Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 531

 

                            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

  нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,

  улсын яллагч О.Гэрэл,

  шүүгдэгч И., түүний өмгөөлөгч А.Ганбат

  шүүгдэгч Э., түүний өмгөөлөгч Ш.Дашдорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.

Шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Авгас овогт ын , Тооно овогт ын  нарт холбогдох 1808056900026 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

    Монгол Улсын иргэн, 1998 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, өвөө, эмээ, ах, эгч, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, Өнөр хороолол тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Авгас овогт ын  //.

 

Монгол Улсын иргэн, 2001 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Баянгол дүүргийн 28 дугаар бүрэн дунд сургуулийн 12 дугаар ангийн сурагч, ам бүл 4, эцэг, эх, эгч нарын хамт Баянгол дүүргийн 8 дугаар хороо,  тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Тооно овогт ын  //.

   

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:

    И. нь 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны  “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг Э.тэй бүлэглэн худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн,

   Улмаар 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Э. гэгчид гялгар уутны хамт 60 грамм өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг өгсөн,

   Мөн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хүртэлх хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, Өнөр хороолол 32 дугаар байрны 301 тоотод орших өөрийн гэртээ 261.58 грамм мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

 

Э. нь 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын эм, сэтгэцэд нөлөөт бодисыг И.тэй бүлэглэн худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

            1.Шүүгдэгч И.гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр найз охин Мөнхсууринтай уулзахаар Дархан-Уул аймаг руу найз Э.ийн хамт өөрийнхөө Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгсэлтэй явсан. Тэгээд Дархан-Уул аймаг руу явж байхдаа бие засах гэж Сэлэнгэ аймгийн Мандал сум руу салаад бага зэрэг яваад зогссон юм. Машинаасаа буугаад замын ойролцоо байх жалганд бие засаад зогсож байхад Каннабис ургамалтай төстэй ургамал ургачихсан байхаар нь нэг гялгар шар тороор дүүрэн түүж явсан. ...Би бие засаж байхдаа Каннабис ургамлыг хараад Э.ийг машинаас тор аваад ир гэж хэлээд Э.ийг тор аваад ирэхээр нь энэ нөгөө хүмүүсийн яриад байдаг Каннабис ургамал мөн юм шиг байна түүгээд энэ торонд хийгээд байгаарай гэж хэлээд бид хоёр түүсэн. Бид хоёр Каннабис ургамал түүснийхээ дараа Улаанбаатар хотруу буцаж явахдаа түүсэн өвснөөсөө нунтаглаж байгаад бэлэн тамхины тамхийг нь асгаж байгаад оронд нь хийж тамхи шиг болгож байгаад татсан. Э. бид хоёр түүсэн өвсөө хувааж аваагүй, би түүсэн гялгар тортой өвсөө авсан. ...Тэр өдрөөс хойш 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хэрэглэсэн, гэм буруугаа ухаарч байна. ...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 126-130, 135-137 хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

           2.Шүүгдэгч Э.ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Би 2019 оны 01 дугаар сарын 12-ны өдөр найз ,  нарын хамт Улаанбаатар Замын-Үүд чиглэлийн галт тэргэнд суугаад явж байтал цагдаа нар ирээд  ахыг эрэн сурвалжилж байна дагаад явна уу гэж хэлсэн.   бид гурав цагдаагийн вагонд очсон тэгээд цагдаа нар бид нарын авч явж байсан цүнхийг шалгасан дотроос нь өвс гарч ирсэн. Би тухайн өвсний талаар мэдээгүй цагдаа нарыг гаргаж ирэхэд мэдсэн. ...И. 2018 оны 11 дугаар сарын 22-ны өдөр над руу яриад хамт Дархан яваад ирье ажил байна хань болоод яваад өгөөч гэсэн. Тэгээд Дархан орж  ахын найз охинтой уулзах гэж явж байгаад нэг газар зогссон ямар газар гэдгийг нь мэдэхгүй байна тэр газраас 50-ын торны талаас доогуур хэмжээтэй өвс түүсэн тэр өвсийг  ах авсан. ... 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн өгсөн “...Төмөр замын буудал явахаас өмнө  ахын гэр лүү явсан.  бид 2 гэрийнх нь гадаа хүлээгээд үлдсэн. Тэгээд би утсаар ярьж байгаад хальт хартал  ах гараад ирчихсэн ын цүнхэнд юм хийгээд цахилгааныг нь татаж байсан. Яг юу хийж байсныг би хараагүй. Тэгээд бид 3 явсан. Би цүнхэнд нь юу хийсэн юм бэ гэж асууж тодруулаагүй. Би од өвс байхыг хэзээ ч харж байгаагүй. ын цүнхнээс гарч ирсэн өвсний талаар надад мэдэх зүйл байхгүй байна. ...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 238, 240 хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

            3.Гэрч Л.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... надад хэлэхдээ татдаг хар тамхины төрлийн нэг болох өвс байгаа та хэрэглэж үзэх үү сонирхох уу гэхээр нь би өвс гэдгийг ойлгоод татаж үзье гэж хэлээд гийн машинтай явж байхад  гэх танилтайгаа таараад гийн машинд суулгаад ярилцахад гэрт нь хүн байхгүй гэхээр нь танай гэрт очиж нэг шил архи ууя гэж хэлсэн чинь за тэгье гээд гийн гэрт нь яваад очсон юм. ...Энэ үедээ би д за надад хэлээд байсан зүйлээ гаргаад ирээ одоо энд үзье гэж хэлсэн чинь  нь гарч яваад машинаасаа нэг хар өнгийн цүнх барьж орж ирээд ухаж байснаа  бид хоёрт энэ нөгөө Монголд ургадаг хар тамхины нэг төрөл өвс гэдэг чинь гээд жижиг гялгар ууттай зүйл харуулсан бид хоёр сонирхож харж байгаад би гээс наад өвсийг чинь яаж хэрэглэх юм бэ гэж асуусан чинь ороож татдаг цаас нь байхгүй юм чинь тамхины доторхыг нь гаргаад оронд хийж байгаад татаж болдог гэж зааж хэлж өгсөн юм. Тэгээд энийг бас арай өөр аргаар татаж болдог гээд нөгөө цүнхнээсээ 2 ширхэг газ гаргаж ирээд миний ууж явсан кока колоны ундааны савыг аваад тагны ам хэсгээр нь нөгөө газаа шахаад  орж гараад яваад л байсан. ...  л өвс байгаа талаар хэлэхээр нь би сонирхож татаж үзмээр байна гэдгээ хэлсэн юм. д өөрт нь анхнаасаа тэр өвс нь байсан юм байна лээ. Танд хураалгасан байгаа ууттай өвс нь өчигдөр гийн авч ирсэн надад харуулаад байсан өвс мөн байна лээ. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 60-62 хуудас/

 

4.Гэрч Э.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 17 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 24-р хороо Зээлийн 38-р гудамжинд зүс таних  тааралдаад танайд хүн байгаа юу хүн байхгүй бол ганц юм уунгаа нэг хийх ажил байна гэж хэлсэн.  Тоёота 30 приүс маркийн машин унасан залуутай цуг явж байсан. ... Бид гурав манай гэрт очиж  бид хоёр авсан архиа хувааж уугаад байж байтал цуг орж ирсэн залуу нэг савтай өвс гаргаж ирээд надаас сэрээ байна уу гээд нэг ширхэг сэрээ авсан. Авсан сэрээгээрээ 2 газ гаргаж ирээд савтай өвсрүүгээ шахаж хийгээд байх шиг байсан. Манай ширээн дээр нунтаг юм асгачихаад ахаа нэг ус буцалгаад өгөөч гээд надаар ус буцалгуулж авсан. Буцалгасан усаа аяганд хийж байгаад дээрээс нь савтай өвсөө хийж байх шиг байсан. Би юу хийж байгаа юм бэ гэж асуухад энийг шавар гэдэг юм гэж хэлсэн. Энэ өвсөө дангаар нь татахаар яадаг юм гэхэд нөгөө залуу дангаар нь татахаар сул байдаг юм ингэж найруулж хийхээр үйлчлэл нь хүчтэй болдог юм гэж хэлсэн. Бид гурав гэрээс гараад ханын материал хүргээд өгчих гэхэд нөгөө залуу ын гэрийн гадаа бид хоёрыг буулгачихаад зугатаагаад яваад өгсөн. Тэгээд би цагдаагийн байгууллагад залгаж дуудлага өгсөн. ...той цуг явж байсан дүү нь Эрдэнэтийн улаан толгойгоос авсан  өвс байгаа юм гэж хэлсэн. Ах нь наадахыг чинь сонирхож үзье гэж хэлэхэд тэр залуу надад энэ ууттай өвсийг өгсөн юм. ...тэр залуу өөрөө цүнхтэй явж байсан. 2 ширхэг бүтэн газ байх шиг байсан, тэр үлдэгдэл бүх зүйлсээ өөрийн барьж явсан цүнхэндээ хийгээд явсан. ...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 63-64 хуудас/,

 

5.Гэрч Г.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар Замын-Үүд чиглэлийн 276 дугаар галт тэргээр ажил үүрэг гүйцэтгэж байхад Төмөр зам дахь цагдаагийн газрын эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч З. 18 цагийн орчим 88009106 дугаартай утаснаас надруу залгаад танай 16 дугаар вагонд Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтсээс хар тамхи хэрэглэсэн гэмт хэрэгт эрэн сурвалжлагдаж байгаа  овогтой  гэдэг хүн явж байгаа мэдээлэл байна шалгаад хариу хэлээрэй гэсний дагуу 16 дугаар вагоны шалгаж үзэхэд эрэн сурвалжлагдаж байсан И. нь Б., Э. нарын хамт явж байсан. Б.ын авч явж байсан цүнхийг шалгаж үзэхэд хар тамхины ургамалтай төстэй эвгүй үнэртэй өвс цагаан гялгар уутанд хийсэн авч явж байсан. Мөн тухайн гялгар уутанд мөнгөн цаас жижиг ундааны саванд хийсэн өвс зэрэг байсан. Тухайн өвсийг хурааж аваад тэмдэглэл үйлдэж Чойр өртөөний хэсгийн төлөөлөгч цагдаагийн дэслэг Үнэнбатад хүлээлгэж өгсөн. ...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 226 хуудас/

 

           6.Гэрч Б.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би урд нь Чойрт 2 жил амьдарч байсан болохоор Чойрт амралтын өдрүүдэд болдог сагсан бөмбөгийн тэмцээний талаар мэдэх болохоор тийшээ тэмцээнд орвол ямар байна вэ гэж эд хэлсэн.  “Чойр явах зардал яах билээ” гэж асуусан. Би харин тийм ээ яадаг юм билээ гэж байтал ,  ахруу утсаар залгасан  залгаад “Та үсэндээ буржгар хими хийлгэнэ гэж байсан, одоо ирээд хийлгэчих" гэж хэлсэн. Тэгээд удалгүй 11 цагийн үед  ах тэдний гэрт ирсэн. ,  ахын үсэнд хими хийж байх үед бид 3 яриад “Чойр явах уу, тэнд очоод тэмцээнд орох уу, зардал мөнгө яах вэ” гэцгээсэн  ах "Хими хийлгэсэн мөнгөөрөө гурвуулаа зардал хийгээд явчихъя, очоод картанд хэдэн төгрөг байгаа, хоол ундаа очоод болгоё гэж хэлсэн. Ингээд 12 цагийн үед  бид 3 ийн гэрээс гарсан.  ах “гэртээ очоод хувцас хунар, мөнгө төгрөгөө аваад гараад ирье” гэж хэлээд бид 3 1-р хорооллын 32-р байр руу автобусаар явсан. Байрных нь гадаа очоод  ах  бид хоёрыг “байрны гадаа хүлээж бай" гээд гэррүүгээ орсон. Тэгээд 10 орчим минутын дараа  ах гартаа саарал өнгийн биеийн тамирын өмд, цамц ороогоод барьчихсан гарч ирээд “ахад нь цүнх алга, цүнхэндээ хийчих" гэсэн. ийн цүнх жижигхэн юм орох зайгүй байсан тул би үүрч байсан үүргэвчиндээ  ахын авч гарч ирсэн биеийн тамирын хувцсыг хийлгэсэн. Тэгэхдээ би уг хувцсыг гараараа бариад өөрийнхөө цүнхэнд хийгээгүй, би үүргэвчээ үүрчихсэн байсан тул буруу харж зогсоод  ах миний цүнхрүү хийсэн юм. Тэгээд бид 3 Төмөр замруу яваад Улаанбаатар-Замын үүд чиглэлийн 17 цагийн билет аваад явцгаасан. Ингээд галт тэрэг хөдлөөд  өнгөрөөд явж байтал цагдаа нар вагонд орж ирээд бидэнрүү ойртож ирээд “ мөн үү" гээд  ахыг аваад явсан, бид хоёрыг ч дагаад яв гээд бид нар вагоноос бууцгаасан. ...  ах саарал өнгийн биеийн тамирын өмд, цамц бөөрөнхийлөөд барьчихсан гарч ирсэн. Уут саванд хийгээгүй байсан. Уг хувцаснууд дотор өвс мэт зүйл байгааг би мэдээгүй.  ах надад хэлээ ч үгүй. Би түүний гартаа барьж ирсэн хувцаснуудыг сайн ажиглаж ч хараагүй, хальт харахад бөөрөнхийлж барьсан хувцас л байсан. Тэгээд би үүргэвчээ ар нуруундаа зүүсэн байсан учир эргэж, буруу хараад л цүнхэндээ хийлгүүлсэн. Тэрнээс түүний хувцсыг би гартаа ч бариагүй. ...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 230-231 хуудас/

 

7.Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл: “...И.гийн өмсөж явсан хувцасны халаас нэг бүрийг сайтар шалгахад өмдний баруун талын халааснаас гялгар ууттай, шаргал өнгийн ургамал мэт зүйл байх ба уг ургамал мэт зүйлсийг албаны цахилгаан жин дээр жинлэж үзэхэд гялгар уутны хамт 0,8 грамм жинтэй байлаа. Уг ургамал мэт зүйлсийг мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай эсэхийг тогтоолгохоор ШШҮХ-д шинжээч томилж хүргүүлэхээр тогтож, хураан авлаа. ...” гэх тэмдэглэл /1 хавтаст хэргийн 33 хуудас/,

 

8.Шинжээчийн 34 дугаар дүгнэлт:

           1.Э.ын гэрээс хураан авсан Шинжилгээнд ирүүлсэн гялгар ууттай ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. ... НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын жагсаалтад хамаарна. гэх дүгнэлт /1 хавтаст хэргийн 84-85 хуудас/,

 

            9.Шинжээчийн 645 дугаар дүгнэлт:

           1.Шинжилгээнд ирүүлсэн И.гээс хураан авсан ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. ... НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын жагсаалтад хамаарна. гэх дүгнэлт /1 хавтаст хэргийн 90-91 хуудас/,

 

            10.Шинжээчийн 643 дугаар дүгнэлт:

          1.Шинжилгээнд ирүүлсэн “И. 2019.01.14” гэж хаягласан шээсний дээжээс тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. ... НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын жагсаалтад хамаарна. гэх дүгнэлт /1 хх 95-96 х/,

            11.Шинжээчийн 642 дугаар дүгнэлт:

         1.Шинжилгээнд ирүүлсэн 'Э. 2019.01.14” гэж хаягласан шээсний дээжээс тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. ... НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын жагсаалтад хамаарна. гэх дүгнэлт / 1 хх 100-101 х/,

 

12.Шинжээчийн 829 дүгээр дүгнэлт

Шинжилгээнд ирүүлсэн 1 гэсэн хаягтай хуванцар саванд хийсэн бор хүрэн өнгийн ургамал мэт зүйл, 2 гэсэн хаягтай хуванцар саванд хийсэн бор өнгийн нунтаг зүйл, 3 гэсэн хаягтай цэнхэр өнгийн гялгар уутанд хийсэн бор хүрэн өнгийн ургамал мэт зүйл, 4 гэсэн хаягтай хуванцар хар өнгийн гялгар уутанд хийсэн бор хүрэн өнгийн ургамал мэт зүйл, 5 гэсэн хаягтай цагаан өнгийн гялгар уутанд хийсэн бор хүрэн өнгийн ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. ... НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын жагсаалтад хамаарна...” гэх мэдүүлэг /1 хх 245-246 х/,

 

13.Шүүх сэтгэц, эмгэг судлалын 307 дугаар дүгнэлт

            1.Э. нь сэтгэцийн ямар нэг эмгэггүй, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. гэх дүгнэлт /1 хх 104-105 х/,

 

14.Шүүх сэтгэц, эмгэг судлалын 292 дугаар дүгнэлт

            1.И. нь сэтгэцийн ямар нэг эмгэггүй, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. гэх дүгнэлт /1 хх 112-113 х/,

 

15.Гэрч З.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний хүү Э. 2001 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн. Бага насандаа цэцэрлэгт явдаг байсан. 7 настайдаа Ерөнхий боловсролын 28 дугаар сургуульд элсэн орж суралцаж байна. Одоо 12а бүлэгт суралцаж байна. Зан характерийн тухайд даруу, номхон дөлгөөн, бусадтай аятайхан сайхан харьцчихдаг, давгүй сайн хүү байгаа юм. ...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 66 хуудас/

 

             16.Гэрч Д.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Э. нь эцэг, эхтэйгээ хамт амьдардаг, эцэг эх хоёр нь байнга л хүүхдүүдийнхээ төлөө санаа тавьж надтай ирж уулздаг.  анх манай ангид орж ирэхдээ их хичээл тасалдаг, хоцордог хүүхэд байсан. Би энэ тухай байнга л эцэг, эхтэй нь уулзаж хүүхдийнхээ хичээлд анхаарахыг хэлж ярьснаас хойш Э. хичээлдээ хоцрохоо больж хичээлдээ илүү их анхаарах болсон. Айлын ганц эрэгтэй хүүхэд болохоор жоохон дураараа байж магадгүй гэж би дотроо бодож байна. Э.ыг санаандгүй байдлаар сонирхоод хар тамхитай холбогдсон байж магадгүй, ар гэрээс нь шалтгаалсан зүйл байхгүй байх гэж бодож байна. ...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 76 хуудас/,

 

            17.Э.ийн нас тоолсон тэмдэглэл /1 хх 45 х/

18.И.гийн оршин суугаа хаягийн тодорхойлолт /1 хх 154 х/

19.И.гийн эрүүгийн хариуулага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 хх 155 х/

20.Э.ийн  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 хх 156 х/

21.И.гийн ажлын газрын тодорхойлолт /2 хх 25 х/

22.И.гийн бүрэн дунд боловсролын үнэмлэхийн лавлагаа /2 хх 43 х/ зэрэг болно.

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.

             

Шүүгдэгч И., Э. нар нь 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн,

   Шүүгдэгч И. 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт гялгар уутны хамт 60 грамм “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр иргэн Э.д өгсөн,

   Шүүгдэгч И. 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, Өнөр хороолол 32 дугаар байрны 301 тоотод орших өөрийн гэртээ 261.58 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь:

 

            Шүүгдэгч И.гийн “…бие засаад зогсож байхад Каннабис ургамалтай төстэй ургамал ургачихсан байхаар нь нэг гялгар шар тороор дүүрэн түүж авсан. ...Би бие засаж байхдаа Каннабис ургамлыг хараад Э.ийг машинаас тор аваад ир гэж хэлээд Э.ийг тор аваад ирэхээр нь энэ нөгөө хүмүүсийн яриад байдаг Каннабис ургамал мөн юм шиг байна түүгээд энэ торонд хийгээд байгаарай гэж хэлээд бид хоёр түүсэн. Бид хоёр Каннабис ургамал түүснийхээ дараа Улаанбаатар хот руу буцаж явахдаа түүсэн өвснөөсөө нунтаглаж байгаад бэлэн тамхины тамхийг нь асгаж байгаад оронд нь хийж тамхи шиг болгож байгаад татсан. ...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 126-130, 135-137 хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

            Гэрч Л.ын “......Энэ үедээ би д за надад хэлээд байсан зүйлээ гаргаад ирээ одоо энд үзье гэж хэлсэн чинь  нь гарч яваад машинаасаа нэг хар өнгийн цүнх барьж орж ирээд ухаж байснаа  бид хоёрт энэ нөгөө Монголд ургадаг хар тамхины нэг төрөл өвс гэдэг чинь гээд жижиг гялгар ууттай зүйл харуулсан бид хоёр сонирхож харж байгаад би гээс наад өвсийг чинь яаж хэрэглэх юм бэ гэж асуусан чинь ороож татдаг цаас нь байхгүй юм чинь тамхины доторхыг нь гаргаад оронд хийж байгаад татаж болдог гэж зааж хэлж өгсөн юм. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 60-62 хуудас/

Гэрч Э.ын “...Бид гурав манай гэрт очиж  бид хоёр авсан архиа хувааж уугаад байж байтал цуг орж ирсэн залуу нэг савтай өвс гаргаж ирээд надаас сэрээ байна уу гээд нэг ширхэг сэрээ авсан. Авсан сэрээгээрээ 2 газ гаргаж ирээд савтай өвсрүүгээ шахаж хийгээд байх шиг байсан. Манай ширээн дээр нунтаг юм асгачихаад ахаа нэг ус буцалгаад өгөөч гээд надаар ус буцалгуулж авсан. Буцалгасан усаа аяганд хийж байгаад дээрээс нь савтай өвсөө хийж байх шиг байсан. Би юу хийж байгаа юм бэ гэж асуухад энийг шавар гэдэг юм гэж хэлсэн. Энэ өвсөө дангаар нь татахаар яадаг юм гэхэд нөгөө залуу дангаар нь татахаар сул байдаг юм ингэж найруулж хийхээр үйлчлэл нь хүчтэй болдог юм гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 63-64 хуудас/,

Гэрч Г.ын “...И. нь Б., Э. нарын хамт явж байсан. Б.ын авч явж байсан цүнхийг шалгаж үзэхэд хар тамхины ургамалтай төстэй эвгүй үнэртэй өвс цагаан гялгар уутанд хийсэн авч явж байсан. Мөн тухайн гялгар уутанд мөнгөн цаас жижиг ундааны саванд хийсэн өвс зэрэг байсан. Тухайн өвсийг хурааж аваад тэмдэглэл үйлдэж Чойр өртөөний хэсгийн төлөөлөгч цагдаагийн дэслэгч Үнэнбатад хүлээлгэж өгсөн. ...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 226 хуудас/,

   Шинжээчийн 34 дугаар дүгнэлт:

           1.Э.ын гэрээс хураан авсан Шинжилгээнд ирүүлсэн гялгар ууттай ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. ... НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын жагсаалтад хамаарна. гэх дүгнэлт /1 хавтаст хэргийн 84-85 хуудас/,

            Шинжээчийн 645 дугаар дүгнэлт:

           1.Шинжилгээнд ирүүлсэн И.гээс хураан авсан ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. ... НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын жагсаалтад хамаарна. гэх дүгнэлт /1 хавтаст хэргийн 90-91 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.

             

          Шүүгдэгч И., Э. нар 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, И.            хууль бусаар хадгалсан, бусдад өгсөн гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:

         

Монгол улсын хууль, Олон улсын гэрээнд сэтгэцэд нөлөөт бодисыг тусгай зөвшөөрөл, хяналтын дор бэлтгэх, худалдах, түгээх үйл ажиллагаа явуулах хэм хэмжээг тогтоосон байдаг.

Сэтгэцэд  нөлөөт бодис гэдэгт НҮБ-ын 1971 онд баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт байгалийн буюу аливаа бодис, эсхүл байгалийн аливаа материалыг зааж өгсөн.

 Дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ нь дээрх конвенцийн жагсаалтанд багтсан.

Байгальд ургадаг мансууруулах бодис бүхий ургамлыг түүж цуглуулсан, цэвэршүүлснээс гадна мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг дахин боловсруулж, хувирган өөрчилсөн, тун орцыг нэмэгдүүлсэн буюу багасгасан, бэлэн бүтээгдэхүүн, түүхий эдийн хэлбэрээр гаргаж авсан зэргийг “Бэлтгэсэн”-д,

Сэтгэцэд нөлөөт бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, орон байр, агуулах, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан”-д тус тус хамруулна. УДШ-ийн 2008 оны 29 дүгээр тогтоол  

 

И., Э. нарын хувьд “Дельта 9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай “ургамал”-ыг худалдах, арилжих, солилцох зорилгоор ямар нэгэн үүргийн гүйцэтгэлд тооцуулахаар бусдад шилжүүлсэн, хариу төлбөр авсан гэх үйлдлүүд тогтоогдоогүй.

 

         Каннабис /өвс/ нь байгальд ургадаг бөгөөд И., Э. нарын түүж цуглуулсан, И.гийн гэртээ байлгасан, бусдад өгсөн үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хариу төлбөргүйгээр бусдад өгсөн, хадгалсан гэх шинжүүдийг бүрэн хангасан.          

 

Энэ гэмт хэргийг нотлон тогтоож буй үйл баримтуудаар шүүгдэгч И., Э. нар хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, И. гэртээ хадгалсан, бусдад өгсөн өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан нийгэмд хор аюул ихтэй болохыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

 

         Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон тул шүүгдэгч нарыг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай улсын яллагчийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.

 

          Улсын яллагч: И., Э. нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргасан.

 

          Шүүгдэгч И.гийн өмгөөлөгч А.Ганбат: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл анги дээр маргахгүй. Харин ялыг хөнгөрүүлэх талаар дараах саналыг хэлмээр байна. Тэгэхээр И. гэдэг хүн өнөөдөр яагаад ийм гэмт хэрэгт холбогдсон талаар ярих нь зүйтэй байх гэж бодож байна. И. нь дотогшоо түгшмэл хүүхэд байсан. Надтай өмгөөлөгчийн өрөөнд ярихдаа би маш буруу зүйл хийсэн байна. Энэ талаар гаргаж ярьж чаддаггүй юм. Тэгэхээр шүүх хурал дээр хэлж өгөөрэй би шал өөр хүн болсон шүү. Үүнийг бас хэлээрэй гэснийг дамжуулах нь зүйтэй байх. Яагаад ийм төрлийн гэмт хэрэгт холбогдсон бэ гэхээр энэ хүүхдийг жаахан байхад нь эцэг, эх хоёр нь салсан байдаг бөгөөд эмээ, өвөө дээрээ өссөн юм билээ. Тэгэхээр гэр бүлийн хүмүүжил нь маш чухал юм. Гэхдээ эмээ, өвөө хоёр нь сайн хүн болгох гээд энэ хүүхдийн төлөө гэсэн сэтгэлтэй сайхан буурлууд байдаг. Өнөөдөр 21 настай цэцэг цэвэр үү шиг сайхан залуу сонирхолдоо хөтлөгдөөд ийм гэмт хэрэгт холбогдсон байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Та бүхэн хавтас хэрэгт авагдсан гийн зургийг харах нь зүйтэй байх. Тэгэхээр тухайн үед гэмт хэрэгт холбогдох үед ямархуу хүүхэд байсан. Өнөөдөр ямар хүүхэд болчихоод сууж байгаа нь маш тодорхой харагдана. Хувцасаар нь угтаж, ухаанаар нь үднэ гэж хэлдэг. Гадаад үзэмж бол маш чухал байгаа юм. Тэгэхээр өнөөдөр  нь маш их засарсан. Би дахиж гэмт хэрэгт холбогдохгүй байх гэж маш их итгэж байгаа.  нь өнөөдрийн байдлаар баар цэнгээний газраар явж мөс түгээдэг ажил хийдэг. Энэ ажлаа хийж цаашид өвөө, эмээтэйгээ сайхан амьдарна. Дахиж ийм зүйлд орооцолдохгүй талаараа дахин дахин надад хэлдэг юм. Монгол улсын ялын бодлого заавал энэ хүнийг ял эдлүүлэхдээ биш нийгэмшүүлэхэд оршиж байгаа. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул тэнсэн харгалзан ял оногдуулж өгнө үү? гэх саналыг гаргасан.

 

Шүүгдэгч Э.ийн өмгөөлөгч Б.Дашдорж: Э. нь гэмт хэрэг үйлдэх үедээ 17 нас 11 сар 15 хоногтой байсан байна гэдэг нь ял шийтгэлийг хөнгөрүүлэх үндэслэл болсон гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...”, мөн хуулийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно…” гэж тус тус заасны дагуу эд тухайн бүлэгт заасан хуулийн хариуцлага тооцох боломж байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзсэн. ... Тухайн гэмт хэрэг хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа юм. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ял оногдуулахыг тэнсэж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж болно…”, мөн хуулийн 2 дахь хэсэгт “...шүүх гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний гэм бурууг нь ухамсарлуулах, хохирлыг нөхөн төлүүлэх, хөдөлмөрлөх, амьдрах зөв арга барилд сургах, гэмт хэрэг дахин үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үүргийг хүлээлгэнэ...” гэж тус тус заасан байдаг. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3, 2.5 дахь заалтуудад зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, тодорхой ажил, үүрэг гүйцэтгэх, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх...” гэсэн үүргүүдийг заасан байна. ... ийн хувьд хэргээ нуусан зүйл байхгүй 3 удаа татаж үзээд сөрөг үр дагавартай байсан талаар шүүх хуралд нууж хаалгүйгээр илэрхийлж байгаа нь энэ хүүхдийн хувийн байдалтай холбоотой гэж ойлгож байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт заасны дагуу болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар үүрэг хүлээлгэх албадлыг арга хэмжээ авч энэ хүүхдийг цаашид засарч хүмүүжих нөхцөл бололцоогоор хангаж өгнө үү саналыг гаргаж байна гэв.

 

Шүүгдэгч И., Э. нарын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлаас дүгнэхэд И. Эрүүгийн хуулийн нэг зүйл хэсэгт заасан хэд хэдэн гэмт хэргийг үйлдсэн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас үйлдсэн гэж үзэх боломжгүй, уг гэмт хэрэг нь хохирол, хор уршиг шаардахгүй, нийгмийн хор аюул ихтэй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан И.д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжгүй гэж шүүх үзээд түүнд 01 жил 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, шүүгдэгч анх удаа хорих ял шийтгүүлж байгаа тул уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх.

Э. нь хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх үед 18 насанд хүрсэн хэдий ч гэмт хэрэг үйлдэх үедээ 18 насанд хүрээгүй байсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1-д зааснаар түүнийг өсвөр насны шүүгдэгч гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

Өсвөр насны шүүгдэгч Э.ийн үйлдсэн гэмт хэрэг нийгмийн хор аюул ихтэй хэдий ч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, Э.ийн хувьд гэмт хэрэг үйлдэхэд гэр бүлийн орчин нөлөөлсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин хамтран гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч И.гийн нөлөө байсан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд түүнийг нийгмээс тусгаарлаж хорьж хүмүүжүүлэх зайлшгүй шаардлагатай гэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй тул түүнд 01 жилийн хорих ял оногдуулж, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 01  жилийн хугацаагаар хойшлуулж, өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь цаашид нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад гол зорилго нь чиглэгдэх энэ шаардлагад нийцүүлж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7 дугаар бүлэгт заасан Зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэх нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдалд тохирсон гэж шүүх шийдвэрлэсэн.

Шүүгдэгч И. нь 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс шүүхийн зөвшөөрөлгүй 48 цаг баривчлагдсан хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цаасны хамт 60 грамм жинтэй өвс гэх нэршилтэй бодис, И.гийн биеэс хураан авсан 0,4 грамм өвс гэх нэршилтэй бодис, Б.ын цүнхэнд үзлэг хийн хураан авсан 256 грамм өвс гэх нэршилтэй бодисууд ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа бөгөөд дээрх эд мөрийн баримтыг утсгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэгт хураагдан ирсэн 1 ширхэг камерын бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах, шүүгдэгч нарын хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, Э. цагдан хоригдсон хоноггүй болохыг тогтоолд тус тус дурьдаж шүүгдэгч Э.эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр, шүүгдэгч И.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах зүйтэй гэж шүүх шийдвэрлэсэн.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Авгас овогт ын г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хориглосон сэтгэцэд нөлөөт бодис болох Дельта 9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай “ургамал”-г худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, бусдад өгсөн, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Тооно овогт ын ийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хориглосон сэтгэцэд нөлөөт бодис болох Дельта 9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай “ургамал”-ыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг баримтлан, тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар И.г 01 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар, Э.ийг 01 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.эд оногдуулсан 01 жилийн хорих ялыг 2 дахин багасгаж биечлэн эдлэх ялыг 06 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар И.д оногдуулсан хорих ялын нээлттэй хорих байгууллагад, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.эд оногдуулсан хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар И.гийн урьдчилан цагдан хоригдсон 02 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.эд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 01 жилийн хугацаагаар хойшлуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2, 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар Э.эд Зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэсүгэй.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан өсвөр насны хүн шүүхээс тогтоосон 01 жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож хорих ялыг биечлэн эдлүүлэхийг Э.эд мэдэгдсүгэй.

8.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цаасны хамт 60 грамм жинтэй өвс гэх нэршилтэй бодис, 0,4 грамм өвс гэх нэршилтэй бодис, 256 грамм өвс гэх нэршилтэй бодисууд ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

9.И., Э. нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, Э. цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

10.Хэрэгт хураагдан ирсэн 1 ширхэг камерын бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

11.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

12.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр, И.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч түүний өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ДАШДОНДОВ