Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 265

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Пэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж. а, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Э.Уя нарыг оролцуулан С.Цэын нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасантай холбогдуулан нэхэмжлэгч талаас бүртгэл хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа тул хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

                                                           ҮНДЭСЛЭХ нь: 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах..”, “Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх ...” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э олгосон итгэмжлэлээр нэхэмжлэлээсээ татгалзах эрх олгосон бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд бичгээр хүсэлт гаргасан байх бөгөөд уг хэргийн улмаас хариуцагч, гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй гэж үзэж нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 109 дүгээр зүйлийн 109.2-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг баримтлан С.Црын нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      О.ОЮУНГЭРЭЛ