Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 10

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


           Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Б.Цэнд даргалж,  тус шүүхийн  хуралдааны танхимд нээлттэй хийж

           Нэхэмжлэгч: иргэн Бгийн Нгийн нэхэмжлэлээр 

          Хариуцагч: Дорноговь аймгийн Хатанбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга болон тус Хурлын Тэргүүлэгчид-д холбогдуулан үүсгэсэн

         Төрийн албаны зөвлөлийн Дорноговь аймаг дахь салбар зөвлөлийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 09 тоот тогтоолыг биелүүлэхгүй байгаа буюу Хатанбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 10/01 тоот тогтоолыг хүчингүй болгуулах, мөн Б.Н намайг тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргаар томилуулах саналуудыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэхгүй байгаа Хурлын дарга Эийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дээрх асуудлыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулахыг хариуцагч Хатанбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Эт, 
        Хурлын даргаас Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулах дээрх саналуудыг үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 10/01 тоот тогтоолыг хүчингүй болгох шийдвэр гаргахыг болон улмаар Б.Н намайг Хатанбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргаар томилж шийдвэрлэхийг тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанд,
              Мөн ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нэмэгдлийг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт  хийхийг тус тус даалгах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч иргэн Б.Н, хариуцагч Хатанбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон тус Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны дарга Э, шүүх хуралдааны нарийн бичгийн  дарга  Б. Баярмаа нар оролцов. 

                                                         ТОДОРХОЙЛОХ нь:
            Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Н нь 2013 оноос эхлэн Дорноговь аймгийн Хатанбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргаар ажиллаж /ТЗ-7-З ангилал/ байсан юм. Гэтэл ИТХурлын дарга Э нь надад сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг шалгаж тогтоолгүй, урьдчилан мэдэгдэлгүйгээр 2016 оны 08 сарын 09-ний өдрийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн хуралдаанаар оруулж 10/01 дүгээр тогтоолоор үндэслэлгүйгээр ажлаас халсан юм. Би ажиллах хугацаандаа ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй бөгөөд 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн хуралдаанаар оруулж 10/01 дүгээр тогтоолд халах болсон үндэслэл, зөрчлийг дурьдаагүй нь уг тогтоол ямар ч үндэслэлгүй гэдгийг илтгэнэ. Намайг ажлаас халах болсон шалтгаанаа сүүлд тайлбарлахдаа улс төрийн үйл ажиллагаа явуулсан, сумын хурлын тэмдэглэл буруу хөтөлсөн гэсэн шалтгааныг дурьддаг.
Гэтэл би Ажил үүргийнхээ дагуу сумын ИТХурал, Тэргүүлэгчдийн 2016 оны ажлын төлөвлөгөөний 5.4-т тусгагдсаны дагуу "Иргэд, сонгогчдын боловсролыг дээшлүүлэх нь” сэдэвт сургалтын хүрээнд сум хөгжлийн сангийн журам, Орон нутгийн хөгжлийн сангийн заавар, Сонгуулийн тухай хуулиар 6 багийн өдөрлөгөөр иргэд сонгогчдод яриа, таниулга хийж мэдээлэл өгсөнийг улс төрийн үйл ажилпагаа явуулсан гэж гүтгэсэн.
Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгийн 4,5 дахь заалтыг удаа дараа зөрчсөн гэж тогтоолд тусгасан нь бас нэгэн гүтгэлэг юм. Дэгийн 4.5-д заасны дагуу тэмдэглэлийг буруу хөтөлсний улмаас шийдвэр буруу гаргаагүй болно. /Дэгийг хавсаргав / Харин 2016 оны 6 сарын 03-ны өдрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 21 дүгээр хуралдаанд 2 төлөөлөгч хэлэлцэх асуудалд нэмж “Сургууль, цэцэрлэгийн зөвлөлийн ажлын тайлан, 6 настай хүүхдийн сурах орчин нөхцөл, 00-ийн асуудал”, “Сум хөгжлийн сангийн хөрөнгийн бүрдүүлэлт, төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагаа, зээл олголт, зээлийн эргэн төлөлтийн талаар" гэсэн асуудлуудыг нэмж оруулахаар санал ирүүлснийг хуралдаан болохоос 3 хоногийн өмнө сумын Засаг даргад албан бичгээр холбогдох тайлан мэдээг бэлтгэж оруулах үүргийг өгсөн.
Сум хөгжүүлэх сангийн тайланг ирүүлсэн байсныг Төлөөлөгч нарт тараасан байсан. Гэтэл хурлын хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг батлах явцад сумын Засаг дарга М.Мөнхбаяр нь “Сум хөгжүүлэх сангийн талаар хэдэн удаа хэлэлцэх гээд байгаа юм, бэлдсэн тайлан байхгүй” гэж хэлсэн, нөгөө талаас сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч байсан одоо сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байгаа С.Э нь хурал эхлэхээс өмнө хурлын төлөөлөгч Ё.Т, А.Б нарыг өрөөндөө оруулан нэмж оруулах 2 асуудлыг энэ хурлаар хэлэлцүүлж болохгүй шүү, Аймгийн хуралд нэр дэвшихэд надад нөлөөлөх гээд байна, та 2-ын төслийн асуудлыг шийдэж өгнө гэж албан тушаалаа ашиглан бусдад нөлөөлсөн юм. 
Би ажиллаж байх хугацаандаа үр бүтээлтэй, сайн ажиллаж байсны нотолгоо нь Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 12 сарын 25-ны өдрийн хуралдаанаар намайг нутгийн удирдлагын холбооны тэргүүний ажилтнаар тодорхойлсон түүнчлэн 2015 оны үр дүнгийн гэрээний үнэлгээгээр 85,93 хувьтай дүгнэгдсэн, 2015 онд болсон архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтын улсын үзлэгийн дүнгээр тус сумын ИТХурал нь 87 хувьтай дүгнэгдэж аймгийн хэмжээнд сумдын ИТХурлаас 1-р байр эзэлсэн зэрэг үр бүтээлтэй ажиллаж байсан.
Гэтэл намайг ямар ч үндэслэлгүйгээр худлаа гүжирдэн. зөрчлийг шалгаж тогтоогоогүй байж төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль бус бөгөөд үүнийг Төрийн албаны зөвлөлийн Дорноговь аймаг дахь салбар зөвлөлийн 2017 оны 02 сарын 13-ны өдрийн 09 дүгээр тогтоолын ТОГТООХ нь хэсгийн 2-т “Хатанбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 10/01 дүгээр тогтоол нь хуулийн шаардлага хангаагүй, үндэслэлгүй тогтоол гэж үзсүгэй” гэж дүгнэсэн тогтоол гарсан.
Уг тогтоолыг Хатанбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлсэн байдаг бөгөөд уг тогтоолын дагуу урьд эрхэлж байсан ажилдаа эргэн орохоор өргөдөл өгсөн боловч ямар нэгэн хариу өгөөгүй, түүнчлэн Хатанбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргатай уулзан уг тогтоол, өөрийн өргөдлийн талаар хэлэхэд “уг тогтоолыг хэлэлцэх эсэх нь хурлын бүрэн эрхийн асуудал, тэгээд ч Төрийн албаны салбар зөвлөлийн тогтоолд ажилд эргүүлэн ав гэсэн зүйл байхгүй байгаа, тэгээд ч чамд бичгээр ямар нэгэн хариу өгөхгүй, ажилд чинь эргүүлж авахгүй, шүүхээрээ заргалдаарай чи” гэж амаар хэлсэн.
Иймд Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 02 сарын 13-ны өдрийн 09 дүгээр тогтоолыг биелүүлэхгүй байгаа Дорноговь аймгийн Хатанбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, хурлын тэргүүлэгчдийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг тогтоолыг биелүүлж нэхэмжлэгч Б.Нг урьд ажиллаж байсан Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын ажилд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нэмэгдлийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийг бичгээр гаргасан бөгөөд шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд тайлбарлахдаа:
Ажлаас халахдаа урьдчилан мэдэгдэлгүйгээр мөн гаргасан гэж байгаа зөрчлийг шалгаж тогтоогоогүй байж ийм шийдвэр гаргасанд харамсаж явдаг юм. 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Тэргүүлэгчдийн хуралдаанаар хоёр асуудлыг хэлэлцэхээр тогтсоны дагуу тухайн асуудлуудыг хуралдаанд оруулахаар бэлдсэн байсан ба тэр үед Хурлын даргаас хэлэлцэх асуудал дээрээ “Сахилгын арга хэмжээ авах” тухай асуудлыг нэмээд бичээрэй гэсэн бөгөөд тухайн үед үүнийг өөрийнхөө тухай гэдгийг мэдээгүй. Гэтэл хуралдаан дээр уг асуудлыг хэлэлцэхээр болох үед миний тухай болохыг мэдсэн ба надад энэ талаар өмнө мэдэгдсэн зүйл байхгүй байсан тул миний хувьд хүнд байдалд орж, тэр үед энэ асуудлыг хэлэлцсэн талаар хурлын тэмдэглэлийг миний зүгээс бичих ямар ч боломжгүй болсон. Үүнийг хэлэлцэх үедээ өөр хүнээр тэмдэглэл бичүүлэх талаар шийдвэрлээгүй бөгөөд иймд тухайн үед энэ хэсгийн тэмдэглэл бичигдэж үлдээгүй. Тэр хуралдаан дээр би Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулах асуудлыг журамласан Засгийн газрын 1995 оны 97 дугаар тогтоолд заасны дагуу тогтоосон зүйл байгаа эсэхийг асууж байсан. 
Шүүхэд анх нэхэмжлэл гаргахад шүүхээс уг асуудлыг эхэлж Төрийн албаны зөвлөлд хандах нь зүйтэй гэсний дагуу аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд хандсан ба миний гомдлыг  шийдэж гаргасан тус салбар зөвлөлийн тогтоолыг сумын Хурал болон надад хувийг нь ирүүлсэн байсны дагуу асуудлыг шийдэх байх гэж бодсон. Гэтэл сумын Хурлын Тэргүүлэгчид 2017 оны 02 дугаар сарын 21, 24-ний өдрүүдэд хуралдсан бөгөөд үүгээр миний асуудлыг хэлэлцэж шийдэх болов уу гэж харж байтал хэлэлцээгүй. Иймд Төрийн албаны салбар зөвлөлийн тогтоолыг хүлээн авснаас хойш шүүхэд хандах хугацаа дуусах гээд байсан тул шүүхэд хандсан.
           Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн гол шаардлагаа Төрийн албаны зөвлөлийн Дорноговь аймаг дахь салбар зөвлөлийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 09 тоот тогтоолыг биелүүлэхгүй байгаа буюу Хатанбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 10/01 тоот тогтоолыг хүчингүй болгуулах, мөн Б.Н намайг тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргаар томилуулах саналуудыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэхгүй байгаа Хурлын дарга Эийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дээрх асуудлыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулахыг хариуцагч Хатанбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Эт, 
              Хурлын даргаас оруулах дээрх саналуудыг үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 10/01 тоот тогтоолыг хүчингүй болгох шийдвэр гаргахыг болон улмаар Б.Н намайг Хатанбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргаар томилж шийдвэрлэхийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанд тус тус даалгаж шийдвэрлүүлэхээр тодруулж байгаа ба улмаар ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нэмэгдлийг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт  хийхийг даалгахаар гаргаж байгаа нэхэмжлэлийн  шаардлагуудаа бүгдийг дэмжиж байна гэв.
Хариуцагчаас шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Н нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Тэргүүлэгчдийн хуралдаанд тэмдэглэлийг үнэн зөв хөтлөх үүрэгтэй атал хурлын төлөөлөгчийн нэгэн адил хуралд, үг хэлж, санал шүүмжлэлд оролцох мөн өөрийн хэлсэн үгийг хурлын тэмдэглэлд бичиж төлөөлөгчдийн хэлсэн үгийг санаатайгаар орхигдуулж бичих зэрэг зөрчлүүдийг гаргасан. Мөн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Тэргүүлэгчдийн хуралдаанд өөрийн саналыг тулган хүлээлгэх, хуралдаанаас гарах шийдвэрт нөлөөлөх оролдлогыг удаа дараа хийж байсан. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Тэргүүлэгчдийн шийдвэр нь Б.Нгийн саналаас өөр гарсан тохиолдолд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Тэргүүлэгчид, Төлөөлөгчдийг хэл амаар доромжлох, гүтгэх, тухайн төлөөлөгчийг сонгогдсон намтай нь холбож дайрч давшлах, гарсан шийдвэрийг мушгин гуйвуулж иргэдэд танилцуулах зэрэг зөрчлүүдийг гаргаж байсан. Б.Нгийн энэ үйлдэл нь 2016 оны сонгуулийн жилд илүү идэвхижиж улс төрийн нөлөөнд автаж, улс төрийн өнгө аястай хэт нэг талыг дэмжсэн үйл ажиллагаа явуулж байсан. /Энэхүү үйлдлүүд нь Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Тэргүүлэгчдийн 2013-2016 оны хуралдааны тэмдэглэлүүдээс нотлогдоно./ 
Б.Н нь ёс зүйн доголдолтой удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг биелүүлэхгүй, өөрийн нөхөр төлөөлөгч Л.Дтэй хамтарч удаа дараа хэл амаар доромжлох, гүтгэх, төлөөлөгчдийн хооронд үл ойлголцол үүсгэж байсан зэрэг зөрчил дутагдлыг гаргаж байсан. Б.Нгийн энэ үйлдэл нь сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэр хүндийг унагах үйл ажиллагааг санаатай зохион байгуулж байгаа талаар Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс удаа дараа сануулж байсан. Б.Н нь 2016 оны 8 дугаар сарын 3-6-ны өдрүүдэд зохион байгуулагддаг багуудын өдөрлөгт Сонгуулийн хуулиар иргэд сонгогчдын боловсролыг дээшлүүлэх зорилгоор сургалт зохион байгуулахаар оролцож явахдаа дээрээ нэг нам гарсан гээд нэг намыг сонгож болохгүи, бие даагчдыг сонгох нь зөв гэх мэтээр сонгогчдын саналд нөлөөлөх оролдлого хийж явсаныг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Э, төлөөлөпч Б.О, П.С, С.Э нар нь нотлох юм. 
Төрийн албаны Дорноговь аймаг дахь салбар зөвлөлийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 09 тоот тогтоолыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд Төрийн албаны салбар зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлэх боломжгүй тул дахин шалгах талаар хүсэлт тавьсан бөгөөд Б.Н нь Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан учир Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсаны дараа дахин хэлэлцэж шийдвэрлэхээр тогтсон юм. Энэхүү асуудлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэхээр 3 удаа тогтсон боловч хурлын ирц бүрдээгүй мөн 2017 оны 03 дугаар сарын 17-нд хуралдахаар тов зарласан байсан боловч Хурлын дарга Эийн хадам аав болох П.Чулуунбаатарын биеийн байдал нь муудаж 2017 оны 03 дугаар сарын 18-ны өглөө нас барсан зэрэг шалтгаануудаас болж энэ асуудал нь хуралд хэлэлцэгдэх хугацаа нь хойшлогдсон юм. Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь Б.Нг Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5, 13.1.8 дахь заалтыг тус тус зөрчиж улс төрийн нөлөөнд автах мөн ёс суртахууны доголдолтой тул төрийн апбанд ажиллах боломжгүй гэж үзэж шийдвэрлэсэн гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр гаргасан ба шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2016.06.03-ны өдрийн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны тэмдэглэлийг хөтлөхдөө тухайн үед Д төлөөлөгчтэй хоёулаа нийлж хурал үймүүлээд байсан. Төлөөлөгч Д нь Нгийн нөхөр юм. Дараа нь хуралдааны тэмдэглэл оруулж ирэхэд нь үзэхэд 6 настнуудын сурах орчны талаар болон сургууль цэцэрлэгийн зөвлөлийн үйл ажиллагаатай танилцах гэсэн хоёр асуудал хэлэлцсэн байхад тухайн хуралдааны тэмдэглэлд төлөөлөгч нарын хэлсэн үгийг бичээгүй, мөн намайг Д төлөөлөгчид  хурал үймүүллээ гэсэн сануулга өгч байсныг тэмдэглэлд дурдаагүй мөртлөө шууд хөөж гаргасан мэтээр бичсэн байсан. 
Хуралдааны тэмдэглэлийг болсон процессийн дагуу бичихийг би энэ хүнд  удаа дараа хэлж, үүрэг өгч байсан боловч чадахгүй гэж хэлээд тэмдэглэлээ өөдөөс самарч, цацаж байсан. Төрийн албан хаагч бол улс төрийн үйл ажиллагаа явуулахыг Төрийн албаны тухай хуулиараа хориглосон гэж би үзэж байгаа. Гэтэл энэ хүн иргэдийн сонголтонд нөлөөлөх, улс төрийн үйл ажиллагааг баг бүр дээр ярьж явсан, энэ талаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хүртэл нотолно. 
Ерөнхийдөө хуралд Тэргүүлэгчдийн саналыг дэмжихгүй, Төлөөлөгч нарт мэдээлэл өгөх, зөвлөгөө өгөх зэргээр хуралдаан дээр хэлэлцэж байгаа асуудалд хэт ордог, сануулга аваад ч тэр байдлаа засч чаддаггүй. Сүүлдээ бүр нөхөртэйгөө нийлээд манай гэр бүл рүү хүртэл дайрч, хэл амаар доромжилсон. Би энэ талаар огт дурдаж байгаагүй. Иймд энэ хүнийг зан байдал, ёс зүйн хувьд төрийн албанд тохирохгүй гэж үзэж байна. 
Төрийн албаны тогтоолыг үндэслэн хурлын Тэргүүлэгчид хуралдах байсан боловч хурлын ирцийг хувиас дээш ирцтэйгээр энэ асуудлыг хэлэлцэе гээд 2 удаа хойшилж байсан. Тухайн үед цагаан сар болчихсон байсан болохоор ирц бүрдэхгүй 57 хувьтай байгаад байсан.
Мөн дараа нь  Тэргүүлэгчдийн хуралдааныг 3 дахь удаад 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хуралдахаар тов зарласан боловч манай хадам аавын бие муудаад  тухайн өдөр миний бие хөдөө явсан ба хадам аав маань нас барсан зэрэг байдлуудаас болоод энэ асуудал шийдвэрлэгдээгүй тодорхой хугацаагаар хойшилсон. Дараа нь хуралдах гэхэд Тэргүүлэгчдийн зүгээс Б.Н нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа болохоор шийдвэр гарсаны дараа дахин хэлэлцье гэсэн саналтайгаар энэ асуудлыг шийдвэрлэж өөрт нь мөн хариуг албан тоотоор өгсөн,  Хурлын даргын хувьд дангаар шийдвэр гаргах эрх байхгүй тул Тэргүүлэгчдийн хуралдаанаар оруулж, хамтын шийдвэрээр шийдвэрлэх ёстой гэж үзэж байгаа гэв.

 ҮНДЭСЛЭХ нь: 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, мөн шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үнэлж дүгнэн доорхи үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг  бүрэн хангаж шийдвэрлэв.

1. Маргааны үйл баримтыг хянаж үзвэл: 
Нэхэмжлэлд дурдагдаж буй Дорноговь аймгийн Хатанбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн /цаашид сумын ИТХТэргүүлэгчид гэх/ 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 10/01 тоот захиргааны актаар иргэн Б.Нг Төрийн албаны тухай хууль дахь “Төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүрэг”-ийг зохицуулсан 13 дугаар зүйлийн 13.1.5-д “төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх”, 13.1.8-д “албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүй төвийг сахих, ... төр, засгийн бодлоготой холбогдсон асуудлаар зөвхөн албан ёсны байр суурийг илэрхийлэх” гэж заасныг болон Хатанбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгийн 4.5-д “Тэмдэглэлийг буруу хөтөлсний улмаас буруу шийдвэр гарах бусад маргаантай асуудал гарсан тохиолдолд хариуцлагыг тэмдэглэл хөтлөгч өөрөө хүлээнэ” гэж тус тус заасныг удаа дараа зөрчсөн гэж үзэж, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль дахь “Хурлын Тэргүүлэгчдийн бүрэн эрх”-ийг зохицуулсан 20 дугаар зүйлийн 20.1.14-д “хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх”, Төрийн албаны тухай хууль дахь “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах” асуудлыг зохицуулсан 26 дугаар зүйлийн 26.1.3-д “төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах”-аар заасныг тус тус үндэслэн сумын ИТХ-ын нарийн бичгийн даргын албан тушаалаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ.
Тухайн захиргааны актыг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч Төрийн албаны Зөвлөлийн Дорноговь аймаг дахь Салбар Зөвлөлд /цаашид ТАСЗөвлөл гэх/ гомдол гаргасны дагуу гомдлыг хянан хэлэлцэж, тус зөвлөлийн Маргаан хянан шалгах комиссын дүгнэлтийг үндэслэн Хатанбулаг сумын ИТХТэргүүлэгчдийн  10/01 тоот тогтоолыг “хуулийн шаардлага хангаагүй, үндэслэлгүй” болохыг тогтоосон ТАСЗөвлөлийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 09 тоот тогтоол /хх-ийн 35-38-р хуудас/ гарчээ.
Нэхэмжлэгч нь ТАСЗөвлөлийн дээрхи 09 тоот тогтоолыг 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авсан гэж байх ба уг тогтоолыг хариуцагч тал мөн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч холбогдох бүртгэлд тэмдэглэсэн, улмаар ТАСЗөвлөлийн тухайн тогтоолыг үндэслэн нэхэмжлэгч Б.Н нь ажлаас халсан 10/01 тоот тогтоолыг хүчингүй болгож, Хатанбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын /цаашид сумын ИТХ гэх/ нарийн бичгийн даргын ажилд эгүүлэн томилуулах тухай 2017 оны 02 дугаар сарын 24-өөр өдөрлөсөн өргөдлийг тус сумын ИТХ-ын дарга, ИТХТэргүүлэгчид-д хандан гаргасныг 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч бүртгэн, улмаар “...шүүхийн шийдвэр гарсны дараа дахин хэлэлцэж шийдвэрлэхээр тогтсоныг мэдэгдэж байна” гэсэн хариуг 1 сар гаруй хугацааны дараа буюу шүүхэд тухайн маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн болох нь шүүх хуралдааны явцад энэ талаар гаргаж буй нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, мөн хавтаст хэрэгт авагдсан захиргааны байгууллагын “Өргөдөл гомдлын бүртгэл”, “Ирсэн баримт бичгийн бүртгэл” бүхий баримтуудад дээрх асуудлуудын талаар бүртгэгдсэн /хх-ийн 97-101, 108-р хуудас/ байдал, Хатанбулаг сумын ИТХ-ын 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 04/20 тоот албан бичиг зэргээр тогтоогдож байна.
           Уг байдлаас үндэслэн нэхэмжлэгч Б.Н нь “Төрийн албаны зөвлөлийн Дорноговь аймаг дахь салбар зөвлөлийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 09 тоот тогтоолыг биелүүлэхгүй байгаа буюу Хатанбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 10/01 тоот тогтоолыг хүчингүй болгуулах болон Б.Н намайг тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргаар томилуулах саналуудыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэхгүй байгаа Хурлын дарга Эийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дээрх асуудлыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулахыг хариуцагч Хатанбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Эт даалгах, 
          Тус Тэргүүлэгчдийн хуралдаанд  оруулсан дээрх саналуудыг үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 10/01 тоот тогтоолыг хүчингүй болгох шийдвэр гаргахыг болон улмаар Б.Н намайг Хатанбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргаар томилж шийдвэрлэхийг тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанд тус тус даалгах” тухай шаардлагаар нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг тодорхойлон шүүхэд нэхэмжилжээ.
           Дээрх шаардлагынхаа үндэслэлийг нэхэмжлэгчийн зүгээс ТАСЗөвлөлийн 09 тоот тогтоолоор сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 10/01 тоот тогтоолыг “хуулийн шаардлага хангаагүй, үндэслэлгүй”  гарсан болохыг тогтоосон байхад хариуцагч нар нь түүнийг үл ойшоож, 10/01 тоот тогтоолыг хүчингүй болгохгүй, улмаар нэхэмжлэгчийг өмнө эрхэлж байсан албан тушаалд томилсон шийдвэрийг гаргахгүй байгаагаар ТАСЗөвлөлийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа нь хууль бус гэсэн агуулгаар, 
            Харин  үүнийг эс зөвшөөрч хариуцагч Хатанбулаг сумын ИТХ-ын даргын зүгээс уг асуудлыг  тус хуралдаанаар хэлэлцэхээр 3 удаа тогтсон боловч тодорхой шалтгаануудаар хойшлогдсон ба ТАСЗөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж дахин шалгах хүсэлт тавьсан, мөн шүүхийн шийдвэр гарсны дараа дахин хэлэлцэж шийдвэрлэхээр болсон тухай хариуг нэхэмжлэгчид 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 04/20 тоот албан бичгээр өгсөн байгаа бөгөөд Хурлын дарга нь дангаар шийдвэр гаргах эрхгүй тул Тэргүүлэгчдийн хуралдаанаар оруулж, хамтын шийдвэрээр шийдвэрлэх ёстой гэсэн агуулга бүхий тайлбар гарган тус тус маргаж байна.

            2. Дээрх тайлбаруудын үндэслэлийг болон нэхэмжлэлийн шаардлагын агуулгыг хуульд нийцүүлэн хянаж үзвэл:
            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль дахь “Хурлын даргын нийтлэг бүрэн эрх”-ийг зохицуулсан 22 дугаар зүйлийн 22.1.6-д “Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргыг томилуулах саналыг Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх”-ээр заасан хэдий ч хуулийн уг заалт нь тухайн албан тушаалд шинээр томилогдох асуудлыг зохицуулсан байгаагаар нэхэмжлэгч, хариуцагч нарын гаргаж буй шаардлага, тайлбар дахь “...Тэргүүлэгчдийн хуралдаанаар оруулж, хамтын шийдвэрээр шийдвэрлэх...” замаар нэхэмжлэгчийг өмнө эрхэлж байсан ажилд нь томилох байдлаар зохицуулагдах боломжгүй бөгөөд харин нэхэмжлэлийн шаардлагын үндсэн агуулгыг хянаж үзвэл нэхэмжлэгч Б.Н нь төрийн албанаас хууль бусаар халж, өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж буй тухайн захиргааны актыг хүчингүй болгуулах замаар урьд эрхэлж байсан ажил болох сумын ИТХ-ын нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай агуулгыг илэрхийлж байна гэж үзэхээр байх тул шүүхийн зүгээс нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг  дээрх агуулгад нийцүүлж буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль дахь “Нэхэмжлэл гаргах, нэхэмжлэлийн хэлбэр, бүрдүүлбэр”-ийг зохицуулсан 52 дугаар зүйлийн 52.5.1-д “захиргааны акт, ...г хүчингүй болгуулах ... нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн” гэж заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд нийцүүлэн зөвтгөж хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

            3. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвтгөсөнтэй холбоотойгоор маргааны гол зүйл болох нэхэмжлэгчийг Хатанбулаг сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалаас төрийн албанд 1 жилийн хугацааанд эргэж орох эрхгүйгээр халсан сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 10/01 тоот захиргааны акт /тогтоол/-ын хууль зүйн үндэслэл болон түүний улмаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх тухайг хянаж үзвэл:
             Төрийн албаны тухай хууль дахь “Төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хянан шийдвэрлэх” асуудлыг зохицуулсан 39 дүгээр зүйлийн 39.4-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч энэ хуулийн 39.1-д заасан маргаантай холбогдсон гомдлоо төрийн албаны салбар зөвлөл болон төрийн албаны төв байгууллагад 1 сарын дотор гаргана” гэж заасныг үндэслэн нэхэмжлэгч Б.Нгаас уг хуульд заасан үндэслэлээр гаргасан гомдлыг Төрийн албаны зөвлөлийн Дорноговь аймаг дахь салбар зөвлөл нь мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Төрийн байгууллага болон төрийн жинхэнэ албан хаагч ... ийн хооронд төрийн албатай холбогдсон асуудлаар гарсан дараахь маргааныг хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага хянан шийдвэрлэнэ” гэснээр мөн зүйлийн 39.1.1-д “энэ хуулийн ... 26 дугаар зүйлд заасан асуудлаар төрийн жинхэнэ албан хаагч, ...ийн өөрийнх нь гаргасан маргаан”-ыг хянан шийдвэрлэхээр заасан эрх хэмжээний хүрээнд  гомдлыг хүлээн авснаар тус зөвлөлөөс томилогдсон Маргаан хянан шалгах комисс нь тухайн маргааныг хянан шалгаад:
              “...Дорноговь аймгийн Хатанбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Э нь Б.Нд сахилгын шийтгэл оногдуулсан ...10/01 дугаартай тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад баримталсан Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5, 13.1.8, Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэгийн 4.5 дахь заалтуудыг зөрчсөн тухай хуулийн үндэслэлээ аймгийн төрийн албаны салбар зөвлөлд ирүүлсэн баримтаар нотолж чадаагүй...”,
              “... дарга Э нь Б.Нд сахилгын шийтгэл ногдуулахдаа зөрчлийг шалгасан тухай баримт ажлын хэсэгт ирүүлээгүй байна”, 
              “...10/01 дугаартай тогтоол нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5, 13.1.8-д заасан, Монгол Улсын Засгийн газрын 1195 оны 97 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам”-ын 4-д заасан “Сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалгаж тогтоон, энэ тухай баримт, үндэслэлийг зөрчил гаргасан албан хаагчид урьдчилан танилцуулсан байна” гэсэн заалтуудыг баримтлан Б.Нд сахилгын арга хэмжээ авсан боловч Б.Н дээрх хууль болон журмын заалтуудыг зөрчсөн тухай тогтоогоогүй байна”, 
              “Иймд Дорноговь аймгийн Хатанбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 10/01 дугаартай тогтоол хуулийн шаардлага хангаагүй, үндэслэлгүй тогтоол гэж үзэх үндэслэлтэй байна” гэсэн дүгнэлтүүд гаргасныг үндэслэн ТАСЗөвлөлийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 09 тоот тогтоолын 1 дүгээр заалтаар нэхэмжлэгчийн гаргасан гомдол дахь “...эрхэлж байсан эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулах ...” асуудлыг Төрийн албаны салбар зөвлөлийн хянан шийдвэрлэх асуудалд хамаарахгүй гэж үзэж тухайн шаардлагыг хангах боломжгүй гэж, тогтоолын 2 дугаар заалтаар Хатанбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 10/01 дүгээр тогтоолыг “хуулийн шаардлага хангаагүй, үндэслэлгүй тогтоол” болохыг тогтоож тус тус шийдвэрлэжээ.
            Үүнээс дүгнэхэд нэхэмжлэгчийн зүгээс Төрийн албанд хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж буй Дорноговь аймгийн Хатанбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 10/01 тоот тогтоолын хууль зүйн үндэслэлийг холбогдох эрх бүхий этгээдээс хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд хянан шалгаж, шийдвэрлэсэн байгаагаар тухайн захирааны акт нь  “хуулийн шаардлага хангаагүй, үндэслэлгүй” болох нь нэгэнт тогтоогдсон байна гэж үзэх үндэслэлтэй байна.
             Нөгөө талаар хариуцагч нараас 10/01 тоот тогтоолыг гаргахдаа Төрийн албаны тухай хууль дахь “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах” асуудлыг зохицуулсан 26 дугаар зүйлийн 26.9-д “Сахилгын шийтгэл ногдуулах, түүнд төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журмыг Засгийн газар тогтооно” гэж зохицуулсан байгаагаар одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Засгийн Газрын 1995 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 97 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам”-ын 4-д “Сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалгаж тогтоон, энэ тухай баримт, үндэслэлийг зөрчил гаргасан албан хаагчид урьдчилан танилцуулсан байна” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн гаргасан гэх зөрчлийг шалгаж тогтоох, түүний нотолгоо, үндэслэлийг гаргах, улмаар энэ тухайгаа  нэхэмжлэгчид урьдчилан танилцуулах зэрэг ажиллагааг явуулаагүй болох нь хариуцагч Эийн шүүх хуралдаанд гаргаж буй “...сахилгын шийтгэл ногдуулах тухай Засгийн газрын тогтоолыг мэдэхгүй, зөрчлийг уг тогтоолын дагуу шалгаж тогтоосон нотлох баримт байхгүй, өмнө нь мэдэгдэж, сонсгох ажиллагаа хийгээгүй, Б.Нд сахилгын шийтгэл ногдуулах асуудлыг Тэргүүлэгчдийн тухайн хуралдаанд танилцуулаад Тэргүүлэгчидийн зүгээс тэр үедээ хэлэлцээд шийдвэрлэсэн ...” гэсэн тайлбараар тогтоогдож байгаа, улмаар уг байдал нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь ... үйл ажиллагаандаа ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, ... хууль дээдлэх зарчим баримтална” гэж, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх зүйлд  “Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасанчлан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, ... хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн” гэж тус тус заасан хуулийн зарчимд нийцэхгүй байгаа зэрэг байдал нь тухайн захиргааны актыг “хуулийн шаардлага хангаагүй, үндэслэлгүй” болохыг тогтоосон ТАСЗөвлөлийн шийдвэр үндэслэлтэй болохыг давхар нотолж байна.
          Иймд нэхэмжлэгч Б.Нг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4-д “Ажлын албаны дарга нь тухайн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга байна” гэж зааснаар Төрийн албаны тухай хууль дахь “Төрийн захиргааны албан тушаал, түүний ангилал”-ыг тогтоосон 7 дугаар зүйлийн 7.1.11-д “...сум...ийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ... ажлын албаны удирдах ... албан тушаал”-д хамаарч буй төрийн захиргааны албан тушаалаас төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халсан шийдвэр нь  хууль бус болох нь дээрх нөхцөл байдлаар тогтоогдсон бөгөөд энэ нь нэхэмжлэгчийн Төрийн албанд хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна гэж үзэх үндэслэлтэй байх тул Хатанбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаас гаргасан “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 10/01 тоот тогтоолыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Нг түүний өмнө эрхэлж байсан ажил, албан тушаал болох Дорноговь аймгийн Хатанбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.
          Хариуцагчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд “...Төрийн албаны салбар зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлэх боломжгүй тул дахин шалгах талаар хүсэлт гаргаж албан тоот хүргүүлсэн байгаа...” гэж байгаагаар ТАСЗөвлөлийн шийдвэрийг зөвшөөрөхгүй талаар тайлбарлаж байгаа хэдий ч тус Зөвлөлийн тогтоолыг 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авсан атлаа  Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.7-д “Төрийн албаны төв байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрсөн тал уг шийдвэр гарснаас хойш 30 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно” гэж заасны дагуу тухайн шийдвэрийг эс зөвшөөрсөн талаарх гомдлыг дээрх хуульд заасны дагуу гаргаагүй тул уг тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байх бөгөөд харин ТАСЗөвлөлийн уг шийдвэрээр хариуцагчийн гаргасан 10/01 тоот тогтоолыг “хуулийн шаардлагыг хангаагүй, үндэслэлгүй” болохыг шалгаж тогтоосон, улмаар үүнийг үндэслэн нэхэмжлэгчийн зүгээс өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалдаа эргэн орох талаар хүсэлт гаргасан байхад түүнийг шийдвэрлээгүй нь Төрийн албаны тухай хуулийн 39.6-д “Төрийн албаны төв байгууллагын гаргасан шийдвэрийг холбогдох байгууллага, албан тушаалтан биелүүлэх үүрэгтэй” гэж заасан хуулийн шаардлагад нийцэхгүй байгааг дурдах нь зүйтэй.

           4. Нэхэмжлэлийн үндсэн шаардлагатай холбогдуулан нэхэмжлэгчээс гаргаж буй бусад шаардлагууд болох ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нэмэгдлийг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт  хийхийг даалгах шаардлагын тухайд:
  Дээр тогтоогдож байгаагаар нэхэмжлэгчийг төрийн албанаас үндэслэлгүйгээр халсан захиргааны актыг хүчингүй болгож, улмаар түүнийг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох үндэслэлтэй байгаатай холбогдуулан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нэмэгдлийг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах шаардлагуудыг дараахь байдлуудыг үндэслэн хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
 Үүнд нэхэмжлэгчийн хууль бусаар ажилгүй байсан хугацааг түүнийг ажлаас халсан захиргааны акт дахь 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл нийт  9 сар 13 хоногоор тооцож, уг хугацаанд түүний урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна” гэж заасныг үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “... ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор ... олгоно” гэж заасны дагуу гаргуулж, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Ажил олгогч ... ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэж зааснаар нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг Дорноговь аймгийн Хатанбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Тэргүүлэгчид-д даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Б.Н нь Хатанбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа төрийн захиргааны албан тушаалын ТЗ-7-3-д заасан шатлалаар үндсэн цалин 663720 төгрөг, түүн дээр хуульд заасны дагуу олгогдох холбогдох нэмэгдлүүдийн хамт нэг сард нийт 1075226 төгрөгийн цалин авч байсан нь нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн Хатанбулаг сумын Санхүүгийн албан нягтлан бодогчийн цалингийн тодорхойлолт, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарт бичигдсэн байдал болон мөн шүүхээс нотлох баримтаар шаардсаны дагуу Хатанбулаг сумын Засаг даргын Тамгын газрын нягтлан бодогчоос гарган ирүүлсэн цалингийн тодорхойлолт /хх-ийн 13,31-34,106-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул тэдгээрийг үндэслэн Монгол Улсын Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн Сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2-т “Ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд дор дурдсан мөнгөн орлогыг оруулна. Үүнд: а/ ажилтанд олгосон үндсэн цалин, бүх төрлийн нэмэгдэл ...” гэж, мөн журмын 7-ийн “а”-д “...дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр...” тодорхойлохоор заасны дагуу нэхэмжлэгчийн хууль бусаар ажилгүй байсан 9 сар 13 хоногийн хугацаанд түүний урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор нийт 11233375 төгрөг (1190817 төгрөг /сүүлийн 3 сарын дундаж цалин хөлс/ х 9 сар = 10717353 төгрөг, 39694 төгрөг /1 хоногийн дундаж цалин хөлс/ х 13 хоног = 516022 төгрөг, 10717353 + 516022 = 11233375)-ийг  хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг мөн хариуцагчид даалгаж тус тус шийдвэрлэснээр шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэв.

           Захиргааны  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,  106.3.12 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
                                                ТОГТООХ нь:

            1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3, 26.9 дүгээр зүйл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1 дүгээр зүйлд заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Дорноговь аймгийн Хатанбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн  “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 10/01 тоот тогтоолыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Нг тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосугай. 

             2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 42 дугаар зүйлийн 46.2 дугаар зүйлд заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Нгийн хууль бусаар ажилгүй байсан 9 сар 13 хоногийн хугацаанд түүний урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор нийт 11233375 төгрөг /арван нэгэн сая хоёр зуун гучин гурван мянга гурван зуун далан тав/-ийг гаргуулж, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Дорноговь аймгийн Хатанбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Тэргүүлэгчид-д даалгасугай.

              3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх зүйл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь зүйлүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг хариуцагчаар нөхөн төлүүлж, нэхэмжлэгчид буцаан олгосугай.

    4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх зүйлд зааснаар захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болон мөн хуулийн 114.2 дахь зүйлд зааснаар давж заалдах гомдлыг шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан гаргахыг тус тус тайлбарласугай.

 

 

                                                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.ЦЭНД