| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржпаламын Сугар |
| Хэргийн индекс | 174/2019/0067/Э/ |
| Дугаар | 66 |
| Огноо | 2019-04-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Хосбаяр |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 66
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сугар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ
Улсын яллагч Э.Хосбаяр
Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б.Эд холбогдох 1930001170076 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.
Монгол Улсын иргэн, 1983 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар аймгийн Дарьганга суманд төрсөн, 36 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 1 дүгээр баг Гангын 806 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй /РД:ЛГ83062401/ Холбоо овгийн Б.Э.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Б.Э нь 2019 оны 03 дугаар сарын 08-ны шөнө 03 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Ургах нарангийн 802-2 тоотод иргэн Б.Энхчимэгийг зодож эрүүл мэндэд нь толгойн зүүн чамархайн ард хэсгийн хуйханд цэгцэлчилсэн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхийн хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би мэдүүлэг гаргахгүй яллах дүгнэлтэнд миний мэдүүлэг үнэн зөв бичигдсэн байна гэв.
Яллагдагч Б.Эгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... Энхчимэг нь манай руу явъя гэхээр нь тэднийд очиход Энхчимэгийн нөхөр болох Цэнгэлбаяр, манай нөхөр Ариунболд, Болороогийн нөхөр Амраа нар сууцгааж байсан юм. Тэгээд тэд нар зөрөөд гэрээс гараад явсан. Тэнд Энхтунгалаг, Энхчимэг, Мөнхбаян бид нар үлдээд 0.5 литрийн Ерөөл архиа тойруулангаа юм ярьж сууцгааж байтал Энхчимэг нь халамцуу болоод ч тэр байх бидний үгийг сөрөөд өөртөө тусгаж аваад уурлаад байх шиг байсан ба Энхчимэг нь гэрээсээ гараад явчихсан. Бид нар санаанд ч ороогүй сууж байтал гаднаас Энхчимэгийн хадам эгч болох Болороо гэх эмэгтэй орж ирээд “Энхчимэг манайд 4 хачин хүүхэн орж ирээд гэр бүл үймүүллээ гэж хэллээ” гэхээр нь бид нар юу ч болоогүй гэж хэлээд гэрийн гадаа зогсож байсан юм. Энхчимэг нь хадам эгчийнхээ хамт манай руу орж нөхрөө авсан. Би Энхчимэгийг ямар учраас хадам эгчдээ худлаа ярьсан талаар нь асуух гээд тэдний гадна хаалгыг 2-3 удаа татахад нээгдсэн. Харин доторх хаалгыг нөхөр нь өөрөө нээж өгсөн. Тэгээд гэр рүү хамгийн эхэлж би ороход Энхчимэг та нар хаалга эвдчихлээ гээд бахираад намайг шууд шилэн хүзүүний ар талаас 2 гараараа татаад доошоо болгохоор нь зөрүүлээд үснээс нь зулгаасан. Энхчимэг нь тавихгүй байсан бөгөөд харин хажуунаас Энхтунгалаг бид хоёрыг салгасан юм. Тэгээд Энхчимэг гэрээс гарах гээд хаалга руу гарах үед нь би “хөөе чи нааш ир учраа олъё” гээд араас нь татсан ба тэр чигээрээ зүтгээд зугтчихсан юм. Би Б.Энхчимэгийн биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Би Б.Энхчимэгийн нэхэмжилсэн хохирол болох 293.000 төгрөгийг бүрэн барагдуулсан. Бид хоёр хоорондоо эвлэрсэн” гэх мэдүүлэг /хх-ийн
Хохирогч Б.Энхчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэгсэн Эрдэнэтуяа “чи эгчийгээ дуудлаа” гээд тэр 3 над руу дайраад байсан ба Эрдэнэтуяа нь миний үснээс зулгаагаад ор руу унагаахаар нь би биеэ хамгаалах зорилгоор зөрүүлээд Эрдэнэтуяагийн үснээс зулгаасан юм. Тэгсэн манай том хүү Хаянхярваа “та нар болиоч, салгаач” гээд бахирахад Мөнхбаян нь “битий салга, наад 2 чинь өөрсдөө салчихна” гээд байсан бөгөөд Энхтунгалаг нь хажуунаас орж ирээд миний шилнээс үсийг маань зулгаагаад байсан. Тэгээд би гэрээс гарч зугтаасан бөгөөд Эрдэнэтуяа нь араас “гичий би чамайг ална” гээд үснээс зулгааж унагаахад нь би доошоо нүүрээ хамгаалаад хэвтсэн ба Эрдэнэтуяа миний дээр гараад гараараа толгойны зүүн тал руу цохисон. Тэгсэн хажуунаас Энхтунгалаг байх хүн ирээд миний зүүн талын гуя, баруун бөөр рүү өшиглөсөн. Тэгээд би босч дахиж зугтаагаад хадам эгч Болороод /Жинхэнэ нэр нь Уранбилэг/ орж болсон учир байдлыг хэлээд дахиж эгчтэй цуг гэр рүүгээ очиход тэд нар байхгүй байсан. Маргааш нь миний бүх бие хөндүүр болчихоод сумынхаа цагдаад хандсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/,
Гэрч С.Энхтунгалагийн мөрдөн байцаалтад өгсөн “...Тэгээд Энхчимэгийнд ууцгааж байтал Эрдэнэтуяа, Энхчимэг 2 хоорондоо манай танай хашаа гээд маргалдаад байх шиг байсан ба Энхчимэг нь гэрээс гараад явчихсан. Энхчимэгийг гараад явчихаар нь бид нар гэрээс нь гарах үед Энхчимэгийн хадам эгч Болормаа ирж харагдсан. Тэндээс гараад Эрдэнэтуяагийнд байж байтал Энхчимэг ирж нөхрөө тэднийхээс авсан ба Эрдэнэтуяа “хэдүүлээ Энхчимэгийнд очъё, надад Энхчимэгт хэлэх үг байна” гэхээр нь Эрдэнэтуяа, Мөнхбаян бид гурав тэднийд 03 цагийн үед очоод гадаах хаалгыг нь тогшиход шууд нээгдчихсэн... Тэгсэн Энхчимэг өөдөөс хаалга үүд эвдчихлээ гэхээр нь эвдээгүй гэж хэлэхэд хажуунаас нөхөр нь болох Цэнгэлбаяр би нээж өгсөн гэж хэлээд гэрээс гараад явсан. Энхчимэг муухай орилоод Эрдэнэтуяагийн үснээс зулгаахаар нь Эрдэнэтуяа зөрүүлээд үснээс нь зулгаасан юм. Би салгах гэсэн боловч салахгүй болохоор нь Мөнхбаян бас салгах гээд гарнаас нь чангааж салгасан юм. Тэгсэн Энхчимэг гэрээс гарч гүйсэн араас нь Эрдэнэтуяа гарсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн15/,
Гэрч Ц.Мөнхбаянгийн мөрдөн байцаалтад “...Тэгсэн Эрдэнэтуяа тэр 2 “манай гадаа буусан, манай хашаа” гэх мэтээр хоорондоо муудаад байх шиг байсан. Энхчимэг нь гэрээс гарч явсан. Удалгүй Энхчимэгийн хадам эгч Болороо орж ирээд “та нар яасан юм бэ? Энхчимэг манайд орж ирээд манайхыг сандаагаад байна” гэж хэлсэн гэхээр нь “сандаасан зүйл байхгүй ээ” гэж хэлээд бид нар явцгаасан юм. Тэгээд бид гурав Энхчимэгийг яагаад хадам эгчдээ худлаа хэлж бид нар руу явуулсан болохыг асуух санаатай дахиж тэднийд очоод гадаах хаалгыг нь татахад нээгдсэн. Гэрийнх нь хаалгыг нөхөр нь өөрөө тавьж өгөхөөр нь гэр рүү нь хамгийн эхэлж Эрдэнэтуяа, дараа нь Энхтунгалаг, хамгийн сүүлд би ортол Эрдэнэтуяа, Энхчимэг хоёр бие биенийхээ үсийг зулгаагаад салахгүй байсан ба Энхтунгалаг тэр хоёрыг болиулах гэж оролдсон. Би салгах гээд очихын завдалгүй тэр хоёр салчихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн16/,
Гэрч Т.Цэнгэлбаярын мөрдөн байцаалтад “...Тэгээд би Ариунболдынд унтаж байтал манай эхнэр Энхчимэг намайг сэрээгээд гэр рүү оруулж унтуулсан бөгөөд унтаж байхад гадаах хаалгаар хүн орж ирээд доторх хаалыг татаад байхаар нь нээж өгөхөд Эрдэнэтуяа, Мөнхбаян, Энхтунгалаг орж ирэхээр нь тэр хэдийг манай эхнэртэй юм ярих гэж байгаа байх гэж бодоод гэрээс бие засахаар гарсан юм. Тэгээд бие засаад байж байтал гэрт хүмүүс муудаад байх шиг байхаар нь гэр рүү ортол Мөнхбаян, Эрдэнэтуяа, Энхтунгалаг нар муудсан шинжтэй зогсож байхаар нь Энхчимэгийг хаашаа явсан нь талаар асуухад мэдэхгүй гэхээр нь бид нар гэрийн ойр хавиар хайгаад би төрсөн эгч болох Уранбилэгээс /хүмүүс Болороо гэж дууддаг/ асуухад орж ирээгүй гэхээр нь тэгвэл би хайя гэтэл хэрэггүй гэхээр нь би тэднийд байгааг нь мэдсэн юм. Хэрэг гардаг өдрийн маргааш нь буюу 2019 оны 03 дугаар сарын 08-ны өглөө нэлээн хэвтсэн ба Энхчимэгийн өвдөг нь шалбарсан, толгой өвдөөд байна гэж ярьж байсан ба сумын эмнэлэгт үзүүлэхээр явсан. Хэрэг болдог өдрөөс хойш бол ямар нэгэн байдлаар архи согтууруулах ундаа хэрэглэж хүнтэй муудсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 19/,
Гэрч Т.Уранбилэгийн мөрдөн байцаалтад “...Тэгээд 04 цагийн үед Б.Энхчимэг үс нь сэгсийчихсэн тэр хэд миний үснээс зулгаасан, гэрээс чирж гаргасан гэх мэтээр уйлаад байхаар нь би гэр рүү нь ороход хүү нь болох Хаянхярваа, мөн дүү Номиндалай хоёр нь сэрүүн өөр хүмүүс байгаагүй. Тэгээд би Энхчимэгийг дагуулж Мөнхбаянгийнд очиж тэднийхээс Цэнгэлбаярыг аваад гэрт нь хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 20/,,
Өсвөр насны гэрч Ц.Хаянхярваагийн мөрдөн байцаалтад “...Манай гэрт Эрдэнэтуяа, Энхтунгалаг, Мөнхбаян, Болортуяа нар үлдсэн юм. Тэгээд унтаж байтал гэрийн гадаах хаалгыг хүмүүс чанга татаад байх шиг байсан бөгөөд гэрийн доторх хаалгыг аав нээж өгөхөд Эрдэнэтуяа, Энхтунгалаг, Мөнхбаян нар орж ирэхэд аав зөрөөд гэрээс гараад явсан. Тэгсэн Эрдэнэтуяа эгч чамаас болж хаваржингаа хэрүүлтэй байлаа гэхэд манай ээж “хохь нь яах гэж манай хажууд буусан юм” гэж хэлэхэд Эрдэнэтуяа эгч ээжийн үснээс зулгаагаад орон дээр унгаасан ба ээж бас зөрүүлээд үснээс нь зулгаагаад тэр 2 бие биенийхээ үснээс тавихгүй байсан. Тэгсэн хажуунаас нь Энхтунгалаг, Мөнхбаян эгч хоёр тэр хоёрыг болиулах гээд Эрдэнэтуяа эгчийн гарнаас нь татаж байгаад тэр хоёрыг салгасан бөгөөд ээж Энхчимэг гэрээс гарч гүйсэн араас нь Эрдэнэтуяа “гичий минь ална” гээд гэрийн гадаа ээжийн үснээс нь зулгааж унагаагаад дээрээс нь гараад үснээс нь зулгааж байгаа харагдсан, цохисон эсэхийг нь бол хараагүй. Гэрийн гадаа ээжийг Эрдэнэтуяа нь үснээс нь зулгааж унагаагаад дээр нь байх үед Энхтунгалаг, Мөнхбаян хоёр нь гэрт байсан бөгөөд гараад явчихсан юм. Тэрнээс хойш гэрийн гадаа болсон асуудлыг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 21/
Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 148 дугаартай: Б.Энхчимэгийн биед өвдгөнд зулгаралт, зүүн гуяны гадна дунд хэсэгт, баруун шилбэний урд дунд хэсэгт цус хуралт, толгойн зүүн чамархайн ард хэсгийн хуйханд цэгцэлчилсэн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Толгойн зүүн чамархайн ард хэсгийн хуйханд цэгцэлчилсэн цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт, хамаарна. Зүүн өвдгөнд зулгаралт, зүүн гуяны гадна дунд хэсэгт, баруун шилбэний урд дунд хэсэгт цус хуралт гэмтлүүд нь тус бүрдээ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид эрүүл мэнд болон энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 24/
Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 1 дүгээр багийн Засаг даргын 10/48 дугаар тодорхойлолт /хх-ийн 46/
Хохирогч Б.Энхчимэгт хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх боломжийг тайлбарласан тэмдэглэл /хх-ийн 50/
Шүүгдэгч Б.Эгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.Э нь 2019 оны 03 дугаар сарын 08-ны шөнө 03 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Ургах нарангийн 802-2 тоотод иргэн Б.Энхчимэгийг зодож эрүүл мэндэд нь толгойн зүүн чамархайн ард хэсгийн хуйханд цэгцэлчилсэн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхийн хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгч Б.Эгийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч Б.Энхчимэг, гэрч С.Энхтунгалаг, Ц.Мөнхбаян, М.Болортуяа, Т.Цэнгэлбаяр, Т.Уранбилэг, өсвөр насны гэрч Ц.Хаянхярваа нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 148 дугаартай дүгнэлт зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Эд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Э нь уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. Тэрээр бусдын эрх чөлөөнд халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсэн атлаа хохирогч Б.Энхчимэгийг зодож эрүүл мэндэд нь толгойн зүүн чамархайн ард хэсгийн хуйханд цэгцэлчилсэн цус хуралт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан байна.
Шүүгдэгч Б.Эгийн үйлдсэн хэрэг нотлогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон тул Б.Эг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.Э нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир “гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн саналыг харгалзан шүүгдэгч Б.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Энхчимэг гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Холбоо овгийн Б.Эг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Эг 500 / таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Эд оногдуулсан торгох ялыг 5 /таван/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Б.Эд мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.Эд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
6. Ялтан Б.Э нь цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Энхбаатар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.СУГАР