Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 59

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ,

Улсын яллагч хяналтын прокурор С.Сугар,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг,

Шүүгдэгч Н.И  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Ид холбогдох эрүүгийн 1930000000044 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

   Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1978 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар аймгийн Бүрэнцогт суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой,  мэргэжилгүй, ам бүл 4, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 4 дүгээр баг Заводын 1-1 тоотод  оршин суух, Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2018 оны 02 дугаар сарын 26-нд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-нд  зааснаар 1 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж, 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 2 сар 25 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан, ЛД78080310 регистрийн дугаартай, Баянтэрэм  овогт Н.И.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

           Шүүгдэгч Н.И  нь 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 20 цагийн орчимд  Сүхбаатар аймгийн Мөнххаан  сумын 4  дүгээр баг Дэнжийн задгайд байх  хохирогч Г.Амгаланзаяагийн тээврийн хэрэгслийн аккумуляторыг  гэрээс нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 320000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                             

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон   цагаатгах   талын    дараах    нотлох    баримтуудыг   тал   бүрээс нь бүрэн, 

бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь: 

  Шүүгдэгч Н.И  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Айлын аккумулятарыг хүнд авч өгөх гээд санаатай авсан нь үнэн. Тухайн үед би архи уусан байсан. Архинаас болсон гэв.

  Эрүүгийн 1930000000044 дугаартай хэргээс:  

- Хохирогч Г.Амгаланзаяагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2019 оны 02 дугаар сарын 18-ны орой 20 цагийн үед гэртээ хүүхдүүдээ хараад байж байхад манай байшингийн хаалга дуугарах чимээ сонсогдсон. Би нээх их тоолгүй манай хүн орж ирж байгаа юм бай гэж бодсон. Тэгээд хүн орж ирэхгүй болохоор нь гарч харахад хүн байхгүй байсан. Тэгээд гал түлэх гээд зуух байдаг өрөө рүүгээ ороход манай нөхрийн аккумлятор байхгүй байсан. Би аккумулятороо буцааж авсан учир ямар нэг гомдол санал байхгүй ...” гэх мэдүүлэг /хх- 03/,

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын үнэлгээ /хх-ийн 21/

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 4 дүгээр багийн засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 43 дугаартай тодорхойлолт /хх-ийн 19/

Н.И-ы урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-18/ зэрэг баримтууд болно.

            Шүүгдэгч 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 20 цагийн орчимд  Сүхбаатар аймгийн Мөнххаан  сумын 4  дүгээр баг Дэнжийн задгайд байх  хохирогч Б.Батбаярын тээврийн хэрэгслийн аккумуляторыг  гэрээс нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 320000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн  болох нь шүүгдэгч Н.Иы мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч Г.Амгаланзаяагийн мөрдөн байцаалтанд гаргасан мэдүүлэг, Баруун-Урт сумын үнэлгээний комиссын  эд зүйлийн үнэлгээ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна. 

Шүүгдэгч Н.Ид холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

  Шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчид эд хөрөнгийн хохирол учирсан нь  шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.

 “Хулгайлах” гэмт хэрэг нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан иргэний эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрхийг  зөрчсөн, шууд санаатай шунахай зорилгоор, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар өөрийн эзэмшил ашиглалтад шилжүүлэн авсан үйлдлээр үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эд хөрөнгөнд хохирол учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.

Шүүгдэгч Н.Иы энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, өмчлөх эрхийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эд хөрөнгө эзэмших өмчлөх эрхэд хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсаныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Н.Иы хохирогч Г.Амгаланзаяагийн эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрхэд хохирол учруулсан үйлдэл  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж авсан”  гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Шүүгдэгч Н.И   нь  гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Прокуророос Н.Ианд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт заасан,гэмт хэрэгт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч Н.Иыг  бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

  Шүүгдэгч Н.Ианд  Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй  болно.

Шүүгдэгч Н.И нь Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2018 оны 02 дугаар сарын 26-нд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д  зааснаар 2017 оны 07 дугаар сарын 5-ны өдөр 1 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж, 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 2 сар 25 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан бөгөөд уг хугацаа нь 2019 оны 01 дүгээр сарын 10-нд дууссан байна. 

Шүүгдэгч Н.И  нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо төлсөн, хохирогч Г.Амгаланзаяа  гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Ид хорих ял оногдуулахаар тогтов.

Шүүгдэгч Н.И  нь цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй,  шүүгдэгчээс  гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Г.Амгаланзаяа  гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч   Баянтэрэм  овогт Н.Иыг бусдын эд хөрөнгийг   хүч   хэрэглэхгүйгээр,  нууцаар,  хууль  бусаар   хулгайлах  гэмт   хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ид 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Н.Ид оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Н.Ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

  5. Ялтан Н.И   нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй,  иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Г.Амгаланзаяа гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

   6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 

   7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Х.САНЖИДМАА