Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 2017/ДШМ/012

 

*******ад холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Д.Эрдэнэбилэг, Т.Даваасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Э.Гантулга

Ялтан *******

Ялтны өмгөөлөгч *******, *******

Нарийн бичгийн дарга А.Батдорж нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж, шүүгч Ч.Байгалмаа, Н.Баасанбат нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 22 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан *******, түүний өмгөөлөгч ******* нарын гаргасан давж заалдах гомдлуудаар *******ад холбогдох эрүүгийн 201605000194 дугаартай хэргийг 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ******* ******* овогт *******н *******, ................... гэх газар оршин суудаг, малчин, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, регистрийн дугаар /*******/

******* нь согтуурсан үедээ 2016 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 29-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын төвд оршин суух ******* гэх айлд иргэн ыг унтаж байхад нь босгох гэснээс хувийн таарамжгүй харьцаа үүсч маргалдан улмаар ******* нь иргэн ын нүд рүү нь гараараа цохисны улмаас ын зүүн нүд нь сохорч бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн прокурорын газраас *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: ******* ******* овогт *******н *******ыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар *******ыг 3 жил, 4 сар, 10 хоног хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар уг ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх, түүний цагдан хоригдсон 11 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн автомашины түлхүүр 1 ширхэгийг устгаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын эзэмшлийн 5 ханатай, дан бүрээстэй, бүрэн тавилгатай, шалгүй гэрийг түүнд буцаан олгож, 2016 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, хохирогч нь баримтаар хохирол нэхэмжлээгүй, өөрт учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдаж, Гэр бүлийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1 дэх хэсэгт зааснаар 2015 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн ад асран хамгаалагч тогтоохыг Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Засаг даргад даалгаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлйин 297.1.4 дэх хэсэгт зааснаар *******ад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэж, түүний эдлэх ялыг 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн тооцож шийдвэрлэжээ.

Ялтан ******* давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1971 оны 2 дугаар сарын 18-нд Баянхонгор аймгийн Бөмбөгөр суманд төрсөн, 46 настай, бага боловсролтой, малчин, ам бүл 2, охин ын хамт амьдардаг. Өөрийн хариуцлагагүй үйлдлээс болж хорих ял шийтгүүлсэн. Миний охин нь 2 ой 2 сартай учир охиныг харж хандах хүнгүй тул энэ байдлыг харгалзан үзэж хорих ялыг өөр төрлийн хөнгөн ялаар сольж өгөхийг хүсье гэжээ.

Ялтан *******ын өмгөөлөгч ******* давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд “... шударга шүүхэд шүүлгэх...”, мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт “...шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдана...”, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 8 дугаар зүйлд “...шүүх эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулахдаа үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина...” Мөн хуулийн 16 дугаар зүйлд “...шүүх нь хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч шүүгдэгчийг яллах ба цагаатгах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх ба хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тогтоох үүрэгтэй...”, хуулийн 17 дугаар зүйлд “...анхан шатны шүүхийн шүүн таслах ажиллагааны мэтгэлцэх зарчмыг хангахдаа шүүх хуралдаанд талууд, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч болон улсын яллагчид асуулт асуух, хариулах, нотлох баримтыг танилцуулах, өөрсдийн тайлбар өгөх, үндэслэлээ хамгаалах, үгүйсгэх боломжийг тэгш олгоно...”, хуулийн 92 дугаар зүйлийн 92.3 дахь хэсэгт “...өмгөөлөгч... баримт сэлт гаргаж өгч болно...”, хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт “...шүүх нь цугларсан нотлох баримтыг бүх талаас нь бодит байдлаар хянаж үзэх үүрэгтэй...”, хуулийн 95 дугаар зүйлийн 95.3 дахь хэсэгт “...шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй...”, хуулийн 284 дүгээр зүйлийн 284.2 дахь хэсэгт “...хуулийн бүх шаардлагад нийцүүлэн хуульд үндэслэн гаргасан тогтоолыг хууль ёсны гэж үзнэ...”, хуулийн 290 дүгээр зүйлийн 290.1 дэх хэсэгт “...шүүхийн тогтоол нь шийтгэх буюу цагаатгах хэлбэртэй байна...” гэсэн заалтуудыг зөрчин шүүгдэгчид ял шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь:

Шүүгдэгч *******ын эрх ашгийг хамгаалж оролцсон өмгөөлөгч бидний зүгээс Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 131/ШШ2016/00904 дугаартай шийдвэрийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөхөд шүүх “наад шүүхийн шийдвэр хуурамч болох нь тогтоогдсон тул нотлох баримтаар хүлээн авах боломжгүй хэмээн авахгүй, нотлох баримтаар шинжлэн судлуулаагүй атлаа уг шийдвэрийг шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт нотлох баримтаар шинжлэн судалсан мэтээр түүнийг шалгасан, үнэлсэн мэтээр тусгасан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл болжээ.

Өөрөөр хэлбэл ЭБШХ-ийн 91, 92, 93, 94, 95 дугаар зүйл заалтуудыг зөрчсөн байна. Уг шүүхийн шийдвэрийг нотлох баримтаар аваагүй гэдэг нь шүүхийн тодорхойлох хэсэгт нотлох баримтуудыг шинжлэн судлахад “шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн хохирол төлсөн 2 ширхэг баримт, хүүхдийн төрсний гэрчилгээ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав зэргээр нотлогдож байна.

2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 131/ШШ2016/00904 дугаартай шүүхийн шийдвэр нь Монгол улсын нэрийн өмнөөс гарсан, хүчин төгөлдөр болсон хууль зүйн нэгэн баримт бөгөөд энэ шийдвэрийг “хуурамч” гэдгийг нотолсон ямар ч нотолгоо байхгүй байхад хүчин төгөлдөр болсон шийдвэрийг хуурамч гэж дүгнэж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан үйлдэл болсон ба *******, , нарыг хамт амьдарч байгаа болох нь гэж нотлох баримтууд дурдсан мөртлөө өгүүлбэрийн сүүлд “шүүгдэгчийн эхнэр гийн *******тай таарч тохирохгүйн улмаас 2015 оны 9 дүгээр сараас хойш тусдаа амьдарч байгаа талаар өгсөн тайлбарууд нь хангалттай нотлох баримтаар тогтоогдоогүй байна гэж утга агуулгын хувьд хамт амьдарч буйг нотлох гээд байгаа мэт нөгөө талаар тусдаа амьдарч буйг нотлох гээд байгаа мэтээр тогтоолын тодорхойлох хэсэгт тусгаж өгсөн нь ойлгомжгүй байна. Хэрвээ шүүх хамт амьдарч буй гэж үзсэн бол шүүгдэгч *******ын охин ад асран хамгаалагч тогтоохыг тус аймгийн Бөмбөгөр сумын Засаг даргад даалгаж буй нь хуулийг ноцтой, хүүхдийн эрх ашгийг бүр ноцтой зөрчсөн үйлдэл болжээ.

Мөн шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүх уг шийдвэрийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.4 дэх хэсэгт зааснаар хуульд заасан журмыг баримтлаагүй буюу зөрчсөн, үйл явдлыг нотлох чадваргүй нотлох баримт гэж үзэн үнэлэх үндэслэлгүй гэж үзэв гэсэн нь шүүхийн шийдвэрийг нотлох баримтаар шинжлэн судлаагүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.4 дэх хэсэгт нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг баримтлаагүй буюу зөрчсөн бол шийдвэрийн үндэслэл болохгүй гэж заасан байдаг ба өмгөөлөгч бид ямар нэгэн байдлаар хуулийг зөрчиж, нотлох баримт цуглуулаагүй ба иргэний хэргийн шүүхийн хүчин төгөлдөр болсон шийдвэрийг нотлох баримтаар гаргаж өгсөн, шүүх бүрэлдэхүүн харин Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 95 дугаар зүйлийн 95.3 дахь хэсэгт заасан “...шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй...” гэсэн заалтыг зөрчсөн байна.

Эргэлзээ төрсөн бол шинжлэн судлаад үнэлэхгүй гэж дүгнэсэн дүгнэлтээ шийдвэртээ тодорхой зааж өгөх ёстой байсан болов уу? Энд нэг зүйлийг дурьдахад шүүх 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр шүүх хуралдаанаар шүүгдэгч *******ын гэм буруугийн асуудлыг хэлэлцсэн атлаа 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэргийн шүүх хуралд өмгөөлөгчөөр оролцсон хуульч, өмгөөлөгч ийг хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийг зөрчсөн гэж шүүхийн тогтоол гаргаж шийдвэрлэсэн мөн л хуулиа зөрчсөн байдаг. Уг нь шүүхээс гарсан тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 290 дүгээр зүйлийн 290.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн тогтоол нь шийтгэх буюу цагаатгах хэлбэртэй гэсний дагуу дээрхи 2 тогтоолын аль нэг нь гарахаас давхар шүүхийн тогтоол гаргасан нь мөн л хуулиа зөрчжээ.

Өмгөөлөгч би шүүх хуралдааны явцад хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах талаар мэтгэлзсэн.

Үндэслэл нь: Шинжээчийн 317 тоот дүгнэлтээр “...үүссэн гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна...” гэж дүгнэсэн нь учир дутагдалтай ба хохирогч түлхүүрээр цохисон гэдэг ба холбогдогч гараараа цохисон гэдэг. Үүнийг мухарлаж шалгаагүй хүний нүд сохорсон юм чинь юугаар цохисон нь хамаагүй гэдэг байр сууриар хандаж болохгүй юм.

Ийм учраас шүүх хуралд гэрч, шинжээчийг оролцуулах санал гаргасан боловч шүүх хүлээн аваагүй болно. Иргэний хэргийн шүүхийн шийдвэрийг “хуурамч” гэж үзсэн бол хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж шалгуулах боломж байсан. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж Иргэний хэргийн 131/ШШ2016/00904 дүгээр шүүхийн шийдвэрийг “хуурамч” эсэхийг шалгуулах, хохирогч, гэрч, шүүгдэгчийн мэдүүлж буй мэдүүлгийн зөрүүг арилгаж хэргийг хангалттай нотлох шаардлагатай байсан. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэв.

Ялтан *******ын өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хүндэтгэлтэй хандаж байгаа тул Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг үнэлж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэв.

Оролцсон прокуророос: Анхан шатны шүүхээс *******ын гэр бүлийг цуцалсан иргэний хэргийн шүүхийн шийдвэрийг хуурамч гэж үзэн үнэлээгүй шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг хуурамч эсэх асуудлыг өөр шугамаар шалгах байх. Иймд шийтгэх тогтоолыг 8 дахь заалтыг хүчингүй болгож бусад заалтуудыг хэвээр үлдээх нь зүйтэй гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг ялтан болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй, анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн дараах алдаа гаргасан байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Хохирогч ын 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр өгсөн “...би насаараа нэг нүдгүй болчихоод гомдолтой байна..., харин эмчилгээний явцад 20 сая төгрөгийг өгсөн, би Улаанбаатар хот, БНХАУ-д эмчилгээ хийлгэсэн, тэр бүх баримт одоо надад байгаа..., ...******* надад амласан мөнгөний үлдэгдэл болох 25 сая төгрөгийг өгчихвөл би гомдолгүй болоод түүнийгээ ч гэсэн бичиг байцаалтаар өгчихнө...” гэх мэдүүлэг /хх-ийн 111-112-р тал/, мөн анхан шатны шүүхэд ирүүлсэн “...одоо үлдсэн мөнгөө өгчихвөл надад гомдол байхгүй юм...” гэх хүсэлт зэргээс үзвэл ******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн гүйцэт нөхөн төлж гэм хорыг арилгаагүй байхад түүнд Эрүүгийн хуулийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт “...иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцох боломжгүй бол энэ тухай урьдчилж бичгээр шүүхэд заавал мэдэгдэх...” гэж заасан, *******ад холбогдох хэрэгт иргэдийн төлөөлөгчөөр оролцохоор сонгогдсон иргэн Б.Оюунбаатар нь ялтай байхдаа иргэдийн төлөөлөгчөөр сонгогдож Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг зөрчсөн, Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 75 дугаар шүүхийн тогтоолд энэ талаар дурдсан /хх-ийн 154-155-р тал/ байгаа хэдий ч иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон Б.Оюунбаатарын шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон талаарх ямар нэгэн баримт хэрэгт авагдаагүй, түүнийг нөөцөд сонгогдсон өөр иргэнээр сольсон тухай эрхийн акт гаргаагүй зэрэг нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчжээ.

Хавтаст хэргийн 149-150 дугаар талд авагдсан “Нөлөөллийн мэдүүлгийн талаар танилцуулсан баримт” нь 2017 онд хэвлэгдсэн байхад хэргийн оролцогч болох прокурор, шүүгдэгч нар нь 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр танилцсан гэж гарын үсэг зурсан, мөн 197-198 дугаар талд авагдсан “Нөлөөллийн мэдүүлгийн талаар танилцуулсан баримт”-ын урд нүүрэн хэсэгт 2016 он гэсэн атлаа сар, өдөр нь бичигдээгүй зэрэг нь ойлгомжгүй байна.

Түүнчлэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт хийсэн зарим дүгнэлтүүд нэг нь нэгийгээ үгүйсгэсэн, мөн зөвлөлдөх тасалгаанд болсон шүүгчдийн зөвлөгөөний нууцыг задруулсан байж болхоор дүгнэлт өгсөн байгааг цаашид анхаарвал зохино.

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул энэ удаагийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар ялтан *******, түүний өмгөөлөгч ******* нарын гаргасан давж заалдах гомдлыг хэлэлцээгүй болохыг, мөн *******ын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл зэргийг харгалзан үзэж анхан шатны шүүхээс түүнд хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэсэн зэргийг дурдав.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар

зүйлийн 315.1.2, 317 дугаар зүйлийн 317.1.2, 319 дүгээр

зүйлийн 319.1.4, 322 дугаар зүйлийн 322.1 дэх

хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 22 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, *******ад холбогдох эрүүгийн 201605000194 тоот хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.5 дахь хэсэгт зааснаар *******ад хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 307 дугаар зүйлийн 307.1-т зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ М.МӨНХДАВАА

        ШҮҮГЧИД Д.ЭРДЭНЭБИЛЭГ

                     Т.ДАВААСҮРЭН