Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 1515

 

       “Электрон техник” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

     иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

           

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2016/04150 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Электрон техник” ХХК-ийн

Хариуцагч “Алтан жолоо трейд” ХХК-д холбогдох

           

Ажил гүйцэтгэх гэрээний 51 187 000 төгрөг, алданги 25 593 500 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 12 720 151 төгрөг нийт 89 500 651 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй

 

Гэрээ цуцалж, урьдчилгаа төлбөрт 77 893 140 төгрөг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

 

Нэхэмжлэгч “Электрон техник” ХХК-ийн төлөөлөгч Ч.Баярхүүгийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Бат-Эрдэнэ  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мөнгөнчимэг

Хариуцагчийн өмгөөлөгч Н.Мандах

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч “Электрон техник” ХХК-ийн төлөөлөгч Ч.Баярхүү шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Электрон техник” ХХК нь “Алтан жолоо трейд” ХХК-тай Баянгол дүүргийн 3 дугаар хороололд байрлах "Апекс" худалдааны төвийн 4 давхрын хананд лед дэлгэцийг өөрийн материалаар угсарч нийлүүлэхээр харилцан тохиролцож, 65 262 ам.доллар /НӨАТ ороогүй/-ын үнийн дүн бүхий №1 тоот “Ажил гүйцэтгэх гэрээ”-г Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасны дагуу 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан. “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан өдрөө урьдчилгаа 39 000 ам.доллартой тэнцэх 63 750 000 төгрөгийг хариуцагч “Алтан жолоо групп” ХХК-иас хүлээн авсан ч “Апекс” төвийн барилгын гадна фасадны ажил дуусаагүй байсан тул урьдчилгаа төлбөр авсан даруйдаа гэрээт ажлаа эхлэх боломжгүй байсан.  Харин барилгын гадны фасадны ажил ерөнхийдөө дууссан үе буюу 2014 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 24-ний өдрүүдэд лед дэлгэцний тоног төхөөрөмжийг барилгын талбайд аваачиж, барилгын 4 давхрын хананд угсарсан. Гэвч барилгын ажил бүрэн дуусаагүй, гадна, дотно цахилгааны ажил хийгдээгүй байсан учраас угсарсан дэлгэцээ ажиллуулаагүй. 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хооронд 40 хоногийн хугацаанд лед дэлгэцний тохируулгын ажил хийгдэж, 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл тасралтгүй 10 хоног ажиллуулсны эцэст ямар ч асуудалгүй байсан учраас мэдэгдэл хүргүүлж, ажлыг дуусгавар болсон №1, №2 актуудыг хоёр талаасаа үйлдэж “Алтан жолоо групп” ХХК-д хүлээлгэн өсгөн. Иймд, гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн учраас Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1-т заасны дагуу үлдэгдэл төлбөр 26 262 ам.доллар буюу 51 187 000 төгрөг, 2014 оны 02 дугаар сарын 25-ны өдөр лед дэлгэц, тоног төхөөрөмж барилгын талбай дээр буусан тул мөн өдөр “Алтан жолоо трейд” ХХК нь “Ажил  гүйцэтгэх  гэрээ”-ний  3.2-т  зааснаар  13 000  ам.доллар   /13 000  $  х  1949.09  = 25 338 170₮) манай компанид төлөх ёстой байсан ч төлөөгүй тул 13.000 ам.доллар буюу 25 338 170 төгрөгөөс 2014 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 2015 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл 425 хоногийн алданги тооцоход 53 843 611 төгрөг болно. Лед дэлгэцийг 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авсан тул “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний 3.2-т зааснаар 13 262 долларыг (13 262$х1949.09=25.848.832₮) мөн өдрөө төлөх ёстой байсан ч төлөөгүй тул 13 262 ам.доллар буюу 25 848 832 төгрөгөөс 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 2015 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл 106 хоногийн алданги тооцоход 14 087 614 төгрөг болно.

Нийт 67 931 225 төгрөгийн алданги бодогдож байгаа боловч анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дунгийн 50 хувиас хэтрэхгүй тул нэхэмжлэлийн үнийн дүн болох 51,187,000 төгрөгийн 50% буюу 25 593 500 төгрөгийн алданги нэхэмжилж байна.  Мөн ажил гүйцэтгэх гэрээний 3 дугаар заалтын төгсгөлд гэрээт ажлын үнэнд “НӨАТ ороогүй болно” гэж заасан тул Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиар эцсийн хэрэглэгчийн төлөх НӨАТ-д гэрээний нийт үнийн дүнгийн 10% буюу 12 720 151,15 төгрөгийг нэхэмжилнэ. Гэрээний дээрх заалтад “гэрээний үнэнд ... НӨАТ багтсан болно” гэсэн нь лед дэлгэцний сэлбэг хэрэгслийг хилээр оруулж ирэхэд гааль дээр авдаг НӨАТ-ыг хэлж байгаа бөгөөд эцсийн бүтээгдэхүүнээс авах НӨАТ гэрээний үнэнд орно гэсэн утгыг илэрхийлээгүй болно. Иймд “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний үлдэгдэл төлбөр 51 187 000 төгрөг, алданги 25 593 500 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварт 12 720 151,15 төгрөг нийт 89 500 651,15 төгрөгийг “Алтан жолоо групп” ХХК-иас гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч “Алтан жолоо групп” ХХК-ийн төлөөлөгч В.Энхбаатар шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мөнгөнчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай “Апекс” төвийн барилгын ажил нь шинээр барьж байгаа биш бөгөөд өргөтгөл, засварын ажил хийгдэж байсан учраас цахилгааны эх үүсвэртэй, давхар болгонд 380 вт цахилгаантай учраас цахилгаанаар бүрэн хангах боломжтой байсан учир гэрээт ажлыг 2014 оны 4 дүгээр сард хийж гүцэтгэсэн боловч цахилгааны ажил огт хийгдээгүй байсан тул хүлээлгэж өгч чадаагүй гэдэг нь үндэслэлгүй юм.  “Электрон техник ХХК-ийн ажлыг гүйцэтгэлд хяналт тавьж захиалгат ажлыг хурдан хийж өгөхийг байнга шаардсаар ирсэн бөгөөд дэлгэцийн суурилуулалт нь хазгай дэлгэцийн 2 талд байрлах диффузерын сетка буюу тор нь үзэмж муутай зохимжгүй байсныг удаа дараа шаардсаны дагуу сольсон боловч чанарын шаардлага хангахгүй материалтай барааг авчирсан тул дахин шаардлага тавьсны улмаас Хятад улс руу захиалсан гэсэн тайлбар хийж 2014 оны 7 дугаар сард сольсон. Мөн “Электрон техник” ХХК-ийг холбогдох ажлаа дуусгаж өгөхийг шаардахад үзэсгэлэн худалдаанд явсан гэсэн тайлбар өгч 2014 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд ажлаа огт гүйцэтгээгүй.

 2014 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ирж ажлаа гүйцэттгэж эхэлснийг 2014 оны 11 дүгээр сарын 20-нд шалгахад чанарын шаардлага хангахгүй гаралт, өнгөний ялгаралт муу, улаан өнгөний туяа маш ихтэй мэргэжлийн бус хүн харахад илт доголдолтой байсан учир хүлээн авахаас татгалзсан. Эхний дэлгэцээ шаардлага хангахгүй байна гэдгээ худалдагч тал хүлээн зөвшөөрөөд буцааж авсан. Ингээд хоёр дахь дэлгэцийг авчирч өгөөд суурилуулсан.

Эхний дэлгэцийг суурилуулаагүйн төлөө нэхэмжлэгч хариуцлага хүлээх ёстой. Дэлгэцийг нөгөө дэлгэцээр солих хугацааны алдангийг хариуцагчаас нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй. Захиалагчийн зүгээс Лед дэлгэцийг чанар, стандартын шаардлага хангаснаар солих эсхүл гэрээг цуцлахыг “Электрон техник” ХХК-ийн захирал Ч.Баярхүүд мэдэгдэхэд “бид лед дэлгэц өндөрт суурилуулж үзээгүй учраас тусгалын өнцөгийг буруу тооцоолж лед дэлгэцээ сонгосон, шинээр авчирч 2014 онд багтаан суурилуулж өгье” гэсэн санал гаргаж 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 31-ний өдрийн хооронд ажиллаж лед дэлгэцийг шинээр сольж суурилуулсан. Ажил гүйцэтгэх гэрээний 8.1-т “Гэрээний дагуу ажлыг гүйцэтгэж дуусмагцаа энэ тухайгаа Захиалагч талд мэдэгдэнэ” гэсний дагуу “Электрон техник” ХХК-иас ажлыг хүлээлцэх талаар албан бичиг ирүүлээгүй байгаа. “Электрон техник” ХХК-иас албан бичиг ирүүлсэн тохиолдолд гэрээний 8.2-д “Захиалагч тал ажил хүлээн авах мэдэгдэл хүлээн авснаас хойш ...хоногийн дотор ажлыг хүлээн авах захиалагчийн комисс ажиллуулалж гүйцэтгэсэн ажлын шаардлагатай бичиг баримт, ажлын зургийг шалган хүлээн авна” гэж л хүлээлцэх эрх бүхий комиссийг томилж түүний дагуу гэрээний зүйлийг хүлээн авна. Хариуцагч гэрээний дээрх заалтын дагуу гэрээний зүйлийг хүлээн аваагүй, “Алтан жолоо трейд” ХХК нь “Электрон техник” ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ нь дүгнэгдэж дуусгавар болоогүй гэж үзэж байна.

Нэхэмжлэгч компани нь 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр манай компанийн эрх бүхий биш хүмүүст тендерт орох гэж байгаа, гэрээ дүгнэсэн материал хэрэгтэй байна гээд №1, №2 тоот актыг үйлдүүлсэн. Ажил гүйцэтгэгч нь лед тоног төхөөрөмжөө бүрэн авчирч барилгын талбайд буулгасан талаараа мэдэгдэж нэхэмжлэх ирүүлээгүй учир бид гэрээний 3.2-т заасан лед дэлгэцийн тоног төхөөрөмжийг барилгын тайлбайд суулгахад захиалагч компани 13 000 ам.доллар төлөх үүргээ биелүүлэх боломжгүй юм. Иймээс 13 000 ам.доллараас алданги төлөх үндэслэлгүй. Ажил гүйцэтгэх гэрээ дүгнэгдээгүйгээс гүйцэтгээгүй ажлын төлбөрийг төлөх үүрэг үүсээгүй байгаа учраас захиалагч “Алтан жолоо трейд” ХХК нь 13 262 ам.доллараас алданги төлөх нь үндэслэлгүй. Ажил гүйцэтгэх гэрээний 3 дугаар зүйлд гэрээний үнэ болон гэрээний үнэнд багтсан гэрээний үнэнд НӨАТ тооцоогүй гэдгийг тодорхойлсон. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ ’’гэрээний урьдчилгаа 39 000 ам.доллар буюу 63 570 000 төгрөгийг “Алтан жолоо трейд” ХХК 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төлсөн. Энэ төлбөрт НӨАТ-ийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 10 дугаар зүйлийн 10.2.2-т тус тус заасны дагуу “Электрон техник” ХХК-иас НӨАТ-ын падаан бичиж ирүүлээгүй учраас “Алтан жолоо трейд” ХХК нь 39 000 ам.доллар буюу 63 570 000 төгрөгт НӨАТ төлөх үүрэг үүсээгүй байна. НӨАТ-ын тухай хуулийн дагуу албан татварыг ногдуулж тайлагнах ёстой бөгөөд “Алтан жолоо трейд” ХХК нь “Электрон техник” ХХК-иас лед тоног төхөөрөмжийг бүрэн хүлээн авч үлдэгдэл төлбөрийн асуудал шийдвэрлэгдээгүй байгаа учир худалдан авалтаар бүртгэлд тусгах боломжгүй. Иймээс нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага 65 262 ам.доллар буюу 127 201 511,58 төгрөгөөс НӨАТ тооцож 12 720 151 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэжээ.

 

Хариуцагч “Алтан жолоо групп” ХХК-ийн төлөөлөгч В.Энхбаатар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мөнгөнчимэг шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1, 355 дугаар зүйлийн 355.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 256 дугаар сарын 256.1, Ажил гүйцэтгэх гэрээний 9.1.1 дэх заалтуудыг үндэслэн 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан №1 тоот “Ажил гүйцэтгэх гэрээ”-г цуцлах, урьдчилгаа 77 893 140 төлбөрөө буцаан гаргуулах шаардлага гаргаж байна. “Электрон техник” ХХК нь гэрээний дагуу 85 хоногийн дотор буюу 2014 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн дотор гэрээний зүйлийг чанарын өндөр түвшинд гүйцэтгэж хүлээлгэн өгөх ёстой боловч тоног төхөөрөмжийн угсралтын ажлаа цаг хугацаандаа хийхгүй, угсрах явцад илэрсэн доголдлоо арилгах, тоног төхөөрөмжийн доголдлоос дахин өөр тоног төхөөрөмж авчирч угсрах зэргээр хугацаа маш их алдаж 9 cap 14 хоног буюу 284 хоногийн дараа 2015 оны 01 дүгээр сарын 09-нд гэрээг дүгнэх бэлтгэл болгож тоног төхөөрөмжийн бүрдэлийг хүлээлцсэн. Гэрээний 8.1-д “гэрээний дагуу ажлыг гуйцэтгэж дуусмагцаа гүйцэтгэгч нь энэ тухайгаа захиалагч талд мэдэгдэнэ” гэж заасан бөгөөд “Электрон техник” ХХК-иас 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн ажил хүлээлцэх тухай мэдэгдэл хүргүүлэх албан бичгийг Мэдээлэл технологийн ахлах менежер Ц.Юндэнбаатарт хүлээлгэн өгч гарын үсэг зуруулсан байгаа нь гэрээний 11.2-т “Гэрээний гүйцэтгэлтэй холбоотой аливаа мэдээлэл, мэдэгдлийг албан бичгээр үйлдэн энэхүү гэрээнд заасан хаяг, утас электрон шуудангаар илгээх, эсхүл биеэр мэдэгдэх хэлбэрээр солилцоно. Биеэр мэдэгдэх мэдэгдлийг энэхүү гэрээнд гарын үсэг зурсан этгээлүүдэд мэдэгдэж, баталгаажуулсан байна.” гэсэн заалтыг зөрчсөн. Мөн гэрээний 8.2-д “Захиалагч тал ажил хүлээн авах мэдэгдэл хүлээн авснаасхойш 5 хоногийн дотор ажлыг хүлээн авах захиалагчийн комисс ажиллуулан гүйцэтгэсэн ажил болон бусад шаардлагатай бичиг баримтыг, ажлын зургийг шалган хүлээн авна” гэж заасан бөгөөд “Алтан жолоо трейд” ХХК-д ажил хүлээлцэх мэдэгдэл болон гэрээний зүйлийг хүлээлцэхэд шаардлагатай баримт ирээгүй байгаа учраас хүлээн авсан гэж үзэх үндэслэлгүй. “Электрон техник” ХХК нь 2015 оны 01 дүгээр сарын 09-нд ажлын гүйцэтгэл хүлээлцсэн акт үйлдэж эрх бүхий албан тушаалтнуудаар гарын үсэг зуруулсан үйлдлээ гэрээний зүйлийг бүрэн хүлээлгэн өгсөн гэж тайлбарладаг. Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт “Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид эсхүл хууль, гэрээ буюу шүүхийн шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө”, 211.2-т “Үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцно” гэж заасан бөгөөд “Алтан жолоо трейд” ХХК-ийг төлөөлж гарын үсэг зурсан менежер Ц.Мөнхзул, мэдээлэл технологийн албаны ахлах менежер Ц.Юндэнбаатар нар үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй гэдгийг “Электрон техник” ХХК-ийн захирал Ц.Баярхүүд мэдэгдсэн.

“Алтан жолоо трейд” ХХК, “Электрон техник” ХХК-иудын хооронд байгуулсан захиалгат ажил гүйцэтгэх гэрээ нь захиалагчийн шаардлагад нийцсэн лед дэлгэц худалдах, лед дэлгэцийг барилгын хананд суурилуулах ажил учир худалдах худалдан авах гэрээний журам үйлчилж байгаа. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу “Электрон техник” ХХК нь биет байдлын доголдолгүй лед дэлгэцийг холбогдох баримтын хамт “Алтан жолоо трейд” ХХК-д хүлээлгэн өгөх үүрэгтэй. “Электрон техник” ХХХ-ийн эхний суурилуулсан тоног төхөөрөмж нь доголдолтой байсан учраас шаардлага гаргаж 2014 оны 12 дугаар сарын 25-наас 12 дугаар сарын 30-ны хооронд өөр лед дэлгэц суурилуулсан, шинээр суурилуулсан лед дэлгэцийг 6 удаа ажиллуулахад ажиллахгүй байсан учир дуудлага өгөхөд “Электрон техник” ХХК-ийн ажилчид ирж засвар үйлчилгээ хийсэн ч хэвийн ажиллагаатай болгож чадахгүй байгаа нь биет байдлыг доголдолтой, “Электрон техник” ХХК нь суурилуулсан лед дэлгэцийнхээ гарал үүслийг тодорхойлж чадахгүй, ашиглалтын зааварчилгаа боловсруулж өгч чадахгүй байгаа зэрэг нь цаашид гэрээний баталгаат хугацаанд үйлчилгээ үзүүлж чадна гэдэг нь эргэлзээтэй байна. Биет байдлын доголдлыг Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт заасан. “Электрон техник” ХХК нь лед дэлгэцтэй холбоотой баримт бичиг ирүүлээгүй учраас гэрээгээр тохирсон тоо хэмжээ чанарт нийцэж байгаа эсэхийг шалгаж үзэх боломжгүй, мөн асааж ажиллуулж үзэхэд хэвийи ажиллахгүй байгаа зэрэг нь биет байдлын доголдолтой гэж үзэх бүрэн үндэслэлтэй. “Электрон техник” ХХК нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.2 дахь хэсэгт “Худалдагч нь худалдаж байгаа эд хөрөнгийн зориулалт, хэрэглээний шинж чанар, хадгалах, хэрэглэх, тээвэрлэх нөхцөл, журам, баталгаат болон эдэлгээний хугацаа, үйлдвэрлэгчтэй холбогдсон үнэн зөв бүрэн мэдээллийг худалдан авагчид өгөх үүрэгтэй” гэсэн заалт, гэрээний дагуу баримт бичгийг ирүүлэх гэсэн үүргээ биелүүлэхгүй байсан учраас 2015 оны 7 дугаар сарын 28-нд албан бичгээр шаардахад 2015 оны 8 дугаар сарын 17-нд “програм хангамжийн ном англи хэл дээр, 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гэрээний үнийн санал, цахилгааны шитны схем" ирүүлсэн бөгөөд лед дэлгэцийн гарал үүсэл, техникийн хүчин чадал зэргийг тодорхойлох баримт бичиг огт ирүүлээгүй. Ажил гүйцэтгэх гэрээг 2013 оны 12 дугаар сарын 25-нд байгуулж, 85 хоногийн дотор буюу 2014 оны 3 дугаар сарын 20-нд гэрээний зүйлийг хүлээлгэн өгөх ёстой байтал гэрээ байгуулснаас хойш 1 жил 8 сарын хугацаа өнгөрсөн боловч чанарын шаардлага хангасан лед дэлгэц хүлээлгэн өгөөгүй байна.

Иймээс гэрээний 9.1.1-д “гүйцэтгэгч нь гэрээний дагуу гүйцэтгэх ажлаа хугацаанд нь зохих ёсоор гүйцэтгээгүй буюу ажлын 15 хоног түүнээс дээш хугацаагаар хойшлуулсан бол захиалагчийн санаачлагаар цуцлах, Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 256 дугаар зүйлийн 256.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх заалтыг тус тус үндэслэн “Электрон техник” ХХК-тай 2013 оны 12 дүгаар сарын 25-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг цуцлах, гэрээний урьдчилгаа төлбөр 39 000 ам доллар буюу 2015 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн Монгол банкны ханш 1997.26 төгрөгөөр тооцон 77 893 140 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс шинжээч томилсон бөгөөд шинжээчийн дүгнэлтэд лед дэлгэцийг хэвийн ажиллах боломжгүй гэсэн. Шинжээч томилсонтой холбоотой эхний асуултад 2 шинжээч хариулт өгч байгаа. Системийн үйл ажиллагаа доголдсон, техник хэрэгсэл ажиллаж чадахгүй байна гэсэн дүгнэлт гаргасан учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байгаа. Өөрөөр хэлбэл доголдолтой эд хөрөнгийг нэхэмжлэгчээс хариуцагчид нийлүүлсэн гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тодорхой харагдаж байна. Иймд хуульд заасан гомдлын шаардлага гаргах, хүлээн авах үедээ доголдлыг мэдсэн эсэх асуудал хамааралгүй. Шинжээчийн дүгнэлтэд компьютерын программ хангамж доголдолтой байдлаас шалтгаалж дэлгэц ажиллахгүй байна гэснийг нэхэмжлэгч ашиглаж өөрийнхөө буруутай үйлдлийг хайцаалж байна гэж үзэж байна гэжээ.

Нэхэмжлэгч “Электрон техник” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дөлгөөн  сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар болон тус компаний захирал Ч.Баярхүү шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Ажлын үр дүнг 10 хоног тасралтгүй ажиллуулан 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр ажлын гүйцэтгэл хүлээлцсэн акт №01 ба №02 актаар “доголдолгүй ажиллаж байна гэсэн дүгнэлттэйгээр хүлээлгэн өгсөн. Ажлын үр дүн нь төрлийн шинжээр тодорхойлогдох эд зүйл биш нэг бүрийн шинжээр тодорхойлогдох эд зүйл. Учир нь зөвхөн хариуцагчийн захиалсан эд ангиудаар LED дэлгэцийг бүрдүүлсэн ба барилгын хана болгон угсарсан. Зөвхөн LED дэлгэцийг ажиллуулах электроникийн тохируулгын ажилд 40 хоног зарцуулсан. LED дэлгэц нь ямар нэг асуудалгүй ажиллаж байгаа ба захиалагчийн сонгон авсан зарим рекламны формат буюу бэлтгэсэн систем нь компьютерийн унших программтай тохирохгүй байгаа нь манай буруу биш. Захиалагч лед дэлгэцийг ажиллуулах зааварт бичсэнээр унших программдаа нийцсэн форматаар рекламаа бэлдүүлж уншуулах ёстой.

Иймд ямар нэг биет байдлын доголдолгүй болно. Дагалдах бичиг баримтыг бид иж бүрнээр нь гэрээ хийхийн өмнө 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдөр захиалагчид өгсөн ба захиалагч дахин хүссэн тул 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдөр дахин хүргүүлсэн. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2-т зааснаар “Ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж захиалагчид актаар хүлээлгэн өгсөн тул захиалагч гэрээг цуцлах эрхгүй. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д заасан шиг үүргээ ноцтой зөрчсөн зүйл нэг ч байхгүй. Ажил гүйцэтгэх гэрээний 5.1-д “Баталгаат хугацаа нь 2 жил байна”, гэрээний 5.2-д “Баталгаат хугацаанд гарсан биет байдлын болон чанарын гомдлыг Захиалагч албан бичгээр гүйцэтгэгчид мэдэгдэнэ. Гүйцэтгэгч нь захиалагчтай хамтран шалгалтыг хийж, шалтгаан нөхцөлийг тогтооно” гэж заасан байтал бичгээр гомдол ирүүлж байгаагүй болно. Хамгийн сүүлд 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр LED дэлгэцийг хэвийн ажиллаж байгаа. Гэрээний хавсралт, эд хөрөнгө хүлээлцсэн акт дээр компьютер, процессор гэж байхгүй. Өөрөөр хэлбэл гэрээгээр үүрэг хүлээгээгүй. Яагаад компьютер, процессорыг систем дотор оруулж нийлүүлдэггүй юм бэ гэхээр хэрэглэгчийн сонголт байдаг. Хүчин чадалтай компьютер тавих уу, хурдтай компьютер тавих уу, үнэтэй компьютер тавих уу, хямдхан компьютер тавих уу гэх нь өөрсдийн сонголт байдаг. ...хариуцагч талын хүлээн авах эрхгүй хүмүүс ажлын үр дүнг хүлээн авсан ч бай, аваагүй ч бай нэгэнт ажлын үр дүн бэлэн болсон /өөрсдийнх нь ажлын байранд байгаа/ учраас хуулийн заалтын дагуу хүлээн авсан гэж тооцно.  Гэрээний зүйлийг Засгийн газрын 2014 оны 194 дүгээр тогтоолын 26-д заасан мэдээллийн технологийн тоног төхөөрөмж гэсэн ангилалд хамаардаг. Мэдээллийн технологийн сэлбэг хэрэгсэл, тоног төхөөрөмжийг оруулж ирж байгаа. Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.1-т “гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол ажил гүйцэтгэгчийн саналаар түүний зардлаар уг доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэх шаардлага гаргах эрхтэй” гэж заасан. Шаардах эрхээ хэрэгжүүлэхгүй байгаа. 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр ажлын үр дүнг хүлээлгэн өгөөд гэрээ дуусгавар болсон. Зөвхөн ажил гүйцэтгэгч тал төлбөрөө төлөөгүй байгаа. Гэрээ дуусгавар болсноос хойш өөрөөр хэлбэл 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр “Алтан жолоо трейд” ХХК а/381 гэсэн гэрээ цуцлах шаардлагатай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Ажлын үр дүнг хүлээн авчихаад бүхэл бүтэн 8 сар 5 хоногийн дараа гэрээ цуцлах шаардлага гаргаж байгаа юм. Хариуцагч эхлээд хугацаа хэтрүүлсэн гэсэн сөрөг нэхэмжлэл гаргасан тэгэхлээр нь хугацаа хэтрүүлсэн гэдгийг хангалттай нотлох баримтаар нотлоод ирэхээр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилчилсөн. Тоо, чанарын доголдол байна гэж 8 сар 5 хоногийн дараа нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байгаа нь Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-д “ажил гүйцэтгэгч гэрээний нөхцөлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш зургаан сарын дотор гаргаж болно” гэж заасан. Энэ гомдлын шаардлага гаргах эрхээ алдчихсан байна. Мөн 352 дугаар зүйлийн 352.4-т “ажлын үр дүнг хүлээж авах үед түүний доголдлыг захиалагч мэдэж байсан боловч ямар нэгэн гомдол гаргаагүй бол тэрээр Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2-т заасан шаардлага гаргах эрхээ алдана” гэж заасан байна. Хэрвээ доголдол буюу дэлгэц гарахгүй гэдгийг мэдсээр байж ямар нэгэн гомдол гаргаагүй бол Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2-т зааснаар шаардлага гаргах эрхээ алдах нь байна. Гэрээ цуцлах үндэслэл алга, шаардах эрхийн хугацаа дууссан байна.

... “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК 2014 оны 11 дүгээр сарын гэрээний 6.22-д “ажил гүйцэтгэхэд шаардлагатай цахилгаанаар хангах үүрэгтэй” гэж заасан байгаа. Энэ мэтээр гэрээн дээр хангалттай заасан байгаа. Энэ үүргээ өөрсдөө биелүүлээгүй байж гэрээ цуцлах, урьдчилгаа мөнгөө авах гэж сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй юм. Лед дэлгэцийг шинжээч нар систем гэж үзсэн байгаа. Системийн нэг хэсэг нь компьютер бөгөөд удирдлагын өрөөнд байдаг. Дараагийн тэжээл авдаг хэсэг нь дэлгэцний ард байдаг. Гадна талд нь дэлгэц шиг юм харагдаж байдаг. Өнөөдрийн байдлаар дүрс гарахгүй, дэлгэц ажиллахгүй байгаа гэдэг бол гүйцэтгэгч талын хувьд ямар ч асуудалгүй, шинжээчийн дүгнэлтээр компьютертой холбоотой байна гэсэн байдаг. Компюьтерийн дэлгэц асуудалгүй, харин процессорын CPU нь болохгүй байгаа.  Хэрэглээний программ дотор дүрсийг уншдаг программ байдаг. Үүнээс гадна видео конвертор гэдэг дүрсний нягтаршилтыг багасгаж, ихэсгэдэг программ байдаг. Тэгэхээр үйлдлийн системийн үндсэн программ нь хуурамч гэж гарсан. Яаж тэр программ нь ажиллах юм бэ, дээр нь тэр процессорын CPU нь эвдэрсэн байна гээд байхад яаж ажиллах юм. Дээр нь дэлгэцээр гаргадаг рекламууд нь янз бүрийн нягтаршилтай. Гэрээний дагуу байршуулах дэлгэц нь 480*320 гэсэн нягтаршилтай. Энэ дэлгэц дээр юм гаргахын тулд заавал хувиргалтын программыг суулгасан байх ёстой. Энэ программ нь сүүлд сольсон компьютерт байгаагүй. Өөрөөр хэлбэл компьютерт асуудал байсан учраас компьютерыг солиод тавьчихвал асуудалгүй ажиллах юм. “Электрон техник” ХХК компьютер процессорыг нийлүүлээгүй, гэрээн дээр ч байхгүй. Захиалагч компьютерын дэлгэц, процессороо өөрөө гаргадаг. Тухайн үед компьютерыг гаргаад картаа уншуулаад, программыг таниулаад, форматлаад зүв зүгээр гарч байсан. Гэтэл барилгын ажил дуусаагүй байхад хэн дуртай нь оролдоод, сүүлдээ сольсон. Өмнө өгсөн фото зурган дээр гадна тал нь хар өнгөтэй байгаад дараа нь өөр өнгөтэй болоод сольчихсон. Өнөөдөр энэ компьютер ажиллахгүйн төлөө лед дэлгэц ажиллахгүй байна, буцааж ав гэж хэлж болохгүй. Өөрсдийнхөө компьютерыг өөрсдөө эвдсэн, янзлаад өгье гэхээр гар хүргүүлэхгүй байгаа. Одоо нэгэнт гар хүргүүлэхгүй байгаа юм чинь өөрсдөө дэлгэцээ засуулах байх. Тиймээс сөрөг нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Электрон техник” ХХК-ийн “Ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр  51 187 000 төгрөг, алданги 25 593 500 төгрөг, нэмэгдсэн  өртгийн  албан  татвар 12 720 151 төгрөг нийт 89 500 651 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч “Электрон техник” ХХК-иас 63 570 000 төгрөг гаргуулж, хариуцагч  “Алтан жолоо трейд”  ХХК-д олгож,  сөрөг  нэхэмжлэлийн  үлдэх  хэсэг болох 14 323 140 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгч “Электрон техник” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 918 385 төгрөгөөс илүү төлсөн 312 932 төгрөгийг буцаан олгож, үлдэх 605 453 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Алтан жолоо трейд” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 827 871 төгрөгөөс илүү төлсөн 1 210 256 төгрөгийг буцаан олгож, үлдэх 617 615 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Электрон техник” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 546 000 төгрөг гаргуулж, хариуцагч “Алтан жолоо трейд” ХХК-д олгож,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн зардалд нэхэмжлэгч “Электрон техник” ХХК-иас 56 975 төгрөг гаргуулж, шинжээчээр томилогдсон Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн ажилтан Б.Наранбат, Б.Зандан нарт олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч “Электрон техник” ХХК-ийн захирал Ч.Баярхүү давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд: Захиалагч "Алтан жолоо трейд" ХХК, гүйцэтгэгч "Электрон техник" ХХК-ийн хооронд 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр "Ажил гүйцэтгэх гэрээ" №01 байгуулсан. Энэхүү   гэрээгээр   ажил   гүйцэтгэгч   нь   өөрийн   материалаар захиалагчийн барилгад Лэд дэлгэцийн тоног тохөөрөмжийг барилгын зураг төсөлд зааснаар угсарч суурилуулан, тохируулж хүлээлгэн өгөх, захиалагч уг ажлын үр дүнг хүлээн авч, ажлын хөлс 65 262 ам.доллар төлөх үүрэг хүлээсэн.

2. Гэрээний  3.2-д  зааснаар   гэрээ байгуулаад урьдчилгаа 39 000 ам.доллар буюу 63 570 000 төгрөгийг гүйцэтгэгчид өгсөн. Энэ өдрөөс ажил эхлэх хугацаа тоологдсон /ажлыг 85 хоногт гүйцэтгэх гэрээтэй/. Гэвч гүйцэтгэгч ажлаа эхлэх гэсэн боловч захиалагч заасан хугацаанд ажил эхлэх нөхцлийг бүрдүүлж өгөөгүй, лэд дэлгэц суурилуулах давхрыг 1 давхраар доошлуулах болсон байсан /хх-117,132-134/.

          3. “Алтанжолоо трейд" ХХК нь цаг хугацаандаа барилгын өрлөгч, фасадны ажлыг хийж дуусгаагүй учир лэд дэлгэц угсрах ажлын гүйцэтгэлд саад учруулсан /хх-101,102,103,104/, /хх-118, 96/, улмаар явцын төлбөр 13 000 ам.долларыг төлөөгүй.

           4. Мөн "Алтан жолоотрейд" ХХК нь цаг хугацаандаа тогтмол гүйдлийн, шаардлагатай эрчим хүч, цахилгаанаар хангаагүй тул лэд дэлгэц тохируулах, шалгах ажлын гүйцэтгэлд саад учруулсан /хх-10,99,100,128/.

         5. Захиалагч ийнхүү өөрөө үүргийн гүйцэтгэлд саад учруулсан байтал гүйцэтгэгч тал угсралтын ажлыг 2014.04.20-24-ний хооронд 4 хоног, тохируулгын ажлыг 2014.11.20-12.30-ны хооронд 40 хоног, хүлээлгэн өгөх ажлыг 2014.12.31-2015.01.09 хүртэл 10 хоног, нийт 54 хоногийн дотор хийж дуусгасан.

          6. Захиалагч "Алтан жолоо трейд" ХХК нь гүйцэтгэсэн ажлын үр дүнг 10 хоногийн
турш ажиллуулан шалган үзэж, 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр акт баримтаар
хүлээн авсан /хх-94, 95, 156/.

7. Энэ үеэс хойш "Алтан жолоо трейд" ХХК нь ажлын хөлсний
үлдэгдлийг төлөхгүй, элдэв арга саам хийж, төлбөрийн мөнгийг багасгахыг санал
болгосон тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл "Алтан жолоо трейд" ХХК нь сөрөг нэхэмжлэл гарган гүйцэтгэгч талыг хугацаа хэтрүүлсэн гэж буруутгасан /хх-147/. Гэвч дээр дурдсан нотлох баримтуудыг нэхэмжлэгч тал шүүхэд бүрдүүлэн өгснөөр "үнэн" гэдэгт гүйцэтсэн тул аргаа өөрчилж, гомдлын шаардлага гаргах хугацаа хэтэрсэн байтал сөрөг
нэхэмжлэлээ дор дурдснаар сөрөг нэхэмжлэлийн үндэслэл нь "ажлын үр дүн хүлээлцэхээ мэдэгдээгүй, хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн, холбогдох баримт бичгийг өгөөгүй, баталгаат хугацаанд үйлчилгээ үзүүлж чадна гэдэг нь эргэлзээтэй байна, биет байдлын доголдолтой" учир ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, урьдчилгаа төлбөр 39 000 ам.доллар буюу анх 63 570 000 төгрөг өгсөн хэрнээ 77 893 140 төгрөгийг гаргуулан өгнө үү /хх-195/ гэж нэхэмжилснийг шүүх хангасанд туйлын гомдолтой байна.

         8. нэхэмжлэлийн үндэслэл нь дараахь зүйлээр няцаагддаг.

Мэдэгдээгуй гэдэг нь: Гүйцэтгэгч тал захиалагчид бичгээр мэдэгдэл өгсөн /хх-94 тал/.

Ажлын гуйцэтгэлийг хүлээн аваагүй нь: Ажлын гүйцэтгэл хүлээн авсан актад Мэдээлэл технологийн албаны ахлах менежер Ц.Юүндэнбаатараас гадна менежер Ц.Мөнхзул гарын үсэг зурж, "Алтан жолооо трейд" ХХК-ийн захирал Л.Энхтуяа гарын үсэг зурж, тамгаа дарсан. Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.2-д захиалагч гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах үүргээ биелүүлээгүй бол түүнийг тухайн ажлын үр дүнг хүлээн авсанд тооцно гэсэн байна.

Холбогдох баримт бичиг аваагүй нь: Холбогдох баримт бичгийг захиалагч талд 2 удаа өгсөн. Эхний удаа гэрээ хийхийн өмнө танилцуулга болгон өгсөн. 2 дахь удаад дахин хүссэн тул өгсөн. /хх-200/

Биет байдлын доголдлын гомдол нь: Ажлын үр дүнг захиалагч хүлээн аваад барилгын ажил дуусаагүй байхад ямар ч хамгаалалтгүй, ил задгай, хэн дуртай нь оролдуулж, солиулсан хэрнээ гүйцэтгэгчийг баталгаат хугацааны дотор үйлчилгээ үзүүлэхийг хүсэхэд, "гар хүргүүлэхгүй" гээд удаа дараа саад учруулсан. Бидний гүйцэтгэсэн ажил нь зөвхөн захиалагчийн гэрээгээр тохирсон шаардлага, үзүүлэлтээр, зөвхөн тэдний барилгад зориулж гүйцэтгэсэн, нэг бүрийн шинжтэй ажлын үр дүн бөгөөд ямар нэгэн биет байдлын доголдолгүй. Барилгын хананы оронд угсарч, суурилуулж, тохируулсан ЛЕД дэлгэцийг удирдан ажиллуулах зориулалтай, дагалдах зүйл болох PC компьютерийн процессор, гар, дэлгэц, маусыг бид гэрээгээр нийлүүлээгүй тул энэ эд зүйлийн ажиллагаа, чанар дээр бид хариуцлага хүлээх үндэсгүй. Хэдийгээр удирдлагын компьютерийг нийлүүлэх үүрэг хүлээгээгүй боловч бид PC компьютерт зохих программыг суулган өгч /форматлах/ тохируулан ажиллуулж өгсөн боловч захиалагч тал өөрсдөө процессорыг сольсон /хх-82-84 зураг/, PC компьютерийн үйлдлийн ситемийн программыг эвдэлсэн, реклам унших программын өргөтгөл буюу хүчин чадлаас давсан өргөтгөлтэй реклам авчирч уншуулж гацаасан зэрэг үйлдлийг шүүхээс томилсон шинжээч тогтоосон. Шинжээч "Энэ PC компьютерийн хэвийн бус ажиллагаа нь ЛЭД дэлгэцийн хэвийн ажиллагаанд нөлөөлөх боломжтой" гээд "2а, 26, 2с дурьдсан компьютерийн хэвийн бус ажиллагааг арилгах боломжтой" гэж шинжээч дүгнэсэн тул бид хэрэг маргааныг үнэн зөвөөр тогтоолгохын тулд "Туршилт хийлгэх тухай" хүсэлтийг 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр бичгээр, 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр шүүх хуралдаан эхлэхэд амаар гаргасан боловч шүүх хүлээн аваагүй. Шүүх Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1 дэх заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэглэх ёстой хуулийн заалтуудыг хэрэглэсэнгүй. Улсын дээд шүүхийн 21 дүгээр тогтоолд заасан байтал шийдвэрээ хэрэгжүүлэх арга замыг зааж өгөөгүй учир шүүхийн шийдвэр хэрэгжих боломжгүй байдалд хүрсэн. Иймд шударга ёсыг тогтоохын тулд манай гомдлын үндэслэлийг анхааралтай хянан үзэж, шийдвэрийг хүчингүй болгож, шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн тул тухайн хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Анхан шатны шүүх тус хэрэгт 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 31530 дугаар шүүгчийн захирамжаар Шинжлэн ухаан технологийн их сургуулийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийг /хэргийн 1 хавтасны 231-233/, 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 38318 дугаар шүүгчийн захирамжаар ”Саммит компьютер технологи” ХХК-ийг /хэргийн 2 хавтасны 7-9/ тус тус шинжээчээр томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.8-д заасан үндэслэлээр түдгэлзүүлсэн боловч Шүүх шинжилгээний тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасны дагуу шүүхээс тогтоосон шинжилгээний хугацаа дууссан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн шалтгаан арилсан байхад, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.3 дахь хэсэгт зааснаар хэргийг сэргээхгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжүүлэн явуулсан нь хууль зөрчжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн байх хугацаанд шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах эрхгүй байтал шүүх уг ажиллагааг сэргээлгүйгээр  дахин шинжээч томилж, улмаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нь буруу болно.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн шалтгаан арилмагц, уг ажиллагааг сэргээх тухай захирамж гаргаснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэх нь талуудын мэтгэлцэх зарчим мөн нотлох баримт хууль ёсны дагуу бүрдэхэд ач холбогдолтой юм.

 

Иймд шүүх түдгэлзүүлсэн хэрэгт дахин шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн ноцтой зөрчил болжээ.

 

 Мөн хариуцагч талаас шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулах тухай /хэргийн 2 хавтасны 79/ хүсэлтийг шүүх хангаагүй талаар гомдолд дурдсан нь үндэслэлтэй. Учир нь: шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй, талууд дүгнэлтийн агуулгын талаар маргаж байгаа тохиолдолд шинжээчид хэргийн оролцогчид асуулт тавих эрхтэй атал хэргийн оролцогчид хуулиар олгогдсон энэ эрх нь хангагдаагүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийх боломжгүй, хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

         1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2016/04150 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

         2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Электрон техник” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 475 800 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

 

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                ШҮҮГЧИД                                       Г.ДАВААДОРЖ

 

                                                                                        Д.БАЙГАЛМАА