Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 01173

 

 

 

 

 

 

 

2016 оны 09 сарын 23 өдөр                         Дугаар 142/ШШ2016/01173                                    Орхон аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: 1956 онд төрсөн, 60 настай эрэгтэй Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат баг Зураагийн 03 дугаар гудамжны 16 тоотод оршин суух, Сүмбойд овгийн Ойдовын Мягмарын /регистрийн дугаар ЙС56042010/ хүсэлттэй ажиллаж байсан байдал сэргээн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2016 оны 06 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч О.Мягмар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.Мягмар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1979 оны 11 дүгээр сараас 1981 оны 01 дүгээр сарыг дуустал Өвөрхангай аймгийн Хархорин сумын 1–р 10 жилийн сургуульд багшаар ажиллаж байсан билээ. Гэвч 1981 оны 01 дүгээр сард ажлаас гарч сургуульд явсан тушаал олдохгүй байгаа бөгөөд хөвөлмөрийн дэвтэрт засвартай байгаа тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү” гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О.Мягмар нь 1979 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 1981 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Хархорин сумын 01 дүгээр 10 жилийн сургуульд багшаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хавтаст хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:

1.1979 оны 10 дугаар сарын 30-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэрт “1979 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс багшийн боловсон хүчин дутагдалтай байгааг харгалзан Уурхайн бага сургуульд орлон даагч багшаар авч ажиллуулав, 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдөр сургуульдаа явах болсон тул үндсэн ажлаас нь чөлөөлөв” гэжээ.

3.Гэрч Д.Чойгин шүүхэд мэдүүлэхдээ: “О.Мягмар нь одоогийн Орхон цогцолбор сургууль буюу 1 дүгээр сургуульд 1979 оны 11 дүгээр сараас 1981 оны 01 дүгээр сарыг дуустал зураг, шугам зургийн багшаар ажиллаж байсан. Тухайн үед Хархорин сум нь ганцхан 10 жилийн сургуультай байсан. Тухайн үед би Хөдөлмөрийн багшаар 1979 оноос 2005 он хүртэл ажиллаж байсан” гэжээ.

4.Гэрч Д.Намхай шүүхэд мэдүүлэхдээ: “О.Мягмар нь 1 дүгээр сургуульд 1979 оны 11 дүгээр сараас 1981 оны 01 дүгээр сарыг дуустал зураг, шугам зургийн багшаар ажиллаж байсан. Тухайн үед би математикийн багшаар 1979 онд томилогдож ирж байсан” гэжээ.

5.Гэрч Д.Намхайн хөдөлмөрийн дэвтэрт “1979 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Хархорины 10 жилд математикийн багшаар авч ажиллуулав, 1981 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс ажлын шаардлагаар Хархорины 10 жилийн багшаас чөлөөлж, Богдын 8 жилд математикийн багшаар томилов” гэжээ.

6.Гэрч Б.Төмөрдулам шүүхэд мэдүүлэхдээ: “О.Мягмар нь Хархорины 10 жилийн сургуульд 1979 оны 11 дүгээр сараас 1981 оны 01 дүгээр сарыг дуустал зураг, хөдөлмөрийн багшаар ажиллаж байсан. Тухайн үед би 1979 оноос Хархорины 10 жилийн сургуульд бага ангийн багшаар ажиллаж байсан” гэжээ.

7.Гэрч Б.Төмөрдуламын хөдөлмөрийн дэвтэрт “1979 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Багшийн сургууль төгсөж ирсэн учир Хархорины 10 жилд бага ангийн багшаар авч ажиллуулав, 1981 оны 08 дугаар сарын 15-ны өдөр ажлын шаардлагаар Хахорины 10 жилийн багшаас чөлөөлж, Боглын 8 жилд багшаар ажиллуулав” гэжээ.

Нэхэмжлэгч О.Мягмар нь 1979 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 1981 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Хархорин сумын 01 дүгээр 10 жилийн сургуульд багшаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчид 1979 оны 10 дугаар сарын 30-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэр, гэрч Б.Төмөрдулам, Д.Намхай, Д.Чойгин нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Б.Төмөрдулам, Д.Намхай, Д.Чойгин нарыг гэрчээр асуусан ба гэрч Б.Төмөрдулам, Д.Намхай, Д.Чойгин нар нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын 10 жилийн 1-р сургуульд 1979-1981 оны хооронд нэхэмжлэгчтэй хамт ажиллаж байсан нь тэдний хөдөлмөрийн дэвтрийн хуулбараар тогтоогдож байх тул гэрчүүдийн мэдүүлгийг нотлох баримтын ач холбогдолтойд тооцож үнэлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг няцаасан баримт хэрэгт авагдаагүй тул дээрх баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч О.Мягмараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэв.

   Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Сүмбойд овгийн Ойдовын Мягмарыг 1979 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 1981 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Хархорин сумын 01 дүгээр 10 жилийн сургуульд багшаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.    

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч О.Мягмараас тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Р.ҮҮРИЙНТУЯА