| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хөхөөгийн Санжидмаа |
| Хэргийн индекс | 174/2019/0035/Э/ |
| Дугаар | 54 |
| Огноо | 2019-03-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Сугар |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 54
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ,
Улсын яллагч хяналтын прокурор С.Сугар,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар
Шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Мд холбогдох эрүүгийн 1930000000052 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1994 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2 дугаар баг Тээвэрчдийн 5-2 тоотод оршин суух, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 99 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн /РД: ЛЮ94031012/ Буурлууд овогт Б.М.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Б.М нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар баг “Долоон худаг” гэх газарт иргэн Хүрэлбаатарын гэрт 2019 оны 02 дугаар сарын 28-ны орой иргэн Х.Бат-Эрдэнийг хутгалж эрүүл мэндэд нь “цээжний ар хэсэг, зүүн далны хэсгийн хатгагдсан шарх” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би мэдүүлэг өгөхгүй, өмнө нь үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн гэв.
Эрүүгийн 1930000000052 дугаартай хэргээс:
Яллагдагч Б.Мы мөрдөн байцаалтанд өгсөн: ...Би удалгүй араас нь Хүрэлбаатар ахын гэрт ороход Хүрэлбаатар ах, Мөнхжаргал, Бат-Эрдэнэ гурав 0.75 литрийн архи ууж байсан. Хүрэлбаатар ах уудаггүй болохоор уугаагүй. Тэгж байтал Бат-Эрдэнэ намайг манай морины өвсийг өгөөд гэр галлаад өг гэхээр нь би явчихаад эргэж ирээд үлдсэн архийг нь Бат-Эрдэнэ бид 2 хувааж уусан. Мөнхжаргал ах гаднаас 500 граммын монгол архи авчирсан. Тэрийг нь Бат-Эрдэнэ бид нар хувааж ууцгаасан. Тэгээд гарч орж байгаад согтсон байсан. Нэг мэдсэн би орон дээр хутга барьчихсан өөрийгөө ална гээд сууж байсан. Гэтэл гаднаас Наранхүү гэдэг ах эхнэртэйгээ орж ирээд миний гараас хутга автал Бат-Эрдэнэ чи найзыгаа яаж байгаа юм гэсэн. Би тухайн үед Бат-Эрдэнийг хутгалсан юм байна гэж бодоод гарч яваад хэсэг хугацааны дараа орж ирэхэд Бат-Эрдэнэ, Наранхүү ах нар эмнэлэг рүү явсан байсан. Би Бат-Эрдэнэд эмчилгээний зардалд 500 000 төгрөг өгсөн. Бид хоорондоо эвлэрсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/
Хохирогч Х.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 16 цагийн үед Хүрэлбаатар ахын гэрт Мөнхжаргал ах бид хоёр нэг шил архи хувааж уугаад сууж байтал Б.М орж ирээд бид 3 хувааж уусан. Дараа нь Ж.Мөнхжаргал, Б.М хоёр 1 литр монгол архи авчирсан... Б.М Хүрэлбаатар ахыг хаашаа яваад байгаа юм гээд дээрэлхэх шинжтэй байхаар нь би өмөөрсөн чинь над руу аяга шидэхээр нь би боль гэтэл надтай зууралдаад авсан. Тэгж байгаад гэнэт л хутгаар нуруу руу хатгасан. Хутга уг нь ширээн доор байсан. Хар иштэй, бариул хэсэг нь 3 хадаастай хутга байсан. Миний зүүн дал орчимд хатгасан. Одоо миний биеийн байдал хэвийн байна. Мөнхсайхан надад 500000 төгрөг өгсөн. Би шүүх хуралд суухгүй. Миний зүгээс гаргах гомдол санал байхгүй ...” гэх мэдүүлэг, /хх-08-09/,
Гэрч Ж.Мөнхжаргалын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр танил ах Хүрэлбаатарын гэрт ороход Хүрэлбаатар ах, Х.Бат- Эрдэнэ, Б.М нар байсан. Мөнхсайхан, Бат-Эрдэнэ хоёр нэг шил архи задалчихсан ууж байхаар нь би тэрнээс ганц хоёр татсан. Тэр үед Мөнхсайхан Хүрэлбаатар ахтай маргалдаад дээрэлхэх шинжтэй байсан. Тэгсэн чинь Х.Бат-Эрдэнэ өмөөрөөд “ чи одоо хөгшин хүнийг дээрэлхээд яагаад байгаа юм боль” гэсэн чинь Мөнхсайхан босож ирээд зүүн хойт орон дээр сууж байсан Бат-Эрдэнэтэй зууралдаж байгаад ширээн дээр байсан хар иштэй хутгыг аваад ар дал хэсэг рүү нь 1 удаа хутгалсан. Тэгэхээр нь түргэн дуудаад эмч ирэх хооронд орны давуугаар боож арга хэмжээ авсан...” гэх мэдүүлэг, /хх-10-11/
Гэрч Б.Хүрэлбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэгээд манай гэрт Х.Бат-Эрдэнэ Б.М хоёр 1 шил архи хувааж ууж байтал гаднаас Ж.Мөнхжаргал гэдэг залуу орж ирээд монгол архи гаднаас авчирч уусан. Би архи огт хэрэглэдэггүй юм. Тэгтэл Мөнхсайхан архиндаа согтоод намайг ална гээд байсан. Бат-Эрдэнэ Мөнхсайханыг “чи настай хүнийг юу гэж дээрэлхээд байгаа юм бэ” гэтэл Мөнхсайхан баруун орон дээр сууж байсан Бат-Эрдэнэ рүү очиж ноцолдож байгаад ширээн дээр байсан тавагтай чанасан махан дундаас хар иштэй хутгыг авч Х.Бат-Эрдэнийн ар дал хэсэгт хатгасан байсан. Тухайн үед би хутга авсан талаар мэдээгүй. Гэтэл Бат-Эрдэнэ юугаар хатгачихваа гэж байсан. Тэгээд хартал зүүн дал хэсгээс нь цус гарч байхаар нь орны давуугаар боож байгаа түргэн дуудсан...” гэх мэдүүлэг, /хх-14/
Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 129 дугаартай дүгнэлтэнд: Х.Бат-Эрдэнийн цээжний ар хэсэг, зүүн далны хэсгийн хатгагдсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь ирт хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй гэжээ. /хх-16-17/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 02-05/
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 06/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-30/
Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 2-р багийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 2/92 дугаартай оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 28/
Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол /хх-ийн 43/ зэрэг баримтууд болно.
Шүүгдэгч Б.М нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар баг “Долоон худаг” гэх газарт иргэн Хүрэлбаатарын гэрт 2019 оны 02 дугаар сарын 28-ны орой хохирогч Х.Бат-Эрдэнийг хутгалж эрүүл мэндэд нь “цээжний ар хэсэг, зүүн далны хэсгийн хатгагдсан шарх” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Мы мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч Х.Бат-Эрдэнэ, гэрч Ж.Мөнхжаргал, Б.Хүрэлбаатар нарын мөрдөн байцаалтанд гаргасан мэдүүлэг, Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 129 дугаартай дүгнэлт зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Б.Мд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.
Шүүгдэгч Б.Мыг бусдын биед хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж буй гэмт үйлдэл болох юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.М нь хохирогч Х.Бат-Эрдэнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч Б.М нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Прокуророос Б.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Б.Мд ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-т зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд шүүгдэгч хохирогч Х.Бат-Эрдэнэд эмяилгээний зардалд 500000 төгрөг төлсөн, хохирогч Х.Бат-Эрдэнэ гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, мөн улсын яллагчийн торгох ялын саналыг харгалзан Б.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар тогтов.
Шүүгдэгч Б.М нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт, иргэний болон бусад бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Х.Бат-Эрдэнэ гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9, 36.2, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Буурлууд овогт Б.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мыг 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 8 /найман/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Б.Мд мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн иштэй хутгыг устгасугай.
6. Шүүгдэгч Б.М нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт иргэний болон бусад бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Х.Бат-Эрдэнэ гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.САНЖИДМАА