прокурорын эсэргүүцэл хууль зүйн үндэслэлтэй байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын ерөнхий прокурор Б.Энхмэндийн бичсэн дүгнэлтийг үндэслэн шүүгдэгч О.А-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу хоёр шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн захирамж, магадлал нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцээгүй байна гэж дүгнэв.

 

Учир нь анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч О.А-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүгчийн захирамж, магадлалыг хүчингүй болгож, ингэснээр шүүгдэгч О.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

2. Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 59 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч Г.Г, Ц.Ч, Б.Д, О.А нарыг бүлэглэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г, Ц.Ч, О.А нарыг тус бүр 5.500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэснийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор О.Батнасангийн бичсэн 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн дүгнэлтийг үндэслэн Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 14 дүгээр шүүгчийн захирамж, мөн аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дүгээр магадлалаар О.А-ийн торгох ялаас биелүүлээгүй үлдсэн 5.350.000 төгрөгийн торгох ялыг өршөөн хэлтрүүлж шийдвэрлэсэн байна.

 

3. Прокурор эсэргүүцэлдээ “... Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн                       6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т заасныг баримтлан ялтан О.А-ийн биелүүлээгүй үлдсэн 5.350.000 төгрөгийн торгох ялаас өршөөн хэлтрүүлж, Өршөөл үзүүлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн байна” гэжээ.

 

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн зорилт нь ... коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солихтой холбогдсон харилцааг зохицуулахаар” заасан бөгөөд уг хуулийн 2 дугаар бүлэгт өршөөл үзүүлэх хэлбэрийг тодорхойлохдоо зарим гэмт хэрэг үйлдсэн хүний ялыг өршөөн хасах /6 дугаар зүйл/, зарим гэмт хэргийн улмаас хорих ял шийтгүүлсэн хүний ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих /7 дугаар зүйл/ байдлаар, харин эдгээрээс бусад хэлбэрээр өршөөлд хамрагдах хүмүүсийн хувьд үндсэн болон нэмэгдэл ялаас бүрэн өршөөн хэлтрүүлэх /4 дүгээр зүйл/, түүнчлэн зарим хэргийг, мөн хорих ялыг тэнссэн болон хугацаанаас өмнө тэнсэж хяналт тогтоосон, шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан, албадлагын арга хэмжээ авсан хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгох /5 дугаар зүйл/-оор тогтоосон байхад  анхан болон давж заалдах шатны шүүхүүд  уг хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, О.А-ийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т заасныг баримтлан торгох ялаас өршөөн хэлтрүүлсэн нь үндэслэл муутай болжээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж, торгох ялаар шийтгэгдсэн хүнийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамааруулах зохицуулалт тусгагдаагүй тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.2-т заасан ялын төрлөөс торгох ял бус харин хорих ялаар шийтгэгдсэн тохиолдолд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих нь хуулийн “... коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгын хүрээнд Эрүүгийн хуулийн ялын төрөл, ангиллаас хамаарч өршөөлийг ялгамжтай оногдуулж байгаа хэлбэр юм.   

 

4. Шүүгдэгч О.А-ийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах хууль зүйн үндэслэлгүй, уг асуудлыг шүүхээр дахин хэлэлцүүлэх шаардлагагүй тул хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх талаарх прокурорын эсэргүүцлийн энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

  1. Өмнөговь аймаг Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 14 дүгээр шүүгчийн захирамж, Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгосугай.

 

  1. Прокурорын эсэргүүцлийн хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                          Б.АМАРБАЯСГАЛАН

 

                                                                       С.БАТДЭЛГЭР

 

                                                                       Б.БАТЦЭРЭН

 

                                                                                                  Ч.ХОСБАЯР