Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 774

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга С.Нямсүрэн,                           

улсын яллагч М.Үүрийнтуяа,

шүүгдэгч Б.М /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.М-д холбогдох эрүүгийн 1806 08987 0707 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Б.М, 1997 оны 05 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Сэлэнгэ органик маркет” ХХК-нд жолооч ажилтай, Баянзүрх дүүрэг 22 дугаар хороо 36-640 тоотод оршин суух хаягтай, урьд 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 546 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэх хугацааг 6 сарын хугацаагаар хойшлуулсан,  

Шүүгдэгч Б.М нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Их номт караоке”-д 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр С.Лувсанхайдавыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Б.М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлийг хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч С.Лувсанхайдав мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Би 2018.11.06-ны өдрийн 00:30 минутын орчим Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Их Номт караокегоор үйлчлүүлж байсан. Би тухайн үед гадаа гарч тамхи татаж байгаад эргэж орохдоо Содгэрэл гэх залууг санамаргүй мөрлөсөн. Би суудалдаа очоод сууж байтал Содгэрэлтэй хамт явж байсан залуучууд хамт гараад явсан. Намайг Содгэрэл гэх залуу ах та гараад ирээч юм ярих гэсэн юм гээд дуудахаар нь дагаад гараад очтол миний нүүрэн хэсэгт нэг удаа цохисон. Энэ үед М гэх залуу намайг хажуу талаас барьж аваад намайг цохихоор нь би харилцан зодолдсон. Энэ үед М-ийг нэг нь ирж араас тэврээд салгасан. Миний хамраас цус гарсан байсан тул би доош тонгойсон. Би М-тэй харилцан зодолдож байтал ажилтан гэх эмэгтэй голоор орж салгасан” гэх мэдүүлэг /хх-ийн 13, 14-15/,

Гэрч Б.Батням мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “2018.11.05-ны өдөр Их номт караокед очиход Мөнх-Эрдэнэ, Содгэрэл, М-ийн дүү гэх залуу дахиад танихгүй нэг эмэгтэй байсан. Бид нарыг тэр караокед сууж байхад хажуу талын ширээнд Лувсанхайдав гэх залуу ганцаараа сууж байсан. ...Лувсанхайдав гэх залуу Содгэрэлийг мөрлөөд өнгөрсөн. Содгэрэл гарч ирээд Лувсанхайдавыг дуудаж гаргаж ирээд ах яагаад байгаа юм зүгээр яв л даа гэж хэлэхэд Лувсанхайдав та нар шиг гээд нэг зүйл хэлсэн. Энэ үед Содгэрэл нүүрэн хэсэгт нь гараараа алгадах шиг болсон. ...Энэ үед Лувсанхайдав Мөнх-Эрдэнийг хэд хэд цохиод авсан. Би тэр залуугаас холдож машин руу явах үед тэр хоёр зодолдож байсан” гэх мэдүүлэг /хх-23-24/,

Гэрч Х.Содгэрэл мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ‘‘...Би тэр өдөр 2018 оны 11 дүгээр сарын 05-ны шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Их номт караокед өөрийн найз болох Гантүшиг, М, Отгон-Эрдэнэ Батням нарын хамт үйлчлүүлж байгаад 23:00 цагийн үед Отгон-Эрдэнэ архи уугаагүй байсан тул өөрийн 75-00 УНЦ улсын дугаартай тоёота приус-20 маркийн машинд Отгон- Эрдэнэ, Гантүшиг нарын хамт сууж байсан. Би хамгийн сүүлд караокеноос гарах гэж байхад Лувсанхайдав гэх залуу намайг мөрлөөд би хойш сандал дээр суусан. Би Лувсанхайдавт хандаж яаж байгаа юм бэ зүгээр байгаарай гэж хэлээд гадаа гараад тамхи татаж зогсож байгаад караокены вакум хаалгаар даллаж дуудсан. Би Лувсанхайдавыг гарч ирэхээр нь тамхи татаад учираас олъё гэж хэлтэл би армид цэргийн ангид ажилладаг ахлах дэслэгч цолтой хүн чамтай яаж ч харьцсан яадаг юм гэж хэлэхээр нь та яагаад байгаа юм бэ гэж хэлэхэд намайг бацаан гэх мэтээр хэлээд байхаар нь би Лувсанхайдавын нүүрэн хэсэгт нэг удаа алгадсан. Лувсанхайдав намайг цохих гэхээр нь хажуу талаас нь М араас түлхтэл Лувсанхайдав эргээд М-ийг цохиж харилцан зодолдоод эхэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/,

Яллагдагч Б.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Лувсанхайдавыг Содгэрэлээс салгатал миний нүүрэн хэсэгт цохихоор нь би хариу цохиж бид хоёр хоорондоо зодолдсон...Би дүгнэлттэй танилцлаа санал нийлж байна. Би С.Лувсанхайдавын биөд уг гэмтлийг учруулснаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 57-58 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №13359 дугаартай дүгнэлт:

  1. С.Лувсанхайдавын биед зүүн зовхи, цээжинд цус хуралт, хүзүүнд зулгаралт, зүүн даланд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөхгүй.
  5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой /хх-ийн 26/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 29/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 30/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Б.М нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Их номт караоке”-д 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр С.Лувсанхайдавыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь

Хохирогч С.Лувсанхайдавын: “Их Номт караокегоор үйлчлүүлж байсан. Би тухайн үед гадаа гарч тамхи татаж байгаад эргэж орохдоо Содгэрэл гэх залууг санамаргүй мөрлөсөн. Би суудалдаа очоод сууж байтал Содгэрэлтэй хамт явж байсан залуучууд хамт гаргаад явсан. Намайг Содгэрэл гэх залуу ах та гараад ирээч юм ярих гэсэн юм гээд дуудахаар нь дагаад гараад очтол миний нүүрэн хэсэгт нэг удаа цохисон. Энэ үед Мөнх-Эрдэнэ гэх залуу намайг хажуу талаас барьж аваад намайг цохихоор нь би харилцан зодолдсон. Энэ үед М-ийг нэг нь ирж араас тэврээд салгасан. Миний хамраас цус гарсан байсан тул би доош тонгойсон.” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Б.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Б.М-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Б.М нь хохирол төлбөр сайн дураар нөхөн төлсөн нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд түүнд хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын  шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл  байдал, учруулсан хор уршиг, шүүгдэгчийн  хувийн  байдал  зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулж, торгох ялын нэг нэгжийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б.М-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.М-г 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.М нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

            4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх  төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Б.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.ШИНЭБАЯР