Улсын дээд шүүхийн Тогтоол

2023 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2023/0027

 

“Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Орхон аймгийн Татварын хэлтсийн

татварын улсын байцаагч нарт

холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч, танхимын тэргүүн:    Д.Мөнхтуяа

            Шүүгчид:                                                Г.Банзрагч

                   М.Батсуурь

                                                                              Х.Батсүрэн                                  

            Илтгэгч шүүгч:                                   П.Соёл-Эрдэнэ

            Нарийн бичгийн дарга:                  А.Гантогтох

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 33 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 28 дугаар магадлалтай,

Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 130 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Х, хариуцагч Х.Б, Ч.Ц, хариуцагч Ч.Ц-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х нарыг оролцуулан хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага: Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн НА-20210000086 дугаар актыг хүчингүй болгуулах;

2.Хэргийн нөхцөл байдал: 2016 онд нэхэмжлэгч хуулийн этгээд нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай 439,000 долларын үнэ бүхий тоног төхөөрөмж худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний дагуу нэхэмжлэгч компанийн дансанд 2016 онд 219,500 доллар, 2018 онд 82,554 доллар орсон байх бөгөөд тус хуулийн этгээд нь 2014-2019 онуудад татварын тайлан гаргаж байгаагүй, 2020 онд “Х” тайлан гаргаж байсан, татварын хяналт шалгалтаар “борлуулалтын орлогоо тайлагнаагүй” зөрчил илрүүлж, 114,185,324 төгрөгийн төлбөр тогтоосон байна.

3.Нэхэмжлэгчээс “... орлого олоогүй байхад татвар тогтоолоо, бодит байдалд биелүүлэх боломжгүй, зардал хасаагүй, манай компанийг төлөөлөх эрхгүй этгээд болох Балтсүх нь Эрдэнэт үйлдвэртэй гэрээ байгуулсан байсан, уг гэрээ нь  төлөөлөх эрхгүй этгээдтэй хийгдсэн” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон.

4.Хариуцагчаас “... компанийн дансанд орлого орсон байхад тайлагнаагүй, зарлагын баримт байгаагүй, өөрөө гаргаж өгөөгүй, тухайн компани зөвхөн өөрсдөд нь зориулсан нууц үгтэй, анхан шатны санхүүгийн баримт болох е-баримт шивчихээд, аж ахуйн нэгжийн орлого дээрээ тусгаагүй нь хууль зөрчсөн, компани өөрөө тамга тэмдгээ хариуцаад, гэрээ хийхэд хяналт тавих үүрэгтэй” гэж маргажээ.

5.Анхан шатны шүүх: “... гэрээний дагуу 2016 онд 219,500.00 доллар, 2018 онд 82,554.00 долларын орлого орсныг тухайн үед нь буюу 2016, 2018 ондоо бүртгэж, санхүүгийн болон татварын тайландаа тусгаж, холбогдох албан татвараа төлөхөөр байжээ. Гэтэл нэхэмжлэгч компани нь орлогоо орсон үед нь бүртгэх, уг орлогод ногдох татварыг үнэн зөв тодорхойлж төлөх, татварын тайланг хуульд заасан хугацаанд гаргаж, харьяалах татварын албанд хүргүүлэх зэрэг татвар төлөгчийн үүргээ биелүүлээгүй, хууль зөрчсөн, 2016 онд орсон орлогоо орлого олсон үедээ аккруэл сууриар бүртгэн тайлангаа гаргаж, тухайн татварын жилийн орлогод ногдох татвараа хуульд зааснаар төлөх үүргээ биелүүлээгүй, ... 2016 онд орсон аж ахуйн нэгжийн орлого болох 219,500.00 долларын орлогод татварын нөхөн ногдуулалт хийх, торгууль, алданги ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 2017 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс эхэлж, 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөр дуусгавар болсон тул хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, 219,500 долларын орлогод ногдох нөхөн татвар, торгууль алдангийг хасч, төлбөрийн хэмжээг багасгах нь зүйтэй” гэх үндэслэлээр актаар ногдуулсан нөхөн татвар, торгууль, алданги 114,185,324 төгрөгийг 29,868,532 төгрөг  болгон багасгасан.

6.Давж заалдах шатны шүүх: “... Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл татварын улсын байцаагч нар нь дээрх татварын актыг ногдуулахдаа зөвхөн тус компанийн анхан шатны санхүүгийн баримт дээр өөрсдөө 761.000.000 төгрөгийн цахим баримт бичиж “ЭҮ” ХХК-д өгсөн гэсэн үндэслэлээр акт ногдуулсан нь үндэслэлгүй байна. Татварын улсын байцаагч нар нь нөхөн ногдуулалтын акт ногдуулахдаа хуульд заасан зарчмыг зөрчиж, хяналт шалгалтыг хийхдээ хуульд заасан ажиллагааг бүрэн гүйцэд хийгээгүй байна. ...татварыг ногдуулахдаа орлого, зарлагыг тодорхойгүй, 2016 онд Эрдэнэт үйлдвэртэй худалдах худалдан авах гэрээг байгуулсан Ц.Б-ээс тайлбар авах, тус гэрээнд заагдсан НӨАТ-тэй дүн болох 439.000 ам.доллар нь “ДХХК-ийн санхүүгийн үйл ажиллагаатай шууд холбоотой эсэх, “Д” ХХК нь тус гэрээ байгуулахад оролцсон эсэх, хуулийн этгээдийн тамга тэмдэг ашиглан, хуулийн этгээдийг төлөөлөх эрхгүй этгээд гэрээ байгуулсан эсэхийг бүрэн тодруулаагүй байна. Энэ тохиолдолд маргаан бүхий акт хууль зөрчсөн нь тогтоогдсон буюу орлого олсон этгээдэд татвар оногдуулаагүй, татвар төлөх үүрэгтэй этгээдийг зөв тогтоосон эсэх нь тодорхойгүй, шүүхээс энэ ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй, шүүхийн шинжлэн судлах цар хүрээнээс хэтэрсэн байна” гэсэн үндэслэлээр татварын улсын байцаагчийн актыг дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлжээ.

7.Хариуцагч Х.Б, Ч.Ц, хариуцагч Ч.Ц-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х нар давж заалдах шатны шүүхийн магадлалыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д заасан “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ. Үүнд:

7.1.Татварын улсын байцаагч нар дансны хуулга ярилцлагын тэмдэглэл, гаалийн болон Татварын удирдлагын нэгдсэн систем дэх мэдээлэл зэргийг үндэслэн хянан шалгалтыг гүйцэтгэж нөхөн ногдуулалтын актыг гаргасан байхад давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримт шүүх хуралдааны тэмдэглэл зэргийг үнэлэлгүйгээр шийдвэр гаргасан.

7.2.“ЭҮ” ХХК-тай байгуулсан гэрээний “Д” ХХК-ийг төлөөлсөн этгээд нь төлөөлөх эрхтэй байсан эсэх, хувь хүн орлого олсон эсэхийг хянан шалгах ёстой гэж Татварын улсын байцаагчийн хяналт шалгалтын эрх үүргээс давсан шаардлагыг тавьж үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

7.3.Хяналт шалгалтыг 2021 оны 12 сарын 10-ны өдөр эхэлсэн. О.Х нь 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс шилжүүлж авснаас хойш тухай гэрээний төлөөлөх этгээдтэй холбоотой маргааны асуудлыг хууль шүүхийн байгууллагаар шийдвэрлүүлэх бүрэн боломжтой байсан. Гэрээ байгуулсан гэх Х.Б-д залилуулсан гэх боловч энэ талаар гомдол гаргасан нэг ч үйлдэл хийгээгүй.

7.4.Нөхөн ногдуулалтын актад тооцооллын болон хууль хэрэглээний алдаа байсан бол дахин хяналт шалгалтаар засагдах боломжтой байдаг. Дахин шалгах зүйл байхгүй.

7.5.Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа урьдчилж орсон орлогын талаар шүүх хуралдаанд нэг ч удаа тодруулж асуугаагүй бөгөөд давж заалдах шатны шүүгч шүүх хуралдаан эхлэхэд л хариуцагч тал гомдол гаргасан бил үү гэж асуусан нь хэрэгтэй танилцаагүй, тал бүрээс нь дүгнэлт гаргаагүй нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж үзэхээр байна.

7.6.Мөн анхан шатны шүүхээс нягтлан бодох бүртгэл болон олон улсын стандартад заасан урьдчилж орсон орлого гэдгийг тал бүрээс нь үнэлээгүйгээр шийдвэрлэсэн.

8.Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 130 дугаар тогтоолоор хариуцагч нар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

9.Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нараас хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулж бичгээр тайлбар гаргаагүй.

ХЯНАВАЛ:

10.Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан буюу хэргийн нэхэмжлэгч, хариуцагч хоёулаа гомдол гаргасан байхад хэргийг бүхэлд нь хянах үүргээ биелүүлээгүй, шүүхийн шийдвэрийн үндэслэл, гомдлын үндэслэл тус бүрд эрх зүйн дүгнэлт хийгээгүй тул хяналтын шатны шүүхээс эцэслэн дүгнэлт хийх боломжгүй, хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.

11.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т “Давж заалдах шатны шүүх ... хэргийн хоёр, түүнээс дээш оролцогч гомдол гаргасан ... тохиолдолд хэргийг бүхэлд нь хянан үзэх үүрэгтэй” гэж заасан.

12.Энэ тохиолдолд анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч, хариуцагч хоёулаа гомдол гаргасан байхад давж заалдах шатны шүүх гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэхдээ яагаад хангаагүй талаар магадлалд огт тусгаагүй, анхан шатны шүүхийн шийдвэр “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй” гэсэн атлаа үндэслэлээ бичээгүй, анхан шатны шүүх хууль яаж буруу хэрэглэсэн, яагаад үндэслэлгүй болсон талаар ямар нэгэн эрх зүйн дүгнэлт хийгээгүй нь буруу байна.

13.Тухайлбал, хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа “... анхан шатны шүүх 2016 оны 219,500 долларын орлогыг шууд орлого гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, урьдчилж орсон орлого байсан, тус гүйлгээ нь хөөн хэлэлцэх хугацаанд хамаарахгүй” гэж хөөн хэлэлцэх хугацаагаар төлбөрийн хэмжээг багасгаж шийдвэрлэсэн үйл баримт, хууль хэрэглээтэй холбогдуулан гомдол гаргасан байхад давж заалдах шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааны талаар дүгнэлт хийгээгүй, анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарласан эсэх, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн эсэх талаар үндэслэлээ тайлбарлаагүй;

14.Нэхэмжлэгчийн давж заалдах “компанийг ямар орлоготой, ямар зарлагатай гэж үзсэн нь тодорхойгүй” гэх гомдлын үндэслэлд эрх зүйн дүгнэлт хийгээгүй, холбогдох баримтыг бүрэн дүүрэн үнэлээгүй, үндэслэлээ тодорхой бичээгүй, гэрээний дагуу компанийн дансаар орсон мөнгийг нэхэмжлэгч хуулийн этгээдийн захирал О.Х хүлээн авсан болох нь дансны хуулгаар тогтоогдож байхад энэ нотлох баримтыг хэрхэн үнэлснээ бичээгүй, дүгнэлт хийгээгүй зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан, энэ нь хэргийн шийдэлд нөлөөлөхүйц буюу маргааны гол үйл баримтыг шийдээгүй орхигдуулсан тул давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт хийлгэх шаардлагатай байна.

15.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг 6 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлнэ” гэж заасныг давж заалдах шатны шүүх буруу хэрэглэсэн байна.

16.Учир нь дээрх зохицуулалтыг хэрэглэхийн тулд “хэргийн нөхцөл байдал тодорхойгүй байх” урьдчилсан нөхцөлтэй, энэхүү маргааны тухайд, тодорхойгүй нөхцөл байдал үүсээгүй, нэхэмжлэгч хуулийн этгээдийн дансанд маргаан бүхий гүйлгээний мөнгө орсон үйл баримт илэрхий тодорхой, өөр этгээдэд орлого олгоогүй, энэ асуудлаар хэргийн оролцогчид маргаагүй, өөрөөр хэлбэл “компанийн дансанд мөнгө ороогүй” гэж маргаагүй, гагцхүү “компанийн дансаар орсон мөнгө бодит орлого биш, анх орсон орлогыг тулгаж үзээгүй, зөвхөн нэмэгдсэн өртгийн албан татвараас татвар ногдуулсан, манай компанийг төлөөлөх эрхтэй этгээд гэрээ байгуулаагүй, гэрээг гуравдагч этгээдээс шаардаж авах байсан” гэж маргасан.

17.Иймээс давж заалдах шатны шүүхийн “... орлого олсон этгээдэд татвар ногдуулаагүй, татвар төлөх үүрэгтэй этгээдийг зөв тогтоосон эсэх нь тодорхойгүй, маргаан бүхий гүйлгээнд Хувь хүний орлогын албан татварын хууль эсхүл Аж ахуй нэгжийн орлогын албан татварын хуулийн аль нь хэрэглэгдэхийг тодорхой болгох” гэсэн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй, маргааны үйл баримттай нийцэхгүй байна.

18.Давж заалдах шатны шүүхийн “Д компани тус гэрээг байгуулахад оролцсон эсэх, хуулийн этгээдийн тамга тэмдэг ашиглан, хуулийн этгээдийг төлөөлөх эрхгүй этгээд гэрээ байгуулсан эсэхийг бүрэн тодруулаагүй” гэх дүгнэлт нь маргааны үйл баримтад хамааралгүй, хэрэгт ач холбогдолгүй, гэрээг байгуулах эрхтэй этгээд мөн эсэх, итгэмжлэл байсан эсэхийг татварын улсын байцаагч шалгах үүрэггүй, дахин тодруулах, шүүхийн шинжлэн судлах хүрээнээс хэтэрсэн зүйл байхгүй.

19.Татварын ерөнхий хуулийн (2008 он) 18 дугаар зүйлийн 18.1.2-т “татвар ногдуулах төлөхтэй холбогдсон тооцоо, мэдээ, тайланг гаргаж, тогтоосон хугацаанд татварын албанд ирүүлэх” гэж татвар төлөгчийн үүргийг, 2019 оны Татварын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т “татварын алба татвар төлөгчийн борлуулалт, худалдан авалт ... гэрээ, хэлцэл зэрэг мэдээ, мэдээлэл баримтыг гаргуулахаар татвар төлөгч болон түүнтэй хамтран үйл ажиллагаа явуулсан гуравдагч этгээдээс шаардах эрхтэй” гэж тус тус заасан байна.

20.Нэхэмжлэгчээс “зардал хасаагүй, холбогдох баримтыг цуглуулаагүй, надаас баримт шаардаагүй” гэж, хариуцагчаас “өөрөө тайлангаа гаргаагүй, зардлын баримт өгөөгүй” маргасан, анхан шатны шүүхээс энэхүү үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийж, нэхэмжлэлийн холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон боловч давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт хийгээгүй тул хяналтын шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй.

21.Анхан шатны шүүхийн “компанийн 2016, 2018 онд орсон орлогод бүхэлд нь татварын нөхөн ногдуулалт хийж, торгууль алданги тооцсон нь буруу, 2016 онд орсон орлогод нөхөн ногдуулалт хийж, торгууль, алданги тооцох хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн” гэх дүгнэлттэй холбогдуулан хариуцагчаас “нэг гүйлгээтэй холбоотой үйл баримтыг 2016, 2018 гэж салгахгүй, эцсийн гүйлгээг хийснээр орлогоор бүртгэн тайлагнах тул хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй” гэж маргасан, энэхүү үйл баримтад давж заалдах шатны шүүх дүгнэлт хийж, шийдэл гаргаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нөлөөлөх ноцтой зөрчил мөн юм.

22.Иймд, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 28 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцааж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Д.МӨНХТУЯА

ШҮҮГЧИД                                                                  Г.БАНЗРАГЧ

                                                                                       М.БАТСУУРЬ

                                                                                      Х.БАТСҮРЭН

   П.СОЁЛ-ЭРДЭНЭ