Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2024/00785

 

Д.Я*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2024/00468 дугаартай шийдвэртэй,

Д.Я*******ын нэхэмжлэлтэй,

М******* ТӨХК-д холбогдох

Ажпаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Д.Я******* миний бие 2022 оны 04 дүгээр сараас М******* ТӨХК-д тогоочоор ажиллаж байсан. Миний бие ажилдаа аливаа алдаа дутагдал гаргаж байгаагүй. Гэтэл 2023 оны 06 сарын 15-ны өдөр ээлжийн ажилдаа явах гэтэл М******* ТӨХК намайг ажлаас үндэслэлгүй халсан. Намайг яагаад халж байгаагаа хэлээгүй, тайлбарлаагүй, тушаал гаргаж өгөөгүй. Би өнөөдрийг хүртэл яагаад ажлаас халагдсан тухайгаа ойлгохгүй байна.

Миний бие 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргаж, 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны шийдвэрээр Гомдол гаргагч нь 3 талт хороонд гомдлоо гаргасан нь хууль тогтоомж зөрчсөн зүйл заалт алга байна. Талууд харилцан тохиролцож эвлэрч чадаагүй, харилцан тохиролцох боломжгүй байгаа тул урьдчилан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгов. Хөдөлмөрийн хуулийн дагуу дараагийн шатны арга хэмжээ авах эрх нь нээлттэй болно гэж шийдвэрлэсэн.

Иймд ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоож, урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэгч Д.Я******* нь М******* ТӨХК-тай 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 22/100 дугаар "Хөлсөөр ажиллах гэрээ"-г 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаагаар тогоочийн ажил үүргийг хариуцан гүйцэтгэхээр байгуулан ажилласан.

Хөлсөөр ажиллах гэрээг цуцлах мэдэгдлийг 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 23/04 дугаар албан бичгээр хүргүүлсэн боловч Д.Я*******ын зүгээс тус гэрээг сунгах саналыг удаа дараа М******* ТӨХК-ийн Захиргаа, удирдлагын газарт ирүүлж байсан тул 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 03 дугаартай албан бичгээр 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн ХАГ-22/100 дугаар Хөлсөөр ажиллах гэрээ-ний 1.2 дахь хэсэгт нэмэлт өөрчлөлт оруулан 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаатай байна гэж өөрчлөлт оруулан гэрээг сунгасан талаар мэдэгдсэн боловч иргэн Д.Я******* нь ирж гарын үсэг зураагүй.

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-т зааснаар хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу "М******* ТӨХК-ийн зүгээс Хөлсөөр ажиллах гэрээ-нд заасны дагуу тухай бүр хөлсийг төлөх үүргээ гүйцэтгэсэн болно.

Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийн 364.1-т зааснаар хөлсөөр ажиллах гэрээ тохирсон хугацаа дууссанаар дуусгавар болно гэжээ. Өөрөөр хэлбэл 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн ХАГ-22/100 дугаартай хөлсөөр ажиллах гэрээ нь 2023 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс хугацаа нь дуусахаар байна.

Иргэн Д.Я*******ын зүгээс ажилдаа хариуцлагатай, алдаа дутагдал гаргахгүй дахин ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн тул М******* ТӨХК-ийн зүгээс дахин гэрээг сунгах талаар холбогдох албан тушаалтнуудад мэдэгдэн 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаагаар сунган нэхэмжлэгчийн хүсэлтийг боломжит хугацаагаар удаа дараа ханган шийдвэрлэсэн байхад М******* ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын шийдвэрийг хуульд нийцээгүй гэж маргаж буй нь үндэслэлгүй.

Мөн Ө******* аймгийн Ц******* өртөөний ажилчдаас тогооч Д.Я*******ын талаар ёс зүйгүй, ялгаварлан гадуурхдаг, хамтран ажиллахад хүндрэлтэй гэх талаар удаа дараа гомдлууд М******* ТӨХК-ийн Захиргаа, удирдлагын газарт ирүүлж байсан тул 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс "Хөлсөөр ажиллах гэрээ-г цуцалсан.

Иймд М******* ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын шийдвэр нь хуулиар олгосон эрх хэмжээний хүрээнд гаргасан, Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжид нийцсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаарлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Я*******ыг урьд эрхэлж байсан тогоочийн албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч М******* ТӨХК-аас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 13,855,800 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Я*******д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Я*******ын 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 05-ний өдрийг хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг хариуцагч М******* ТӨХК-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар дээрх нэхэмжлэл гомдлоор авч хэлэлцэх нэхэмжлэлийн төрөлд хамаарах тул нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөгийг дурдаж, хариуцагч М******* ТӨХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1.Шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т ...нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлнэ... гэж заасныг зөрчиж хэргийг шийдвэрлэсэн байна.

Манай байгууллага нь нэхэмжлэгч Д.Я*******тай Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлд заасны дагуу 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Б/109 дугаар тушаалаар туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээг байгуулсан бөгөөд 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б/375 дугаар тушаалаар гэрээний хугацаа дууссан үндэслэлээр 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөр дуусгавар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж шийдвэрлэсэн.

Гэтэл иргэн Д.Я*******ын зүгээс удирдлагуудад удаа дараа үргэлжлүүлэн ажиллах хүсэлтийг гаргаж байсан учраас хөлсөөр ажиллах 22/100 дугаар гэрээг 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаагаар сунган ажиллуулсан.

Тухайн үед нэхэмжлэгчийн хөлсөөр ажиллах гэрээ тухай бүр сунгагдаж байсан талаар нэхэмжлэгчид мэдэгдэж байсан бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр тухай бүр хугацааг сунган ажиллуулж байсан. Гэтэл Ө******* аймгийн Ц******* өртөөний ажилчидаас удаа дараа иргэн Д.Я*******тай хамран ажиллах боломжгүй талаар өргөдөл гомдлыг ирүүлж байсан учраас манай байгууллагын зүгээс хөлсөөр ажиллах гэрээний хугацаа дууссан үндэслэлээр цуцалсан.

4.2.Нэхэмжлэгчийн зүгээс: ...нэхэмжлэгч хөлсөөр ажиллах гэрээний талаар огт мэдээгүй, танилцуулаагүй гэж маргадаг.

Гэтэл нэхэмжлэгч Д.Я******* нь М******* ТӨХК-аас 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр, 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 01/1612 дугаар албан бичгээр тус тус Худалдаа хөгжлийн банк ХХК-д гэрээт ажилтнаар ажиллаж байгаа нь үнэн болно, үндсэн цалин 1,500,000 төгрөг байна гэсэн тодорхойлолтуудыг авч зээл авсан байх магадлалтай байна.

Нэхэмжлэгч нь 2 удаа манай байгууллагаас Гэрээт ажилтнаар ажиллаж байгаа нь үнэн болно гэсэн тодорхойлолтыг авсанаас үзэхэд Д.Я******* нь хөлсөөр ажиллах гэрээгээр гэрээт ажилтнаар ажиллаж байгаагаа мэдэж байсан боловч анхан шатны шүүхэд гэрээт ажилтнаар ажиллаж байгаагүй, мэдэхгүй гэж худал мэдүүлэг өгсөн нь үйл баримтаар нотлогдож байна.

4.3. Мөн шүүхийн шийдвэрийн 8.2-т зааснаар: ...2022 оны 04 дүгээр сараас 1,500,000 төгрөгийн, 2022 оны 08 дугаар сараас 1,800,000 төгрөгийн цалин хөлс авч байсанд маргаангүй гэсэн нь үндсэн цалинг буруу бичсэн алдаатай байна.

Учир нь нэхэмжлэгч Д.Я******* 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Б/109 дугаар тушаалаар үндсэн цалин 1,200,000 төгрөг, хээрийн нэмэгдэл 50 хувь, нийт 1,800,000 төгрөгийн цалинтай байсан. Харин 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 22/100 дугаар Хөлсөөр ажиллах гэрээ-ээр 1,500,000 төгрөгийн цалинтай хөлсөөр ажиллахаар тохиролцсон бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийн 8.2-т заасан дүгнэлт нь нотлох баримттай нийцэхгүй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарын агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.4 дэх хэсэгт заасны дагуу туршилтын хугацаа дуусгавар болсон шийдвэрийг хариуцагч компани нэхэмжлэгчид мэдэгдээгүй. Хэрэв нэхэмжлэгч тухайн шийдвэрийг хүлээн аваагүй бол гэрийн хаягаар шуудангаар хүргүүлэх тухай хуульд заасан ажиллагааг хариуцагч тал хийгээгүй буюу тухайн ажиллагааг хийсэн талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй. Иймд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсныг мэдээгүй үйл баримт тогтоогдож байна.

Хөлсөөр ажиллах гэрээнд нэхэмжлэгч гарын үсэг зураагүй гэх үйл баримт батлагддаггүй бөгөөд хөлсөөр ажиллахаар болсон талаар мэдэж байсан гэж тайлбарладаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан нотлох үүргээ хариуцагч тал биелүүлдэггүй.

Бүтэц, орон тоо өөрчлөгдсөн гэж мөн тайлбарладаг ба үүнтэй холбоотой баримтуудыг огт гаргаж өгч байгаагүй. Мөн хариуцагч шийдвэрийн хууль зүйн үндэслэлийн талаар нотлоогүй, үүнд холбогдох баримтыг гаргаж өгөх бүрэн боломжтой байхад гаргаж өгөөгүй, хавтаст хэрэгт авагдаагүй баримтын талаар дурдаж ярьж байгаа нь үндэслэлгүй. Цалингийн зөрүүний хувьд тухайн цалин нь дундаж цалингийн хэмжээ байсан ба цалингийн талаар талууд маргадаггүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг гомдлын хүрээнд хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Д.Я******* нь хариуцагч М******* ТӨХК-д холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан гэж маргажээ.

3. Д.Я******* хөдөлмөрийн эрхийн маргааны талаарх гомдлыг 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст гаргасан. 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо хуралдаж, маргааныг шийдвэрлэх хуралдааны 86 дугаартай тэмдэглэлд хариуцагч байгууллагаас төлөөлөгч ирээгүй гэх үндэслэл зааж асуудлыг дараагийн шатанд хандаж шийдвэрлүүлэхийг заажээ. /хх 18-22/ Гурван талт хороогоор маргааныг шийдвэрлээгүй тул Д.Я******* шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

4. Хариуцагч М******* ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Б/109 дугаартай ажилд түр томилох тухай тушаалаар Д.Я*******ыг 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн Ц******* өртөөнд тогоочийн ажилд томилж, туршилтын хугацаагаар ажиллуулахаар шийдвэрлэж, мөн өдөртөө хөдөлмөрийн гэрээг туршилтын хугацаагаар байгуулсан, 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Б/375 дугаартай тушаалаар ажилтантай байгуулсан туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэх үндэслэлээр түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ. /хх 62, 65, 68-70/

5. Хэрэгт 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 22/100 дугаартай хөлсөөр ажиллах нэртэй гэрээ баримтаар эх хувиар авагдсан, уг гэрээнд ажиллагч талыг Д.Я******* гэж тодорхойлсон боловч тэрээр гарын үсэг зураагүй. Харин мөн гэрээнд хариуцагч байгууллагын хуулбар үнэн тэмдэг дарагдсан хувь дээр Д.Я******* гарын үсэг зурсан байх боловч энэ гэрээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан нотлох баримтад хамаарахгүй юм. Энэ тохиолдолд хариуцагч байгууллага нь өөрийн байгууллагын хуулбар үнэн тэмдэг дарсан бичмэл баримтын эх хувийг нотариатчаар гэрчлүүлж өгөх боломжгүй байсан гэх байдал тогтоогдохгүй байна. Иймд анхан шатны шүүх уг нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж дүгнэх байжээ.

6. Хэргийн 64 дэх талд баримтаар авагдсан ажлын байрны тодорхойлолтоос дүгнэвэл байгууллагын нэрийг М******* ТӨХК, ажлын байрны нэрийг тогооч, нэгжийн нэрийг Ц******* өртөө, ажлын байрыг шууд харьяалан удирдах албан тушаалтныг Өртөөний дарга, орлогч дарга, нярав гэж тодорхойлж, гүйцэтгэх захирал О.Батнасан, өртөөний дарга О.Амарсанаа, тогооч Д.Я******* нар гарын үсэг тус тус зурсан байна.

7. Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.15-д "хөдөлмөр эрхлэлтийн харилцаа" гэж ажилтан нь ажил олгогчийн удирдлага, заавар, хяналтын доор тодорхой ажил үүргийг энэ хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд ажил олгогчийн заасан ажлын байранд биечлэн гүйцэтгэх, ажил олгогч нь ажилтанд цалин хөлс олгох, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлөөр хангах талаар харилцан эрх эдэлж, үүрэг хүлээхээр тохиролцсоноор үүссэн харилцааг хэлэхээр тодорхойлсон байх бөгөөд ажилтан Д.Янжинлам нь хариуцагч байгууллагын харьяа Ц******* өртөө-д тогоочоор ажиллаж байсан тул тэдгээрийн хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь хуульд нийцжээ.

Иймд талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан гэх хариуцагч байгууллагын тайлбар, давж заалдах гомдол үндэслэлгүй.

8. Д.Я******* нь хариуцагч байгууллагад 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл тогоочоор ажиллаж байсан, ажилтан Д.Я*******тай хөдөлмөрийн гэрээг байгуулаагүй, түүнийг ажлаас халсан тушаал гаргаагүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3 дахь хэсэгт зааснаар Ажил олгогч, ажилтны хоорондын харилцаа нь энэ хуулийн 4.1.15-д заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааны шинжтэй бол хөдөлмөрийн гэрээнээс өөр төрлийн гэрээ байгуулахыг хориглоно. Хөдөлмөрийн гэрээнээс өөр төрлийн гэрээ байгуулсан боловч уг харилцаа нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааны шинжийг агуулсан бол түүнийг хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцно гэж заасан байх бөгөөд хариуцагч байгууллага нь хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн тохиолдолд хөдөлмөрийн гэрээ байгуулах үүрэгтэй.

9. Хөдөлмөрийн харилцаа үүссэн тохиолдолд ажил олгогч тал уг харилцааг цуцлахаар бол Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлд заасан үндэслэл бий болсон үед хэрэгжүүлэх боломжтой. Ажил олгогч тал хөдөлмөрийн харилцааг цуцлах агуулгатай баримт үйлдээгүй боловч ажилтны ажил үүргийг гүйцэтгүүлээгүй байгааг Хөдөлмөрийн тухай хуульд заагаагүй үндэслэлээр ажилтныг ажлаас халсан гэж дүгнэнэ.

10. Иймд нэхэмжлэгч Д.Я*******ыг ажилд нь эгүүлэн тогтоож, түүний үр дагаврыг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д тус тус заасанд нийцжээ.

11. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2024/00468 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227,229 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

Э.ЗОЛЗАЯА