Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 65

 

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Д.Сугар даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ,

Улсын яллагч хяналтын прокурор Э.Хосбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар,

Хохирогч Э.Юмжав,

Хохирогчийн өмгөөлөгч Ж.Цээсүрэн 

Шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хаалттай явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар: Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Мод холбогдох 1830003780046 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1981 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 3 дугаар баг “Хавхтын бригад” гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй /РД:ЛД81101814/ Боржигон овгийн Б.М.

Холбогдсон гэмт хэргийн талаар/яллах дүгнэлтээр/:

Шүүгдэгч Б.М нь 2018 оны 07 дугаар сард Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Хавхтын бригад” гэх газарт байх гэртээ иргэн Э.Юмжавыг хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орсны улмаас, хохирогч Э.Юмжавыг нь жирэмсэн болгосон гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

- Шүүгдэгч Б.Мын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Юмжавтай 2017 оны 10 дугаар сараас эхлэн дотно харьцаанд орсон нь үнэн. 2018 онд Юмжав манайд ирж 3 хоносон. Эхний өдөр бэлгийн харьцаанд ороод, 2 дахь өдөр нь дургүйцээд байхаар нь хөл, гарыг нь дарж, хүчирхийлсэн нь үнэн. 3 дахь орой нь манайд манай 2 дүү ирж хоносон учраас янз бүрийн зүйл болоогүй. 2018 онд хадмынхан намайг дуудаад очиход чиний хүүхэд байна гээд 20 000 000 төгрөг нэхэмжилсэн. Энэ мөнгийг өгвөл энэ асуудлыг чинь шийднэ гэсэн. Тэгэхээр нь би надад тийм  их мөнгө байхгүй гээд эмчилгээнд нь 2 000 000 сая төгрөг өгсөн. Юмжавын гэрийнхэн Улаанбаатар хот руу явж ирээд 20 000 000 төгрөгийг дахин надаас нэхэмжилсэн. Би боломж байхгүй байна гэсэн. Мөн малыг чинь авч явна гэж байсан. Тэгээд мөнгийг нь өгөөгүй учраас цагдаад мэдэгдсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Хохирогч Э.Юмжав шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Эгчийг аймаг явсан хойгуур хүргэн ахтайгаа бэлгийн харьцаанд орсон. Түүнээс өмнө бөгөөд хойш бэлгийн харьцаанд орж байгаагүй. Би гомдолтой гэв.

       Мөрдөн байцаалтад  гэрч Г.Оюун-Эрдэнийн “...Тэгээд 2018 оны 10 дугаар сард Уулбаян сумын 3 дугаар багийн нутаг “Цагаан чулуут” гэх газар гэртээ байж байхдаа би нөхөр Эрдэнэбилэгийн хамт охин Э.Юмжаваас “чиний биений юм ирж байгаа юу” гэж асуухад манай охин Э.Юмжав нь “Б.М ахыг оролдсоноос хойш миний биений юм ирээгүй” гэж хэлсэн. Тэгээд 2018 оны 11 дүгээр сард Мөнххаан сумын эмнэлгийн эмэгтэйчүүдийн эмч Энхээ эмчид үзүүлж жирэмсэн болсон гэдгийг нь мэдсэн юм. Манай охин Э.Юмжав нь 1999 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Сүхбаатар аймгийн Уулбаян суманд төрсөн. Одоо манай охин 19 настай. Манай охин Э.Юмжав нь урьд өмнө бэлгийн харьцаанд орж байгаагүй. Би өөрөө охиндоо байнга хяналт тавьдаг юм. Б.М нь манай хоёр дахь охин Э.Дэлгэртэй 2014 оноос хамтран амьдарч эхэлсэн юм. Б.М нь манай хүргэн юм. Миний охин Э.Юмжавын эгчтэй нь суусан мөртлөө манай бага охиныг жирэмсэн болгосонд гомдолтой байна. Хоёр охины минь амьдралаар тоглосон болохоор Б.Мод үнэхээр гомдолтой” гэх мэдүүлэг /хх-ийн 12/, 

         Мөрдөн байцаалтад  гэрч Б.Энхцэцэгийн “...  “Юмжав нь жирэмсэн болсон, хүүхэд нь Мөнхболдынх” гэж байна гэсэн. Тэгээд Улаанбаатар хотод байж байгаад маргааш нь дахин Будсүрэн рүү залгаад “нөгөө асуудал нь юу болж байна” гэхэд “Мөнхболдын хадам ээж Оюун-Эрдэнэ охин Юмжаваа авчраад сумын эмнэлэгт үзүүлээд гарлаа, 3 сар гарантай жирэмсэн болсон байна” гэхээр нь Мөнхболд ахын утас нь холбогдохгүй байна янз бүр болчихоогүй байгаа гээд хадам ээж рүү нь оройхон утсаар ярьтал “манай охин Юмжав жирэмсэн болсон, энэ хүүхэд танай ах Мөнхболдын хүүхэд мөн, одоо Улаанбаатар хот руу явж авхуулна, та нар зардал мөнгийг нь шийд” гэсэн. Тэгэхээр нь нэгэнт л жирэмсэн болсон юм чинь хүмүүст мэдэгдээд яахав зардал мөнгийг нь өгнө та хэдэн төгрөг авах юм гэсэн чинь 2.000.000 төгрөг өгчих гэсэн…Манайхтай айл байх хугацаанд буюу 2018 оны 07 дугаар сарын 06, 07-ны хавьцаа Эрдэнэбилэгийн дунд охин Жавзаа /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ мориноос унаад аймаг руу Дэлгэр бид 2 аваад явсан. Тухайн үед аав Эрдэнэбилэг, ээж Оюун-Эрдэнэ нар нь Улаанбаатар хотод байсан. Хөдөө гэрт нь Мөнхболд, Юмжав нар үлдсэн. Бид нар аймаг руу яваад 2 хоноод очсон. Мөнхболд, Юмжав нар гэрт үлдсэн тэгсэн жирэмсэн болсон хугацаа нь тухайн цаг хугацаатай ойролцоо байгаад байгаа юм. Миний хувьд ахыгаа хүчингийн хэрэг хийчхээгүй гэж бодоод байгаа юм” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/,

 Мөрдөн байцаалтад гэрч Д.Энхтэгшийн “... 2018 оны 10 сарын сүүлээр Мөнхболд над руу яриад та намайг хадмынхаас ирээд авчих гэхээр нь Уулбаян сумын нутаг Баян уулын баруун доороос Эрдэнэбилэгийн гэрээс очиж авсан. Тухайн үед би гэрт нь ороод цай амсчхаад Оюун-Эрдэнэ болон түүний охин Юмжав мөн Мөнхболд нарыг аваад сум руу ирсэн. Замд явж байхдаа хоорондоо юм ярихгүй байсаар байгаад би гэрийнхээ гадаа очоод зогсоход Оюун-Эрдэнэ охинтойгоо буугаад явсан. Би юу болсон талаар мэдээгүй ер нь хоорондоо муудсан хүмүүс шиг л харагдаж байсан. Учир нь хоорондоо нэг ч үг дуугарахгүй байсан. Сүүлд Мөнхболдыг хадам дүү Юмжавыг жирэмсэн болгосон гэж сонссон” гэх мэдүүлэг,  

Мөрдөн байцаалтад гэрч Б.Будсүрэнгийн “...2018 оны 10 дугаар сарын сүүлээр өдрийг нь манай эгч Энхцэцэг яриад Мөнхболд ах чинь эхнэр хүүхэдтэйгээ ирээд байж байхад хадмууд нь дуудаад явчихлаа Юмжав нь жирэмсэн болсон байна гэсэн. Тэгээд Эрдэнэбилэг ахынхаас Энхтэгш ах очиж Мөнхболд, Оюун-Эрдэнэ эгч, Юмжав нарыг авчрахаар яваад эмнэлэг дээр ирчихлээ гэхээр нь яваад очиход Юмжавыг манай их эмч Энхмаа эмчид үзүүлж байсан. Тэгээд 3 сар гарантай жирэмсэн гэсэн... Тэгээд хотод очоод 10 гаран хонож ирсэн байсан ба манай эгч Энхцэцэг хэлэхдээ 20 сая төгрөг өгөхгүй бол цагдаад өгнө ерөөсөө тоохгүй байна гэхээр нь би төвд Оюун-Эрдэнэ эгчтэй таараад машиндаа суулгаж байгаад уулзаад бид нарт 20 сая төгрөг хэцүү байна ядаж 5, 6 сая төгрөг бол болж байна та ямар бид нарын амьдралыг мэдэхгүй биш гэсэн чинь цагдаад өгөх гэж байгаа гээд буугаад явчихсан. Тэрнээс хойш уулзалдаагүй. Уг нь хот руу явахад нь манай эгч Энхцэцэг утсаар яриад хүүхдийг нь авхуулахаар болоод 2 сая төгрөг өгсөн гэсэн...” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад гэрч М.Эрдэнэбилэгийн “...Тэгээд 2018 оны 10 сарын сүүлээр манай эхнэр Оюун-Эрдэнэ нь охин Юмжаваас биений юм чинь ирж байгаа юу гэхэд эхэндээ хэлэхгүй байснаа сүүлдээ уйлаад Мөнхболд ах намайг оролдсоноос хойш ирэхгүй байгаа гэсэн. Би уг ярианд оролцоогүй. Тэгээд Мөнхболдыг эхнэр хүүхэдтэй нь дуудаад манай эхнэр уулзаж байгаад маргааш сум руу явцгаасан. Миний хувьд охин Юмжавыг жирэмсэн болсон талаар сая л мэдэж байна. Манай охин Жавзандулам 07 сард мориноос ойчсон тэр үед Мөнхболд, Юмжав нар нь хамт байсан гэсэн. Тэр хугацаанд л оролдсон юм шиг байгаа юм...” гэх мэдүүлэг, 

Мөрдөн байцаалтад гэрч Э.Жавзандуламын “...Ингээд дүү бид 2 хоёр Мөнхболдынд очиж 2-3 хонож байтал би морь унаж явж байгаад мориноос унаад ухаангүй болсон учир намайг аваад Мөнххаан сумын эмнэлэг рүү явсан юм. Ингээд би 10 хоног эмнэлэгт хэвтсэн бөгөөд Мөнхболдын эхнэр болох Дэлгэр нь намайг эмнэлэгт хэвтэх үед хамт ирж, хөдөө манай дүү Юмжав болон хүргэн ах Мөнхболд нар үлдсэн. ...Мөнхболд дүүг маань дээрэлхэж бэлгийн харьцаанд ордог талаар огт мэдэхгүй байж байгаад саяхан манай ээж надад энэ талаар ярьсан юм...” гэх мэдүүлэг, 

Мөрдөн байцаалтад гэрч Э.Дэлгэрийн “... Хөдөө Мөнхболд, Юмжав, манай охин, Дорж, Сайнзаяа нар үлдсэн. Би аймагт дүүгээ үзүүлээд 07 дугаар сарын 09-ний өдөр хөдөө гэр лүүгээ явсан. Намайг хөдөө очиход Юмжав нь нэг л их юм бодсон байдалтай байгаад байсан. Надад ямар нэгэн зүйл хэлээгүй. 2018 оны 10 сард Дорждэрэмийн гэрт мал янзална гээд очоод байж байхад манай ээж Оюун-Эрдэнэ яриад “яаралтай ир” гэсний дагуу Мөнхболд, охин бид гурав очиход ээж Оюун-Эрдэнэ нь “манайхаас гарахгүй юм гарлаа, чи манай охин Юмжавыг оролдсон байна” гэж Мөнхболдод хандаж хэлсэн чинь “та нар юу яриад байгаа юм, би юу гэж тэгэх юм” гээд хүлээн зөвшөөрөхгүй байсан ба Юмжав “та намайг оролдоо биз дээ” гээд хэлсэн чинь “би чамайг юу гэж тэгэхэв дээ, чи тэгж байгаа бол явдаг газраар нь явъя” гэсэн.  Юмжаваас “эгчийн дүү үнэн биз дээ” гэхэд “үнэн” гэж байсан. Тэгээд Мөнхболд бид хоёр хамт уул руу гарч явахдаа Мөнхболдоос “чи яаж байгаа юм бэ” гэхэд “чи бодоод үздээ, би юу гэж тэгэхэв” гээд байсан. Тэгээд Энхтэгш ах ирээд Мөнхболдтой ээж Оюун-Эрдэнэ, Юмжав нар сум руу явж эмнэлэгт үзүүлэхээр яваад жирэмсэн болсон байна гээд ярьж байсан.  ...Бид хоёр албан ёсны гэрлэлтийн баталгаа байхгүй боловч хүүхэд маань Мөнхболдын нэрээр бүртгэлтэй байдаг. ...Харин 10 дугаар сарын сүүлээр манай дүүг оролдсон гэдгийг нь сонсоод дахиж хамт амьдрахгүйгээр шийдсэн. Юмжав нь хамгийн бага дүү маань юм. Зан чанарын хувьд хүнтэй бараг юм яриад байдаггүй. Их сандрах үедээ бага зэрэг гацаж яриад байдаг болохоор ч тэр үү бараг хүнтэй юм яриад байдаггүй. Ухаан санаа бол эрүүл хүүхэд байгаа юм. Манай дүүгийн аав, ээжтэй байнга хамт байсан болохоор арай илүү дотно байдаг. Бид нарт хамаагүй юм яриад байдаггүй” гэх мэдүүлэг, 

Мөрдөн байцаалтад гэрч Э.Цовоогийн “...гаднаас цус алдаж орж ирэхээр нь яаралтай цус тогтоох эмчилгээ хийж савыг нь /умай/ цэвэрлэж өгсөн. 11 сарын эхээр байсан сайн мэдэхгүй байна. Яарч байна гээд цэвэрлэгээ хийгээд явсан юм. Ураг нь зулбачихсан байсан. 2-3 сар орчим байх гэж бодож байна. Ураг гарчихсан зулбачхаад ирсэн учир дээж авах боломжгүй” гэх мэдүүлэг, 

Мөрдөн байцаалтад гэрч О.Энхээгийн “...Юмжав нь 2018 оны 10 дугаар сарын сүүлээр үзүүлсэн, яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. Тухайн үед надад үзүүлсэн Юмжав гэх хүн 3 сар гарантай жирэмсэн, бэлгийн замын халдварт өвчний шинжилгээ өгсөн тухайн шинжилгээ нь эрүүл гарсан. Би Юмжав гэх хүнд жирэмсний карт нээж өгөх гэтэл Юмжав гэх хүний ээж нь Улаанбаатар хотод очиж авхуулна гэхээр нь өвчний карт нээж өгсөн. Тэгээд Юмжав үзүүлээд явсан. Өөр ямар нэг үзлэг хийлгээгүй. Цагдаад өгнө гэхээр би эмчийн тодорхойлолт бичиж өгсөн. Би тухайн үед мартаад Юмжавыг үзсэн үзлэг дээр он, сар бичээгүй байна. Харин өвчний карт нь дээр он, сар байгаа” гэх мэдүүлэг, 

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 633 дугаартай: Э.Юмжавын биед гэмтэл тогтоогдсонгүй. Э.Юмжав нь бэлгийн бойжилтоо олсон байна. Бэлгийн замын халдварт өвчингүй байна. Э.Юмжавын охин хальс хуучин урагдалтай байна гэх дүгнэлт, 

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 08 дугаартай: Б.Мын биед гэмтэл тогтоогдсонгүй. Б.М нь бэлгийн ажил хийх чадвартай байна. Бэлгийн замын халдварт өвчингүй байна гэх дүгнэлт, 

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 3 дугаар багийн Засаг даргын 2018.11.30-ны өдрийн 280 дугаар тодорхойлолт /хх-ийн 72/

Нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 75/

Эмчийн тодорхойлолт /хх-ийн 85/

Эмчийн үзлэгийн бүртгэл /хх-ийн 81/

Шүүгдэгч Б.Мын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас- /хх-ийн 84/  зэрэг баримтууд болно.      

          Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаяр шүүгдэгч Б.Мын үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр  зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т  зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.         

Шүүгдэгч Б.М нь 2018 оны 07 дугаар сард Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Хавхтын бригад” гэх газарт байх гэртээ иргэн Э.Юмжавыг хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орсны улмаас, хохирогч Э.Юмжавыг нь жирэмсэн болгосон гэмт хэрэг үйлдсэн нь шүүгдэгч Б.Мын  мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч Э.Юмжав, гэрч Г.Оюун-Эрдэнэ, Б.Энхцэцэг,  У.Дорждэрэм, Д.Энхтэгш, Б.Будсүрэн, М.Эрдэнэбилэг, Э.Жавзандулам, Э.Дэлгэр Э.Цовоо, О.Энхээ нарын мэдүүлгүүд, Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 633 дугаартай дүгнэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох бусад нотлох баримтуудаар нотлогдож байна. 

Хэргийн байдлыг нотолж буй дээрх нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хуульд нийцсэн, нотолгооны ач холбогдолтой, хэргийн үйл баримтад хамааралтай хийгээд хэрэг бүртгэлт болон шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

Иймд шүүгдэгч Б.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь  хэсгийн 2.4-т заасан  хохирогчийн хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орсны улмаас  хохирогчийг жирэмсэн болгосон  гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд  тооцох үндэстэй гэж шүүх үзлээ.     

           Шүүхээс шүүгдэгч Б.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь  хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

Шүүгдэгч Б.Мод ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Мын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь  хэсгийн 2.4-т зааснаар хорих ял оногдуулах, гэмт хэрэг гарах болсон нөхцөл,  түүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.М энэ хэргийн улмаас  цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт, эд  мөрийн баримт  ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж  шийдвэрлэв.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан  Миний үйлчлүүлэгч Мөнхболд гэм буруугаа хүлээн зөвшөөрч,  хохирогчид 2 сая төгрөг өгч гэм хорыг арилгасан тул эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар оногдуулах ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж өгнө үү гэсэн саналыг хүлээн авах боломжгүй байна. Учир нь тухайн гэмт хэргийн хор уршгийн шинж чанар,  түүнд учруулсан хохирол нь 2 сая төгрөг төлснөөр / мөнгөөр үнэлэх боломжгүй/ гэмт хэргийн улмаас учруулсан  хохирол нөхөн төлсөн  гэж үзэх үндэслэлгүй юм.   

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1.Шүүгдэгч Боржигон овгийн Б.Мыг хохирогчийн хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орсны улмаас  хохирогчийг жирэмсэн болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.    

  2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь  хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Б.Мыг  4 /дөрвөн/ жилийн  хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.             

 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Мод оногдуулсан 4 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.       

 4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Мод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.             

5. Ялтан Б.М энэ хэргийн улмаас  цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт, эд  мөрийн баримт  ирээгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.         

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

                                                                                      

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Д.СУГАР