Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2024/00688

 

Б.Т*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Э.Энэбиш, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ2024/00425 дугаар шийдвэртэй,

Б.Т*******ын нэхэмжлэлтэй,

“Н*******” ХХК-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах, “Н*******” ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 13.1 дэх заалтыг хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Т*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.С*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М*******, В.М*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

1.1. Б.Т******* би “Н*******” ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилладаг үндсэн ажилтан байсан.

Би байгууллагын бусад ажилчидтай сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдэж, үйлдвэрчний эвлэл байгуулах тухай ярилцаж санаа бодлоо хуваалцсан бөгөөд надтай хэд хэдэн хүн санал нэгдээд шинээр байгуулахаар хөөцөлдөөд эхэлж байна. Гэтэл “Н*******” ХХК-ийн удирдлага намайг хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, компанийн хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн гэж ажлаас халсан.

1.2. Би 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б22/814 дугаартай захирлын тушаал заасан ёс зүйн алдаа гаргасан бол ямар журмын эсхүл хэн нэгэн гомдол гаргасан гэх зэрэг нь тодорхой бус байхад баахан хууль, журмын зүйл заалт бичээд ажлаас халсанд гомдолтой байна.

Иймд Б.Т******* намайг ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин урамшууллыг бодож олгох, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү. Мөн “Н*******” ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 13.1 дэх заалтыг хүчингүйд тооцож өгнө үү.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Б.Т*******ыг ажил олгогчийн зүгээс үйлдвэрчний эвлэл байгуулсан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлөөгүй. Тухайн ажилтан анх хөдөлмөрийн гэрээ байгуулснаас хойш хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болох хүртэлх хугацаанд хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа давтан биелүүлээгүй.

2.2. Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэг, давхар ажилтны гаргасан сахилгын зөрчил түүнд оногдуулсан хэм хэмжээ, мөн ажиллаж байх хугацаандаа бүтэн жилийн хугацаа сүүлийн нэг жилийн хугацаа гээд нийт 3 удаагаа сахилгын шийтгэл авсан.

Хамт ажилладаг хүмүүсээ доромжилдог.

2022 оны 8 дугаар сарын сүүлээр өттэй мах гарсан гэж байна. Гэвч ажилтан нь ажил үүргээ гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд үүссэн асуудалтай холбоотойгоор тухайн өттэй хоол гарсан нь “Н*******” ХХК-тай огт хамааралгүй.

“Н*******” ХХК нь хоол хүнсний үйлчилгээ үзүүлдэг “Грийн Кэнтрикс сервес” ХХК-ийн тухайн өдрийн гарсан зөрчилтэй холбоотой асуудлаар холбогдох байгууллага буюу мэргэжлийн хяналтын байгууллагад хандаад Мэргэжлийн хяналтын байгууллагаас дүгнэлтээр ажил олгогчийн тухайн үеийн хоол хүнс  стандартын шаардлага хангасан байна гэсэн байдаг.

Б.Т******* ажилтан болохоос төрийн эрх бүхий байгууллагын улсын байцаагч, хуулиар олгогдсон эрх бүхий субъект биш. Тавих шаардлагаа хуульд заасан үндэслэлийн дагууд тавиагүй. Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр яриа өгөөд компанийнхаа нэр хүндэд халаад хэвийн үйл ажиллагаа явуулахад саад учруулсан. Үүнтэй холбоотой сахилгын шийтгэл оногдуулсан байдаг.

Мөн 2022 оны 9 дүгээр сарын 12-ны шөнийн ээлжид ажиллаж байх хугацаандаа өглөөний ээлжээс өмнө би унтаж амармаар байна гээд шууд удирдлагадаа мэдэгдээд буусангүй гэх асуудлаар ажилтан нь хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул уг үндэслэлээр сахилгын шийтгэл оногдуулсан.

2.3. Шүүхийн буруутай үйл ажиллагаатай холбоотой процессын зөрчил гарсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүхээс 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 17613 дугаар захирамжаар тухайн ажилтны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Тус захирамжийн үндэслэл бол ажилтан нь өөрөө Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлд заасны дагуу маргаан шийдвэрлэх байгууллагад хандаагүй, үндсэн шийдвэрлэх байгууллагад хандсаны дараа шүүхэд х******* боломжтой гэсэн байдаг.

Мөн үүний дараа ажилтан нь “Н*******” ХХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст хандаж, тухайн ажилтныг буруутай гэсэн шийдвэр гарсан. Ажилтан шийдвэрийг эс хүлээн зөвшөөрч нэхэмжлэл гаргахад шүүхээс 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 20047 тоот дугаар захирамжаар Иргэнийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасны дагуу урьдчилан шийдвэрлэх ажиллагаа журамд заасны дагуу бүрэн хийгдээгүй гэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Уг захирамжийг шүүхээс 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэгчид танилцуулсан.

Уг захирамжийг 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр танилцуулсантай холбоотойгоор нэхэмжлэгчийн зүгээс Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаад “шүүхийн буруутай үйл ажиллагаанаас болоод ажилтны эрх ашиг нь зөрчигдсөн” гэдэг үндэслэлээр захирамжийг хүчингүй болгож, иргэний хэрэг үүсгэсэн. Энэхүү үйл баримттай холбоотойгоор хариуцагчийн зүгээс төрийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна гэж үзээд Шүүхийн ерөнхий зөвлөл болон төрийг төлөөлж байгаа хүмүүсийн эрх ашиг зөрчигдөж байгаа учир гуравдагч этгээдийг оролцуулах хүсэлтийг удаа дараа гаргасан боловч хангаагүй.  Шүүх Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, түүнийг сахин биелүүлэхтэй холбоотой хүний эрх, эрх чөлөө зөрчигдсөн гэж үзээд шударга ёсыг тогтоох, ариун үйл явдлыг биелүүлэх явцад шүүхээс хайхрамжгүй алдаатай үйлдэл гарсны улмаас давхар хариуцагчийн эрх ашиг зөрчигдөж байгаа асуудал байна.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Т*******ыг “Н*******” ХХК-ийн дампын операторын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 53.489.081 төгрөг гаргуулж, Б.Т*******т олгож, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлснийг баталгаажуулахыг “Н*******” ХХК-нд даалгаж,

 Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1-д зааснаар “Н*******” ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 13.1 дэх заалтыг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдаж, “Н*******” ХХК-иас 425,340 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчаас дараах үндэслэлээр эс зөвшөөрч энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.

4.1. Шүүх хүчин төгөлдөр бус захиргааны хэм хэмжээний акт үндэслэж шүүхийн шийдвэр гаргасан. Шийдвэрт  Стандарт, хэмжил зүйн газрын 2021 оны MNS 5140-1:2021 стандартыг үндэслэсэн буруу.

Захиргааны хэм хэмжээний актыг Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн өдрөөс хойш 10 өдрийн дотор “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д бүрэн эхээр нь нийтлүүлэх учир  улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлнэ, энэ шаардлагыг зөрчсөн тохиолдолд тухайн захиргааны хэм хэмжээний акт эрх зүйн үйлчлэл үйлчлэхгүй.  

Шүүх хавтас хэрэгт цугларсан нотлох баримт хуульд нийцэж байгаа эсэхийг шалгана.

Стандарт, хэмжил зүйн газрын 2021 оны MNS 5140-1:2021 стандарт нь захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй, хүчин төгөлдөр болоогүй байна.

Шүүх хүчин төгөлдөр бус, хууль зүйн үйлчлэлгүй Стандарт, хэмжил зүйн газрын 2021 оны MNS 5140-1:2021 стандартыг үндэслэж шүүхийн шийдвэр гаргаж байгаа нь захиргааны хэм хэмжээний актыг зөвхөн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлнэ, уг шаардлагыг зөрчсөн тохиолдолд тухайн захиргааны хэм хэмжээний акт эрх зүйн үйлчлэл үйлчлэхгүй. Мөн биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдэд үүрэг, хариуцлага хүлээлгэхгүй гэсэн Захиргааны ерөнхий хуулийн зарчмыг зөрчиж байна.

4.2. Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд Хөдөлмөрийн дотоод журмыг боловсруулж, баталж бүх ажилтнууддаа танилцуулсан.  Хэрэв ажил олгогчийн зүгээс баталсан хөдөлмөрийн харилцааг зохицуулсан эрх зүйн баримт бичиг нь хууль зөрчсөн байсан бол ажилтан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1-т заасны дагуу хөдөлмөрийн хяналтын улсын байцагчид гомдол гаргаж шалгуулах бүрэн эрхтэй.

Хөдөлмөрийн хяналтын улсын байцагчид гомдол гаргах эрх нь хөдөлмөрийн харилцааг зохицуулсан эрх зүйн баримт бичиг нь хуульд нийцэж байгаа эсэх харилцаа нь урьдчилсан шийдвэрлэх ажиллагаатай байгааг нотолж байна. Нэхэмжлэгчийн зүгээс хөдөлмөрийн хяналтын улсын байцагчид гомдол гаргасан тухай ямар нэгэн нотлох баримт байхгүй, авагдаагүй, шүүхийн зүгээс хуульд заасан журмын дагуу бүрдүүлээгүй, урьдчилсан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй. “Н*******” ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журам нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн гэж үзнэ.

4.3.Хөдөлмөрийн тухай хуулийн 123-р зүйлийн 123.3-т “Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг бичгээр гаргана” гэж заасан ба сахилгын шийтгэл ногдуулахад заавал тушаал гаргана гэж хуульчилж өгөөгүй.

Анхан шатны шүүхээс тухайн нэхэмжлэгч ажилтныг сахилгын зөрчил гаргасан гэж дүгнэсэн атлаа ажил олгогчийн гаргасан шийдвэр нь дээр дурдагдсан үндэслэлээр буруу, хуульд нийцээгүй гэж үзэж ажил олгогчийн шийдвэрийг буруутгасан явдал нь өөрөө ажил олгогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хэрэг маргааныг шударга бусаар шийдвэрлэсэн.

2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 17613 дугаар, 2022 оны 11 дүгээр сарын 22-ний өдрийн 20047 дугаар шүүгчийн захирамжаар Б.Т*******ын нэхэмжлэлийг урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгээгүй үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан.

Нэхэмжлэл гаргасан этгээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт заасан шаардлага хангаж байгаа эсэхийг нэхэмжлэл гаргасан өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхээс утсаар лавлах, эсхүл биеэр ирж нэхэмжлэлийн тухай мэдээлэл авах үүрэгтэй. Б.Т******* 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр шүүхэд нэхэмжлэл хүлээн авсан эсэх, иргэний хэрэг үүсгэсэн эсэхийг шийдвэрлэсэн захирамж гарсан талаар лавлаагүй хагас жил болсон. Нөгөө талаас шүүхийн шийдвэрийг танилцуулах, гардуулах журмыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлд заасан.

Б.Т******* нь хагас жилийн дараа тус шүүхийн ерөнхий шүүгчид шүүхийн буруутай үйл ажиллагааны улмаас гомдол гаргах хугацаа хэтэрсэн, энэ тухай хүлээн авахаас татгалзсан материалын бүртгэл дээр шүүгчийн туслах өөрийн гараар бичсэн үндэслэлээр 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 20047 тоот шүүхийн захирамжийг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан.

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 00232 дугаар тогтоолоор шүүхийн буруутай үйл ажиллагааны улмаас гомдол гаргах хугацаа хэтэрсэн нь үндэслэлтэй байна гэж үзэж тус шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 20047 дугаар шүүхийн захирамжийг хүчингүй болгосон.

Шүүхээс Б.Т*******ын нэхэмжлэлийг хангаж, хагас жилийн хугацаанд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамжийг гардаж аваагүй шүүхийн буруутай үйл ажиллагааны улмаас гомдол гаргах хугацааг 6 сараар хэтрүүлсэн, тасалдуулсан хугацааны цалин хөлсийг олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

4.4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь гэрч оролцуулах хүсэлт гаргасан.   

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч оролцуулахтай холбоотойгоор шүүх хуралдаан 2 сар гаруй хугацаанд удаа дараа хойшилсон бөгөөд нэхэмжлэгч хүсэлтээс татгалзсан. Нэхэмжлэгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан хугацааны олговрыг ажил олгогчоос гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

4.5. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлд хөдөлмөрийн эрхийн маргааныг шүүхээр шийдвэрлэх тохиолдлуудыг хуульчилж өгсөн. Нэхэмжлэгч шүүхэд ажлаас үндэслэлгүй халагдсан үндэслэлээр нэхэмжлэл гаргасан байх бөгөөд энэ нь Хөдөлмөрийн тухай хуулиар шүүхэд х*******аас өмнө хуульд заасан зохих урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулах шаардлага тавигдсан боловч нэхэмжлэгч хуульд заасны дагуу урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгээгүй, шүүх урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

4.6. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хүчин төгөлдөр болоогүй захиргааны хэм хэмжээний акт хэрэглэсэн, шударга ёсны зарчмыг алдагдуулсан, хуулиар тогтоосон урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн процессын алдаа гаргасан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Урьдчилан шийдвэрлэх ажиллагаа зөрчсөн зүйл байхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2 дахь хэсэгт заасны дагуу ажлаас халагдсантай холбоотой маргааныг шүүхээр шийдвэрлүүлэх эрхийг олгосон.

Анх шүүхэд нэхэмжлэл гаргахад нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзаж шийдвэрлэсэнд нэхэмжлэгчээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлд заасны дагуу гомдол гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2 дахь хэсэгт заасны дагуу шүүх хүлээж авах ёстой гэж шийдвэрлэсэн.

5.2. Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж, байгууллагууд Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийг баримтлан ажиллах ёстой. Архивын тухай хуулийн 38 дугаар зүйлд “...баримт бичгийн албан ёсны хүчинтэй байдал” гэж, 38.1 дэх хэсэгт “...Хуульд өөрөөр заагаагүй бол цаасан болон цахим баримт бичиг нь хууль тогтоомж болон стандартаар тогтоосон баримт бичгийн бүрдлээр баталгаажна” гэж заасан. Баримтын бичгийн нэр төрлийн стандарт буюу МNS стандартыг Стандарт хэмжил зүйн газраас баталж гаргадаг.

Захирамжлалын баримт бичиг дотор маягт гэж зүйл байхгүй. Ажилтанд маягтыг танилцуулснаар тухайн маягттай холбоотой асуудлаар зохих байгууллагад ханддаггүй. Хариуцагч байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 13.1 дэх хэсэгт маягтаар шийтгэл ногдуулна гэж заасан. Ингэж заасан нь Архивын хууль болон ажилтны эрхийг зөрчиж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.3-т “...хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээний нөхцөл, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ нь хөдөлмөрийн хууль тогтоомж зөрчсөн тухай ажилтны гомдол” гэж заасан. Хариуцагч байгууллагын ажилтанд хариуцлага тооцох маягтыг хүчингүйд тооцсон шүүхийн шийдвэр гарсан.

5.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийг татгалзаж байгаа үндэслэл, нотлох баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх үүрэгтэй. Ажлаас халж байгаа талаараа нэхэмжлэгчид мэдэгдээгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.3 дахь хэсэгт заасан ажиллагааг огт хийгээгүй. Ажлаас алах тухай тушаалд 1 жилд 3 сахилгын шийтгэл авсан гэж заасан боловч нэхэмжлэгч 3 удаа сахилгын шийтгэл авч байгаагүй. Хэрвээ хөдөлмөр аюулгүй байдлын эрүүл ахуйн зөрчил гаргасан бол талон цоолох ёстой байсан боловч нэхэмжлэгчийн талоныг цоолоогүй.

 Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.4-т “...ажил, үүргээ биелүүлэх явцад хөдөлмөрийн аюулгүй байдлын журам зөрчигдсөн болон амь нас, эрүүл мэндэд нь сөрөг, аюултай нөхцөл бий болсон тохиолдолд ажлаа зогсоож, энэ талаар ажил олгогчид мэдэгдэх” гэж заасны дагуу эрхээ эдэлсэн. Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

ХЯНАВАЛ: 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Б.Т******* нь хариуцагч “Н*******” ХХКд холбогдуулж ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах, “Н*******” ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 13.1 дэх заалтыг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. 

3. “Н*******” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б22/814 тоот тушаалаар ажилтан Б.Т*******ыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.4, 83 дугаар зүйлийн 83.3, 83.4, 83.5, 83.6, 123 дугаар зүйлийн 123.1, 123.2.5, 123.3, Хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.4.3, 9 дүгээр зүйлийн 9.1, 9.3.5, 10 дугаар зүйлийн 10.3.2, 10.3.2.1, 10.3.2.3, 10.3.2.5, 10.3.2.12, Компанийн ёс зүйн дүрмийн 10 дугаар зүйл, Хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.1.1, 8.1.5, 9 дүгээр зүйлийн 9.2.10, 13 дугаар зүйлийн 13.1, 13.4.4-т тус тус заасныг баримталж, үндэслэлийг дампын оператор Б.Т******* нь хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, компанийн хөдөлмөрийн дотоод журмын зөрчиж, сахилгын зөрчлийг давтан /нэг жилд 3 удаа/ гаргасан, хамт ажиллагсдаа хэл амаар доромжилж, заналхийлэх, дарамтлах зэрэг ёс зүйгүй үйлдэл гаргасан гэж заажээ.

4. Б.Т******* нь “Норамунт” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б22/814 тоот тушаалыг эс зөвшөөрч, 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд гомдол гаргасан.

4.1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШЗ2022/17613 дугаар захирамжаар урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзжээ.  

4.2. Б.Т******* нь “Н*******” ХХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст хандсан байх ба тус комиссын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн хуралдааны 03 тоот шийдвэрээр талууд маргааныг урьдчилан шийдвэрлэх, харилцан тохиролцох боломжгүй гэх үндэслэлээр ажиллагааг дуусгавар болгожээ.

4.3. Тэрээр  2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр шүүхэд дахин гомдол гаргаж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШЗ2022/20047 дугаар захирамжаар урьдчилан шийдвэрлэх журамд заасан ажиллагааг бүрэн хийгдээгүй гэх үндэслэлээр түүний нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.

4.4. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШЗ2022/20047 дугаар захирамжийг эс зөвшөөрч гаргасан Б.Т*******ын гомдлыг үндэслэн тус шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШТ2023/00232 дугаар тогтоолоор 20047 дугаар захирамжийг хүчингүй болгосон байна.

4.5. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дүгээр зүйлийн 158.2 дахь хэсэгт “хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл шүүхэд хандаж хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлүүлнэ” гэж, мөн хуулийн 158.2.2-т “хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан гомдол гаргасан” гэж тус тус заасны дагуу ажилтан нь Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст хандаж, улмаар шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байх тул урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх хариуцагчийн гаргасан тайлбар, давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

5. Анхан шатны шүүх ажилтанд сахилгын шийтгэлийг маягтаар ногдуулсан нь буруу гэж дүгнэсэн нь алдаатай болсныг давж заалдах шатны шүүхээс залруулах нь зүйтэй байна.

5.1. “Н*******” ХХК-иас дампын оператор ажилтай Б.Т*******т 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хаалттай сануулах сахилгын шийтгэл, 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хаалттай сануулах сахилгын шийтгэл, 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр сахилгын шийтгэлийг “сахилгын шийтгэлийн маягт” гэх нэртэй баримтаар авсан байна.

5.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн  123.2 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг ажил олгогч сонгож хэрэглэхдээ шийдвэрээ бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргахаар заасан.

Мөн “Н*******” ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 13 дугаар зүйлийн 13.1-д “Ажил олгогч нь ажилтнаас байгууллага дотооддоо мөрдүүлэхээр хэм хэмжээ тогтоосон энэ журам, бусад дүрэм, журам, эдгээртэй адилтган үзэх актуудыг чанд мөрдөж ажиллах, биелүүлэх, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхийг шаардах эрхтэй ба тэдгээрийг зөрчсөн ажилтанд Хөдөлмөрийн тухай хууль, энэ журам, ажилтантай байгуулсан гэрээнд заасан хэлбэрийн сахилгын шийтгэлийн арга хэмжээг зохих маягт, удирдлагын шийдвэр гаргасны дагуу авах бүрэн эрхтэй болно гэж заасан.

Иймд “Сахилгын шийтгэлийн маягт” гэх баримтаар ажилтанд сахилгын шийтгэл оногдуулж болно гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн сахилгын шийтгэл бичгээр ногдуулахаар зохицуулсныг тайлбарлахдаа ажил олгогч Стандарт, хэмжил зүйн газрын 2021 оны MNS 5140-1:2021 стандартад нэрлэн заасан баримт бичгийн хэлбэрт нийцүүлэх ёстой гэх агуулгаар дүгнэснийг зөвтгөх боломжгүй байна. Энэ үндэслэлээр хариуцагч талын гаргасан холбогдох давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй.

6. Ажил олгогч “Н*******” ХХК-иас 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр ногдуулсан сахилгын шийтгэл нь хуульд нийцсэн, харин 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хаалттай сануулах сахилгын шийтгэл, 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр ажилтанд ногдуулсан сахилгын шийтгэл тус тус ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт нийцээгүй байна.  

6.1. “Н*******” ХХК-ийн 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн “Сахилгын шийтгэлийн маягт”-ад “Б.Т*******ыг хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн, ажилчдаас удаа дараа гомдол ирсэн, хөдөлмөрийн дотоод журамд заасан заналхийлж, хэл амаар доромжлох, зүй бус үйлдэл гаргах зэрэг үйлдэл гэсэн тул хаалттай сануулах сахилгын шийтгэл оногдуулахдаа зөрчил тогтоох ажиллагаа явуулсан нь тус компанийн 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн хурлын тэмдэглэлээр тогтоогджээ.

6.2. “Н*******” ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн “Сахилгын шийтгэлийн маягт”-ад “Хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.1.11-т “... Мэдээлэхийг зөвшөөрснөөс бусад мэдээллийг ... гуравдагч этгээдэд ил болгохгүй байх”, Хөдөлмөрийн гэрээний 8.2.2-т “... Гэрээний дагуу эрхлэх ажил, үүрэгтэй холбоотой Ажил олгогчоос тогтоосон хууль ёсны заавар, чиглэл, тушаалыг хэрэгжүүлэн” үүрэгтэй гэж заасан байхад удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй”, хөдөлмөрийн гэрээний 10.3.2.3-т “Ажилтан сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа сахилгын зөрчил гаргасан”, 10.3.2.13-т “Ажил олгогчийн бизнесийн нэр хүндэд хохирол учруулахаар ямар нэг үйлдэл, эс үйлдэхүй хийсэн, эрх хэмжээ хэтрүүлсэн, буруугаар ашигласан” гэж заасан байхад илт худал, буруу ташаа мэдээллийг олон нийтэд цацсан үйлдэл хийсэн; холбогдох хууль хяналтын байгууллагын албан ёсны дүгнэлт гараагүй, компани өөрөө хохирсон байхад компани хууль бус үйлдэл хийсэн мэт олон нийтэд илт худал, ташаа мэдээллийн хэрэгсэл болон олон нийтийн сошиал медиа ашиглан тараасан гэх үндэслэлээр нээлттэй сануулах сахилгын шийтгэл оногдуулсан.

Уг “Сахилгын шийтгэлийн маягт”-д компанийн гүйцэтгэх удирдлага гарын үсэг зурж албажуулаагүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар сахилгын шийтгэлийг бичгээр гаргана гэснийг зөрчжээ.

Түүнчлэн “Н*******” ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 2.10-д зааснаар “удирдлага” гэдэгт ажил олгогчийг төлөөлөн ажилтантай хөдөлмөрийн гэрээ, онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ болон бусад гэрээг байгуулах, дуусгавар болгох, ажилтанд сахилгын шийтгэл ногдуулан эрх бүхий ерөнхий болон гүйцэтгэх захирал, мөн хариуцан ажилтнуудад ажлын үүрэг даалгавар зааварчилгаа өгч, хэрэгжилтийг хянах, үр дүнг хүлээн авах, гүйцэтгэлийг дүгнэх, ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн ажилтнуудад сахилгын шийтгэл ногдуулах саналыг дээд шатны удирдлагад гаргах эрх бүхий холбогдох хэлтсийн менежер, ахлах ажилтан зэрэг эрх бүхий албан тушаалтан, ажилтнуудыг ойлгохоор заажээ. Мөн дотоод журмын 13.6-д зааснаар  нээлттэй сануулах сахилгын шийтгэлийг “сахилгын шийтгэлийн маягт хуудас”-аар ногдуулахад удирдах ажилтан, холбогдох менежерүүд болон ажилтнаар гарын үсэг зуруулж баталгаажуулснаар хүчин төгөлдөр болохоор байна. 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн “Сахилгын шийтгэлийн маягт”-ад ажилтан гарын үсэг зураагүй тул хүчин төгөлдөр болоогүй. Ажилтан гарын үсэг зурахаас татгалзах талаар зохицуулаагүйг дурдах нь зүйтэй. 

Иймд дээрх үндэслэлээр ажилтанд сахилгын шийтгэл ногдуулсан гэж дүгнэхгүй юм.

6.3. “Н*******” ХХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн “Сахилгын шийтгэлийн маягт”-ад “Уулын хэлтсийн дампын оператор Б.Т******* нь 2022.09.12-ны шөнийн ээлжид нойр хүрсэн гэх шалтгаанаар хоолны цагаас хойш 02:00 цаг өглөөний буух ээлжийн цаг хүртэл унтсан. Б.Т******* өөрөө наряд /ажлын байрны зааварчилгаа/ дээр хангалттай унтаж амарсан, түүнийг зөвшөөрч гарын үсгээ зурж ажилдаа гарсан боловч байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зохих ёсоор гүйцэтгээгүй гэх үндэслэлээр сахилгын шийтгэл оногдуулсан гэжээ.

Уг “Сахилгын шийтгэлийн маягт”-д Б.Т*******т ногдуулсан сахилгын шийтгэлийн төрлийг сонгоогүйгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар сахилгын ямар шийтгэл ногдуулсан нь тодорхойгүй тул түүнд сахилгын шийтгэл ногдуулаагүй гэж дүгнэнэ. 

6.4. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэж заасны дагуу Б.Т******* нь сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул Б.Т*******ыг “Н*******” ХХК-ийн дампын операторын ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэв.

7. Ажлаас үндэслэлгүй халагдсаны үр дагавар болох ажилтны ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрын хэмжээг 53,489,081 төгрөгөөр тооцож ажилтанд олгож, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтыг үндэслэн шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасантай нийцжээ. 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ2024/00425 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...158.1.1” гэснийг “...158.2.2” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 425,340 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.ЦОГТСАЙХАН                                           ШҮҮГЧИД                                   Э.ЭНЭБИШ

                                                                         Э.ЗОЛЗАЯА