Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2013 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 225/МА2013/00029

 

Л.Бы нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, шүүгч Б.Сосорбарам, шүүгч Т.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Оюунжаргал, нэхэмжлэгч Л.Б нарыг оролцуулан хийсэн хуралдаанаар Сум дундын шүүхийн 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 1231 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг хүлээн авч шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Харуулынхан овогт Лийн Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 оны 1 сарын 22-ны өдөр 1 хувийн хүүтэй 2 сарын хугацаатай 12.870.000 төгрөгийг "Х" төрийн өмчит хувьцаат компанид зээлдүүлж, зээлийн гэрээ байгуулсан. Гэтэл "Х" төрийн өмчит хувьцаат компани нь өнөөдрийг хүртэл зээлийн гэрээнийхээ үүргийг биелүүлэхгүй байгаа болно. Уг нь зээлийн гэрээ ёсоор бол зээлдэгч "Х" төрийн өмчит хувьцаат компани нь зээлийг хүүгийн хамт 2013 оны 03 дугаар сарын 22-ны өдөр төлж дуусгах ёстой байсан боловч шинэ захирал Ч нь өмнөх удирдлагын юмыг би мэдэхгүй гээд өгөхгүй байна. Иймд "Х" төрийн өмчит хувьцаат компаниас үндсэн зээл 12870000 төгрөг, 2 сарын хүү 257400 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс гэрээнд заасан хувиар алданги тооцсон 1601542 төгрөг, бүгд 14728942 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч "Х" төрийн өмчит хувьцаат компанийг төлөөлж, захирал Б.Ч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр АЗЗА төрийн өмчит хувьцаат компани нь иргэн П.Баас 12870000 төгрөгийг 2 сарын хугацаатай, 1 хувийн хүүтэй зээлж авсан байна. Уг зээлсэн мөнгийг тус компанийн хуучин захирал Бнь ажилчдын цалинд өгөх мөнгөгүй болчихоод байна. Санхүүжилт орж ирэхээр өгнө гээд авсан гэх боловч үнэхээр компаний үйл ажиллагаанд зарцуулагдсан уу, хувийн хэрэгцээндээ ашигласан уу гэдгийг топгоох шаардлагатай гэж үзэж байна. Миний хувьд уг компаний захирлын ажлыг 2013 оны 04 сарын 08-ны өдөр хүлээж авсан байгаа. Дээрх зээлийн гэрээг 2 сарын хугацаатай байгуулсан гэж үзэхэд намайг ажлаа хүлээж авахаас өмнө гэрээний хугацаа дууссан, асуудал шийдэгдэж дуусах бүрэн боломжгой байсан байгаа юм. Иймд АЗЗА төрийн өмчит компаний миний ажил хүлээн авахаас өмнөх санхүүгийн тайланд шалгалт хийлгэх хүсэлтэй байна. Миний хувьд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, төлөхөөс татгалзаж байна гэжээ.

Сум дундын шүүх 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 1231 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч "Х" төрийн өмчит хувьцаат компаниас зээлийн төлбөр нийт 14671800 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 57142 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231594 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч "Х" төрийн өмчит хувьцаат компаниас 231309 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.Бд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч "Х" төрийн өмчит хувьцаат компаний захирал Б.Ч давж заалдах гомдолдоо:...1-рт. Миний бие анхан шатны шүүхэд иргэн Л.Баас зээлсэн 12870000 төгрөг компаний үйл ажиллагаанд зарцуулагдсан уу, эсвэл компаний нэр дээр зээл авч хувь хүн амин хувьдаа зарцуулсан уу гэдгийг тогтоох үүднээс мэргэжпийн байгууллагаар шалгалт хийлгэх хүсэлтийг удаа дараа гаргасан боловч энэ нь компаний дотоод үйл ажиллагаатай холбоотой асуудал бөгөөд уг хөрөнгийг хэрхэн зарцуулсныг мэргэжлийн байгууллагаар тогтоолгох нь хэрэгт ач холбогдолгүй гэсэн хариуг өгч, миний хүсэлтийг хангахаас татгалзсан. Гэвч энэхүү мөнгөний зарцуулалтын асуудал хэрэгт нэн чухал ач холбогдолтой гэж би үзэж байна. Учир нь мөнгө хэрхэн зарцуулагдсанаас уг өр зээлийг хариуцах эзэн шалтгаалах ба тухайн үед өмнөх захирал Бнь компаний ажилчдын цалинг тавих санхүүжилт орж ирээгүйн улмаас цалингаа тавьж чадахгүй байна гэдэг үндэслэлээр зээл авсан байх боловч миний бие 2013 оны 04 сард үүрэгт ажлаа хүлээж аваад, тус оны 05 сард орж ирсэн санхүүжилтээр ажилчдын 1,2,3 дугаар сарын цалинг тавьж олгосон.

2-рт. Иргэн Л.Баас авсан гэх зээл компаний дансанд орж ирээгүй хувь хүний гар дээр очсон байх ба нягтлан бодогч Өлзийнямын гаргаж өгсөн бэлэн мөнгөний баримт засвартай өөрөөр хэлбэл 18, 19 хоёрын дунд 2-ын тоотой байсан нь эргэлзээтэй байх ба уг баримтанд шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлтийг маань хангаагүй. Өөрөөр хэлбэл засвартай, эргэлзээтэй баримтыг нотлох баримтын хэмжээнд үнэлсэн нь ойлгомжгүй байна. Хөвсгөл аймгийн аудитын газар нь Хөвсгөл аймаг дахь Сум Дундын Шүүхийн шүүгчийн 2013 оны эхний хагас жилийн санхүүгийн тайланд аудит хийж, дүгнэлт гаргаж ирүүлэхийг даалгасан 2516 дугаартай захирамжинд аудит хийж, дүгнэлт гаргах боломжгүй гэсэн хариуг ирүүлсэн боловч миний бие холбогдох бусад мэргэжлийн байгууллагаар шалгалт хийлгэж, дүгнэлт гаргуулах хүсэлтээ шүүхэд удаа дараа гаргасан. Гэвч аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Санхүү төрийн сангийн хэлтэст хандаж дүгнэлт гаргуулах боломж байсаар байтал миний хүсэлтийг хангаагүйд гомдолтой байна. Иймд Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 1231 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжпэпн Л.Б нь “Х" төрийн өмчит хувьцаат компаниас зээлийн гэрээний үүргийн дагуу үндсэн зээл 12870000 төгрөг, 2 сарын хүү 257400 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс гэрээнд заасан хувиар тооцсон алданги 1601542 төгрөг, нийт 14728942 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргасан байх ба шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Л.Б, хариуцагч “Х" төрийн өмчит хувьцаат компанийг төлөөлж захирал Н.Бнар нь 2013 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулж, 12870000 төгрөгийг 2 сарын хугацаатай, 1 хувийн хүүтэй, гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувиар алданги тооцохоор тохиролцон, зээлдүүлэгч нь 12870000 төгрөгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ, нэхэмжлэгчийн тайлбар, гэрч С.Өлзийнямын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Хариуцагч “Х" төрийн өмчит хувьцаат компаний захирал Б.Ч: “12870000 төгрөг компаний үйл ажиллагаанд зарцуулагдсан уу, хувь хүн амин хувьдаа зарцуулсан уу гэдгийг тогтоох шаардлагатай, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй” гэж маргаж байх боловч зээлийн гэрээ нь нэхэмжлэгч Л.Б, хариуцагч “Х" компаний хооронд байгуулагдсан болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ /хх-ийн 3-4-р тал/- гээр нотлогдож байна. “Х" төрийн өмчит хувьцаат компани нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлсэн мөнгөө тохирсон хугацаанд буцаан өгөх үүрэгтэй бөгөөд уг үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзнэ.

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгийг шилжүүлдэг бөгөөд хэрхэн зарцуулах нь зээлдэгчийн эрх хэмжээний асуудал учир зээл зарцуулалтын байдал нь түүнийг уг гэрээгээр хүлээсэн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

Харин “Х" компаний авсан зээлийг өөр этгээд ашигласан гэж үзэж буй бол холбогдох байгууллагад шалгуулах болон бусад эрх нээлттэй болохыг дурьдах нь зүйтэй.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.” гэсэн шаардлагыг хангасан, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул “Х" төрийн өмчит хувьцаат компаний захирал

Б.Чгийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1.  Хариуцагч "Х" төрийн өмчит хувьцаат компаний захирал Б.Чгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Сум дундын шүүхийн 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 1231 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.
  2.  Хариуцагч "Х" төрийн өмчит хувьцаат компаний давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231594 /хоёр зуун гучин нэгэн мянга таван зуун ерэн дөрөв/ төгрөгийг Орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
  3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ

ШҮҮГЧ Б.СОСОРБАРАМ

ШҮҮГЧ Т.ГАНБАТ