Улсын дээд шүүхийн Тогтоол

2022 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 78

 

    Д.О-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,  прокурор Ц.Батцэнгэл, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар аймгийн 3 дугаар хэсгийн шүүхийн 1949 оны 6 дугаар сарын 30-ны өдөр таслан шийтгэсэн эрүүгийн хэргийн 11 дүгээр тогтоолтой, Д.О-д холбогдох 17287 дугаартай хэргийг прокурорын дүгнэлтийг үндэслэн 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Батдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Сүхбаатар аймгийн Баянтэрэм сумын 5 дугаар багийн харъяат, 81 настай, эрэгтэй, ард, халх, ам бүл 3, эхнэр Ц 70 настай, хүү 40 настай, бод 30, лам, гавж мяндагтай явсан, хоршооны гишүүн, Хурал, жас байгуулах хэрэгт 1937 онд 5 жил хорих ял шийтгүүлж байсан, эсэргүү хэрэгт оролцож яваагүй Д овогтой О нь

1949 оны 1, 4 дүгээр саруудад Сүхбаатар аймгийн Баянтэрэм суманд нас барсан Л, Ж нарын оршуулгад оролцож, Шитэл гэх ном уншиж, мухар сүсгийг далимдуулан хувийн ашгийг хичээж, өргөл барьцанд торомтой ингэ 1, морь 1, дээл 1-ийг авсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар аймгийн 3 дугаар хэсгийн шүүхийн 1949 оны 6 дугаар сарын 30-ны өдөр таслан шийтгэсэн эрүүгийн хэргийн 11 дүгээр тогтоолоор: “энэ хэргийн О нь энэ оны 4 сард тус сумын нас барсан Л, Ж нарт ном уншиж, мухар сүсгийг далимдуулан хувийн ашгийг хичээж, өргөл барьцанд торомтой ингэ 1-ийг авсан хэргээ өөрөө хүлээн мэдүүлсэн байх тул байцаан шийтгэх хуулийн 63 дугаар зүйлийг баримтлан шийтгэхэд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 137 дугаар зүйлд зааснаар 1 жил хорьж шийтгэх, энэхүү О нь 81 настай бөгөөд хөдөлмөрийн чадваргүй нь илэрхий тул хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийг баримтлан дээрх 137 дугаар зүйлийг биечлэн эдлүүлэх ялыг хэрэгсэхгүй болгож, 2 жил тэнсэн харгалзах ялаар шийтгэх, барьцанд авсан ингэ 1-ийг улсын орлого болгох” гэж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батцэнгэл гаргасан дүгнэлт болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Сүхбаатар аймгийн 3 дугаар хэсгийн шүүхийн 1949 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн хэргийн 11 дүгээр тогтоолоор Д овогтой О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 137 дугаар зүйлд зааснаар 1 жил хорих ялаар шийтгэснийг 2 жил тэнсэн харгалзаж, улс төрийн хэрэгт хилсээр шийтгэсэн нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Д.О нь ашгийг хичээж, бусдаас шахаж шаардаж өргөл барьц аваагүй, нэг багийн иргэнийхээ нас барсан, оршуулгын ажилд оролцож шашны зан үйл гүйцэтгэсний төлөө өгсөн, мал, дээл зэргийг авсныг нь шашнаар мунхруулан ашгийг хичээсэн гэж үзэж, улс төрийн хэрэгт хилсээр шийтгэсэн байна.

Энэ нь Д.О-ыг 1949 оны 5 дугаар сарын 25-ны өдөр байцааж авсан мэдүүлэгт: “энэ оны 1 дүгээр сард манай багийн Ж-ын Л 41 настайдаа нас барсан тул түүнийг хээр оршуулж өгнө үү гэж Гаравууг ирэхэд нь би түүнийг хээр оршуулаагүй бөгөөд харин дэрсэн хүн хийж, Шитэл гэх ном уншиж өгч, дээл, хуучин авах ёстой байсан 50 төгрөг болон торомтой ингэ өгснийг авсан.

Үүнээс дараа 21 хоноод мөн Ж-ыг үхэхэд Шитэл гэх ном уншиж өгч, Л-тай хамт хөдөө хээр оршуулсан болно. Оршуулгын хөлсөнд хээр зүсний морь өгснийг нь авсан. Миний энэ ном уншиж, мэрэг тавьсан явдал бол хуучны ёсыг баримтлан хийсэн болохоос өөр зорилгогүй билээ” гэх мэдүүлгээр тогтоогдож байна.

Энэ хэрэгт гэрчүүдийг байцааж, Д.О-ын ашгийг хичээсэн болохыг нь хөндлөнгийн нотлох баримтуудаар тогтоогоогүй байх ба шийтгэсэн тогтоолд Д.О-ын хэргээ өөрөө хүлээн мэдүүлсэн мэдүүлгийг үндэслэн ял шийтгэсэн гэсэн байна. Хэргийн баримтаас дүгнэхэд, Д.О нь бусдаас өргөл барьц шаардаж авч ашиг хонжоо харж бусдад мэргэ тавьж, ном уншаагүй, харин зовлон тохиолдсон хүмүүсийн гуйлтаар очиж ном гүрэм уншиж өгсний хариуд нь тэдгээрээс сайн дураараа өгсөн зүйлүүдийг авч байсан ба ашгийг хичээсэн гэх баримт байхгүй, харин “Миний энэ ном уншиж, мэрэг тавьсан явдал бол хуучны ёсыг баримтлан хийсэн болохоос өөр зорилгогүй билээ ...” гэх мэдүүлгээс тодорхой байна.

1934 онд батлагдсан Төр шашныг тусгаарлан явуулах тухай хуулийн 20 дугаар зүйлд: Гагцхүү сайн дураар өргөн барьсныг       авах явдлыг үл цаазална’’ гэснээс үзвэл албадан авахыг хориглосноос бус сайн дураар өгсөн өргөл барьцыг авахыг хориглоогүй байна. Д.О-ыг бусдад шашнаар нөлөөлж мунхруулан, ашгийг хичээсэн гэж улс төрийн хэрэгт зориудаар буруутган хилсээр шийтгэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэг/... гэм буруугүй хүнд ял оногдуулахад хүргэсэн .../-т заасан шинээр илэрсэн нөхцөл болж байна. Иймд Сүхбаатар аймгийн 3 дугаар хэсгийн шүүхийн 1949 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор Д.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 137 дугаар зүйлд зааснаар 1 жил хорих ялаар хилсээр шийтгэснийг хүчингүй болгож, Сүхбаатар аймгийн Баянтэрэм сумын 5 дугаар багийн харьяат, Д.О-ыг улс төрийн хэрэгт хилсээр хэлмэгдсэнд тооцож, цагаатгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйл, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 4 дүгээр зүйл /4.1.Энэ хууль 1922 оноос эхлэн “БНМАУ-ын шүүх, прокурор, мөрдөн байцаах, хэрэг бүртгэх байгууллагын хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас иргэнд учирсан хохирлыг арилгах журмын тухай хууль” хүчин төгөлдөр болсон өдөр хүртэлх хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт улс төрийн хэрэг хэлмэгдсэн Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнд хамаарна/, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 болон 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийн заалтуудыг баримтлан прокурорын дүгнэлт бичсэн гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Д.О нь 1949 оны 1, 4 дүгээр саруудад Сүхбаатар аймгийн Баянтэрэм суманд нас барсан Л, Ж нарын оршуулгад оролцож, Шитэл гэх ном уншиж, мухар сүсгийг далимдуулан хувийн ашгийг хичээж, өргөл барьцанд торомтой ингэ 1, морь 1, дээл 1-ийг авч ашигласан гэм буруутай гэж Сүхбаатар аймгийн 3 дугаар хэсгийн шүүхийн 1949 оны 6 дугаар сарын 30-ны өдөр таслан шийтгэсэн эрүүгийн хэргийн 11 дүгээр тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 137 дугаар зүйлд зааснаар 1 жил хорьж шийтгэн, тэрээр 81 настай бөгөөд хөдөлмөрийн чадваргүй нь илэрхий тул хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийг баримтлан биечлэн эдлүүлэх ялыг хэрэгсэхгүй болгож, 2 жил тэнсэн харгалзах ялаар шийтгэх, барьцанд авсан ингэ 1-ийг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ.

Хэрэгт авагдсан баримтуудыг судалж үзэхэд Д.О нь нас барсан хүмүүсийн оршуулгад оролцож, Шитэл гэх ном уншиж, хувийн ашгийг хичээж, ард олны сүсэг бишрэлийг далимдуулан мухар сүсгийг төрүүлэн ашгийг хичээсэн мэхт явдлуудыг зохиож, эд зүйлийг авч ашигласан гэж ял төлөвлөн, шүүхээс хорих ял оногдуулж шийдвэрлэсэн боловч дээрх үйлдлийг нь нотолж тогтоосон баримт хэрэгт байхгүй, зөвхөн өөрийнх нь мэдүүлэгт үндэслэн хилсээр ял шийтгэсэн болох нь тогтоогдож байна.

Түүнчлэн Д.О-ыг хилсээр ял шийтгэсэн 1942 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 137 дугаар зүйлд заасан “Ямар нэгэн ашгийг хичээж ард нийтийн дотор мухар сүсгийг төрүүлэн гаргах зорилгоор зальт мэхт явдлуудыг гаргах” үйлдэл нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсгийн Г-д тодорхойлон зааснаар түүнийг “улс төрийн хэрэгт хэлмэгдэгч” гэж тооцох үндэслэлд хамаарч байгаа болно.

Иймд прокурорын бичсэн дүгнэлтийг хангаж, Сүхбаатар аймгийн 3 дугаар хэсгийн шүүхийн 1949 оны 6 дугаар сарын 30-ны өдөр таслан шийтгэсэн эрүүгийн хэргийн 11 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, Д.О-ыг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэнд тооцож, цагаатгах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сүхбаатар аймгийн 3 дугаар хэсгийн шүүхийн 1949 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 11 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, Д.О-д 1942 оны Эрүүгийн хуулийн 137 дугаар зүйлээр ял төлөвлөсөн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

 

                           ДАРГАЛАГЧ                                         Ч.ХОСБАЯР

                           ШҮҮГЧИД                                            Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                            С.БАТДЭЛГЭР

                                                                                            Б.БАТЦЭРЭН

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН