Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 350

 

                      

 

 

 

 

 

 

 

 

 

                    

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Буянхишиг хөтлөн,

улсын яллагч С.Батгэрэл

шүүгдэгч М.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

Гд холбогдох эрүүгийн 1905006830303 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

М.Г 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ''Монголын англи хэлний академи"-н өрөөнд ширээн дээр байсан иргэн Д.Бийн гар утсыг  хулгайлсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч М.Г шүүхийн хэлэлцүүлэгт: Би гэм буруугаа зөвшөөрч байна. Шүүхэд мэдүүлэх зүйлгүй. Гэмшиж байна гэв.

 

Xавтаст хэргээс:

Хохирогч Д.Б мөрдөн байцаалтанд: 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Монголын англи хэлний академийн 163-р анги дотор хичээл дээрээ сууж байгаад ширээн дээрээс айфонь X маркийн гар утсаа хулгайд алдсан. Гар утсаа хайж хүмүүсийг шалгасан боловч олдоогүй. Тэгээд утасныхаа Find iPhone асаагаад харахад Баянзүрх дүүргийн нутаг Баянзүрх захын ойролцоо асаж харагдаад унтарсан. Тэгээд хайгаад олоогүй. Айфонь X маркийн гар утсыг 2018 оны 8 дугаар сард миний ээж Цэцэгээ Япон улсаас захиалж надад бэлэглэсэн. Бэлэгний гар утас учраас миний эзэмшлийнх юм. Би Отгонжаргалыг хардаж байсан юм. Би гар утсаа хүлээн авсан, одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. /xx-ийн 16-17/ гэх мэдүүлэг,  

  

Damno ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар iphone X маркийн гар утас 1.672.000 төгрөгөөр үнэлэгдсэн /хх-ийн 28/

 

Гэрч Д.Отгонжаргал мөрдөн байцаалтанд: Би өнөөдөр англи хэлний сургалтанд сууж байгаад 12 цаг 01 минутын орчим  гэррүүгээ харих гээд гараад явсан. Тэгээд гэрийнхээ хажуухан талд явж байтал манай англи хэлний ангийн дарга Сайханжаргал над руу залгаад ангид яаралтай ирэх хэрэгтэй байна ангийн багш орж ирэх гээд чамайг хүлээгээд байна гэхээр нь би буцаад анги руугаа очсон. Тэгээд ангидаа яваад ортол манай ангийн Б эгч хүрээд ир гэж хэлээд намайг дагуулаад сургуулийн камер шүүж байхад гаднаас цагдаа нар ирээд намайг Б эгчтэй наашаа хүргэж ирсэн. Би гар утас нь хаана байсныг хараагүй. /хх-ийн 8/ гэх мэдүүлэг,

 

Иргэний нэхэмжлэгч Д. Алтанцэцэгийн 2019 оны 01 сарын 18-ны өдөр Баянзүрх зах дотор байрладаг "Ар манхан" нэртэй ломбарданд сууж байсан Өдрийн 17 цаг 20 минутын үед 20 орчим насны охин ганцаараа ирээд өөрийнхөө бичиг баримтаар айфонь X маркийн цагаан өнгөтэй гар утсыг 500.000 төгрөгөөр тавьсан. Түүний дараа 2019 оны 02 сарын 19-ний өдөр цагдаагаас дуудахаар нь гар утсыг авчирч өгсөн. 2019 оны 02 сарын 26-ны өдөр гар утсаа ломбарданд тавьсан охин эгчтэйгээ хамт ирээд 540.000 төгрөгийг өгөөд ломбардыг хохиролгүй болгосон. /xx-ийн 22/ гэх мэдүүлэг,

 

Сэжигтнээр М.Г мөрдөн байцаалтанд: 2019 оны 01 дүгээр сарын 18-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо Одод төвийн 1 дүгээр давхарт байрлах Монголын англи хэлний академийн сургалтын 163 дугаар ангид суралцаж байхдаа хамт сурдаг ангийн эмэгтэй хүний айпоне Х маркийн цагаан өнгийн кейстэй  хар өнгийн гар утсыг хулгайлан авч Баянзүрх дүүрийн зах дотор байрлах Ар манхан ломбарданд 500.000 төгрөгөөр тавьсан. Би шинэ жилээс өмнө  гэррүүгээ явах гэж хүнээс мөнгө зээлсэн байсан тэр мөнгөө өгсөн мөн гар утсаа ломбарданд тавьсан байсан тэрийгээ авсан. Би тэр  гар утсыг ганцаараа хулгайлсан. /хх-ийн 32/ гэх мэдүүлэг,

  

М.Гын хувийн хэрэгтэй холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 47/ иргэний үнэмлэхийн  лавлагаа /хх-ийн 49/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.   

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн болон хохиролын талаархи шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч М.Г нь 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 'Монголын англи хэлний академи"-н өрөөний ширээн дээр байсан Д.Бийн iphone X маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Д.Бийн”...163-р анги дотор хичээл дээрээ сууж байгаад ширээн дээрээс айфонь X маркийн гар утсаа хулгайд алдсан...” /xx-ийн 16-17/, иргэний нэхэмжлэгч Д. Алтанцэцэгийн“...20 орчим насны охин ганцаараа ирээд өөрийнхөө бичиг баримтаар айфонь X маркийн цагаан өнгөтэй гар утсыг 500.000 төгрөгөөр тавьсан...” /xx-ийн 22/ гэж тэдгээрийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлгүүд болон  эд зүйлийн үнэлгээ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Эдгээр бичгийн нотлох баримтуудаар яллагдагчаар М.Гын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн”...хамт сурдаг эмэгтэй хүний айфонь X маркийн цагаан өнгийн кейстэй, хар өнгийн гар утсыг хулгайлан авч Баянзүрх зах дотор байрлах "Ар манхан" ломбарданд 500.000 төгрөгөөр тавьсан. Тэгээд удалгүй цагдаад баригдсан...” /xx-ийн 32-33/ гэж мэдүүлсэн мэдүүлэг нь давхар батлагдаж нотлогдосон тул шүүх түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн болно.

 

М.Гын  дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуулийн тусгай ангид заасан гэм буруутай гэмт хэрэгт тооцогдох үйлдэл” байх бөгөөд уг үйлдэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн санаатай гэмт хэрэгт” тооцогдоно. 

        

Шүүгдэгч М.Г гэм буруугийн санаатай хэлбэрээр, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1.672.000 төгрөгийн хохирол учруулсан байна.

 

Иймд шүүгдэгч М.Гыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

 

Улсын яллагчаас М.Г “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

 

Шүүгдэгч М.Г хулгайлах гэмт хэрэг үйлдэж авсан эд зүйлсээ буцаан биет байдлаар өгсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч М.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй.

 

 

Шүүгдэгч М.Г бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж шүүх шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон бөгөөд тэрээр гэмт хэрэг үйлдсэн  гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролоо биет байдлаар буцаан өгсөн, хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн зэргийг харгалзан  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “...таван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасан хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Мөн эдгээр нөхцөл байдлууд болон шүүгдэгч М.Г үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэлээ.

 

Шүүх, М.Гд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэнтэй холбогдуулж  үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ нэмж хэрэглэхээр тогтов.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болно.