Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 413

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ, шүүгч Т.Батжаргал нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Эрдэнэжаргал хөтлөн,

иргэдийн төлөөлөгч Н.Энхболд,

улсын яллагч Б.Батсайхан,

шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Н.Болормаа, Д.Дэлгэрцэцэг нарыг оролцуулан  тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч;

Ад холбогдох эрүүгийн 1905010280247 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан  хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Б.А нь 2019 оны 02 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 22 дугаар байрны 3 дугаар орцны подвальд Г.Мыг “гадагшаа гарч явах гэлээ” гэж зодож алсан гэх гэмт хэрэгт холбогджээ.                                                                                            

  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.  Үүнд:

 

Шүүгдэгч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт: Талийгаач, Наваанаа хоёр зодолдоод байхаар нь салгах гээд би голоор нь ороод талийгаачийг цохичихсон юм. Хэргийн талаар надад өөр хэлэх зүйл байхгүй. Би маш их гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Мөнхбаяр мөрдөн байцаалтанд: Би талийгаач Г.Мын төрсөн дүү нь байгаа юм. А, Баярцэцэг, Саруултөгс гэх хүмүүсийг танихгүй нэрийг нь л сонсож байсан. Баасанхүү  гэж бол муухан танина. Талийгаачаар дамжуулан уулзаж байсан. Наваандэндэв гэж хүн танина энэ нь манай ахын найз. Наваандэндэвийг хэрхэн таних болсон гэхээр толгойтод байхад манай гудамжинд хамт тоглодог байсан. Энэ хүн нь архи их уудаг, архи уухаар агсам зантай гэж дуулсан. Талийгаачийг хамгийн сүүлд 2019 оны 2 дугаар сарын 25-ны орой гэрээс гарахад нь Алтангэрэл дуудаж гаргасан тэрнээс хойш надтай бол холбоо бариагүй. Талийгаач миний мэдэхээр ганцхан л удаа гэртээ архи уучихсан согтуу орж ирж байсан. Тэр үедээ орж ирээд л унтаад л өгсөн. Өөрөөр би архи уусан байхад нь таарч байгаагүй болохоор сайн мэдэхгүй байна...Ах маань 2019 оны 02 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө 00 цагийн үед найз Алтангэрэл нь утсаар залгаж дуудаад гэрээсээ гарч явсан ба ах маань гэрээсээ гарч явахдаа биед нь гэмтэл шарх учраагүй зүгээр байсан. Гомдолтой байна. Оршуулгын зардал 5 орчим сая төгрөг гарсан. Хэрэгт 2.640.000 төгрөгийн баримт гарган өгсөн байгаа нэмж гарган өгнө. /хх-ийн 54-56/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Г. Долгор мөрдөн байцаалтанд: Би Г.Мын ээж нь байгаа юм. Талийгаач манай том хүүхэд байсан. 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр манай хүү гэрээсээ оройхон гарсан. Тухайн үед хоёр дүү нь гэртээ байсан. Хаашаа, ямар зорилгоор яах гэж гарсныг нь мэдээгүй. Хүүгээ гэрээсээ гарснаас нь хойш би утсаар холбогдож чадаагүй. М гар утсаа дүүдээ үлдээгээд явсан байсан. Хүү маань 1993 оны 10 сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод 2-р төрөхөд миний том хүү болон мэндэлсэн. 1995-2001 он хүртэл Сонгинохайрхан дүүргийн 81-р цэцэрлэгт явсан. 8 настайдаа буюу 2001-2011 он хүртэл Сонгинохайрхан дүүргийн 42-р сургуульд суралцаж төгссөн. 10-н жилээ төгсөөд цахилгааны мэргэжил эзэмшиж мэргэжлээрээ ТЭЦ 4-т 1 жил орчим ажилласан. Ажлаа хийж байгаад яагаад гарсан шалтгааныг нь би мэдэхгүй. Надад тэр талаар хэлж байгаагүй Түүнээс хойш энд тэнд ажил хийгээд яваад байсан. Хаана ямар ажилд орсныг мэдээгүй. Хүү маань 2013 оны үед Шүрэнцэцэг гэж эмэгтэйтэй гэр бүл болж нэг охинтой болсон. 2014 оны үед хүү маань эхнэр хүүхдээсээ салсан. Салсан шалтгааныг нь сайн ойлгоогүй. Таарч тохирохгүй байна гээд эхнэрээсээ салсан. Охин нь эхнэртэй нь байдаг ба одоо 4 нас хүрэх гэж байгаа. Зан аашийн хувьд даруухан, тайван дөлгөөн ааш зантай. Найз нөхдийн хүрээлэл ихтэй ба найз нөхөддөө нэр хүндтэй байсан. Архи дарс хэрэглэдэггүй, тамхи татдаггүй хүүхэд байсан. Хүүгээ нас барсан талаар 2019 оны 02 сарын 27-ны өдөр охин Хишигжаргалаасаа утсаар сонсож мэдсэн. /хх-ийн 60/ гэх мэдүүлэг, 

 

Гэрч Б.Саруултөгс мөрдөн байцаалтанд: Би 2019 оны 02 дугаар сарын 26-нд гэртээ ганцаараа байж байгаад писи тоглоомын газар ордог юм бил үү гэж бодоод хувцасаа өмсөөд  20 цаг 30 минут болж байх үед гэрээсээ гараад Саппорогийн үйлчилгээний төвийн ар талд байдаг СТАР гэх нэртэй писи тоглоомын газар орж зүс таних админтай юм яриад компьютер тоглоомын тэмцээн үзэж сууж байгаад 23 цагт 11 нойморын комьпютер дээр суун тоглож байхад шөнийн 02 цагийн үед найз Алтангэрэл чаат мессеж бичсэн хамт сууж жоохон пиво уухуу гэсэн би тэгээд хэнтэй байгаа юм бэ гэхэд Алтангэрэл, Наваанаа, Бандиа, Бааска, М /Сак гэж дууддаг/ бид хэд 10 дугаар хороолол Бандиагийн гэрт ууж байна гэсэн тэгэхээр нь би очиж чадахгүй гэхэд уулзмаар байна уумаар байна гээд байхаар нь би мөнгө байхгүй гэхэд хамаагүй би даая очоод авъя гэж хэлэхээр нь би байгаа газраа хэлээд гадаа ирээд залгаарай болохгүй бол чат мессеж бичээрэй гэж хэлсэн. Тэрнээс хойш 5-10 минут орчим болсон байх Алтангэрэл, Бааска, талийгаач, Сак нар писи тоглоомын урд такситай ирээд зогссон байсан. Би тэгээд таксинд суугаад 10 дугаар хороололын автобусны буудлын түцнээс тамхи аваад Бандиагийн гэр рүү 02 цаг 20 минутын үед бид хэд очсон. Тэгэхэд таксин дотор пиво байх шиг байсан тэгээд гэрт ороход Наваан, Бандиа эхнэрийн хамт байсан. Бид хэд мэнд мэдэлцээд шууд суугаад пиво аягалаад ууцгаасан 10 жилд байсан үеэ ярьж писи тоглоомонд орж тоглож байсан тоглоом зэргийг ярьж ууцгааж байгаад нийслэл нэртэй 2.5 литрийн хэмжээтэй 3 том пиво 04 цагийн орчимд ууж дууссан байх цагийг сайн санахгүй байна.  Тэр үед Наваанаа согтсон бусад руугаа агсарч дайрч байсан бид хэд бүгдээрээ Навааныг аргалж агсарахыг болиулж унтуулах гэж аргадсан ерөөсөө үгэнд орохгүй байсан 04-н цагийн үед байх яг бүх пиво ууж дуусаад Наваанаа нь Бааска, талийгаач Сак хоёр руу дайран агсарч энэ хоерыг нэг удаа өшиглөж цохисон Наваанаа өөрийн ухаангүй болтол уусан байсан. Алтангэрэл тэр үед Навааныг энд үлдээчих бүгдээрээ гарч өөр газар очиж хоноё гээд гадуур хувцаснуудаа аваад Аптангэрэл, Бааска, талийгаач гурав гарах хаалганы хажууд гарах гээд бэлдээд зогсож байсан тэр үед Бандиа орон дээр хэвтэж байсан гэнэт босож ирээд та нар хэзээ ийм байсан юм бэ гээд хамгийн түрүүлж Сакыг эрүү шанаа хэсэг рүү цохисон тэгтэл талийгаач Сак газар шалан дээр унасан. Би Бандиаг салгаад хориглож хажуу жижигхэн нойлтой өрөө рүү авч орсон тэгтэл цаад өрөөнд байсан хэд Сак ухаан орохгүй ухаан алдсан байхаар нь сэргээх гээд буйдан дээр суулгаж байсан. Би Бандиаг аргадаад яагаад цохиж байгаа юм гэхэд Бандиа, Навааныг та нар угаасаа ийм зантайг мэдсээр байж өөдөөс нь юм хэллээ гэсэн утгатай юм яриад байх шиг байсан. Би Бандиаг тэр өрөөнд орхиод талийгаач Сак дээр очоод сэргээх оролдлого хийсэн нүдний зовхийг нь нээж үзэхэд ямар нэгэн хариу үйлдэл гаргахгүй байхаар нь газар хэвтүүлээд зүрхийг нь чагнахад цохилж байсан. Би хиймэл амьсгаа хийж цээжин дээр нь дарж байсан ямар ч хариу үйлдэл үзүүлэхгүй байхаар нь болиод сандалд дээр суусан намайг анхны түргэн тусламж үзүүлж байхад нэг нь л эмнэлэг 103 дуудсан байсан яг цагаа санахгүй байна түргэн 103-ийн эмч орж ирж үзээд энэ хүн чинь өнгөрсөн байна цагдаа дуудсан уу гэж асуугаад байсан тэр үед л цагдаа дуудсан байх удалгүй цагдаа орж ирсэн үзлэг шалгалт хийгээд машинд суулгасан. /хх-ийн 61/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.Алтангэрэл мөрдөн байцаалтанд: Би 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр ажил дээрээ байж байтал багын найзууд болох А /Бандиа хочтой/, Наваандэндэв /Наваанаа хочтой/, Баасанхүү /Бааска хочтой/, Агийн эхнэр Баярцэцэг /Баяраа хочтой/ нар нь Наваанаагийн гэрт сууж байна ажлаа тараад хүрээд ир бөөнөөрөө Хөвсгөл явья гэж ярьсан. Тэгээд би ажлаа тараад 18 цаг 20-30 минутын орчимд Наваанаагийн гэрт очиход Бандиа, Наваанаа, Бааска нар 2,5 литрийн нийслэл пиво нэгийг тавьчихсан уугаад сууж байсан. Тэгээд Хөвсгөл явах худлаа боллоо, өнөөдөр эндээ архи ууя гэж ярилцсан. Тэгээд Наваанаагийн гэрт 3-4 ширхэг 2,5 литрийн том пиво уугаад сууж байхад талийгаач буюу М /Сак хочтой/ ирсэн ба хамт хувааж уусан. Наваанаагийн ээж нь гэртээ ирээд, бид нар үргэлжлүүлж Бандиагийн гэрт ууя гэж хоорондоо ярилцаад Наваанаагийн гэрээс нь ууж байсан үлдэгдэл пиво авч явсан. Ингээд Бандиагийн гэр болох 10 дугаар хороололын 22 дугаар байрны тоотыг нь мэдэхгүй, подволь дахь гэрт нь 6-лаа орой 22 цагийн орчимд очсон юм. Ингээд Бандиагийн гэрт Наваанаагийн гэрээс авчирсан 2 ширхэг том савтай нийслэл пиво хувааж уугаад дахин нэмж Бандиагийн гэрийн урд талд байдаг нэрийг нь мэдэхгүй, супермаркетаас 5 ширхэг 2,5 литрийн сэрүүн нэртэй пиво худалдаж авсан. Өмнө тооцоонуудыг Наваанаа хийсэн учраас, би тухайн пивоны тооцоог хийсэн. Тэгээд дахин үргэлжлүүлж хоорондоо ойр зуурын юм ярьж, маазрангаа пиво ууж байгаад бараг дуусахын үед цаг шөнийн 02 цаг дөхөж байсан байх, би өөрийн фэйсбүүк хаягнаас 10 жилийн ангийн хүүхэд Саруултөгс /Саака хочтой/-тэй чат бичиж юу хийж байгаа, хаана байна, хамт уух эсэх талаараа асуухад Саппоро дээр писи тоглож байна, ирээд аваач, тэгээд хамт ууя гэж хэлсэн. Тэгэхээр нь би нөгөө хэддээ явлаа гэдгээ хэлээд хэн хэнтэй явснаа санахгүй байна, пиво уугаад нилээн муудчихсан байсан. Ямар ч байсан хүмүүстэй хамт яваад Саппоро орж Саруултөгсийг авангаа Саппорогийн буудпын хойно байдаг шагаар архи зардаг дэлгүүрээс 2 ширхэг нэрийг нь санахгүй байна, 2,5 литрийн том пиво аваад эргэж Бандиагийн гэрт ирсэн. Бандиагийн гэрт үлдсэн хүмүүс үлдсэн жоохон пиво уугаад, юм яриад сууж байсан. Ингээд 7-лаа болоод, Баяраа нь ерөөсөө пиво уугаагүй, 6-лаа пиво уусан. Ингээд сүүлийн авчирсан 2 пивыг бүгдийг нь уусан эсэхийг санахгүй байна, хальт санагдаж байгаагаар Наваанаас намайг пиво авчрахаас өмнө нилээн согтчихсон, хүмүүстэй хэрэлдэж маргалдчих гээд яваад байсан юм. Сүүлд авчирсан пивоноос хэр уусныг санахгүй байна. Яг юунаас болсон мэдэхгүй байна, гэнэт Наваанаа энд хонохгүй гэртээ харилаа гэсэн. Тэгсэн чинь Бандиа, Бааска хоёр гэр рүү нь явуулахгүй гэртээ очиж ээжийгээ зовоож яах гээд байгаа юм гэсэн. Тэгэхэд Наваанаа би явна гээд байсан. Наваанаа, Бандиа, Бааска гурав цаад талын өрөөнд буюу гал тогооны өрөөний хэсэгт Наваанааг явуулахгүй гээд маргалдаад байсан. Тэр үед талийгаач М, Баяраа, Саруултөгс бид дөрөв наад талын өрөөнд пиво уунгаа юм яриад сууж байтал гэнэт нилээн муудчихсан байсан, би билүү талийгаач билүү гэнэт бас гэрлүү явлаа гээд гадуур хувцсаа өмсөх үед Бандиа нь цаад өрөөнөөс уурлаж орж ирээд та нар зүгээр хамт ууж суугаад хонож чадахгүй байна уу гээд өрөөнд орж ирээд шууд талийгаач дээр очиж мангастсан байна уу эсвэл алагдсан байна уу тэрийг нь сайн хараагүй, ямар ч байсан толгой хэсэгт хүрсэн. Тэгээд шууд над руу ирээд найзуудаараа бөөндөө уугаад хоноё, битгий яваа гээд хэлсэн. Тэгээд Бандиа бид хоёр согтуу учраас нэг нэгнээ тулчихсан ярьж байгаад талийгаачийг хартал өрөөний буйдан дээр дээшээ хараад уначихсан байсан. Тэгэхээр нь бид нар яасныг нь мэдэхгүй, бүгд бужигнаад талийгаач сэрэхгүй байсан, Тэгэхээр нь шалан дээр хэвтүүлж байгаад Саруултөгс цээжин дээр нь дарж хиймэл амьсгаа хийсэн. Талийгаач ухаан алдаад эргэж сэрэхгүй байсан ба энэ үед бүгд арай гэж ухаан орсон. Би ч гэсэн яг энэ үед сандраад архи гарч, орчноо таних ухаантай болсон юм. Хэрэг болох үед би нилээн согтчихсон байсан. Тэгээд Баяраа түргэн тусламж дуудаад 103-ын эмч ирж үзээд нас барсан байна гэж хэлсэн. Тэгээд цагдаагаас хүмүүс ирсэн. Наваанаа гэр рүүгээ явна гээд маргаан эхлэх үед цаг хэд болж байсныг санахгүй байна. Зодоон бол болоогүй. Миний бүдэг бадаг санаж байгаагаар Наваанаа, Бандиа, Бааска нар цаад талын өрөөнд Наваанааг явуулахгүй гээд маргалдаж байхад би явлаа гээд хувцасаа өмсөхөд Бандиа та нар яагаад байгаа юм хамт ууж хононо гэчихээд гэж хэлээд уурлаж талийгаач бид нарын сууж байсан өрөөнд орж ирэхэд талийгаачийн яг хаана нь гэдгийг нь мэдэхгүй, толгой орчимд нь хүрсэн. Тэр үедээ цохисон эсэхийг сайн санахгүй байна. Ямар ч байсан талийгаачид Бандиа гар хүрсэн. Тэгээд над дээр ирээд эргээд харахад талийгаач газар унасан байсан. Талийгаачтай өөр хэрэлдэж маргалдаж, зодолдсон хүн байхгүй. Миний бодпоор бол хэтрүүлсэн гэхэд болно. Маш их пиво уусан. Бас хүмүүс нилээн согтсон байсан. Тэрнээс хамгийн эрүүл байсан нь Саруултөгс, Баяраа бол уугаагүй, эрүүл байсан. Би бараг тасарчихсан байсан гэхэд болно. Гэхдээ ухаанаа алдаагүй болсон хэрэг явдлыг бүдэг бадаг санаж байна. Талийгаач М болон А хоёр бас нилээн согтчихсон байсан. /хх-ийн 74-75/ гэх мэдүүлэг,

 

Гэрч О.Баасанхүү мөрдөн байцаалтанд: Би амь хохирогч болох Г.Мын найз нь юм. Би А, Наваандэндэв, Алтангэрэл, Саруултөгс, Баярцэцэг, амь хохирогч нартай ямар нэгэн ураг төрлийн холбоо байхгүй. Бид нар 2019 оны 02 сарын 26-ны өдрийн 14 цагийн орчим Залуус хороололд байх Наваандэндэвийн гэрт А, Баярцэцэг, хүүхэдтэйгээ хамт ирсэн. Бид нар хамт Хөвсгөл аймаг руу явж мөсний баяр үзэхээр төлөвлөж байсан. Тэгээд унаа бүтэхээ болиод бид нар явахаа болиод 3 том савтай шар айраг авч хувааж уусан. 18 цагийн орчим Наваандэндэвийн гэрт Алтангэрэл ирсэн араас нь удалгүй амь хохирогч бас ирсэн. Бид нар 21 цагийн орчим Наваандэндэвийнхээс гараад 10 дугаар хороололд Агийнд очихоор болсон. Тэр үед Наваандэндэвийн гаднаас А, Баярцэцэг нар хүүхдээ аав ээждээ аваачиж өгнөө гээд явсан. Амь хохирогч, Наваандэндэв. Алтангэрэл бид дөрөв хамт Агийн гэрт очсон. Тэдний гэрийн цоож нь ямар ч хамаагүй түлхүүрээр онгойчихдог юм. Агийн гэр нь БГД-ийн 6-р хороо 22 дугаар байрны 3-р орцны подвальд байдаг юм. Бид нар гэрт нь ороод удаагүй байж байтал А, Баярцэцэг нар ирсэн. Тэгээд бид нар хамт сууж 5 том савтай шар айраг авч уусан. Баярцэцэг огт уугаагуй. Нилээн сууж байгаад 01 цагийн орчим шиг санагдаж байна амь хохирогч Алтангэрэл бид гурав хамт гарч Саппорогийн тэр хавьд байсан интернэт тоглоомын газраас очиж Саруултөгсийг авсан. Бид нар дөрвүүлээ замаараа 3 том савтай шар айраг авч нөгөө хэд дээр очсон. Бид нар ахиад сүүлд авчирсан шар айргаа уусан. Тэгээд байж байтал 03 билүү 04 цагийн орчим Наваандэндэв Хөвсгөл явсангүй гээд бүгд рүү нь үг хаяад хэрүүл өдөөд байсан. Тэгж байгаад Наваандэндэв амь хохирогч хоёр маргалдаад эхэлсэн.  Ууж байсан шар айрагнаасаа болоод маргалдсан байх. Тэр хоёр зууралдаад унаад боссон. Тэгтэл А амь хохирогчийг цохиод унагаасан. Амь хохирогч арагшаа савж унаад ахиж босож ирээгүй. Тэгтэл Саруултөгс өргөөд буйдан дээр хэвтүүлээд буцаад газарт хэвтүүлээд цээжин дээр нь дарсан. Тэгж байгал Баярцэцэг түргэн тусламж дуудсан байсан. Удалгүй түргэн тусламж ирээд амь хохирогчийг үзээд нас барчихсан байна гэж хэлсэн. Удалгүй цагдаа ирсэн...А нь амь хохирогчийг нүүрэн хэсэгт нь 1 удаа цохисон. Амь хохирогч цохиулаад арагшаа унахдаа газарт савж унасан. Тэгтэл Саруултөгс өргөөд буйдан дээр хэвтүүлсэн Тэгээд буцаад газарт хэвтүүлээд цээжин дээр нь дараад тусламж үзүүлэх гэж оролдсон. /хх-ийн 84-85/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.Наваандэндэв мөрдөн байцаалтанд: Би Г.Мын найз нь юм. Бид нар 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 17 цагийн үед манай гэрт Баасанхүү, А, Баярцэцэг тэр хоёрын хүүхдүүдийн хамт том савалгаатай Боргио шар айраг ууж байсан. Удалгүй 18 цагийн орчим Алтангэрэл ганцаараа манайд ирсэн. Тэгээд ахиад шар айраг нэмж аваад уусан. 19 цагийн орчим амь хохирогч Г.М ирсэн. Бид нар тэнд 3 том шар айраг уусан. Тэгээд уугаад л байж байтал манай ээж ороод ирэхээр нь бид нар ууж амжаагүй байсан 2 шар айрагаа аваад бүгдээрээ 21 цагийн орчим манайхаас гарсан. Бид манайхаас гарч ирээд А, Баярцэцэг нар хүүхдээ хүргэж өгчихөөд ирье гэж хэлээд явсан. Тэр үед Төгсөө гэх манай найз ирчихээд би уухгүй ээ гэж хэлээд явсан. Бид нар Атай ярьтал манайд очоод байж бай гэсэн. Тэгэхээр нь бид нар такси бариад 10 дугаар хорооллын 22 дугаар байранд Агийн гэрт очсон. Агийн гэр нь байрны доошоо ордог подвальд байсан. Би урьд нь олон удаа Агийн гэрт очиж байсан. Бид нар тэнд авч очсон 2 шар айргаа уусан. Агийн гэрт ороод би ханан дахь цагийг нь хартал 22 цаг 05 минут болж байсан. Удалгүй А Баярцэцэг нар ирсэн. Агийн гэрийн түлхүүр нь ямар ч хамаагүй түлхүүрээр онгойчихдог юм. Тэдний гэрт би А, Баасанхүү, Алтангэрэл, амь хохирогч бид нар нийт 7 том савтай шар айраг уусан. Баярцэцэг тухайн үед байсан боловч огт уугаагүй. Би тухайн үед их согтоод тасраад унтчихсан байсан. Намайг унтаж байтал 04 цагийн орчим Баярцэцэг уйлаад байхаар нь босоод хартал сандал дээр амь хохирогчийг сууж байгаад хойшоогоо саваад уначихлаа гээд уйлаад байсан. Би босоод хартал амь хохирогчийг сандал дээр сууж байхад нь цээжин дээр нь дараад байсан дараа нь газарт буулгаж хэвтүүлж байгаад Саруултөгс цээжин дээр нь дараад байсан. Удалгүй цагдаа эмнэлэг ирсэн. Баярцэцэг тухайн үед цагдаа дуудсан...А, Баярцэцэг, Баасанхүү, амь хохирогч, Алтангэрэл, Саруултөгс бид нар байсан. Эндээс Баярцэцэг огт уугаагүй Саруултөгс сүүлд ирсэн. Саруултөгс ирэхдээ 3 том шар айраг авч ирсэн. Би Саруултөгстэй урьд нь болсон асуудлаас болж чанга маргалдсан. Би гэрлүүгээ харилаа гэсэн чинь намайг унтаад яв гээд Баярцэцэг миний гар утсыг аваад далд хийсэн. Тэгээд А Саруултөгс нар намайг унт гээд хэвтүүлсэн. Би унтаж байтал Баярцэцэг уйлаад байсан. Би сэрээд гайхаад юу болсон талаар асуутал бүгдээрээ тойроод зогсчихсон сандал дээр амь хохирогчийг суулгачихсан Саруултөгс цээжин дээр нь дарж байсан. Би юу болсон юм хэн цохьчихсон юм гэж асуутал Баярцэцэг надад буйдан дээр сууж байгаад уначихсан гээд байсан. Би тухайн үед хэн сандал дээр суулгасан юм бэ гэтэл Саруултөгс би газарт хэвтэж байхад нь өргөөд сандал дээр суулгачихсан юм гэж надад хэлсэн. Тэгээд удаагүй байтал эхлээд түргэний эмч ирээд нас барсан байна гэж хэлсэн. Удалгүй цагдаа нар ирсэи би яг болсон асуудлыг бол хараагүй. Унтаж байгаад сэртэл тийм л  юм болчихсон байсан. /хх-ийн 86-87/ гэх мэдүүлэг,

Гэрч Н.Баярцэцэг мөрдөн байцаалтанд: Би Агийн эхнэр байгаа юм. Амь хохирогч Мыг цохиж зодсон хүн байхгүй. Наваандэндэвтэй хоёр ч удаа муудалцан барьцалдаж авсан ба эхний удаа тэр хоёр бие биенийхээ энгэрээс барьцалдаад авахаар нь би салгасан, хоёрдох удаагаа барьцалдаж авах үед нь би орон дээр хэвтэж байсан ба миний хэвтэж байсан орон дээр талийгаач М, Наваандэндэвийн дээрээс дарж унагаагаад нь би больцгоо гэхэд тэр хоёр хэрэлдээд цаашаа орон дээрээс босоод явсан. Би тухайн үед чихэвч зүүгээд гар утсаараа кино үзээд хэвтэж байсан ба гар утас руугаа харж байгаад хартал талийгаач М хаалганы урд газар шалан дээр дээшээ харсан, ухаангүй байдалтай хэвтэж байсан би хэн нь талийгаачийг цохиж унагаасан талаар хараагүй. Талийгаачийн хажуу талд А, Саруултөгс, Наваандэндэв нар зогсож байсан харин Баасанхүү Аптангэрэл хоёр бор буйдан дээр сууж байсан юм. Тэр хоёр энгэр заамнаасаа зууралдаад хоолой амаа боогоод байснаас цохилцож зодолсон зүйл байхгүй. Би талийгаачийн биед гэмтэл шарх учирсан байсан эсэхийг анзаарч хараагүй. /хх-ийн 94-97/ гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн цогцост үзлэг хийсэн 634 дугаартай дүгнэлтэнд: Г.Мын цогцост их тархины хоёр тал бөмбөлгийн дух, чамархай, дотор гадаргуу, суурь болон бага тархины доод гадаргуугийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт, хоёр хажуугийн ховдол, гурав, дөрөвдүгээр ховдлын цус харвалт, баруун чихний ар доод хэсэг, эрүү, хүзүүнд цус хуралт, зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Их тархины хоёр тал бөмбөлгийн дух, чамархай, дотор гадаргуу, суурь болон бага тархины доод гадаргуугийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт, хоёр хажуугийн ховдол, гурав, дөрөвдүгээр ховдлын цус харвалт гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт, бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтлүүд нь нас барахаас өмнө үүссэн шинэ гэмтлүүд байна. Талийгаачийн цусанд 1,7 промилл, ходоодны шингэнд 6,4 промиил спиртийн агууламж илэрсэн нь согтолтын дунд зэрэгт хамаарна. Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас их тархины хоёр тал бөмбөлгийн дух, чамархай, дотор гадаргуу, суурь болон бага тархины доод гадаргуугийн аалзан хальсан доор болон хоёр хажуугийн ховдол, гурав, дөрөвдүгээр ховдолд цус харваж нас баржээ. Үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Цус нь В III  бүлгийн харьяалалтай байна. /хх-ийн 119/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 01/195 дугаартай дүгнэлтэнд: Шинжилгээнд ирүүлсэн 1-8 дугаартай гарын мөрүүд харьцуулах шинжилгээнд тэнцэхгүй. Г.Мын гарын дардас нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд тэнцэж байгаа Г.Мын гарын дардас нь папилон санд байгаа бусад хүмүүийн гарын хээний дардас, эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газрын үзлэгээр илрүүлж  бэхжүүлсэн гарын мөрүүдтэй тохирохгүй байна. /хх-ийн 127/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1606 дугаартай дүгнэлтэнд: Шинжилгээнд ирүүлсэн  Г.Мын гэх малгайтай хөх куртка, хагас түрийтэй үдээстэй бор өнгийн гутал 1 хос, бор шаргалдуу футболк, цэнхэр хар алаг оймс 1 хос, хар өмд, хар ноосон цамц, цэцэгтэй эрээн шорт, сараал дотуур өмд, саарал малгай зэрэгт цус болсон бусад биологийн гаралтай ул мөр илрээгүй. /хх-ийн 129/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1305 дугаартай дүгнэлтэнд: Шинжилгээнд ирүүлсэн малгайтай хар хөх гадуур хүрмэнд 108мм, 55 мм татах чангаах хүчний үйлчлэлээр гарсан шинэ ханзралтууд, 110х100мм хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр гарсан шинэ гогодолт гарсан байна. Харин хагас ханцуйтай цамцанд 9мм, 7мм, 10мм, 6мм, 11мм эдэлгээний явцад гарсан хуучин урагдалтууд байна. Дээрх гэмтлүүд хэдэн удаагийн үйлчлэлээр болон ямар хугацаанд үүссэн болохыг тогтоох боломжгүй. Бусад хувцаснууд гэмтэлгүй байна. /хх-ийн 131/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1605 дугаартай дүгнэлтэнд: Шинжилгээнд ирүүлсэн Б.Агийн гэх хар савхин куртик, малгайтай хар цамц, хар саарал өнгийн жинсэн өмд зэрэгт цус болон бусад биологийн гаралтай ул мөр илрээгүй. /хх-ийн 137/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1304 дугаартай  дүгнэлтэнд: Шинжилгээнд ирүүлсэн хар хүрэм, юүдэнтэй хар цамц, хөх жинсэн өмд гэмтэлгүй байна /хх-ийн 139/

 

Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2853 дугаартай дүгнэлтэнд:  Б.Агийн биед цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. /хх-ийн 145/

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 483 дугаартай дүгнэлтэнд: Б.А нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна.  Б.А нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Б.А нь хэрэг хариуцах чадвартай байна. /хх-ийн 147-148/

Сэжигтнээр Б.А мөрдөн байцаалтад: 2019 оны 02 дугаар сарын 26-ны 17 цагийн үед би эхнэр хүүхэд болон найз Баасанхүүгийн хамт Залуус хороололд байдаг найз Наваандэндэвийн гэрт очоод хоол хийж идэнгээ Наваандэндэв Баасанхүү бид гурав 2,5 литрийн том савтай 1 пиво хувааж уугаад байж байтал 18 цаг өнгөрч байхад гаднаас манай найз Алтангэрэл ирсэн тэгээд бид хэд дахин 2 том савтай пиво авч уугаад байж байтал амь хохирогч М 20 цагийн үед ирээд Наваандэндэвийн ээж нь гэртээ ирэхээр нь бид нар бөөнөөрөө гэрээс нь гарцгаагаад би эхнэр хүүхдээ аваад Толгойтод байдаг аавынх руугаа яваад Аптангэрэл, Баасанхүү, Наваандэндэв, М дөрөв Залуус хороололд үлдсэн. Тэгээд би эхнэр хүүхэдтэйгээ аавындаа очоод байж байтал нөгөө хэд над руу залгаад бид хэд танай гэрт түрүүлээд очоод байж байя гэж ярьсан тэгээд би аавындаа хүүхдээ үлдээчихээд эхнэрийнхээ хамт 23 цагийн үед байсан байх цагийг нь санахгүй байна түрээслэн амьдардаг БГД-ийн 6 дугаар хороо 22 дугаар байрны 3 дугаар орцны подвальд ирэхэд Алтангэрэл, Баасанхүү, Наваандэндэв, М дөрөв 2 том савтай пиво уугаад сууж байсан. Тэгээд бид нар хоол захиалан идээд Алтангэрэл, Баасанхүү хоёр гадагшаа гарч дэлгүүр орж том савтай 4 сав пиво авч ирсэн ба дэлгүүрээс орж ирэхдээ Саруултөгстэй хамт орж ирээд бид нар юм ярингаа пиво уугаад нэлээн суусан цаг ч нэлээн орой болчихсон байсан тэгээд байж байтал Наваандэндэв би харилаа гээд куртикээ хайгаад явж байснаа гэнэт талийгаач Мтай барьцалдаад авахаар нь би орон дээр хэвтэж байгаад босож очоод Баасанхүүгийн хамт М Наваандэндэв хоёрыг салгаж Мын гэрийнхээ хаалганы хажуу талын модон сандал руу түлхчихээд Наваандэндэвийг Баасанхүү бид хоёр аваад цаад өрөө рүүгээ орсон Мыг би биеийн аль хэсэг рүү түлхсэнийг болон М сандал руу суусан уу газар савж унасан уу мэдэхгүй байна. Наваандэндэвийн цаад өрөө рүүгээ оруулчихаад буцаад гараад ирэхэд Мыг сандал дээр суулгачихсан хажуу талд нь манай эхнэр Баярцэцэг, найз Алтангэрэл, Саруултөгс гурав Мыг ухаан алдчихлаа ш дээ амьсгаатай байна гээд цээжин дээр нь дарчихсан зогсож байхаар нь би очоод эрүүнээс нь бариад хоёр гурав нааш цааш хөдөлгөөд харсан чинь Мын амнаас нь шүлс гоожчихсон ухаангүй байхаар нь би эхнэрийгээ түргэн тусламж дуудаач гээд утсаар нь дуудуулсан юм. Тэгээд түргэн удаагүй ирж үзээд энэ хүн чинь барчихсан байна гээд хэлсэн. ...цохилцоогүй байх барьцалдаад зууралдаад авахаар нь би орон дээр хэвтэж байгаад босож очоод салгасан. Би Мыг түлхсэн цээж рүү нь л түлхсэн байх. /хх-ийн 151/ гэх мэдүүлэг,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3/

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6/

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10/

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 14-27/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 67, 79-83/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор Б.Агийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 171/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 174/, төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 175/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 176/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол хор уршгийн талаархи шүүхийн дүгнэлт:

Б.А нь 2019 оны 02 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө өөрийн амьдардаг Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 22 дугаар байрны 3 дугаар орцны подвальд найз нарын хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа Г.Мыг “гарч явах гэлээ” гэж гараараа цохиж унагаасны улмаас амь насыг нь хохироосон хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

 

Энэ байдал нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан:

 

гэрч Б.Саруултөгсийн“...А /Бандиа/ орон дээр хэвтэж байсан гэнэт босож ирээд та нар хэзээ ийм байсан юм бэ гээд хамгийн түрүүлж Мыг /Сакыг/ эрүү шанаа хэсэг рүү цохисон тэгтэл талийгаач газар шалан дээр унасан...” /хх-ийн 61/, гэрч Б.Алтангэрэлийн “...Бандиа нь цаад өрөөнөөс уурлаж орж ирээд та нар зүгээр хамт ууж суугаад хонож чадахгүй байна уу гээд өрөөнд орж ирээд шууд талийгаач дээр очиж мангасдсан байна уу эсвэл алагдсан байна уу тэрийг нь сайн хараагүй, ямар ч байсан толгой хэсэгт хүрсэн...Талийгаачийг хартал өрөөний буйдан дээр дээшээ хараад уначихсан байсан...” /хх-ийн 74/, гэрч О.Баасанхүүгий“...А амь хохирогчийг цохиод унагаасан. Амь хохирогч арагшаа савж унаад ахиж босож ирээгүй...”/хх-ийн 85/, гэрч Б.Наваандэндэв“...Намайг унтаж байтал 04 цагийн орчим Баярцэцэг уйлаад байхаар нь босоод хартал сандал дээр амь хохирогчийг сууж байгаад хойшоогоо саваад уначихлаа гээд уйлаад байсан...” /хх-ийн 86/, гэрч Н.Баярцэцэгийн”... гар утас руугаа харж байгаад хартал талийгаач М хаалганы урд газар шалан дээр дээшээ харсан, ухаангүй байдалтай хэвтэж байсан...” /хх-ийн 97/ гэж тэдгээрийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлгүүд болон цогцост үзлэг хийсэн 634 дугаартай дүгнэлт /хх-ийн 119/,  хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 14-27/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 67, 79-83/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан энэ хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдлоо.      

Б.А, Г.Мыг гараараа цохиж унагаснаас амь насыг нь хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай гэмт хэрэгт тооцогдох үйлдэл” байх бөгөөд уг үйлдэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн санаатай гэмт хэрэгт” тооцогдоно.

Б.Агийн дээрх үйлдлийн улмаас Г.Мын амь нас хохирсон  нь гэмт үйлдэл үхэл хоёрын хоорондын шууд шалтгаант холбоотой гэж үзнэ.  

 

Иймд хяналтын прокуророос Б.Ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэж, шүүгдэгч Б.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов. 

 

Гэм буруугийн талаар улсын яллагчаас Б.Аг “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

 

Хохиролын тухайд

Мөрдөн байцаалтын явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон амь хохирогчийн төрсөн дүү Г.Мөнхбаяр тус шүүхэд бичгийн хүсэлт ирүүлсэн байна.

Уг хүсэлтэнд “Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Мөнхбаяр би Агаас оршуулгын зардал хохиролд 10.000.000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан ба цаашид нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй. Шүүх хуралдаанд оролцохгүй, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Мөнхбаярын дээрхи хүсэлтийг үндэслэн шүүгдэгч Б.Аг  бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс, Хүнийг алах гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч Б.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн Гэм буруугийн зарчимд нийцнэ.

 

Эрүүгийн хариуцлагын хуралдаан дээр шүүгдэгч Б.Агийн өмгөөлөгч Н.Болормаа, Б.Дэлгэрцэцэг нараас  “ гэм буруу дээр маргахгүй, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т зааснаар тухайн зүйл хэсэг, заалтад заасан хорих ялаас доогуур ял оногдуулж өгнө үү” гэсэн санал хүсэлт тус тус гаргалаа.

 

Шүүгдэгч Б.А гэм буруугийн санаатай хэлбэрээр Үндсэн хуулиар хамгаалагдсан Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэний улмаас хүний амь нас хохирсон, учирсан хор уршиг арилахгүй үндэслэлээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т “...тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах” гэж заасан хуулийн зохицуулалтыг хэрэглэх шаардлагагүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэж өмгөөлөгчдөөс гаргасан санал хүсэлтийг хүлээн аваагүй болно.

 

 

Шүүгдэгч Б.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Б.Агийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ буюу хүний амь нас хохироож хүнд хор уршиг учруулсан байдлыг харгалзаж ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх Эрүүгийн хариуцлагын зорилго болон Шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Шүүгдэгч Б.А үйлдсэн хэргийн талаар шударгаар мэдүүлж, гэмшиж байгаа хувийн байдлыг харгалзан эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.