Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2024/01524

 

М.М, М.Ц нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Э.Энэбиш, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 17-ны өдрийн 101/ШШ2024/02090 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М.М, М.Ц нарын нэхэмжлэлтэй, хариуцагч У.Э-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 29,900,000 төгрөг, зээлийн хүүнд төлсөн 4,000,000 төгрөг, нийт 33,900,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчдын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нар нэхэмжлэл, тайлбартаа: М.Ц нь 2016 оны 10 сарын 25-ны өдөр 10,000,000 төгрөгийг У.Э-д зээлдүүлсэн. У.Э-д дахин мөнгө хэрэгтэй болсон тул М.М-аас мөнгө зээлэх хүсэлт гаргасан. Тухайн үед М.М-т мөнгө байгаагүй тул танил Н.Б-тай й уулзаж мөнгө асуухад У.Э-д мөнгө зээлэхгүй гэсэн. М.М түүнд У.Э-гийн байрыг худалдаж авах хүсэлтэй байна, харин хэрэгтэй мөнгийг нь олж өгье гэж санал тавьсан. Ингээд У.Эгийн Баянзүрх дүүргийн **-р хороо, **-р хорооллын ***-** тоот орон сууцыг 30,000,000 төгрөгт худалдаж авахаар тохиролцсон. Н.Б-аас М.М 20,000,000 төгрөг зээлж, 10,000,000 төгрөгийг нь өөртөө авч, үлдсэн 10,000,000 төгрөгийг бэлнээр У.Э-д өгөөд орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Мөн М.Ц нь 2017 оны 09 сард 1,000,000 төгрөг, 2017 оны 11 сарын 16-ны өдөр 8,400,000 төгрөг, 2017 оны 11 сарын 29-ний өдөр 500,000 төгрөг, нийт 9,900,000 төгрөгийг У.Э-д дансаар шилжүүлсэн. Өмнө нь 2016 оны 10 сарын 25-ны өдөр М.Ц-гаас зээлдүүлсэн 10,000,000 төгрөг, М.М, Н.Б-аас зээлж У.Э-д өгсөн 10,000,000 төгрөг, мөн М.Ц-гийн данснаас шилжүүлсэн 9,900,000 төгрөг, нийт 29,900,000 төгрөгийг байрны үнэд У.Э-д төлсөн. Гэтэл У.Э нь орон сууцаа буцаан авах нэхэмжлэл гаргаснаар шүүх нэхэмжлэлийг хангасан бөгөөд хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлийг харилцан буцаахаар болсон. Нэгэнт орон сууцыг буцаан гаргуулахаар шийдсэн тул хариуцагчаас 29,900,000 төгрөг, зээлийн гэрээний хүүнд төлсөн 4,000,000 төгрөг нийт 33,900,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Хариуцагчаас 9,900,000 төгрөгийг буцаан төлсөн гэх боловч энэ нь зээлийн төлбөрт авсан мөнгө биш бөгөөд У.Э нь байраа худалдчихаад хүлээлгэн өгөлгүй түрээсэлж амьдарч байсан хугацааны түрээсийн төлбөрт шилжүүлсэн мөнгө юм. Иймд зээлийн төлбөрт буцаан төлөгдсөн гэж үзэхгүй. М.М нь орон сууцны өмчлөгч тул өмчийнхөө үр шимийг хүртсэн гэж үзнэ. Иймд хариуцагчаас нийт 33,900,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нараас шилжүүлж авсан 9,900,000 төгрөгийг 2018 оны 06 сарын 29-ний өдрөөс 2020 оны 08 сарын 25-ны өдөр хооронд 9 удаагийн гүйлгээгээр буцааж төлсөн. М.Ц, М.М нар ажил хэргийн холбоотой байсан бөгөөд байгаль орчны үнэлгээний мөнгийг төлүүлэхийн тулд Н ХХК-аас энэ мөнгийг авсан. У.Э нь М.Ц-гаас энэ мөнгийг хүлээн авсан баримт байхгүй хариуцвал зохих этгээд биш юм. Н.Б-аас авсан 20,000,000 төгрөгийн 10,000,000 төгрөгийг У.Э-д өгсөн гэх боловч баримтаар нотлогдохгүй тул хүлээн зөвшөөрөхгүй. Байр яагаад нэхэмжлэгчийн өмчлөлд шилжсэн гэхээр 9,900,000 төгрөгийг зээлж авахын тулд хариуцагч байраа өмчлөлд нь шилжүүлж өгсөн. Төв аймгийн Давж заалдах шатны шүүхээр 29,900,000 төгрөгийн асуудал дүгнэгдсэн, 9,900,000 төгрөгийг зээлээд үүнийхээ хариуд худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн гэж дүгнээд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч тал хүү болон түрээсийн төлбөр гэж хэлж байх боловч эдгээр төлбөрийг төлсөн байна гэж шийдвэрт дүгнэсэн байгаа. 2016 оны 10 сарын 25-ны өдрийн 10,000,000 төгрөгийг давж заалдах шатны шүүх дүгнэсэн. Гэрч Б.Б У.Э-гийн эхнэр гэх хүний дансанд шилжүүлсэн гэж хэлсэн. Бодит байдалд нарийвчилсан үнэлгээний хохирлын мөнгийг хамт явж талууд тушаасан байсан. М.Ц нь У.Э-д 10,000,000 төгрөгийг өгсөн гэсэн баримт байхгүй. Дараагийн 10,000,000 төгрөгийн хувьд нэхэмжлэгч нь 2017 оны 10 сарын 08-ны өдөр гэж тодорхойлдог. Төв аймгийн шүүхэд 9,900,000 төгрөгийг аваад байрыг шилжүүлсэн гэж яригддаг. Талуудын хооронд Иргэний хуулийн 281.1-д заасан зээлийн харилцаа үүсээгүй, хүү тохиролцсон зүйл байхгүй тул 4,000,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг баримтлан хариуцагч У.Э-гаас 10,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.М, М.Ц нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 23,900,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 327,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч У.Э-гаас 174,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.М, М.Ц нарт олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

4.1. 2017 оны 11 сарын 08-ны өдрийн Орон сууц худалдах худалдан авах гэрээ-нд орон сууцыг худалдах үнийг 30,000,000 төгрөг гэж тогтоосон ба энэ нь хариуцагчид зээлдүүлсэн мөнгөн дүнг тодорхойлно. Өөрөөр хэлбэл, хариуцагчид өмнө нь олгосон зээл буюу 2016 оны 10 сарын 25-ны өдөр дансаар шилжүүлсэн 10,000,000 төгрөг, 2017 оны 11 сарын 08-ны өдөр бэлнээр өгсөн 10,000,000 төгрөг, нийт 20,000,000 төгрөгийг зээлдүүлж, гэрээ байгуулсны дараа 9,900,000 төгрөгийг нэмж шилжүүлснээр хариуцагчид 30,000,000 төгрөг зээлдүүлсэн үйл баримт тогтоогдох юм. Тухайн үед гэрээ байгуулсан даруй М.М нь Э.Э-ийн хамт гэрч Н.Б-тай уулзахаар очсон ба өмнө нь зээлсэн 10,000,000 төгрөг дээр нэмж 10,000,000 төгрөг зээлэх талаар хэлсэн боловч У.Э-д дахин зээлдүүлэхгүй гэсэн. М.М нь Н.Б-аас 10,000,000 төгрөгийг зээлж У.Э-д өгсөн. Энэ үйл баримт нь Н.Б-ын Төв аймгийн анхан, давж заалдах шатны шүүхэд хянан шийдвэрлэгдэж байсан иргэний хэрэгт гаргасан гэрчийн мэдүүлэг, мөн уг иргэний хэрэгт гаргасан гэрчийн мэдүүлгүүдээр тус тус нотлогдоно. Хариуцагч энэ талаар зээлсэн мөнгөө буцаан төлөх баталгаа болгож байрныхаа өмчлөх эрхийг шилжүүлсэн гэж тайлбарладаг ба тухайн үед зөвхөн 9,900,000 төгрөгийн зээлийн барьцаанд 55 м.кв 2 өрөө байрыг барьцаалах боломжгүй юм.

4.2. Хариуцагч нь 2018 оны 06 сарын 29-ний өдрөөс 2019 оны 03 сарын 18-ны өдөр хүртэл 9 удаа нийт 9,900,000 төгрөгийг шилжүүлсэн ба гүйлгээний утга дээр huu гэж шилжүүлснээс үзэхэд уг төлбөрийг үндсэн зээлийг буцаан төлсөн гэж үзэхгүй ба талууд амаар тохиролцож байсан зээлийн хүүгийн төлбөрийг төлсөн гэж үзэхээр байна. Тухайн үед хэргийн үйл баримтыг мэдэж байгаа гэрч Н.Б-ын нотариатаар гэрчлүүлэн шүүхэд өгсөн мэдүүлэг, тайлбараар бусдаас хүүтэй мөнгө зээлэн У.Э-д олгож байсан талаар мэдэж байсан тул хүүгийн төлбөрийг дансаар буцаан шилжүүлсэн нь тодорхой болно. Өөрөөр хэлбэл, У.Э нь 9,900,000 төгрөгийг буцаан төлсөн гэх дүгнэлт нь үндэслэлгүй ба хэрэгт авагдсан дансны хуулгаас үзэхэд зээлийг буцаан төлсөн гэх нөхцөл байдлыг тодорхойлохгүй. Ийнхүү хариуцагчийн нөхцөл байдлыг ойлгон, түүнд бусдаас мөнгө зээлэн өгч байсан уг итгэлцлийг үл хайхран, үгүйсгэж бодит байдалд нийцээгүй тайлбарыг гаргасаар байна.

4.3. Нэхэмжлэгч нь хариуцагчтай байгуулсан гэрээнээс татгалзсан бус гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардсан. Нэхэмжлэгч нар хариуцагчид 29,900,000 төгрөгийг итгэж шилжүүлэхдээ Н.Б-аас хүүтэй мөнгө зээлж, түүний төлөх ёстой хүүг нь төлж хохирсон ба хэлэлцэн тохирсны дагуу Н.Б-т үндсэн зээл 20,000,000 төгрөг түүний хүү 4,000,000 төгрөг, нийт 24,000,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн болох нь хэргийн 20 дахь талд авагдсан баримтаар нотлогдоно. Мөн 2027 оны 11 сарын 08-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг шүүхийн шийдвэрээр тогтоосон ба хариуцагч нь анх тохиролцож байснаа үгүйсгэж, хүчин төгөлдөр бус хэлцэл хийх болсон нөхцөл байдалд буруутай гэж үзэж байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д заасны дагуу бусдаас хүүтэй мөнгө зээлэн орон сууцны үнийг төлсөн боловч уг нөхцөл байдал өөрчлөгдсөний улмаас Н.Б-т сарын 5 хувийн хүүтэй 4 сарын хүүгийн төлбөрийг төлж хохирсон юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

5.  Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

5.1.  Анхан шатны шүүх хэрэгт цугласан нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үзэж, баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж үзэхгүй үндэслэлгүй дүгнэлт гаргасан. Нэхэмжлэгч М.Ц нь хариуцагч У.Э-д 2016 оны 10 сарын 25-ны өдөр 10,000,000 төгрөгийг шилжүүлсэн гэх баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч нь хариуцагчид өөрийн мөнгөн хөрөнгийг шилжүүлэн өгснийг нотлох баримтын хүрээнд нотолж чадаагүй байхад шүүх талуудын хооронд зээлийн харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т заасан зохицуулалтыг хэрэгт цугласан нотлох баримтад үндэслэн дүгнэлт хийж чадаагүй.

5.2. Хэргийн 20-р талд авагдсан гэрч Н.Б-ын тайлбар, 2021 оны 07 сарын 29-ний өдрийн Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэрч Н.Б-ын мэдүүлэг, мөн 2024 оны 04 сарын 17-ны өдрийн шүүх хуралд өгсөн гэрч Н.Б-ын мэдүүлэг нь өөр хоорондоо зөрүүтэй байхад эдгээр баримтад анхан шатны шүүх дүгнэлт хийхгүйгээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн харилцаа үүссэн гэж үзсэн нь үндэслэлгүй.

5.3. Нэхэмжлэгч М.Ц-гаас 10,000,000 төгрөгийг У.Э хүлээн авсан гэх баримт хэрэгт авагдаагүй бөгөөд нэхэмжлэгч нь бусдаас шаардан авах гэж байгаа юм ийм бичиг бичээд өгөөч гэх гуйлтын дагуу хожим 2017 оны 05 сарын 24-ний өдөр гараар бичсэн бичгийг ашиглан 10,000,000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч нар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг өөрөө бүрэн нотолж чадаагүй болно.

5.4. Нэхэмжлэгч нар хариуцагчид нийт 29,900,000 төгрөг шилжүүлж, нэхэмжлэгчийн өмчлөлийн 55 м.кв, 2 өрөө орон сууцыг худалдан авсан гэж иргэний маргаан үүсгэж, тус маргааныг Төв аймгийн анхан, давж заалдах шатны шүүх хянаж, 2021 оны 08 сарын 19-ний өдрийн 584 дугаар шийдвэр, 2021 оны 11 сарын 17-ны өдрийн 22 дугаар магадлал гарсан. Төв аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч М.Ц, М.М нар хариуцагч У.Э-гийн эзэмшилд 29,900,000 төгрөг шилжүүлсэн эсэхэд дүгнэлт хийж шийдвэрлэсэн. Гэтэл анхан шатны шүүх өмнө дүгнэсэн үйл баримтад дахин дүгнэлт хийж М.Ц, У.Э нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д заасантай нийцэхгүй.

Иймд хариуцагч У.Эгаас 10,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгохоор шийдвэрлэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ: 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хангахгүй орхив.

2. Нэхэмжлэгч М.М, М.Ц нар хариуцагч У.Э-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 29,900,000 төгрөг, зээлийн хүүнд төлсөн 4,000,000 төгрөг, нийт 33,900,000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

3. Нэхэмжлэгч М.Ц нь 2016 онд 10,000,000 төгрөг, 2017 оны 9,900,000 төгрөг, нэхэмжлэгч М.М нь Н.Б-аас авч 2016 онд 10,000,000 төгрөг, нийт 29,900,000 төгрөгийг хариуцагч У.Э-д шилжүүлэн өгсөн гэж тайлбарлаж байна.

4. Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 сарын 17-ны өдрийн 223/МА2021/00022 дугаар магадлалаар:

4.1.  ...М.Ц нь 9,900,000 төгрөгийг У.Э-д шилжүүлсэн, У.Э нь 9,900,000 төгрөгийг М.Ц-д буцаан шилжүүлсэн... болохыг,

4.2. Мөн ...М.М нь Н.Б-аас 10,000,000 төгрөгийг авч, У.Э-д өгсөн нь нотлогдоогүй... болохыг тус тус тогтоосон байна.

5. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй тул анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас дээр дурдсан 19,900,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.

Үүнтэй холбоотойгоор зээлийн хүүнд Н.Б-т төлсөн гэх 4,000,000 төгрөгийг хангах үндэслэлгүй.

6. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зээлийн гэрээг бичгээр хийгээгүй бол хүү авах эрхээ алдахаар зохицуулсан тул У.Э-гаас буцаан шилжүүлсэн 9,900,000 төгрөгийг зээлийн хүү гэж үзэх боломжгүй, энэ талаарх нэхэмжлэгч талын тайлбар, давж заалдах гомдол үндэслэлгүй.

7. Харин хэрэгт авагдсан ...миний бие 2016 оны 10 сарын 25-ны өдөр ... 10,000,000 төгрөгийг М.Ц-гаас Нарийн гол компанийн Н компаниар хийлгэсэн хохирлын үнэлгээний төлбөр болох 10,000,000 төгрөгийг (өөрийн эхнэрийн дансаар) зээлж авсан нь үнэн болно... гэсэн У.Э-гийн гараар бичсэн тодорхойлолт, Н ХХК-д 2016 оны 10 сарын 27-ны өдөр 10,000,000 төгрөгийг У.Э тушаасан талаарх кассын орлогын ордер зэрэг нотлох баримтыг үндэслэн хариуцагчаас 10,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгох нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д нийцнэ.

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д зааснаар хариуцагч нь зээлийн гэрээний зүйлийг хүлээн авсан байна.

8. Иймд ...анхан шатны шүүх нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үзэж, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй... гэх хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй.

9. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 17-ны өдрийн 101/ШШ2024/02090 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч М.Ц-гаас 2024 оны 06 сарын 17-ны өдөр төлсөн 277,450 төгрөг, хариуцагч У.Эгаас 2024 оны 06 сарын 11-ний өдөр төлсөн 174,950 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

Д.НЯМБАЗАР