| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хөхөөгийн Санжидмаа |
| Хэргийн индекс | 174/2019/0059/Э/ |
| Дугаар | 53 |
| Огноо | 2019-03-22 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Э.Хосбаяр |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 53
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ
Улсын яллагч Э.Хосбаяр
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Т.Хүдэр
Шүүгдэгч Г.Б, Д.А, Г.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Б, Д.А, Г.А нарт холбогдох эрүүгийн 1930000110036 дугаартай хавтаст хэргийг 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар.
Монгол Улсын иргэн, 1980 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар баг “Баруун тариа” гэх газарт оршин суух, Сүхбаатар аймгийн Сум дундын Эрүүгийн шүүхийн 2006 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн шүүхийн 2011 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 74 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 400 цагийн албадан ажил хийлгэх ялаар тус тус шийтгэгдэж байсан /РД:ЛЮ80101877/ Боржигон овгийн Г.Б.
Монгол Улсын иргэн, 1979 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт, Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо, Консулын 15-402 тоотод оршин суух, ял шийтгэлгүй /РД:ЛЮ79080914/ Даш овгийн Г.А.
Монгол Улсын иргэн, 1983 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар аймгийн Бүрэнцогт суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр баг Хайлаастын 24-02 тоотод оршин суух, Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн шүүхийн 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 67 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар 6 жилийн хорих ялаар, Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2017/ШЦТ/110 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдэж байсан /РД:ЛН83112410/ Бат-Од овгийн Д.А.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Г.Б Г.А, Д.А нар нь бүлэглэн Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Улаан хавцал” гэх газраас 2018 оны 12 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө иргэн Ц.Алтангэрэлийн 3 үхрийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 3.700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэгтээ: Би мэдүүлэг өгөхгүй, өмнө нь мөрдөн байцаалтад үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн гэв.
Шүүгдэгч Г.А шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэгтээ: Би Бямбажаваас авлагатай учир Улаанбаатар хотоос ирсэн байсан. Тэгээд Амгаланбаатарынд 17 цагийн үед очиход Бямбажав хоёр үхэр өгнө гэж хэлэхээр нь хөдөө явсан. Тэгээд айлын үхэр дээр очоод үхэр бариад ачсан. Тэр үхрээ маргааш өглөө нь Амгаланбаатар бид хоёр бойнд өгч борлуулсан. Үхрийн мөнгийг Амгаланбаатарын дансанд хийсэн. Энэ мөнгөнөөс би 600 000 төгрөг авсан. Тэгээд Улаанбаатар хот руу явсан гэв.
Шүүгдэгч Д.А шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэгтээ: Бямбажав, Амарсанаа нарын ярьсан зүйл үнэн. Тиймээс надад нэмж ярих зүйлд байхгүй гэв.
Эрүүгийн 1930000110036 дугаартай хэргээс:
Яллагдагч Г.Б мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Г.Агийн унагатай гүү, даагатайгаа манай адуунд байсан юм. Тэрийг нь би хэрэглэсэн юм. Унагатай гүү, дааганых нь оронд 2 үхэр өгье гэж 2 жилийн өмнөөс тохиролцсон байсан. 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Г.А над руу утсаар яриад аймагт ирчихлээ гэхээр нь би “Баруун тариа”-гаас аймгийн төв рүү орж ирсэн. Аймгийн төвд орж ирээд шууд Г.Атай уулзсан. Надаас 3 адууны мөнгөө авмаар байна гэж хэлэхээр нь манайхаас очоод 2 үхэр ав гэж хэлсэн. Тэгээд бид хоёр Д.Атай очиж уулзаад “мал ачих унаа байна уу” гэсэн чинь хүнээс асууж өгье гээд хүнтэй утсаар яриад хашаанд нь байсан машиныг аваад бид “Баруун тариа” явсан. Очиход манай үхэр гадаа байгаагүй учир би морь унаад тэр хоёрыг машинтай дагуулаад урагшаа “Улаан хавцал” руу явсан. Урагшаа 5-6 км орчим яваад үхэр тааралдахаар нь тэндээс хязаалан насны алаг эр үхэр, тарлан гунж, мухар хар бярууг машинд шахаж байгаад барьж аваад машиндаа ачсан. Тэгээд би гэр рүүгээ яваад, энэ 2 аймгийн төв явсан. Маргааш нь би ирээд 3 үхрээ нядлаад бойны газар өгсөн. Би хүнд бярууны өглөгтэй байсан түүндээ тэр хоёрын өгсөн 400.000 төгрөгийг өгсөн. Гурван үхэр нийтдээ 2 сая гаран төгрөг болсон. Г.А, Д.А нартай найзууд юм. Г.Ад өртэй байсан учраас өрөө барагдуулах гэж хулгай хийсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53/
Яллагдагч Г.А мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: Тэгсэн Г.Б морио унаад бид хоёрыг машинтайгаа дагаад яв гэж хэлсэн. Гэрээсээ урагшаа 5-6 км орчим яваад 10 гаран үхэр дээр очсон. Тэндээс хар гунж, хөх хязаалан эр үхэр барьж өгснөө дахиад 1 бяруу барьж аваад ачсан. Тэгээд аймгийн төв рүү 22.00 цагийн үед орж ирсэн. Д.Аын гадаа буулгаад маргааш нь бид 3 үхрээ нядалсан. Тэгээд 3 үхрийг Зоригоогийн бой руу очиж өгсөн. Үхрийн мөнгө 2 060 000 төгрөг болсон. Түүнийг Д.Аын данс руу хийсэн. Бярууны мөнгөө Г.Б өөрөө авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37/,
Яллагдагч Д.Аын мөрдөн байцаалтанд өгсөн: “... Г.Б гэрээсээ морь унаад Г.А бид 2 машинтай араас нь дагаад Тарианы урд руу замаар явсан. Замаас зүүн тийш гараад 5-6 км орчим яваад 10 гаран тооны үхэр дээр очсон. Г.Б бид хоёрт 2 үхэр өгөх ёстой байсан. Харин тэр үхэрнээс 1 бараан зүсмийн үнээ, 1 ногоон халзан хязаалан эр үхэр хоёрыг барьж өгсөн. Тэгсэн Г.Б дахин 1 улаан халзан бяруу барьж аваад ачсан. Би энэ ямар учиртай бяруу вэ гэхэд би хүнд өгөх ёстой юмаа гэсэн. Тэгээд шөнө 22.00 цагийн үед аймгийн төвд ирээд манай хашаанд 3 үхрээ ачаатай нь хонуулсон. Маргааш нь Г.Б, Г.А нар ирээд 3 үхрээ манай хашаанд ажилласан. Үнээ, эр үхэр хоёрыг Г.А бид 2 бойны газар аваачиж өгөхөд 2 060 000 төгрөг болсон. Би Бямбаагаас “хулгайн мал биш биз” гэж асуухад тэрээр санаа зоволтгүй гэж хэлсэн. Гэхдээ би хулгайн мал ачиж өгч байна гэдгийг мэдэж байсан. Надад Амарсанаагаас машины үлдэгдэл мөнгөө гаргаж авах шаардлага байсан учраас хулгайн мал гэдгийг мэдэж байсан ч ачсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45/,
Хохирогч Ц.Алтангэрэлийн “...Би Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг “Улаан хавцал" гэдэг газарт мал маллаж амьдардаг юм. Манай үхэр 2018 оны 12 дугаар сарын 24-ний өглөө гэрийн гаднаас бэлчихдээ бүрэн байсан. Би үхрээ тэр өдөр хоньтойгоо цуг 15 цаг хүртэл дэргэд нь байж хариулж байгаад орхиод хонио аваад гэртээ ирсэн. Маргааш өглөө нь буюу 2018 оны 12 дугаар сарын 25-ны өглөө босоход 3 үхэр байхгүй болсон байсан. Тэгээд үхрээ хайгаад явтал манай гэрээс ертөнцийн зүгээр баруун хойд зүгт 2 км орчим газарт машины мөр явсан байсан бөгөөд би үхрээ хулгайд алдагдсан байна гээд цагдаад дуудлага өгсөн. Манай үхрийг морьтой хүн цуг барилцсан байх гэмээр мөр давхар байсан. Баруун чих араасаа ганзага имтэй, магнай дээрээ бундан хэлбэртэй сартай, 4 хөл цагаан, цавь, сугаараа цагаан, сүүл цагаан, хар саарал зүсмийн эрлийз хязаалан насны даргай эвэртэй эр үхэр, баруун чих араасаа ганзага имтэй, мухар, хар хүрэн шүдлэн үхэр, баруун чих араасаа ганзага имтэй, 4 хөл цагаан, сүүл цагаан сэрвээн дээрээ цагаантай суга цавь нь цагаан мухар халзан саарал зүсмийн шүдлэн гунж байгаа. Манайхаас хойш “Баруун тариа” гэх газарт нутагладаг Бямбаа гэдэг залууг сэжиглэж байна. Мөн Эрдэнэбаатар, Агар, Цэвээн зэрэг хүмүүсийг сэжиглэж байна. Тухайн өдөр тэр хүмүүс мал хайгаад “Улаан хавцал” гэх газраар явж байсан гэдэг юм. “Баруун тариа” гэдэг газар нь “Улаан хавцал”-аас 5-6 км орчим зайтай газар юм. Хязаалан эр үхрээ 1 500 000 төгрөгөөр, шүдлэн эр үхрээ 1 200 000 төгрөгөөр, гунжаа 1 000 000 төгрөгөөр үнэлнэ” гэх мэдүүлэг /хх-ийн 12-14/,
Гэрч Д.Энхтуяагийн “...Би өөрийн нөхөр болох Алтангэрэлийн хамт Сүхбаатар сумын 5 дугаар баг “Улаан хавцал” гэх газарт нутагладаг ба 2018 оны 12 дугаар сарын 25-ны өглөө үхрээ үзэхэд манай үхрээс 2 эр үхэр, 1 гунж алга болсон байсан юм. Тэгээд манай нөхөр болох Ц.Алтангэрэл нь ойр хавиар явж үзэхэд манайхаас хойш 2 километрт машины мөр болон хүн явсан мөр байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 16/,
-Хэрэг, учралын газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг / хх-ийн 4-9 хуудас/
- Сүхбаатар сумын эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 56 хуудас/
-Хөрөнгө- Эстимэйт ХХК-ны эд зүйлийн үнэлгээний тодорхойлолт /хх-ийн 59/
- Хохирол төлсөн 3 700 000 төгрөгийн Хаанбанкны шилжүүлгийн баримт
-Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 8/123 дугаартай тодорхойлолт /хх-ийн 62/
- Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 63-р хуудас/
- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр багийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 9/51 дугаартай тодорхойлолт /хх-ийн 64-р хуудас/
-Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 74 дугаар шийтгэх тогтоол /хх-ийн 75-76/
-Д.Аын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 71-р хуудас/
-Г.Агийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 73-р хуудас/
-Г.Бын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 72-р хуудас/
зэрэг баримтууд болно.
Шүүгдэгч Г.Б Г.А, Д.А нар нь бүлэглэн Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Улаан хавцал” гэх газраас 2018 оны 12 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө хохирогч Ц.Алтангэрэлийн 3 үхрийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 3 700 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч нарын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, хохирогч Ц.Алтангэрэл, гэрч Д.Энхтуяа нарын мөрдөн байцаалтанд гаргасан мэдүүлэг, хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.Б Г.А, Д.А нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон тул Г.Б Г.А, Д.А нарыг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.
Шүүгдэгч Г.Б Г.А, Д.А нарт ял шийтгэл оногдуулахад гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хүндрүүлэх нөхцөл байдал болно.
Шүүгдэгч Г.Б Г.А, Д.А нар нь цагдан хоригдоогүй, бичиг баримт, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч Ц.Алтангэрэлд 3 700 000 төгрөгийн хохирол төлсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.Б Г.А, Д.А нарын үйлдсэн мал хулгайлах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-д заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэсэн тул шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, хохирол төлсөн зэргийг харгалзан Г.Б Г.А, Д.А нарт хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 1 жилийн хугацаагаар тэнсэх эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигон овгийн Г.Б, Даш овгийн Г.А, Бат-Од овгийн Д.А нарыг бүлэглэн мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол улсын Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр Г.Быг 2 /хоёр/ жилийн хугацаагаар, Г.Аг 2 /хоёр/ жилийн хугацаагаар, Д.Аыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.
3 Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч нарт мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Г.Б Г.А, Д.А нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Шүүгдэгч Г.Б Г.А, Д.А нар цагдан хоригдоогүй, бичиг баримт, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч Ц.Алтанхуягт 3 700 000 төгрөгийн хохирол төлсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг ялтан, түүний өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.САНЖИДМАА