| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2018/0120/Э |
| Дугаар | 836 |
| Огноо | 2019-05-23 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Ч.Түмэн-Өлзий |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 836
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонням,
Улсын яллагч Ч.Түмэн-Өлзий,
Хохирогч Б.Баясгалан, түүний өмгөөлөгч Б.Дашдорж,
Шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Г холбогдох эрүүгийн 1906 01278 0824 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,
мэргэжилгүй, “ дэлгүүрт хоол үйлчилгээний ажилтан ажилтай, ам бүл 5, эгч, дүү нарын хамт Баянзүрх дүүрэг 5 дугаар хороо, “ тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар , хэрэг хариуцах чадвартай, Б.Г .
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Б.Г нь 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 03 цагийн үед Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цайзын автобусны буудал дээр иргэн Б.Баясгаланг зодож улмаар түүний эрүул мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр би найз охинтойгоо байж байтал энэ залуу согтуу ирээд тамхи асуусан. Тэгээд “тамхи байхгүй” гэж хэлсэн боловч явахгүй хаалга нүдээд байсан. Тэгээд бид хоёр маргалдаад ийм зүйл болсон. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв....Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Баясгалан мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр би тамхи авах гээд очиход энэ залуу найз охинтойгоо маргалдаж байсан. Гэтэл энэ залуу хаалга онгойлгохгүй байсан. Гэтэл гэнэт хаалга онгойлгоод үгийн зөрүүгүй намайг цохисон. Тухайн үед цагдаад дуудлага өгсөн боловч би ярьж хэлж чадахгүй байсан. Тэгээд энэ залуу намайг цагдаа руу явъя гэсэн. Миний биед эрүү 3 удаа хугарсан, хоёр гараа хугарсан, хоёр үүдэн шүд хугарсан. Хохиролд хагалгааны төлбөр 2.810.000 төгрөг болсон. Нийт хохирол 3.000.000 гэж байгаа.” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Б.Баясгалангийн өгсөн мэдүүлэг /хх-9-12/, гэрч Б.Азжаргалын өгсөн мэдүүлэг /хх-17-18/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 2387 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-21/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 399 дугаартай дүгнэлт /хх-30-31/, Б.Г яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-60/, шинжээч эмч Ө.Сарангэрэлийг байцаасан тэмдэглэл /хх-66/, шүүгдэгч Б.Г урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа, хувийн байдлын тухай баримтууд /хх-40-45/, хохирлын баримт /хх-55/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Б.Г нь 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 03 цагийн үед Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цайзын автобусны буудал дээр иргэн Б.Баясгаланг зодож улмаар түүний эрүул мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Баясгалангийн өгсөн: “...2019 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 03 цагийн орчим би тамхи, нэгж авах гээд Цайзын автобусны буудлын түц дээр очоод гэрэлтэй байхаар нь хаалгыг нь 3-4 удаа тогшсон чинь дотор нь эрэгтэй, эмэгтэй 2 хүн хэрэлдэж, маргалдаад байх шиг байсан. Тэгээд би тамхи, нэгж асуусан чинь дотроос нь эрэгтэй хүн “байхгүй” гээд байсан. Тэгээд би дахиад 2 удаа тогшсон чинь дотроос нэг залуу гарч ирээд юу ч хэлээгүй, миний нүүр рүү нэг удаа гараараа цохисон чинь миний эрүү өвдөөд амнаас цус гараад би нүүрээ дараад доошоо суугаад хэсэг хугацааны дараа би цагдаа дуудсан. Зодуулсныхаа дараа эхлээд гэмтлийн эмнэлэгт үзүүлж толгойны томографикийн зураг авахуулаад харьяаллын дагуу “Цэргийн төв” эмнэлгийн гэмтлийн тасагт хэвтэж эрүүний хагалгаанд орж хоёр хэсэгтээ хадуулж эмнэлэгт нийт 14 хоног хэвтэж эмчлүүлсэн.” /хх-9-12/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Азжаргалын өгсөн: “...Би Цайзын автобусны буудал дээр байдаг түцэнд ажилладаг юм. Тэр өдөр миний бие өвдөөд хөдөлж чадахгүй хэвтэж байсан чинь манай найз залуу Б.Г надад 22 цаг болох гэж байхад хоол авч ирж өгөөд бид хоёр маргалдаад би жоохон уйлаад байж байсан чинь байсхийгээд нэг хүн түцний цонх аймаар нүдээд байхаар нь манай найз залуу Б.Г “яасан бэ” гээд дотроос хэлсэн чинь тэр хүн “тамхи байна уу, нэгж байна уу” гээд цонх хаалга нүдээд байсан. Тэгээд Б.Г “яасан бэ” гээд хаалга онгойлгоод гарсан чинь тэр хүн нэлээн согтуу Б.Г өөдөөс “пизда минь чи яасан овоо юм бэ, чи ямар том юм энэ тэр” гээд яриад байхаар нь би сандраад хэвтэж байгаад өнгийгөөд харсан чинь тэр согтуу хүн Б.Г хөл рүү өшиглөсөн. Тэгсэн Б.Г тзр хүнийг “чи одоо яагаад байгаа юм бэ” гээд нүүр рүү нь нэг удаа гараараа цохисон. Тэгээд би очоод тэр хоёрыг “боль” гэж болиулаад буцаад Б.Ганхуягтай түц рүүгээ орсон. Тэгээд цонхоороо харсан чинь тэр согтуу хүн түцний хажуу талын хашлага дээр амнаас нь цус гарчихсан сууж байсан. Б.Г тэр хүний нүүр рүү нэг удаа гараараа цохисон. Цохиулсны дараа амнаас нь цус гарчихсан байсан.” /хх-17-18/ гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 2387 дугаартай дүгнэлтэд:
1. Б.Баясгалангийн биед 1 шүдний булгаралт, эрүүний ооч болон зүүн сэртэнгийн хэсгийн зөрөөтэй хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрлийн байдлаас хамаарна.” /хх-21/ гэх дүгнэлт,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 21 дугаартай дүгнэлтэд:
2. А.Төгөлдөрийн биед баруун хоншоор ясны цөмөрсөн хугарал, баруун дээд доод зовхи, баруун хацарт цус хуралт гэмтэл учирсан ба баруун хоншоор ясны өмнөд ханын цөмөрсөн хугарал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
3. А.Төгөлдөрийн биед учирсан гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.
4. Дээрхи гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд буюу 2018 оны 10 дугаар сарын 12-нд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.” /хх-26-27/ гэх дүгнэлт,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 399 дугаартай дүгнэлтэд:
1. Б.Баясгалан-н биед 3 шүдний булгаралт, хамрын ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний ухархайн доод хананы бага зэргийн зөрөөтөй хугарал, эрүүний ооч болон зүүн сэртэнгийн хэсгийн зөрөөтөй хугарал, зөөлөн здийн няцрал гэмтэл учирчээ. Дээрх гэмтлүүдийн 3 шүдний булгаралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 51.2-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10%-р алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт, хамрын ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний ухархайн доод хананы бага зэргийн зөрөөтөй хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэп. эрүүний ооч болон зүүн сэртэнгийн зөрөөтөй хугарал. зөөлөн эдийн няцрал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
2. Дээрх гэмтлүүд нь нзг цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтлүүд байна.
3. Б.Баясгалангийн биед хамрын ясны хугарал, зүүн нүдний ухайрхайн дод хананы зөрөөтэй хугарал, эрүүний ооч болон зүүн сэртэнгийн зөрөөтэй хугарал гэсэн 4 хугарал байна.
4. Шинжээчийн 2387 дугаартай дүгнэлтийн гэмтлийн зэрэгт өөрчлөлт орохгүй." гэх дүгнэлт /хх-30-31/,
Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч эмч Ө.Сарангэрэлийн өгсөн: “...Уг гэмтлүүд нь нэг удаагийн цохилтоор үүсэх боломжтой. Уг зүүн эрүү, нүдний ухархай, зүүн хамар ясны хугарал нь нүүрэн тус газрын нэг хэсэгт цохиход үүсэх боломжтой. Уг гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” /хх-66/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Г яллагдагчаар өгсөн: “...2019 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 00 цагийн үед би анйз эмэгтэй болох Б.Азжаргалд хоол авчирч өгөөд түцэнд байж байсан чинь гаднаас нэг хүн аймаар хүчтэй цохихоор нь би цонхоо онгойлгоод “манайх ажиллахгүй бйагаа, хаасан байна” гэж хэлсэн чинь тэр ах “тамхи зарах уу” гэхээр нь “үгүй” гээд хаасан чинь дахиад цонх нүдээд нэгж асуугаад байсан. Тэгэхээр нь манайх “хаасан” гэж хэлээд цонхоо хаасан. Удаагүй тэр ах түцний хаалгыг чанга чанга нүдээд байхаар нь би хаалгаа онгойлгоод “манайх юм зарахгүй хаасан гээд байхад та ямар сонин юм бэ” гэсэн чинь тэр ах “чи муу одоо хэн юм” гээд мийний хөлний гуя хэсэг рүү өшиглөхөөр нь би зөрүүлээд тэр ахын нүүр рүү нь нэг удаа цохиж түлхчихээд хаалгаа хаасан. Тэгээд байж байсан чинь тэр ах гадаа орилоод уйлаад байх шиг байхаар нь би очсон чинь амнаас нь цус гарчихсан байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” /хх-60/ гэх мэдүүлэг,
Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-24/,
Хохирол нэхэмжилсэн баримтууд /хх-51-55/,
Шүүгдэгч Б.Г урьд ял шийтгэгдсэн эсэхийг лавлагаа /хх-40/ зэрэг болно.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.
Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Б.Г 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 03 цагийн үед Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цайзын автобусны буудал дээр иргэн Б.Баясгаланг зодож улмаар түүний эрүул мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Дээрхи байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Хохирогч Б.Баясгалангйн эмчилгээний зардалд зарцуулсан гэх 2.818.512 төгрөгийг шүүгдэгч Б.Г гаргуулах нь зүйтэй байна. Мөн хохирогч Б.Баясгалан нь цаашид эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүхээс шүүгдэгч Б.Г хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан торгох ял шийтгэл оногдуулж, түүнийг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Г нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг сидиг хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Г ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар Б.Г 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Б.Г нь шүүхээс оногдуулсан 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар Б.Г 2.818.512 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Баясгаланд олгосугай.
6. Хохирогч Б.Баясгалан нь нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар хэрэг эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг сидиг хэрэгт хадгалсугай.
8. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Б.Г энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Б.Г урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.Г урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС