| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржпаламын Сугар |
| Хэргийн индекс | 174/2019/0062/Э/ |
| Дугаар | 61 |
| Огноо | 2019-04-11 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | С.Сугар |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 61
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сугар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ
Улсын яллагч С.Сугар
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б.Бод холбогдох 1930000710066 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.
Монгол Улсын иргэн, 1999 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, аав, эхийн хамт Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 2 дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй /РД:ЛМ99061815/ Царигчин овгийн Б.Б.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Б.Б нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэр болох сумын төвийн засмал зам дээр 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 19 цагийн орчимд 13-71 УБА улсын дугаартай Пилдер маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөнөөс бага насны буюу 7 настай Э.Эрхэсийн хөлийг мөргөж эрүүл мэндэд нь “ баруун хөлийн шилбэний далд хугарал” бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүн хүргэж өгөөд гэр рүүгээ явж байсан. Тухайн үед цас жаахан шамаргалсан байсан. Намайг явж байхад замын хажуугаар хүүхдээ хөтөлсөн эгч цаашаа явж байсан. Зам гарахгүй юм байна гэж бодоод явж байтал хүүхэд нь гэнэт урдуур гүйсэн. Тэгээд би хажуу тийшээ дартал гэрлийн шон мөргөх гэхээр нь буцааж дарсан чинь хүүхдийг шүргэсэн. Тэгээд эмнэлэгт очиж үзүүлсэн. Тэгсэн чинь гипс буруу тавьсан байж магадгүй, аймагт очиж үзүүлээрэй гэсэн. Маргааш нь аймаг руу ирэхэд рентген зураг авахгүй гэхээр нь Дорнод аймаг руу үзүүлэхээ явсан. Тэгэхэд хөлийн шилбэ нь цуурсан байна, гипс зөв тавьсан байна гэсэн. Тэгээд 2019 оны 01 дүгээр сарын 31-нд буцаж сумандаа ирээд цагдаагийн газарт очсон гэв.
Нсанд хүрээгүй хохирогч Э.Эрхэсийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 19 цагийн орчимд ээж Урантуяагийн хамтаар зам гарч байгаад саарал өнгийн жижиг машин шүргэж өнгөрөөд зогссон. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй..” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Урантуяагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... Манай бага хүү Эрхэс нэгдүгээр ангийн сурагч юм. 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 19 цагийн орчимд сургуулиас нь аваад хүүхдээ хөтлөөд харих гээд явж байсан. Уртын цагаан овоо гэх дэлгүүрийн урд талын засмал дээр зам гарах гэж байхад баруун талаасаа саарал өнгийн 13-71 уба улсын дугаартай машин баруун талаасаа зүүн чиг рүү хурдтай явж байхад манай хүүхэд гэнэт сандраад гүйсэн. Би араас барьж авч бархирч амжаагүй байхад машин шүргээд манай хүүхэд замын голд унасан. Тэгээд хүүхдээ өргөөд авахад хөл дээрээ тогтож чадахгүй юм шиг санагдсан. Машины жолооч бууж ирээд манай хүүхдийг өргөж аваад яахуу эгчээ гэсэн. Тэгээд би тухайн машинд суугаад эмнэлэг явж хүүхдээ эмчид үзүүлсэн. Эмч үзээд манай хүүхдийн хөлийг шохойдож өгөөд даруйхан хөлийн зураг авахуулах шаардлагатай гэсэн. Маргааш өглөө нь манай хүүхдийг дайрдаг жолоочтой хамт хүүхдээ аваад Дорнод аймагт очиж хөлийн рентгэн зураг авахуулахад баруун хөлийн шилбэний дээд хэсэгт том яс нь хугарсан байна гэсэн. Жолооч архи уугаагүй эрүүл байсан. Би эмчилгээг бүрэн хийлгэх саналтай байна. Надад нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/,
Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 101 дугаартай: Э.Эрхэсийн биед баруун хөлийн шилбэний далд хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3.Учирсан гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 17/
Техникийн шинжээчийн 14 дугаартай: Хэргийн материалд авагдсан нотлох баримтуудыг шинжлэн үзэхэд 13-71 УБА улсын дугаартай Пилдер маркийн автомашиныг жолоодож явсан жолооч Б.Б нь 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Засгийн газрын 239 дүгээр тогтоолоор батлагдсан Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2. Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн байна. 3. Хэргийн материалд авагдсан нотлох баримтуудыг шинжлэн үзэхэд явган зорчигч Э.Эрхэс нь 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Засгийн газрын 239 дүгээр тогтоолоор батлагдсан Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн зөрчсөн байх үндэслэлтэй байна. 4. Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 5.5-д заасан Явган зөрчигч нь 10 хүртэлх насны хүүхдийг замын хөдөлгөөнд харгалзаж явахдаа /энэ дүрмийн 5.4-т заасны дагуу жагсаалаар авч яваагаас бусад тохиолдолд/ өөрөөсөө салгахгүй (хөтлөх, тэврэх, үүрэх, хүүхдийн тэргэнд түрэх гэх мэт ) авч явна гэсэн заалтыг зөрчсөн байна гэх дүгнэлт /хх-ийн 23/
Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 25
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 26/
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 2 дугаар багийн Засаг даргын 02/114 дугаар тодорхойлолт /хх-ийн 40/
Шүүгдэгч Б.Бын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.Б нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын төвийн засмал зам дээр 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 19 цагийн орчимд 13-71 УБА улсын дугаартай Пилдер маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөнөөс бага насны буюу 7 настай Э.Эрхэсийг мөргөж эрүүл мэндэд нь “ баруун хөлийн шилбэний далд хугарал” бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь шүүгдэгч Б.Бын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч Э.Эрхэс, гэрч Ч.Урантуяа нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 101 дугаартай дүгнэлт, техникийн шинжээчийн 14 дугаартай дүгнэлтийн зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Бод холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Бын үйлдсэн гэмт хэрэг нь хэдийгээр болгоомжгүй гэмт хэрэг боловч “жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн зохицуулалтыг биелүүлээгүйгээс осол гарах, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч дээрх заалтыг биелүүлээгүйгээс осол гарч бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байна.
Шүүгдэгч Б.Бын үйлдсэн хэрэг нотлогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон тул Б.Быг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч гэмт үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршгийг арилгахад зориулж хохирогчид 2 000 000 төгрөг төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзсэн болно.
Шүүгдэгч Б.Бод ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Б нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний биед хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь тогтоогдсон учир “гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн саналыг харгалзан шүүгдэгч Б.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар торгох ял шийтгэх нь зүйтэй байна. Гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн,хэрэг гарсан нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.Быг 470 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 470000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Царигчин овгийн Б.Быг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Бын 470 / дөрвөн зуун далан/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 470 000 дөрвөн зуун далан мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Бод оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Б.Бод мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.Бод таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
6. Ялтан Б.Б нь цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгч нь хохирогчид 2000000 төгрөг төлөхөө илэрхийлсэн, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Урантуяа гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.СУГАР