| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хөхөөгийн Санжидмаа |
| Хэргийн индекс | 174/2019/0057/Э/ |
| Дугаар | 56 |
| Огноо | 2019-03-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Хосбаяр |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 56
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ,
Улсын яллагч хяналтын прокурор Э.Хосбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Зулаа
Шүүгдэгч Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.Гт холбогдох эрүүгийн 1930000830050 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1967 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар аймгийн Уулбаян суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 3 дугаар баг Зүүн сүүж гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Сүхбаатар аймгийн 3 дугаар хэсгийн ардын шүүхийн 1989 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 3/02 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 2-т зааснаар 1 жилийн хорих ялаар, Сүхбаатар аймгийн 3 дугаар хэсгийн ардын шүүхийн 1991 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 3/02 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дугаар зүйлийн 2-т зааснаар 1 жилийн хорих ялаар, Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 2003 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар тус тус шийтгүүлсэн /РД: ЛК67092317/ Боржигин овогт Д.Г.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Д.Г нь 2019 оны 02 дугаар сарын 08-ны орой 20 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Тээг гэх газарт хохирогч Э.Ууганбаярыг хутгалж, эрүүл мэндэд нь цээжний зүүн хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Г шүүхийн хэлэлцүүлэгт: Мэдүүлэг өгөхгүй гэв.
Эрүүгийн 1930000830050 дугаартай хэргээс:
Яллаглагч Д.Г мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 02 дугаар сарын 08-ны орой 20 цагийн үед Уулбаян сумын 4 дүгээр багийн нутаг Тээг гэх газарт явж байгаад эхнэрийн дүү Ууганбаяртай хувийн асуудлаас болж маргасан. Тэгээд машинаас бууж намайг хэл амаар доромжлоод, боож хүч хэрэглээд байхаар нь өөрийн халаасанд явсан хутгаар зүүн далны ар талаас нь хутгалж гэмтээсэн нь үнэн. Би уг нь биеэ бариад байсан. Намайг авч шидээд боож унагаад дийлдэхгүй болохоор нь хутгалчихсан. Би хүн хутгалсан үйлдэлдээ гэмшиж байна... гэх мэдүүлэг /хх-ийн 23/
Хохирогч Э.Ууганбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2019 оны 02 дугаар сарын 08-ны орой 20 цагийн орчимд Уулбаян сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Тээг гэх газар явж байгаад Д.Гтой ам муруйж маргалдаж Д.Г нь миний зүүн далны доод хэсэгт хутгалсан . Гэхдээ миний бие одоо гайгүй болсон. Миний эмчилгээний төлбөрт 800 000 төгрөг төлж хохирол барагдуулсан тул нэхэмжлэх зүйлгүй болсон...” гэх мэдүүлэг, /хх-04/,
Гэрч ЖАриунаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Орой 20 цагийн орчимд ахынхаас машинтай хөдлөөд Уулбаян сум руу явсан. Тэгээд явж байгаад манай нөхөр машины урд суучихсан явж байсан чинь Ууганбаяр өөрөө араас нь хэрэлдээд, заамдаж аваад байсан. Тэгээд жоохон явж байтал тэр хоёр машин дотор зууралдаад байхаар нь Сэсээрдорж ах зогссон. Тэгээд машинаас бууцгаагаад шээж байх шиг байсан. Би машинаас буугаагүй гэнэт хутгалчихлаа гээд байхаар нь бууж иртэл манай нөхөр Д.Г Ууганбаярыг хутгалчихсан байсан...” гэх мэдүүлэг, /хх-8/
Гэрч Ю.Сэсээрдоржийн мөрдөн байцаалтад өгсөн: “... 2019 оны 02 дугаар сарын 08-ны орой 20 цагийн үед Уулбаян сумаас 15 цагийн үед айл руу золголтоор манай машинтай миний хүү Э.Ууганбаяр, мөн Ганзориг Ариунаа нартай Голболд гэх айл руу явсан. Тэгээд тэнд хоол цай идэж, уугаад би архи уугаагүй харин тэд нар жаахан архи уусан. Тэгээд 20 цагийн үед Уулбаян сум руу гараад 10 гаран километр явж байтал Ууганбаяр, Ганзориг хоёр хоорондоо маргаад байсан. Тэгээд машинаас учраа олно гэж буугаад Ганзориг нь Ууганбаярыг хутгалсан. Тэр үед харанхуй байсан болохоор би яаж хутгалсаныг сайн харж чадаагүй...” гэх мэдүүлэг, /хх-9/
Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 103 дугаартай дүгнэлтэнд: Э.Ууганбаярын биед цээжний зүүн хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь ирт хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй гэжээ. /хх-11/,
Хохирол төлсөн талаарх хохирогч Э.Ууганбаярын хүсэлт /хх-ийн 38/
Яллагдагч Д.Гийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 41/
Д.Гийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-35/
Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 3-р багийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 23 дугаартай оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 24/ зэрэг баримтууд болно.
Шүүгдэгч Д.Г нь 2019 оны 02 дугаар сарын 08-ны орой 20 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Тээг гэх газарт хохирогч Э.Ууганбаярыг хутгалж, эрүүл мэндэд нь цээжний зүүн хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Д.Гийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч Э.Ууганбаяр, гэрч Ж.Ариунаа, Ю.Сэсээрдорж нарын мөрдөн байцаалтанд гаргасан мэдүүлэг, Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 103 дугаартай дүгнэлт зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Д.Гт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.
Шүүгдэгч Д.Гийг бусдын биед хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж буй гэмт үйлдэл болох юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Д.Г нь хохирогч Э.Ууганбаярыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч Д.Г нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Прокуророос Д.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Д.Гт ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-т зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд хохирогч Э.Ууганбаяр гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, мөн улсын яллагчийн торгох ялын саналыг харгалзан Д.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар тогтов.
Шүүгдэгч Д.Г нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт, иргэний болон бусад бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Э.Ууганбаяр гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9, 36.2, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигин овогт Д.Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гийг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зурггаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 6 /зургаан/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Д.Гт мэдэгдсүгэй.
5. Ялтан Д.Г нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт, иргэний болон бусад бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Э.Ууганбаяр гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.САНЖИДМАА