Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 756

 

 

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга С.Нямсүрэн,                            

улсын яллагч М.Үүрийнтуяа,

хохирогч Б.Хүрэлхуяг,

өсвөр насны шүүгдэгч Б.Б, өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч С.Болормаа, тэдгээрийн өмгөөлөгч Ч.Энхжин нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б холбогдох эрүүгийн 1906 01806 0708 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

 

Өсвөр насны шүүгдэгч Монгол Улсын иргэн, Б.Б, 2001 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, “Шихихутаг” дээд сургуулийн 1 дүгээр курсийн оюутан, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо Хийморь хотхоны 12а-102 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, 

Шүүгдэгч Б.Б нь Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баянзүрх зах” дотор 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Б.Хүрэлхуягийн нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Өсвөр насны шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ”Ээж бид хоёр мах авах гээд зах орохдоо махны лангууны эзнээс 2 кг мах авна гэж хэлэхэд тэр худалдагч бид хоёрт 3 кг мах хувааж өгөхөөр нь 2 кг–ыг авна гэсэн чинь лангууны эзэн шууд урд тавиад заавал авч байж явна гэж хэлсэн. Тэгээд бид хоёрыг явуулаагүй. Тэгэхээр нь ээж цагдаа дуудсан. Тэр лангууны эзний нөхөр нь ирээд ээж рүү ёс бус хараалын үг хэлж дайрахад нь би ээжийгээ хамгаалаад нүүрэн тус газар нь 1 удаа цохисон. Миний буруу хийсэн хэрэгтээ харамсаж байна” гэв.

Хохирогч Б.Хүрэлхуяг шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ”Бид нарын эрхэлдэг лангуу тусдаа байдаг. Өөрийнхөө лангуун дээр үйл ажиллагаагаа явуулчихаад түрээсэлдэг лангуун дээрээ ирэхэд энэ хүмүүс манай гэр бүлийн хүнтэй маргалдаад байж байсан. Махаа жижиглүүлсэн байсан. Тэгээд ийм өндөр үнэтэй махыг авахгүй яасан юм бэ гэж хэлсэн болохоос энэ хүмүүсийг элдэв бусаар хэлсэн зүйл байхгүй. Лангуун дээр ер нь цагдаа дуудъя гэж бодоод утсаа гаргатал энэ шүүгдэгч миний ам руу цохисон. Миний доод эрүүний хоёр шүд суларсан. Дээд доод уруулын дотор талд язралт явагдаад үүнийг шүүх эмнэлгээр оруулаад гэмтлийн эмнэлэг дээр түргэний эмч ирж оёсон боловч дутуу оёсон учраас дахин тэр шөнөдөө гэмтлийн эмнэлэг дээр очин оёулсан. Болсон процесс нь 2 кг 800 грамм махнаас болсон юм. Үүнийг цагдаа дуудаад дор нь шийдүүлчих юмыг энэ хүү жаахан түргэдсэн. Энэ улсууд хэргийн явцад надтай ирээд уулзсан бол би бас энэ хүүхдэд ингэж хандан шүүх энэ тэр болохгүй л байсан. Эрүүл мэндийн хохиросон асуудалдаа ганц өвчин намдаах эм ч авч өгөөгүй. Хөдөө ажил явдалд явж байгаад өчигдөр орой ирлээ. Нэхэмжлэх зүйл бол миний хоёр лангууны  мөнгө шулаа хийдэг лангуу 200.000 төгрөг, миний өөрийн эзэмшлийн лангууны хувьд 260.000 төгрөг, ажлын 26 хоногийн алдагдлаа би өөрийнхөө дансаа хөтөлдөг хар дэвтэрнээсээ харж байгаад дундчилан гаргаж мөнгө нэхэмжилсэн, шүднийхээ эмчилгээнд захиалга өгч эхний ээлжинд дээд шүдээ хийлгэх болж захиалаад 200.000 төгрөг урьдчилан өгсөн байсан. Нийт 4.597.000 төгрөг нэхэмжилсэн” гэв.

Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч С.Болормаа шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ”Хүүхдийнхээ өмнөөс энэ хүнийг гэмтээсэндээ уучлалт гуйж байна. Өнөөдөр 2 кг мах авъя гэснийхээ төлөө би ийм байдалд хүүхдээ оруулсандаа үнэхээр их харамсаж байна. Тэр лангууны авгай намайг их зодсон. Гэхдээ би хугарч гэмтээгүй болохоор шүүх эмнэлэг энэ тэр гэж яваагүй.  Надад үнэхээр хэцүү байна. Би түрүүлж гомдол гаргаагүйдээ харамсаж байна. Манай хүүхэд тийм харгис хэрцгий хүүхэд биш л дээ. Ганцаараа өссөн өрөвч сэтгэлтэй хүүхэд. Цохингуутаа манай хүүхэд ахаа уучлаарай гэж хэлсэн. Манай хүүхэд хүн ер нь цохиж чаддаггүй хүүхэд” гэв.

Хохирогч Б.Хүрэлхуяг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би өнөөдөр Баянзүрх зах дээр ямааны мах зараад лангуун дээрээ зогсож байсан юм. Манай эхнэр Н.Гантуул өөрийнхөө С-1 лангуун дээрээ зогсож байсан ингээд би бие засчхаад гарч ирэхэд эхнэр лангуун дээрээ хүнтэй маргалдаад зогсож байсан очиход “мах авна гээд Зкг мах авахаар болоод махныхаа талыг нь авна гэхээр нь эхнэр маань жижиглэхгүй гэж хэлээд мах авах гэж байсан эмэгтэй машиндуулах мах гэж хэлж байсан. ...Тэр эмэгтэйн тал махыг нь авахгүй гэснийг нь сонсоогүй, махыг машиндана гэж бодоод махыг жижиг хэрчсэн” тэгээд мах авна авахгүй гээд хоорондоо хэрэлдээд байж байхаар нь би яагаад сонсолтоо зөв хийгээгүй махыг нь жижиглүүлж байгаа юм бэ өндөр үнэтэй авч байгаа мах шүү дээ мах эмнэлгийн бичиг байгаа цагдаа дуудна гээд байж байтал мах авах гэж явж байсан эмэгтэйн хамт явж байсан хүү нь миний нүүр рүү 1 удаа гараараа цохисон юм. ...Би түргэний эмчээр доод талын уруул дээрээ 4 оёдол тавиулсан, доод талын 2 шүд хөдөлсөн байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 4-5, 17 дугаар/,

Гэрч Н.Гантуулын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 03 дугаар сарын 11-ны өдөр 16 цагийн үөд гаднаас ээж, хүү 2 ирээд мах авъя ...гэхээр нь сонгосон махыг нь жижиглэсэн тэгээд би махыг уутанд хийгээд өгөхөд тэр эмэгтэй хэн жижиглэнэ гэж хэлсэн юм бэ гэж хэлсэн тэгээд над руу дайраад унасан. Тэр үед манай нөхөр Хүрэлхуяг цаанаас ирээд юу болоод байнаа гээд тэр эмэгтэйд хандаж хэлсэн. ...Тэр үед манай нөхөр би ч бас цагдаа дуудна гээд утсаа авах гээд доош тонгойход тэр эмэгтэйн хүү нь гараараа манай нөхрийн нүүрэн тус газар нь 1 удаа цохиод авсан. Манай нөхрийн уруулнаас цус гарсан" гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/,

Гэрч С.Болормаагийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...тэр эмэгтэй намайг хоногийнхоо махыг авчихаж чадахгүй, хатаж үхвэл таарсан хүүхэн энэ тэр гээд харааж эхэлсэн. ...Тэр үед тэр эмэгтэйн нөхөр нь цаанаас хүрч ирээд бас над руу пизда минь гэж хэлээд дайрсан. Тэр үед манай хүүхэд гараараа тэр нөхрийнх нь нүүрэн тус газар нь гараараа 1 удаа цохьчихсон. Тэгтэл тэр нөхрийнх нь амнаас цус гарчихсан” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

Өсвөр насны яллагдагч Б.Б-йн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2019 рны 03 дугаар сарын 11-ний өдөр ээж Болормаатай хамт БЗД-ийн 6-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх хүнсний захаас 2 кш мах авч машиндуулах гээд зогсож байсан. Тэгээд махны худалдагчид 2 кг татсан мах авъя гэж хэлсэн чинь 3 кг мах жижиглэж өгөхөөр нь бид 2 кг мах авна 3 кг арай их байна гэж хэлсэн чинь тэр хүн бидэнд “нэгэнт жижиглэсэн махаа ав гээд дайраад байсан”. Тэгэхээр нь ээж бид хоёр 3 кг мах авахгүй 2 кг мах авна гэж хэлсэн чинь хохирогчийн эхнэр нь гэх эмэгтэй “мах авч чаддаггүй гуйлгачингууд гэж хэл амаар доромжилж байхад цаанаас худалдагчийн нөхөр нь гэх хохирогч Б.Хүрэлхуяг ирээд миний ээжийг пизда минь гэж хэл амаар доромжлоод байхаар нь би тэр хүний нүүрэн тус газар нь 1 удаа цохисон чинь уруулыг нь оносон”. Тэгсэн Б.Хүрэлхуягийн уруулаас нь цус гарахаар нь би больё гэж хэлсэн чинь тэр хүн, эхнэртэйгээ нийлээд над руу дайраад хэл, амаар доромжлоод цохиод байсан. Ийм л зүйл болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №3273 дугаартай дүгнэлт:

  1. Б.Хүрэлхуягийн биед дээд, доод уруулын дотор салстад шарх, 1 шүдний гэмтрэл, 2 шүдний сулрал, хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
  5. хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл. /хх-ийн 11/ иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 20/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 21/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Б.Б нь Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баянзүрх зах” дотор 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Б.Хүрэлхуягийн нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь

Хохирогч Б.Хүрэлхуягийн: “...Тэр эмэгтэйн тал махыг нь авахгүй гэснийг нь сонсоогүй, махыг машиндана гэж бодоод махыг жижиг хэрчсэн тэгээд мах авна авахгүй гээд хоорондоо хэрэлдээд байж байхаар нь би яагаад сонсолтоо зөв хийгээгүй махыг нь жижиглүүлж байгаа юм бэ өндөр үнэтэй авч байгаа мах шүү дээ мах эмнэлгийн бичиг байгаа цагдаа дуудна гээд байж байтал мах авах гэж явж байсан эмэгтэйн хамт явж байсан хүү нь миний нүүр рүү 1 удаа гараараа цохисон юм” гэх мэдүүлэг,

Гэрч Н.Гантуулын: “...2019 оны 03 дугаар сарын 11-ны өдөр 16 цагийн үөд гаднаас ээж, хүү 2 ирээд мах авъя ...гэхээр нь сонгосон махыг нь жижиглэсэн тэгээд би махыг уутанд хийгээд өгөхөд тэр эмэгтэй хэн жижиглэнэ гэж хэлсэн юм бэ гэж хэлсэн тэгээд надруу дайраад унасан. Тэр үед манай нөхөр Хүрэлхуяг цаанаас ирээд юу болоод байнаа гээд тэр эмэгтэйд хандаж хэлсэн. ...Тэр үед манай нөхөр би ч бас цагдаа дуудна гээд утсаа авах гээд доош тонгойход тэр эмэгтэйгийн хүү нь гараараа манай нөхрийн нүүрэн тус газар нь 1 удаа цохиод авсан. Манай нөхрийн уруулнаас цус гарсан" гэх мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос өсвөр насны шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд өсвөр насны шүүгдэгч Б.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Б.Хүрэлхуяг нь шүд эмчлүүлэхэд гарсан зардал 1.800.000 төгрөг, лангууны түрээсийн зардал 450.000 төгрөгийг нэхэмжилсэн боловч хавтаст хэрэгт түрээсийн гэрээг нотлох баримтаар гаргаж өгөөгүй, шүдний эмчилгээний баримт дээр урьдчилгаа гэж 200.000 төгрөгийг өгсөн талаар дурьдсан байна. Дээрх нэхэмжлэл нь нотлох баримтаар нотлогдохгүй байх тул шүүх гэм буруутай этгээдээс гаргуулах боломжгүй байна.

Харин хохирогч Б.Хүрэлхуяг нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болон түүний хууль ёсны төлөөлөгч нараас иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав.

Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч С.Болормаа нь хохирогч Б.Хүрэлхуягийн хохирол төлбөрт 1.000.000 төгрөг нөхөн төлж барагдуулсныг дурьдах нь зүйтэй.

Өсвөр насны шүүгдэгч Б.Б-ийн хууль ёсны төлөөлөгч нь хохирол төлбөрт 1 сая төгрөгийг сайн дураар нөхөн төлсөн нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд түүнд хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх өсвөр насны шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын  шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл  байдал, учруулсан хор уршиг, шүүгдэгчийн  хувийн  байдал  зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулж, торгох ялын нэг нэгжийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Өсвөр насны шүүгдэгч Б.Б-ийн хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулах торгуулийн ялыг хуульд заасны дагуу 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Б-ийг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Б.Б-д шүүхээс оногдуулсан торгуулын ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн хохирол төлбөрт 1.000.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

6. Хохирогч Б.Хүрэлхуяг нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний журмаар гэм буруутай этгээд болон түүний хууль ёсны төлөөлөгч нараас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.ШИНЭБАЯР