Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 380

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Баярмаа хөтлөн

улсын яллагч Г.Билгүүжин

хохирогч Б.Ц, түүний өмгөөлөгч Ц.Жамбалсүрэн

шүүгдэгч Б.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

Тт холбогдох эрүүгийн 1905009390278 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Б.Т нь 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 15 цагийн үед Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр Туулийн 16 дугаар гудамжны 294а тоот хашааны гадаа иргэн Б.Цтай маргалдан улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Т шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн байцаалтанд мэдүүлгээ үнэн зөвөөр өгсөн. Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй гэв.  

Хохирогч Б.Ц шүүхийн хэлэлцүүлэгт: Хашааны үүдэнд машинаа зогсоогоод утасны сим карт хийгээд л хөдлөх гэж байсан. Тэгтэл аав нь гэж хүн бууж ирээд над руу дайрсан. Би тэр ахыг түрүүлж очоод боосон асуудал байхгүй. Тэр аав нь гэж хүн шууд бууж ирээд намайг шууд түлхээд хашаанд шахахад хашаа нь нураад ирсэн. Би тэр хүнд огт гар хүрээгүй. Одоо миний хамарнаас цус их гардаг мөн хамар битүүрдэг болсон урд нь тэгдэггүй байсан. Хамараа “ЭМ ЖИ ЖИ” гээд эмнэлэгт үзүүлэхэд яаралтай хагалгаанд орох шаардлагатай гэсэн. Хагалгаанд орох төлбөр байхгүй тул би одоог хүртэл хагалгаанд орж чадаагүй байгаа. Өмгөөллийн хөлсөнд 500.000 төгрөг төлсөн баримт хэрэгт байгаа. Үүнийгээ нэхэмжилнэ. Би гомдолтой байна.  гэв.

Хавтаст хэргээс:

Хохирогч Б.Ц мөрдөн байцаалтанд: 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 15 цагийн үед эхнэр Дэлгэрмаагийн хамт өөрийн эзэмшлийн 62-99 УБТ дугаартай машинтайгаа Гандангийн орчимд явж байгаад зогсоол олдохгүй байхаар нь явж байхад нэг машин гарахаар нь зөрж ороод зогсож байхад нэг хар өнгийн машин ирээд манай компанийн эзэмшлийн зогсоол наана чинь зогсдоггүй юм гээд машин дотроос булган малгайтай 40 орчим насны ах, шар пальтотой залуутай хамт гарч ирэхээр нь би удахгүй 5 минут болоод гараад ирнэ гэхэд манайд 2 хоногийн өмнө хулгай орсон зогсож болохгүй та 2 хулгай хийх гээд байгаа юм уу гэхэд хажууд цагаан өнгийн суудлын тэрэг ирээд машин дотроос том биетэй нүдний шилтэй залуу бас жижиг залуугийн хамт бууж ирж харагдсан. Тэгэхэд тэр ах шууд миний хоолойг боогоод хашлага руу тулаад хашлага нь цөмөрч ороод миний дээрээс тэр ах унасан. Тэгэхэд би тэр ахыг түлхээд босоод ирэхэд шар пальтотой залуу намайг араас хоолой боосон. Тэгэхэд би эргэж хараад нөгөө залууг цохих гэхэд хүрээгүй. Тэгээд эргээд хартал нөгөө ах манай эхнэрийн гарыг ард гаргаад өчиж байхаар нь би очоод уг ахыг нүүр рүү нь 1 удаа цохисон. Тэгэхэд араас өндөр том биетэй залуу ирээд нүүр рүү цохиод эхэлсэн. Тухайн үед би манараад хашлаган дээр суухад араас өндөр залуу ирээд толгой түрүү рүү цохиод байсан. /хх-ийн 27-28/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Э.Энхсайхан мөрдөн байцаалтанд:  Би 2019 оны 02 дугаар сарын 15-нд Баянгол дүүргийн 16 дугаар хороо Туулын 16-294а тоот гэрээсээ аав Энхбаатарын хамтаар аавынхаа 88-27 УНС улсын дугаартай Ниссан машинтай гараад явж байхад манай хашааны үүдэнд хашаа таглаад 62-99 УБТ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн машин зогсоолд тавьсан байхаар нь буцаж очоод машиныхаа цонхоор наана чинь машин тавьж болохгүй манай хашааны гарц байгаа гэж манай аав хэлэхэд жолооч нь гэх эрэгтэй удахгүй юун сүртэй юм гэхээр нь би машинаасаа буугаад гинжин хаалтаа аваад та гарчихаа ах машин тавьж болохгүй гэхэд чи намайг танихгүй байна уу Хайлаастад сонсоогүй юу гээд над руу дайраад байхад аав машинаас бууж ирээд чи хүүхэд яагаад байгаа юм гэхэд манай аавыг хоолойноос нь боож аваад түлхээд дээр нь уначихаад дээрээс нь толгой руу нь цохиод байхаар нь би очоод татаад босгоход эхнэр нь ирээд  намайг үсдээд чихнээс зулгаагаад урсан. Тэгэхэд манай найз Т хажуугаар машинтайгаа явж таараад бууж ирээд нөгөө залууг татаад чи болиочээ гээд салгахад тэр залуу манай найзыг нүүр рүү нь цохиод харааны шилийг нь эвдэлсэн. Тэгээд тэр залууг манай найзыг дахиад 2-3 удаа цохиод байсан. Тэгэхэд эхнэр нь манай аав дээр очоод үсдээд нүүр амыг нь маажаад байсан.  Би эхнэрийг нь салгах гээд татахад над руу орилоод дайраад байсан. Тэгэхэд гудамжинд хажуугаар явж байсан 4-5 залуучууд ирээд салгасан. /хх-ийн 30/ гэх мэдүүлэг,

 

Гэрч М.Энхбаатар мөрдөн байцаалтанд: Би 2019 оны 02 дугаар сарын 15-нд өдөр 15 цагийн үед өөрийн хүү Энхсайханы хамтаар Баянгол дүүргийн 16 дугаар хороо Туулын 16-294а тоот складан дээр юм буулгачихаад хашаагаа хаагаад гаднах талын гинжээр хаачихаад машинтай хөдлөөд явж байхад манай хашааны гинжин хаалтыг аваад жижиг тэрэг хашааны үүд таглаад орж байсан. Тэгэхээр нь хүү бид хоёр буцаж очиход эрэгтэй эмэгтэй хоёр хүн машиныхаа хажууд зогсож байхаар нь наана чинь машин тавьж болохгүй айлын хаалга таглаад тавьсан байна гэхэд эрэгтэй нь юун сүртэй юм ийшээ орчихоод удахгүй ирнэ гэхэд манай хүү машинаасаа буугаад ахаа та буцаад гарчих энэ хашаанд хүн байхгүй, 2-3 хоногийн өмнө хулгай орсон юм гэхэд эмэгтэй нь би хулгайч уу гээд эрэгтэй нь манай хүүг барьж аваад чи муу гөлөг минь яагаад байгаа юм гээд заамдаад авахаар нь би буугаад нөгөө залууг салгах гэхэд намайг барьж аваад бид 2 ноцолдоод намайг хоолой боогоод хамт хашаа руу налаад миний дээр гараад унасан. Тэгээд миний толгой руу уг залуу 2-3 удаа мөргөөд эрүү рүү 3-4 удаа гараараа цохисон. Тэгээд манай хүү ирээд нөгөө залууг араас нь салгаад татаад авахад эмэгтэй нь ирээд манай хүүг үсдээд авсан. Тэгээд би буцаж очоод уг залууг салгах гэхэд над руу дайраад намайг цохиод байсан. Тэгэхэд эхнэр нь ирээд намайг үсдээд гараараа төмсөгнөөс базаад байхаар нь би уг эмэгтэйгийн гарыг салгаад бариад авсан. Тэгэхэд тэр залуу манай хүүхэдтэй ноцолдоод байсан. Тэгэхэд манай хүүгийн найз Т  хажуугаар явж таараад ирээд салгасан. Тэгэхэд тэр залуу Ттэй маргалдаж байгаад шууд нүүр рүү нь цохиод авахад харааны шил нь газар унасан. Тэгээд тэр 2 зодолдоод эхэлсэн. Тэгэхэд эхнэр нь ирээд Т рүү дайраад энгэр заамыг нь маажаад байсан. /хх-ийн 38/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2432 дугаартай дүгнэлтэнд: Б.Цийн биед тархи доргилт, хамрын ясны хугарал, хамар, зүүн хацрын зулгаралт, хамрын нуруу дагз, зүүн чих, зүүн нүдний доод зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 56/ гэсэн дүгнэлт,

 

Сэжигтнээр Б.Т мөрдөн байцаалтанд: Би 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 15 цагийн үед өөрийн эхнэр Хонгорзулыг эмнэлэгт үзүүлчихээд Гандангийн арын зам дээр өөрийнхөө машинтай явж байхад Гандангийн автобусны зүүн  талд манай найз Энхсайханы гэрийн гадаа нэг залуу аавыг нь заамдаад нүүр рүү нь цохиж байхаар нь би машинаа зогсоогоод очоод уг залууг татаж аваад хөгшин настай хүн болиочээ гэхэд тэр залуу чи хэн бэ намайг таних уу би Хайлаастын атаман байна Александр гэж мэдэх үү гээд байсан. Тэгэхээр нь би хөгшин настай хүн байна больчихоо ах гэхэд намайг уг залуу толгой руу цохиод миний шил газар унасан. Тэгээд би шилээ газраас авах гэтэл дээрээс 2 удаа нуруу руу өшиглөсөн. Тэгээд би босож ирээд найз Энхсайхан дээр очиход уг залуугийн эхнэр нь Энхсайханыг үсдээд зогсож байснаа над руу дайраад цээж маажсан. Тэгээд би тэр эмэгтэйг та болио гээд түлхэхэд хажуунаас нөгөө залуу орж ирээд намайг цохиод авахаар нь би уг залуугийн нүүр рүү нь 2 удаа цохисон.  /хх-ийн 77-78/ гэх мэдүүлэг,

 

Хохиролтой холбогдох баримт /хх-ийн 58/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор Б.Тийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 101/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 102/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 103/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 115/, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 111 дүгээр шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 118/ зэрэг бичгийн баримтуудыг талуудын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн болон хохиролын талаархи шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Б.Т 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 15 цагийн үед Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Туулын 16 дугаар гудамжны 294а тоот хашааны гадаа иргэн Б.Цтай маргалдан улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Цийн“...араас өндөр том биетэй залуу ирээд нүүр рүү цохиод эхэлсэн. Тухайн үед би манараад хашлаган дээр суухад араас өндөр залуу ирээд толгой түрүү рүү цохиод байсан...” /хх-ийн 27/, гэрч Э.Энхсайханы “...манай найз Т хажуугаар машинтайгаа явж таараад бууж ирээд нөгөө залууг татаад чи болиочээ гээд салгахад тэр залуу манай найзыг нүүр рүү нь цохиод харааны шилийг нь эвдэлсэн...”/хх-ийн 30/, гэрч М.Энхбаатарын“...тэр залуу Ттэй маргалдаж байгаад шууд нүүр рүү нь цохиод авахад харааны шил нь газар унасан.Тэгээд тэр 2 зодолдоод эхэлсэн...”/хх-ийн 38/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлгүүд болон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2432 дугаартай дүгнэлт /хх-ийн 56/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Түүнчлэн эдгээр бичгийн нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ болон хэргийн бусад байдлыг нотлох үүргийг хуулиар хүлээгээгүй Б.Т мөрдөн байцаалтын явцад үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн”... би тэр эмэгтэйг та болио гээд түлхэхэд хажуунаас нөгөө залуу орж ирээд намайг цохиод авахаар нь би уг залуугийн нүүр рүү нь 2 удаа цохисон...”  /хх-ийн 77/ гэх мэдүүлэг нь давхар батлагдаж нотлогдсон тул түүний мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлэв.  

 

Б.Т нь Б.Цийн бие махбодид халдсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тооцогдох үйлдэл  байх бөгөөд уг үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн санаатай гэмт хэрэгт” тооцогдоно. 

Шүүгдэгч Б.Тийн хууль бус үйлдлийн улмаас хохирогч Б.Цийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан нь үйлдэл, хохирол хор уршгийн шалтгаант холбоотой гэж үзнэ.  

Иймд хяналтын прокуророос Б.Тт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэж,

шүүгдэгч Б.Тийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцов. 

 

Улсын яллагчаас Б.Тийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

 

 Хавтаст хэрэгт хохирогч Б.Цаас эрүүл мэндтэй холбогдох “ЭМЖЖ “эмнэлэгт үзүүлсэн  35000 төгрөгийн баримт,  шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд төлсөн 8000 төгрөгийн /хх-ийн 55/ баримтууд нь энэ хэрэгт хамааралтай байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шүүгдэгч  Б.Төөс 43000 төгрөг гаргуулж хохирогч Б.Цид олгох нь зүйтэй.

 

Б.Ц өмгөөллийн хөлсөнд 500.000 төгрөг нэхэмжилсэн нь сайн дурын хүсэл зоригийн үндсэн дээр талуудын харилцан тохиролцсон өмгөөллийн хөлс нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зайлшгүй зардалд хамаарахгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Харин хохирогч Б.Ц цаашид гарах эмчилгээтэй холбогдох зардлаа баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс, Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч Б.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн Гэм буруугийн зарчимд нийцнэ.

 

Шүүгдэгч Б.Тт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх байдал тогтоогдоогүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалж гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

 

Эдгээр байдал болон Б.Тийн хувийн байдлыг харгалзаж торгох ял оногдуулах боломжтой гэж шүүх дүгнэлээ.