Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энэбишийн Золзаяа |
Хэргийн индекс | 182/2023/04498/И |
Дугаар | 210/МА2024/00736 |
Огноо | 2024-04-10 |
Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 210/МА2024/00736
Д******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Золзаяа, шүүгч Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 182/ШШ2024/00434 дугаар шийдвэртэй,
Д******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
М******* ХХК-д холбогдох,
Гэрээний үүрэгт 14,670,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н*******, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чанцантөгс нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Д******* ХХК нь М******* ХХК-тай 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 2023/02 дугаартай Хамтран ажиллах гэрээ-г байгуулсан. Тус гэрээний дагуу М******* ХХК-ийн Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа Хэнтий аймгийн Д******* суманд баригдах ******* аялал жуулчлалын цогцолбор"-ын төслийн ажилд Д******* ХХК нь 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 1 жил 9 сарын хугацаатай дэмжлэг үзүүлэн ажиллахаар тохиролцсон.
1.2. Д******* ХХК нь дээрх төслийн баримт бичиг боловсруулах бүхий л ажлыг дангаар хариуцан гүйцэтгэж ажилласан бөгөөд тухай бүр төсөл хэрэгжүүлэх нэгжийн саналыг тусгаснаар албажуулж байсан. Гэвч М******* ХХК-ийн захирал З.И******* нь 2023 оны 6 дугаар сараас эхлэн гэрээнд тусгагдаагүй шаардлага тавьж, маргаан үүсгэсэн. Д******* ХХК-ийн зүгээс тухайн шаардлагыг нь хүлээн зөвшөөрөхгүйгээ илэрхийлж, 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөр гэрээг цуцлах саналыг гаргасан. Ийнхүү гэрээг дуусгавар болгохоор харилцан тохиролцсон тул манай компани нь 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажлаа бүрэн хийж гүйцэтгэн, захиалагчид хүлээлгэн өгсөн.
1.3. Гэтэл захиалагч М******* ХХК нь 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 2023 оны 07 сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны цалинг өгөхгүй, тодорхой хариу өгөхгүй байсаар өнөөдрийг хүрлээ. Иймд дээрх хугацааны цалин болох 14,670,000 төгрөгийг хариуцагч М******* ХХК- аас гаргуулж, манай компанийн хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.
2.1. Д******* ХХК нь Хамтран ажиллах гэрээ-нд заасан ажил, үүргээ бүрэн гүйцэтгэж байгаагүй нь улмаас Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл-ийн нэгжээс 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 13/95 дугаартай албан бичиг, 2023 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 23/132 дугаартай Гэрээний үүргийг ханган ажиллах тухай албан бичиг бүхий мэдэгдэл, шаардлагууд удаа дараа ирсэн. Улмаар төслийн нэгжтэй үндсэн гэрээний биелэлтэд саад учирч, манай компани торгууль төлөхөөр болсон. Мөн Д******* ХХК хамтран ажиллаж байсан хугацаанд гэрээний 5.2.5 дахь заалтад заасан гол үүргээ биелүүлж байгаагүй. Өнөөдрийг хүртэл хугацаанд ажил хүлээлцээгүй, гэрээ дүгнээгүй. Нэхэмжлэгчийн гаргасан тайлан төлөвлөгөө засвартай, баталгаажуулж өгдөггүй, хугацаа хэтрүүлдэг. Түүнийг нь манай ажилтан засварлаж өгсөн.
2.2. Талуудын хооронд байгуулсан гэрээг 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөр дуусгавар болгосон. Нэхэмжилж буй мөнгийг төлөхгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-ийг баримтлан хариуцагч Мандалт контсракшн ХХК-аас 14,670,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д******* ХХК-д олгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231,300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Мандалт контсракшн ХХК-аас 231,300 төгрөг гаргуулж нэхэмжпэгч Д******* ХХК-д олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг анхааралтай хянаж, зөв үнэлж дүгнээгүйгээс хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, манай компанийн эрх ашгийг зөрчсөн.
4.1. Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас хальж, талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь буруу. Учир нь, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус шаардлагаа тодруул гэхэд нэхэмжлэгч талын зүгээс ...талуудын хооронд байгуулсан гэрээ хамтран ажиллах гэрээ гэж заасан боловч талуудын хариуцлага эрх, үүргийг харахад Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа байна гэж дүгнэхээр байгаа. Бид захиалагч буюу М******* ХХК-ийн тавьсан шаардлагын дагуу ажлуудыг хийж гүйцэтгээд ажлаа хүлээлгэн өгсөн учир гэрээний хөлсөө шаардаж байгаа... гэж тодруулсан нь шүүх хуралдааны тэмдэглэлийн 4-5 дахь хуудаст авагдсан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 5.2.5. Долоо хоног, сар, улирлын явцын хэрэгжилтын тайлан боловсруулах, 5.2.6. Төгсгөлийн тайлан боловсруулах, 5.2.19. Гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх гэх заалтуудаас ажтын үр дүнг хүлээлгэж өгөх үүрэг хүлээсэн нь харагдах бөгөөд ажил гүйцэтгэгч гэрээний гол заалтуудыг биелүүлээгүй болно.
4.2. Мөн талуудын тайлбар болон нотлох баримтуудаар Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл нь Азийн хөгжлийн банкнаас зарласан ажил гүйцэтгэх гэрээ байх бөгөөд нэхэмжлэгч нь тус төслийн туслан гүйцэтгэгчээр орсон үйл баримт тодорхой байхад шүүх үүнийг анхаарч үзээгүйд гомдолтой байна.
Иймд анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ дээрх нотлох баримтуудыг анхааралтай хянаж , үнэлээгүй гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах шатын шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбар: Хариуцагч тал 3 үндэслэлээр давж заалдах гомдол гаргасныг эс зөвшөөрч байна. Давж заалдах гомдлын үндэслэл нь хэргийг анхан шатны шүүх рүү буцаах агуулгаар бус нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох агуулгаар гомдол гаргасныг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзэхийг хүсье.
5.1. Хөлсөөр ажиллах гэрээ гэдэг нь ажиллагч нь гэрээний дагуу тохиролцсон ямар ч төрлийн ажлыг гүйцэтгэж ажиллуулагчаас хөлс шаардахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл, ажил гүйцэтгэх гэрээгээр үр дүн тодорхой байдаг бол хөлсөөр ажиллах гэрээ нь зөвхөн ажил, үйлчилгээ үзүүлдгээрээ ялгаатай. Талуудын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээний 1.1-д зааснаас үзвэл Хэнтий аймгийн Д******* суманд байрлах ******* аялал жуулчлалын цогцолборын гэрээг хэрэгжүүлэхэд нэхэмжлэгч Д******* ХХК нь зөвхөн төслийн ажилд дэмжлэг үзүүлэхээр гэрээ байгуулан ажилласныг анхаарах нь зүйтэй. Энэ утгаар анхан шатны шүүх Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд зааснаар хөлсөөр ажиллах гэрээ гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.
5.2. Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл нь Азийн хөгжлийн банкнаас зарласан ажил гүйцэтгэх гэрээ байх бөгөөд нэхэмжлэгч нь тус төслийн туслан гүйцэтгэгч болохыг шүүх анхаарч үзээгүй гэж гомдсоныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд хариуцагч нь төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажлыг Д******* ХХК дангаараа буюу М******* ХХК-ийн өмнөөс бүх шийдвэрийг гаргаж, ажлыг хийгээд төсөл хэрэгжүүлэх нэгжид хүлээлгэж өгөх байсан гэх байдлаар маргасан нь үндэслэлгүй. Учир нь талуудын хооронд гэрээ байгуулсан учир шалтгаан нь Д******* ХХК болон М******* ХХК-ийн захиалсан төсөл хэрэгжүүлэх нэгжийн явуулах төсөлд дэмжлэг үзүүлэхээр гэрээ байгуулсан юм. М******* ХХК нь төслийг цааш нь хэрэгжүүлэх ажлыг хийж цааш нь хүлээлгэж өгөх байсныг дурдах нь зүйтэй. Нэхэмжлэгч талаас хүсэлт гаргаж Д******* ХХК-ийн албан ёсны мэйл хаягт хийлгэсэн үзлэг болон маргаан бүхий он сар болох 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 7 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хийсэн бүх ажлын талаарх баримт бичгийг эх хувиар нь хэвлээд хэрэгт баримтаар өгсөн. Мөн хариуцагч компанийн одоогийн төсөл хариуцсан ажилтан н.Н******* нь шүүхэд гэрчээр мэдүүлэг өгсөн. Иймд дээр дурдсан баримтуудаар Д******* ХХК нь гэрээгээр хүлээсэн ажлыг бүрэн гүйцэтгэж хүлээлгэж өгсөн үйл баримт тогтоогддог. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6-д жагсаан бичсэн бүх ажлыг манай компани гүйцэтгээд хариуцагч компанид хүлээлгэж өгсөн нь М******* ХХК-ийн 3 сарын цалин болох нийт 33,000,000 төгрөгийг манай компанид төлсөн үйл баримтаар давхар нотлогдоно.
5.3. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлээгүй гэж гомдолд дурдсан. Үүнд хэрэгт авагдсан 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 2 албан бичгийг үндэслэн 5,000 ам.доллар болон 6,000 ам.долларын торгууль төлөх үндэслэл бүрдсэн гэж тайлбарладаг боловч өнөөдрийг хүртэл М******* ХХК-д эдгээр торгуулийг оногдуулсан, тус торгуулийг төлсөн, уг торгуультай холбоотой шүүхийн болон бусад төрлийн ямар нэгэн маргаан үүссэн талаар баримт хэрэгт авагдаагүй. Мөн гэрээний 5.2-т гүйцэтгэгчийн үүрэг буюу ямар ажил хийж гүйцэтгэх талаар жагсааж бичсэн байдаг. Үүнээс харвал нэхэмжлэгч компани нь ажлаа гүйцэтгээд зөвхөн захиалагч М******* ХХК-д хүлээлгэн өгөх, эсрэгээрээ М******* ХХК нь Д******* ХХК-аас хийсэн ажлыг хүлээж авна гэдэг агуулга хэрэгт авагдсан гэрээнд тусгагдсан. Түүнчлэн, шүүх хуралдааны тэмдэглэлээс иш татвал хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н*******гийн тайлбарт төсөл хариуцсан ажилтан н.Н******* нь засах зүйлийг засуулаад шаардлагатай стандартад оруулаад явуулсан байдаг. Тэмдэглэлийн 9 дүгээр талд сар, улирлын тайланг стандартад тааруулаад үг үсгийн алдааг засуулаад төслийн хяналтын инженер, дэд зохицуулагч зэргээр гарын үсэг зуруулаад баталгаажуулсан байдаг. Мөн тэмдэглэлийн 25 дугаар талд гэрч н.Н******* нь шууд туслан гүйцэтгэгч компаниуд нь баталгаажуулахгүй манайхаар дамжуулаад төслийн нэгжтэй харилцдаг бөгөөд манайх Д******* ХХК-ийн хийсэн ажлыг баталгаажуулаад явуулсан гэх хэсгээс харвал манай компанийн хийж гүйцэтгэсэн ажлыг М******* ХХК хүлээж аваад цааш нь төсөл хэрэгжүүлэх нэгжид хүлээлгэж өгсөн үйл баримт байдаг.
Иймд давж заалдах журмаар гаргасан гомдол бүхэлдээ үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт найруулгын өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч Д******* ХХК нь хариуцагч М******* ХХК-д холбогдуулан 14,670,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Д******* ХХК болон М******* ХХК-ийн хооронд 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 2023/02 дугаартай Хамтран ажиллах гэрээ нэртэй байгуулагдаж, уг гэрээгээр Д******* ХХК нь М******* ХХК болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хамтарсан, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа Хэнтий аймгийн Д******* суманд баригдах ******* аялал жуулчлалын цогцолбор"-ын төслийн ажилд 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 1 жил 9 сарын хугацаатай дэмжлэг үзүүлэх, М******* ХХК нь зөвлөх үйлчилгээ авсны төлбөрт сар бүр 11,000,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.
Нэг талаас ажиллагч Д******* ХХК нь тохиролцсон зөвлөх үйлчилгээг үзүүлэх, ажиллуулагч М******* ХХК зөвлөх үйлчилгээ авсны төлбөрт сар бүр 11,000,000 төгрөгийн хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасантай нийцсэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэл бүхий болжээ.
Иймд дээрх гэрээний тохиролцоог Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа талуудын хооронд үүссэн гэж дүгнэх боломжгүй.
Ажиллагч Д******* ХХК нь гэрээний 5.2 дахь хэсэгт зааснаар 22 нэр төрлийн үүргийг гүйцэтгэхээр байх бөгөөд үүнээс хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан гэрээний 5.2.5-д Долоо хоног, сар, улирлын явцын хэрэгжилтийн тайлан боловсруулах, 5.2.6-д Төгсгөлийн тайлан боловсруулах, 5.2.19-д Гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх-ээр заасан 3 үүргийг үндэслэн үлдэх 19 үүрэгт дүгнэлт хийхгүйгээр талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж дүгнэхээргүй байна.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1.1 дэх хэсэгт Энэхүү гэрээний зорилго нь Захиалагч тал Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран хэрэгжүүлж байгаа Хэнтий аймгийн Д******* суманд баригдах ******* аялал жуулчлалын цогцолбор"-ын гэрээг хэрэгжүүлэхэд гүйцэтгэгч талтай хамтран ажиллаж, тус төслийн ажилд дэмжлэг үзүүлэхтэй холбоотой талуудын эдлэх эрх, хүлээх үүрэг, хариуцлагыг зохицуулахад оршино гэж заасан боловч шүүхэд Хэнтий аймгийн Д******* суманд баригдах ******* аялал жуулчлалын цогцолбор"-ын гэрээг баримтаар гаргаж өгөөгүй тохиолдолд нэхэмжлэгч Д******* ХХК-ийг уг гэрээний туслан гүйцэтгэгч гэж дүгнэхэд эргэлзээтэй байна.
Иймд талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байхад анхан шатны шүүх буруу дүгнэсэн гэх агуулгаар гаргасан хариуцагч талын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.
4.1. Анхан шатны шүүх Д******* ХХК-ийг 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд гэрээнд заасан дараахь ажил, үүргийг гүйцэтгэснийг зөв тогтоожээ. Талуудын хооронд илгээсэн цахим баримтад шүүхээс 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хийсэн үзлэг хийж тэмдэглэл үйлдсэн тул цахим хэлбэртэй бичмэл нотлох баримтыг шүүх үнэлсэн нь журам зөрчөөгүй байна.
4.1.а Талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу ажиллагч Д******* ХХК нь МОН-L3787/3788: Тогтвортой аялал жуучлалыг хөгжүүлэх төсөл, А8: ******* аялал жуучлалын цогцолборын мэдээллийн төв, цэвэрлэх байгууламжийн зураг төсөл, барилга угсралт, бараа нийлүүлэх, 2023 оны оны 06, 07 дугаар сарын тайлан, Долоо хоногийн явцын тайланг хийж гүйцэтгэсэн.
4.1.б.Мөн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр [email protected] хаягаас [email protected], [email protected], [email protected] хаяг руу L3787/3788-MON: Тогтвортой аялал жуучлалыг хөгжүүлэх төслийн 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн №14 дугаар Уулзалтын тэмдэглэл-ийг хүргүүлсэн. /нотлох баримт 1 хх-125-126х/
4.1.в.2023 оны 06 дугаар сарын 18-ны өдөр [email protected] хаягаас [email protected], [email protected], [email protected], [email protected] хаяг руу L3787/3788-MON: Тогтвортой аялал жуучлалыг хөгжүүлэх төслийн 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн №13 дугаар Уулзалтын тэмдэглэл-ийг хүргүүлсэн. /нотлох баримт 1 хх-174х/
4.1.г. 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр [email protected] хаягаас [email protected], [email protected], [email protected] хаяг руу L3787/3788-MON: Тогтвортой аялал жуучлалыг хөгжүүлэх төслийн 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн №15 дугаар Уулзалтын тэмдэглэл-ийг хүргүүлсэн. Мөн өдрөө [email protected] хаягаас [email protected], [email protected], [email protected] хаягууд руу Хурлын тэмдэглэлийг Word-оор ирүүлмээр байна, Бидний зүгээс хурал дээр ярьсан агуулгууд бүрэн тодорхой ороогүй байгаа тул Word-дээр засаж тэмдэглээд эргээд хүргүүлэх болно гэх агуулгатай и-мэйл хүргүүлсэн. /нотлох баримт 1 хх-115х/,
4.1.д.2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр [email protected] хаягаас [email protected], [email protected], [email protected], [email protected] хаяг руу Санал зөвлөмжийг тусган эхлэлийн тайланг дахин хүргүүлж байна. Танилцаад хэвлэх зөвшөөрөл эсвэл дахин сайжруулах чиглэлийг ирүүлнэ үү гэж, Эхлэлийн тайлан_хавсралттай файлаар хүргүүлсэн. /нотлох баримт 1хх-181х/
4.1.е. 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр [email protected] хаягаас [email protected], [email protected], [email protected], [email protected] хаяг руу Эхлэлийн тайлангийн хариу хүссэн тухай файлаар хүргүүлжээ. /нотлох баримт 1хх-129х/
4.2. Түүнчлэн Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл-ийн 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 24/06 дугаар шүүхэд ирүүлсэн албан бичигт ... 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд М******* ХХК-иас боловсруулан ирүүлсэн тайлангууд, ажлын нарийвчилсан төлөвлөгөө, хурлын тэмдэглэлүүд нь зохих стандарт, шаардлага хангахгүй байсан тул төсөл хэрэгжүүлэгч нэгжийн зүгээс гарын үсэг зурж баталгаажуулаагүй болно. Үүнд: 1. Эхлэлийн тайлан, 2. 2023 оны 03, 04, 05, 06, 07 дугаар сарын тайлан, 3. 2023 оны 1, 2 дугаар улирлын тайлан, 4. Тухайн үед хурал зохион байгуулагдаж байсан бүх уулзалт, хурлын тэмдэглэлүүдийг хурлын бүх оролцогчдоор гарын үсэг зуруулж, баталгаажуулж ирээгүй болно. Мөн дагалдах ажлын явцын талаар зайлшгүй ирүүлэх 7 хоног, сарын болон улирлын тайлангууд, уулзалт, хурлын тэмдэглэлүүд зохих стандарт шаардлагыг хангаагүй талаар гэрээлэгчийн [email protected] цахим хаягт албан ёсоор тухай бүр мэдэгдэж байсан. ... гэж дурджээ.
Энэ албан бичигт дурдсан ажлын нарийвчилсан төлөвлөгөө нь талуудын хооронд байгуулагдсан гэрээнд заасан нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэх ажилд хамаарахгүй.
Эхлэлтийн тайлан болон бусад сарын тайлангууд зохих стандарт шаардлага хангаагүй, хурлын тэмдэглэлүүдийг үйлдсэн боловч оролцогчдоор гарын үсэг зуруулаагүй гэх зөрчил залруулагдах боломжтой.
Иймд нэхэмжлэгч талыг гэрээнд заасан ажлыг гүйцэтгэсэн гэх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.
Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийн 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 23/24 дугаар, 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 23/95 дугаар М******* ХХК-ийн захирал З.И*******эд хүргүүлсэн албан бичигүүдэд дурдагдсан зарим ажил нь Д******* ХХК-д хамаарах эсэх нь эргэлзээтэй.
5. Хариуцагч М******* ХХК "Дэлгэр Од Анд" ХХК-ийг гэрээний үүргээ биелүүлээгүйгээс төслийн нэгжтэй үндсэн гэрээний биелэлтэд саад учирсаны улмаас торгууль хүлээхээр болсон, мөн хамтран ажиллах гэрээний 5.2.5 дахь заалтад заасан гол үүргээ биелүүлж байгаагүй гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.
6. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
7. Харин давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянан үзэх эрхийн хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хариуцагч М******* ХХК-ийн нэрийг Мандалт контсракшн ХХК гэж буруу бичсэн байгааг зөвтгөн, өөрчлөлт оруулах нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцнэ гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 182/ШШ2024/00434 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дах заалтын ....Мандалт контсракшн ХХК.... гэснийг ...М******* ХХК... гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231,300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ
ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА
Э.ЗОЛЗАЯА