Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2019/0524

 

 

 

 

Н.М-ын гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, гомдол гаргагчийн өмгөөлөгч Д.У, хариуцагч У.Э нарыг оролцуулан, Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 29 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргагчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Н.М-ын гомдолтой, Дорнод аймгийн Баянтүмэн сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчид холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 29 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2, Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 3, мөн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсгийн 9.1-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагч Н.М-ын “Зөрчилд шийтгэл оногдуулсан 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 0165844 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.  

Гомдол гаргагчийн давж заалдах гомдолдоо: “...Би Шаазан нуур гэх газар малаа бэлчээхдээ тус газрыг эзэмшиж байгаа М.Г гуайн эзэмшил газар дээр л малаа бэлчээж байсан. Ингэснээр би малчин бусад хүмүүсийн эрхийг хөндөөгүй. Миний хувьд багийн иргэдийн Нийтийн Хуралд оролцоогүй гэдгээр зусландаа гарах гарцгүй болсон учраас малаа бараадаад гол усандаа ойрхон болохоор М.Г гуайн газарт аргагүйн эрхэнд малаа хариулсан. Үүнийг би хууль зөрчсөн гэж үзэхгүй байна. Тухайн газрын хууль ёсны эзэмшигч М.Г-т зөвшөөрсөн бөгөөд энэ хүн гомдол гаргаагүй.

Гэтэл сумын байгаль орчны байцаагч гомдлын мөрөөр шалгаад зөрчил гаргасан гэдэг. Энэ хэргийг тодорхой гэж үзээд байгаа нь учир дутагдалтай. Би бэлчээрийн газрыг талхлаагүй. Малчдын гаргаж буй гомдлыг шалгаж байна гээд бодит байдалтай танилцаж, үнэхээр бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хэрхэн яаж зөрчсөн бэ гэдгийг тогтоох байтал хэдэн хүнээс авсан тайлбарыг үндэслэн зөрчил гаргасан гэж хэт нэг талыг барьж шийдэж байна.

Багийн иргэдийн Нийтийн Хурлаар газар зохион байгуулалтын талаа саналаа гаргасан малчдад хуваарилна гэж байгаа бол энэ хурлын талаар мэдэж чадаагүй хурал болсноос хэзээ хойно мэдсэн хүмүүс тэр дундаа тухайн гомдол гаргаж байгаа иргэн н.Мөнхтуяагийн нэр ч тогтоолоор батлагдсан малчдад хуваарилсан гэх шийдвэр дээр байхгүй байгаа. Энэ нь хууль хүн нэг бүрт адил үйлчлэх зарчим алдагдаад дарга нарт үзэгдсэн нь торгууль шийтгэл авч хохирч байх юм байна гэдгийг л харуулж байна.

Газар чөлөөлөх шаардлагыг биелүүлээгүй гэж байдаг. Гэтэл тэр чөлөөлөх газар нь малчин М.Гын газар ба М.Гтай малын саравч, хашааг харж хандаж байх үүрэгтэй бид хоорондоо зохицоод л малаа маллаж байхад заавал тэр газрыг чөлөөл гэж шаардаад байгаа нь утгагүй. М.Г нас өндөр болоод малаа маллахаа больсон. Намайг миний зөвшөөрөлтэй газар дээр байж бай гэж малчин хүний сайхан сэтгэлээр хандаж, би түүний газар дээр малаа бэлчээж байсан тул үүнийг зөрчил гаргасан гэж үзэхгүй. Нэгэнт зөвшөөрөлтэй газар байсаар байтал заавал жил бүр газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэхгүй шүү дээ.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр гомдлыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Дорнод аймгийн Баянтүмэн сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 0165844 дугаар шийтгэлийн хуудсаар гомдол гаргагч Н.М-ыг “эрх бүхий байгууллага, албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр өвөлжөө, хаваржааны бэлчээрийн газарт нүүн очиж мал оруулсан, газар эзэмшигч, ашиглагч газар чөлөөлөх үүргээ тогтоосон хугацаанд биелүүлээгүй, газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах шаардлагыг биелүүлээгүй зөрчил” гаргасан гэж үзэж, Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасны дагуу 1 000 000 төгрөгийн торгуулийн шийтгэл ногдуулсан байна.

            Уг шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч Н.М-аас “Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 0165844 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдол гаргаж, гомдлын үндэслэлээ “...би энэ газар дээр зуншиж байгаа нь хэн нэгэн хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг огт хөндөөгүй. ...гомдол гаргасан хүмүүсийн малаа бэлчээж байгаа газар нутаг дээр малаа оруулж талхлалт үүсгээгүй. М.Гын хашаа, хороог нь харж хандахаар тохироод, тэдний газар дээр малаа бэлчээж байсан” хэмээн тодорхойлжээ.

            Анхан шатны шүүх “зөрчил үйлдсэн нь ил тодорхой нотлогдсон үндэслэлээр хялбаршуулсан журмаар зөрчлийг шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй ... шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй” гэсэн дүгнэлт хийж гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

            Учир нь зөрчлийн хэргийн материалд авагдсан гэрчүүдийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан баримтаар гомдол гаргагч Н.М нь эрх бүхий байгууллага, албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр өвөлжөө, хаваржааны бэлчээрийн газарт нүүн очиж мал оруулсан, газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах шаардлагыг биелүүлээгүй зөрчил гаргасан гэж үзэх бүрэн үндэслэл тогтоогдохгүй байна.

Хэдийгээр Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-т “Зуслан, намаржаа болон отрын бэлчээрийг баг, хот айлаар хуваарилж нийтээр ашиглана. ... Өвөлжөө, хаваржааны тодорхой нутаг бэлчээрийг талхлагдахаас хамгаалах, нөхөн сэргээх зорилгоор тухайн бүс нутгийн онцлог, бэлчээр ашиглаж ирсэн уламжлал, газрын даац, чадавхийг харгалзан, багийн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн сумын Засаг дарга малчдад болзол, гэрээний дагуу хэсэг бүлгээр ашиглуулж болно” гэж заасны дагуу иргэд, малчид эрх бүхий этгээдийн зөвшөөрснөөр бэлчээрийн газрыг ашиглах үүрэгтэй боловч маргаан бүхий “Шаазан нуур” нэртэй газрыг иргэн М.Г-д 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн байх бөгөөд нэгэнт өөрийн эзэмшлийн уг газарт гомдол гаргагч Н.М-ыг буухыг зөвшөөрсөн, газрын кадастрын зургаар тодорхойлогдсон хэн өвөлжөө, хаваржааны бэлчээрийн газарт нүүн очиж мал оруулж талхалсан, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хэрхэн, яаж зөрчсөн талаарх үйл баримт тогтоогдохгүй байхад торгох шийтгэл ногдуулсан нь буруу.

Тухайлбал гомдол гаргагч Н.М-д холбогдуулан гомдол гаргасан гэх иргэд нь тухайн газрыг хууль ёсоор эзэмших эрхтэй эсэх, Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1, 52.2-т заасныг хэрхэн, яаж зөрчсөн нь тогтоогдоогүй, энэ талаарх баримт байхгүй байхад зөвхөн иргэдийн гаргасан гомдолд тулгуурлан шууд зөрчил гаргасан гэж үзэж, улмаар торгох шийтгэл оногдуулсан нь хуульд нийцэхгүй, энэ талаарх гомдол гаргагчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гомдол гаргагчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасныг баримтлан

ТОГТООХ нь:

  1. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 29 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, гомдол гаргагч Н.М-ын гомдлыг бүхэлд нь хангаж, Дорнод аймгийн Баянтүмэн сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 0165844 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан гомдол гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг түүнд буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

                                  ШҮҮГЧ                                                                 Н.ХОНИНХҮҮ

                                  ШҮҮГЧ                                                                 Б.ТУНГАЛАГСАЙХАН 

                                  ШҮҮГЧ                                                                 Д.БААТАРХҮҮ