Улсын дээд шүүхийн Тогтоол

2023 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2023/0030

 

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Дархан-Уул аймгийн Засаг дарга,

аймгийн Газрын харилцаа,

барилга хот байгуулалтын газарт тус тус

холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч, шүүгч:                             Ц.Цогт

            Танхимын тэргүүн:                          Д.Мөнхтуяа

            Шүүгчид:                                              М.Батсуурь

                                                                              Х.Батсүрэн                                  

            Илтгэгч шүүгч:                                 П.Соёл-Эрдэнэ

            Нарийн бичгийн дарга:                 А.Гантогтох

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 12 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 774 дүгээр магадлалтай,

Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 131 дүгээр хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, нэхэмжлэгч “М” ХХК-ийн захирал Б.М, түүний өмгөөлөгч Б.С, хариуцагч Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н нарыг оролцуулан хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага: Дархан-Уул аймгийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 01А/164 дугаартай захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох, “М” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээ сунгуулах хүсэлтийг хүлээн авч шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах шийдвэр гаргахыг даалгах;

2.Хэргийн нөхцөл байдал: Нэхэмжлэгч хуулийн этгээд нь 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А/291 дүгээр захирамжийн дагуу 1,5 га газрыг нийтийн орон сууцны зориулалтаар эзэмшиж байсан бөгөөд гэрээний хугацаа 2020 оны 09 дүгээр сарын 08-нд дуусах байсан.

3.Хариуцагчаас “... газраа 2 жил дараалан зориулалтын дагуу ашиглаагүй, гэрээний үүргээ зөрчсөн, газар эзэмших эрхийн хугацаа сунгуулах хүсэлт гаргаагүй” гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон бөгөөд нэхэмжлэгчээс “... эрхэд халдах үндэслэл байгаагүй, маргаан бүхий захиргаан акт нь утга агуулгын хувьд алдаатай, дуусгавар болсон газар эзэмших эрхийг хүчингүй болгох захирамж гарсан, газар ашиглах гэдэгт зөвхөн газар шорооны ажил хамаардаг гэсэн ойлголтоор хандаж, барилгын ажлын урьдчилсан зураг төсөл, бичиг цаасны ажлыг газрыг ашигласанд тооцоогүй, хугацаа сунгах хүсэлтийг удаа дараа гаргасан боловч шийдээгүй” гэж маргажээ.

4.Анхан шатны шүүх: “... Засаг даргын 01А/164 дугаар захирамж илт хууль бус болох нь тогтоогдохгүй, нэхэмжлэгч газар эзэмших эрхийн гэрчилгээ болон  гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй байх тул нэхэмжлэгчийн газар эзэмших эрх зөрчигдсөн гэж үзэхгүй. Эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэх шинжийг агуулаагүй, аймгийн Засаг даргад газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох эрх хуулиар олгогдоогүй гэж үзэх үндэслэлгүй. Шүүхээс бичиг баримтад үзлэг хийхэд нэхэмжлэгчийн хүсэлтийг 2019 оны ирсэн бичгийн бүртгэлд бүртгэсэн хэрнээ хүсэлтээс бусад түүнд хавсаргасан нотлох баримтууд нь байхгүй, газрын гэрээг жил бүр дүгнэж байгаагүй, байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээр гарсан дүгнэлтийг хэрэгжүүлсэн талаарх тодорхойлолтгүй, газраа ашиглаагүй болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбарууд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.

5.Давж заалдах шатны шүүх: “... нэхэмжлэгчийг газраа 2 жил дараалан ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай эсэх, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн эсэхийг тогтоолгүй, газар эзэмших эрхийг хүчингүй болгосон, бодит нөхцөл байдалд тохироогүй шийдвэр болжээ. Газар эзэмших хугацаа сунгаагүй эс үйлдэхүйн тухайд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн удаа дараа гаргасан хүсэлтүүдийг үнэлээгүй, мөн газар эзэмших эрхийг хүчингүй болгох талаарх захиргааны байгууллагын сонсох ажиллагаа эхэлсэнтэй холбоотой сунгуулах хүсэлтийг шийдвэрлэх боломжтой байсан эсэх нөхцөл байдлыг харгалзан үзээгүй. Захиргааны байгууллага нь нэгэнт сонсох ажиллагаа явуулж газар эзэмших эрхийг хүчингүй болгох эсэхийг шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлтүүдийг тухай бүр шийдвэрлээгүй” гэсэн үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.

6.Хариуцагч Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б давж заалдах шатны шүүхийн магадлалыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д заасан “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ. Үүнд:

6.1.Давж заалдах шатны шүүх Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дуусахаас 9 сарын өмнө хугацаа сунгуулах тухай буюу 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 19030131 албан тоотоор ирүүлсэн хүсэлтийг үнэлсэн байгаа нь хууль зүйн үндэслэл, түүнтэй холбоотой хэрэгт авагдсан баримтуудыг үнэлж чадаагүй.

6.2.Маргаан бүхий газарт 2018 оноос нэхэмжлэгч тал талбайн инженер геологийн судалгаа, үйлчилгээтэй 9 давхар орон сууцны барилгын эскиз, ажлын зураг хийлгэж батлуулсан боловч тухай барилга, байгууламжийн хангах инженерийн шугам, сүлжээний техникийн нөхцөлүүдийг аваагүй. Барилгын тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийгээгүй зэрэг хуулийн заалтуудыг зөрчсөн байгааг мөн 1,5 га газарт хэдэн барилга барих нь тодорхойгүй байгааг анхан шатны шүүх зөв үнэлсэн.

6.3.Нэхэмжлэгч Дархан-Уул аймагт өөр барилгын ажлуудыг хийж гүйцэтгэн, улсын комисст хүлээлгэн өгөх ажиллагаа явуулж байгаа, тэдгээрийн дараа барилгын ажлаа эхлүүлэх хүсэлт гаргаж, холбогдох баримтуудыг хүргүүлж байсан гэж давж заалдах шатны шүүх үзсэн нь тухайн гэрээгээр эзэмшиж байгаа газартай холбоотой бус өөр зориулалтын дагуу ашиглаж байгаа газрын эрх зүйн баримтуудыг хамаатуулж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.

6.4.Нэхэмжлэгч 2019 оноос хойш газар эзэмших хугацаа сунгах хүсэлт өгсөн гэх боловч Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан газрын хугацаа дуусахаас 30-аас доогүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах хүсэлтээ тухайн шатны засаг дарга гаргах гэснийг зөрчсөн учир шийдвэрлээгүй нь эс үйлдэхүй биш юм.

6.5.2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 2103092 дугаар албан бичгээр газар эзэмших хугацааг сунгах хүсэлт ирүүлснийг аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрын 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн газрын эрх зүйн харилцааг хянан шийдвэрлэх хурлын тэмдэглэлд тусгагдсанаар газар эзэмших гэрээний хугацаа дууссанаас хойш ирүүлсэн нь тогтоогдож байдаг.

6.6.Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан газар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 дараалан ашиглаагүй гэдгийг Улсын дээд шүүхийн тайлбараас зөрүүтэйгээр тайлбарлан хэрэглэсэн.

7.Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 131 дүгээр тогтоолоор хариуцагч аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

8.Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нараас хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулж бичгээр тайлбар гаргаагүй.

ХЯНАВАЛ:

9.Давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

10.“М” ХХК нь Дархан-Уул аймгийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 01А/164 дугаартай захирамжийг “эрхэд халдах үндэслэл байгаагүй” гэсэн үндэслэлээр илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх “илт хууль бус захиргааны акт биш” гэсэн дүгнэлт хийсэн боловч нэхэмжлэгч, хариуцагчаас аль аль нь хяналтын журмаар гомдол гараагүй, гомдлын үндэслэлд тусгагдаагүй тул хяналтын шатны шүүхээс гомдлын хүрээнд хэргийг хянаж, нэхэмжлэлийн энэ үндэслэлд эрх зүйн дүгнэлт хийсэнгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлагаа зөв тодорхойлсон эсэх, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн эсэх талаар энэхүү тогтоол дүгнэлт хийхгүй.

11.Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах бөгөөд дараахь баримт бичгүүдийг хавсаргана” гэж заасан, энэ тохиолдолд хариуцагчаас “газар эзэмших эрхийн гэрчилгээ сунгуулахдаа хавсаргах баримт бичгийг дутуу ирүүлсэн” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийг буруутгаагүй, харин “хугацаа дуусахад сунгах хүсэлт гаргаагүй” гэсэн үндэслэлээр захирамж гарсан тул шүүхээс энэ хүрээнд маргааны үйл баримтыг тодорхойлох юм.

12.Гэтэл анхан шатны шүүхээс хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар, хариуцагчаас гаргасан захирамжийн үндэслэлд нэрлэн заагдаагүй үндэслэлээр нэхэмжлэгчийг нэмж буруутгаж, “хавсаргасан нотлох баримтууд нь байхгүй, газрын гэрээг жил бүр дүгнэж байгаагүй, байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээр гарсан дүгнэлтийг хэрэгжүүлсэн талаарх тодорхойлолтгүй” гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасан “... хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргах болохгүй ...” гэснийг зөрчсөн байна.

13.Нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн хугацаа 2020 оны 09 дүгээр сарын 08-нд дуусах байсан, 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэгч хуулийн этгээд нь газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах хүсэлт гаргасан боловч захиргааны байгууллага шийдвэрлээгүй, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн албан бичгээр “М” ХХК-д хандаж, сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлсэн боловч энэхүү албан бичиг нь өөр агуулгатай, “газраа хэрхэн ашигласан тухай баримт ирүүлэх” агуулгатай байсан болохоос газар сунгах эсэх талаар ямар нэгэн асуудал шийдвэрлээгүй буюу хууль бус эс үйлдэхүй гаргасан, энэ талаар давж заалдах шатны шүүх зөв дүгнэжээ.

14.Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана ...” гэж заасныг маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэхэд, нэхэмжлэгч хуулийн этгээдээс 2021 оны 06 дугаар сарын 17-нд газар эзэмших эрхийн хугацаа сунгах хүсэлт гаргасан боловч захиргааны байгууллага шийдвэрлэхгүй, хариу өгөхгүй байсаар, 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн захирамжаар газар эзэмших эрхийг дуусгавар болгож байгаа нь хуулийн дээрх заалтад нийцэхгүй буюу захиргааны байгууллага хуульд заасан хугацааны дотор газар эзэмших эрхийг сунгах, эсхүл сунгахгүй шийдвэр гаргах үүрэгтэй, энэ үүргээ хариуцагч биелүүлээгүй байна.

15.Хариуцагчийн “2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн газар эзэмших хугацааг сунгах хүсэлт нь газар эзэмших гэрээний хугацаа дууссанаас хойш ирүүлсэн” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй, хугацаандаа гаргасан өмнөх хүсэлтийг шийдвэрлээгүй учир нэхэмжлэгч хуулийн этгээд дахин хүсэлт гаргасан, хариуцагчийн буруутай үйл ажиллагаатай холбоотой юм.

16.Түүнчлэн “хугацаа дуусахаас 9 сарын өмнө буюу 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүсэлт гаргасан нь хууль зөрчсөн учир шийдвэрлээгүй, давж заалдах шатны шүүх энэ нотлох баримтыг буруу үнэлсэн” гэх гомдлын тухайд, Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан “... 30-аас доошгүй хоногийн өмнө хугацаа сунгах хүсэлт гаргах” ойлголт нь 30 ба түүнээс дээш хугацааны өмнө хүсэлт гаргаж болох агуулгатай тул нэхэмжлэгчийг хууль зөрчсөн гэж үзэхгүй, нийтийн орон сууц барих газрын зориулалттай холбоотойгоор урьдчилан захиргааны байгууллагад хандсан нь нэхэмжлэгчийн газар эзэмших бүрэн эрхийн хүрээнд байна.

17.Анхан шатны шүүхээс “... гэрээний хугацаа дуусах болоогүй байхад 10 сарын өмнө хугацаа сунгах шийдвэр гаргах хууль зүйн үндэслэлгүй” гэж дүгнэсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хуулиар тогтоосон “30-аас доошгүй” хоногийг буруу тайлбарласан, нэхэмжлэгч өөрөө хүсч, гэрээний хугацааны асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, нөгөө талаар захиргааны байгууллага “хугацаа болоогүй” гэж татгалзсан шийдвэр гаргаагүй байгааг анхаараагүй байна.

18.Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “... Засаг дарга дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно” гэж, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж тус тус заасан, нэхэмжлэгч хуулийн этгээдийн тухайд 2018 оны 01 дүгээр сарын 19-нд барилгын зураг төсөл хийх гэрээ байгуулж, 2019 оны 05 дугаар сарын 10-нд геологийн судалгааны дүгнэлт гаргуулж, өрөмдлөг хийж, 2018, 2019 онд ажлын зураг боловсруулж, ерөнхий архитектур баталж, гарын үсэг, тамга дарсан, 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр архитектур төлөвлөлтийн даалгавар, 2021 оны 10 дугаар сарын 29-нд ус сувгийн техникийн нөхцөл, 2021 оны 04 дүгээр сарын 01-нд дулааны техникийн нөхцөл, 2021 оны 12 дугаар сарын 03-нд эрчим хүчний техникийн нөхцөл батлуулсан зэргээс үзэхэд, газрыг зориулалтын дагуу ашиглаж байсан, хариуцагчийн “инженерийн шугам сүлжээний техникийн нөхцөл аваагүй” гэх гомдол няцаагдаж байна.

19.Захиргааны байгууллага шийдвэр гаргахын өмнө эдгээр үйл баримтыг шинжлэн судлаагүй, 2022 онд шийдвэр гаргахаас өмнө 2021 онд өөрсдөө хянаж баталгаажуулсан баримтаа харьцуулан үзээгүй, давж заалдах шатны шүүхийн “ ... газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн эсэхийг тогтоолгүй, газар эзэмших эрхийг хүчингүй болгосон, бодит нөхцөл байдалд тохироогүй шийдвэр болжээ” гэх дүгнэлт зөв болжээ.

20.Анхан шатны шүүх “газар ашигласан” эсэх үйл баримттай холбоотой ямар нэгэн дүгнэлт хийгээгүй, маргааны үйл баримтыг бүрэн дүүрэн шийдвэрлээгүй, хэрэгт авагдсан дээрх баримтууд, техникийн нөхцөлийг хэрхэн үнэлснээ, хэрэгт яагаад ач холбогдолгүй, эсхүл газар ашиглаагүй гэж үзэх ямар үндэслэл байснаа тодорхой бичээгүйгээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй байна.

21.Дээрх үндэслэлүүдээр магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 774 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Ц.ЦОГТ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                       Д.МӨНХТУЯА

ШҮҮГЧИД                                                             М.БАТСУУРЬ

                                                                                   Х.БАТСҮРЭН

П.СОЁЛ-ЭРДЭНЭ