| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хөхөөгийн Санжидмаа |
| Хэргийн индекс | 174/2019/0052/Э/ |
| Дугаар | 50 |
| Огноо | 2019-03-18 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | С.Сугар |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 50
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,
Улсын яллагч хяналтын прокурор С.Сугар,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг,
Шүүгдэгч Ц.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Ат холбогдох эрүүгийн 193000000035 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд 1977 оны 10 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, эхийн хамт амьдрах, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр баг Төмөртэйн 4-11 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, 1995 онд Эрүүгийн хуулийн 125.2, 131.1-д зааснаар 20000 төгрөгөөр торгож, 2 жилийн хугацаагаар хорих ялаар, 2003 онд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ял, 2005 онд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ял, 2007 онд Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар 3 жил 1 сарын хорих ял, 2012 онд Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 2 сар 20 хоногийн баривчлах ял, 2013 онд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар 10 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж 2017 оны 07 дугаар сарын 5-ны өдөр 4 жил 5 сар 29 хоногийн ялаас тэгшитгэлээр суллагдсан, ЛЮ77101471 регистрийн дугаартай, Хатгин овогт Ц.А.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Ц.А нь 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 14 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр баг Хайлаастын 21-24 тоотод байх иргэн Хадбаатарын гэрээс хохирогч Г.Нямбаатарын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 353 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн,
бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.А шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр нэг шил архи бариад хайлаастад байдаг Хадбаатарынд очсон. Тэднийд Г.Нямбаатар гэдэг залуутай танилцаад хоёр литрийн пиво байсныг уусан. Гар утсаар нь ярих гэж аваад гарсан. Би төв рүү орж Ишбаяр гэдэг хүнд гар утсыг нь 30.000 төгрөгөөр зарсан гэв.
Эрүүгийн 193000000035 дугаартай хэргээс:
- Хохирогч Г.Нямбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэгээд ууж байхад гаднаас Ариунбаяр гэх залуу орж ирсэн. Намайг найз гээд тэвэрч аваад байсан. Тэр үедээ миний гар утсыг халааснаас хулгайлж аваад явчихсан байсан...02 дугаар сарын 19-ний өдөр Ариунбаяр надтай уулзаад утсаа өгсөн. Миний утас бүрэн бүтэн байсан. Надад гаргах гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх- 05/,
Гэрч Ж.Мөнхтуяагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэр үед гаднаас Ариунбаяр гэдэг залуу гаднаас согтуу байдалтай ганцаараа орж ирээд Нямбаатарын дэргэд суугаад танилцаад найз боллоо гээд тэвэрч аваад байсан. Удалгүй Ариунбаяр пиво дуусах үед гараад явсаны дараа Нямбаатар утсаар ярих гэхэд утас нь алга болсон байсан. манай 6 настай хүү Мөнхсүх хэлэхдээ саяны гараад явсан ах утсыг нь аваад явсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, /хх- 8/,
Гэрч В.Хадбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: “... тэр үед гаднаас Ариунбаяр гэдэг залуу согтуу байдалтай орж ирсэн. Тэгээд Нямбаатартай танилцаад юм яриад дэргэд нь сууж байгаад утсыг нь гуйж яриад буцаагаад өгч байсан. Удалгүй пиво дуусахад Ариунбаяр гараад явсан. Түүнийг гарч явсаны дараа Нямбаатар утас алга боллоо гээд байсан....” гэх мэдүүлэг, /хх-9/,
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын үнэлгээ /хх-ийн 21/
Ц.Аын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-20/ зэрэг баримтууд болно.
Шүүгдэгч Ц.А 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 14 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр баг Хайлаастын 21-24 тоотод байх иргэн Хадбаатарын гэрээс хохирогч Г.Нямбаатарын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 353 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Ц.Аын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч Г.Нямбаатар, гэрч Ж.Мөнхтуяа, В.Хадбаатар, Ш.Баярсайхан нарын мөрдөн байцаалтанд гаргасан мэдүүлэг, Баруун-Урт сумын үнэлгээний комиссын эд зүйлийн үнэлгээ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Ц.Ат холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчид эд хөрөнгийн хохирол учирсан нь шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.
“Хулгайлах” гэмт хэрэг нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан иргэний эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрхийг зөрчсөн, шууд санаатай шунахай зорилгоор, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар өөрийн эзэмшил ашиглалтад шилжүүлэн авсан үйлдлээр үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эд хөрөнгөнд хохирол учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.
Шүүгдэгч Ц.Аын энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, өмчлөх эрхийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эд хөрөнгө эзэмших өмчлөх эрхэд хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсаныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Ц.Аын хохирогч Г.Нямбаатарын эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрхэд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж авсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч Ц.А нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Прокуророос Ц.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан,гэмт хэрэгт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч Ц.Аыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Ц.Ат Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд “2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцохгүй болсон үйлдэл, эс үйлдэхүйд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө үйлчилж байсан Эрүүгийн хуулиар ял шийтгүүлсэн этгээдийг эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ял, эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээнээс чөлөөлнө гэж заасан тул улсын яллагч Г.Сугарын шүүгдэгч Ц.Аын эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгүүлэх саналыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Шүүгдэгч Ц.А нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо төлсөн, хохирогч Г.Нямбаатар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Ат нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар тогтов..
Шүүгдэгч Ц.А нь цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Г.Нямбаатар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хатгин овогт Ц.Аыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ат 300 /гурван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ялтан Ц.Ат оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4-өөс дээшгүй цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Ц.А нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Ялтан Ц.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Г.Нямбаатар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.САНЖИДМАА