Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 361

 

                              

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Ц.Дайрийжав даргалж

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Сарантуяа хөтлөн

улсын яллагч Г.Эрдэмбаатар,

шүүгдэгч З.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч;

 

Бэд холбогдох эрүүгийн 1705012980111  дугаартай  2 хавтаст хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

З.Б нь 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монсил Медикал Сервис” ХХК-ны үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтрэн орж Самсунг эс 8 маркын гар утас цүнхтэй эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч бусдад 1.175.100 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Орхон аймгийн Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт “Цайхун гэгээ” сургуулийн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр буюу 3 тоот өрөөнд нэвтрэн орж гар цүнх, монетон ээмэг, түрийвчтэй бичиг баримтыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч бусдад 241000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 8 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хороо 43 дугаар байрны 90 тоотод оршин суух Ж.Жын гэрийн цонхоор хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтрэн орж таблет, нокиа маркийн гар утас, цүнх бэлэн 7500 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 546.300 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.                                                                                              

                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч З.Б шүүхийн хэлэлцүүлэгт: Яллах дүгнэлтийг зөвшөөрч байна. Би өөртөө дүгнэлт хийгээгүйгээс болж ийм асуудалд орчихлоо. Хохиролыг зөвшөөрч байгаа би төлнө гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогч Н.З мөрдөн байцаалтанд: 2017 оны 10 дугаар сарын 30-ны өглөө 10 цагийн үед Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Медтравма” эмнэлгийн  4 давхарын өрөөндөө байж байгаад уг давхарт агуулах ороод 5 орчим минут болоод өрөөндөө орж ирэхэд миний гар цүнх болон Самсунг эс-8 маркийн гар утас хулгайд алдагдсан байсан. Манай өрөөнд тухайн үед хүн байгаагүй өрөөний хаалгыг түгжээгүй байсан. Тэгээд цагдаад дуудлага өгөөд камер шүүхэд үл таних эрэгтэй хүн цүнх хулгайлаад гарч байгаа бичлэг байсан. Самсунг эс 8 маркийн утсаа 2017 оны 9 сард 1800000 төгрөгөөр Тэди төвөөс авч байсан. Хар өнгөтэй утас байсан. Миний гар цүнх хар өнгөтэй арьсан материалтай, мөн арьсан материалтай хар өнгийн хэтэвч байсан. Уг хоёрыг нийлүүлээд хорооллын дэгжин гэдэг дэлгүүрээс 220000 төгрөгөөр авч байсан дотор нь үнэртэй ус байсан мөн миний иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх байсан. /1хх-ийн 17/ гэх мэдүүлэг, 

 

Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар “Samsung Galaxy S8 маркийн гар утас 900.000 төгрөг, LV брэндийн цүнх 120.700 төгрөг, LV брэндийн түрийвч 71400 төгрөг, иргэний үнэмлэх 18300 төгрөг, жолооны үнэмлэх 12500 төгрөг, Shannel брэндийн 30 мл-тэй ус 52200 төгрөг” эд зүйлсийн үнэлгээ нийт 1175100 төгрөгөөр үнэлэгдсэн байна.  /хх-ийн 23/

 

Гэрч Б.Алзахгүй мөрдөн байцаалтанд”...З бид хоёр захиралын өрөөнд орж 2-3 орчим минут болоод буцаад гарч ирээд З ширээн дээр байсан миний гар утас алга болчихлоо, залга гэхээр нь залгатал дуудаж байсан боловч дуугарахгүй байсан.  5-10 минут орчим дуудаж байгаад унтарчихсан...” /1хх-ийн 18/ гэх мэдүүлэг,

 

Сэжигтнээр З.Б мөрдөн байцаалтанд: 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Гэмтэл Согог Судлалын төвийн урд талд байрлах байгууллага байсан нэрийг нь санахгүй байна. Тухайн үед уг газар 9 цагийн үед хулгай хийх зорилгоор 2 давхарт гараад хаалга байхаар нь онгойлгоход ширээн дээр нь хар өнгийн Самсунг эс-8 маркийн гар утас, хажууд нь жижиг хар цүнх байхаар нь авч гарсан. Гараад доторх эд зүйлийг нь үзэхэд хар жижиг түрийвч түрийвчин дотор бичиг баримт, түлхүүр байсан бичиг баримт, түлхүүр, цүнхийг явж байхдаа замдаа хаясан. Тэгээд цаашаа Тэди төв орж Самсунг эс 8 утсыг тус төвийн гадаа зогсож байсан ченжид 250.000 төгрөгөөр зарсан. /1хх-ийн 34/ гэх мэдүүлэг,

 

Хохирогч Г.Ж мөрдөн байцаалтанд: Би 2018 оны 8 дугаар сарын 13-ны 23 цагийн орчим зээ охин Энэрэл, өөрийн охин Байгаль нарын хамт том өрөөндөө орж амарцгаасан. Тэгээд маргааш өглөө нь Байгаль ажилдаа явах гээд Таблетаа хайсан чинь олдоогүй бөгөөд Нокиа маркийн гар утас, зээ охины маань улаан өнгийн түрийвч жижиг гар цүнх зэрэг байхгүй байсан. Манай охин Байгаль  таблетаа хайж байхдаа цонхоор хүн орж ирсэн байна гэж хэлсэн. Тэгээд би очоод хартал манай гал тогооны цонхны жижиг хаалтыг сугалаад газар хаячихсан байсан. Алдагдсан таблет нь охины маань ажилладаг МСD ХХК-ны хангалтаар тавьж олгосон Самсунг брэндийн таблет байсан бөгөөд 2018 оны 1 дүгээр сард ажлынх нь хөдөлмөрийн гэрээн дээр 450.000 төгрөг гэж үнэлсэн байсан. Гар цүнх нь 2017 оны 11 сард найзаас нь бэлгэнд өгч байсан хар өнгийн арьсан цүнх байсан. Түүнийг тухайн үедээ найз нь 180.000 төгрөгөөр худалдан авч бэлэглэсэн гэсэн. Зээ охин түрийвч дотор 7500  төгрөг байсан. Эдгээр алдагдсан эд зүйлсээ нийтэд нь 500.000 төгрөгөөр үнэлж байна. /1хх-ийн 65/ гэх мэдүүлэг,

 

Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар” Samsung брендийн таблет  360.000 төгрөг, Hermes брендийн эмэгтэй хүний гар цүнх  162.000 төгрөг, хуучин нокиа маркийн гар утас 16.800 төгрөг” эдгээр эд зүйлс нийт 538.800 төгрөгөөр үнэлэгдсэн байна.  /1хх-ийн 86/,

 

З.Б мөрдөн байцаалтанд: 2018 оны 8 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрээр тэнэж байсан. Тэгтэл тус хорооны 43 дугаар байрны 1 давхарын нэгэн айлын цонх онгорхой байхаар нь хулгай хийх сэдэл төрж, цонхоор нь орж ширээн дээр байсан түрийвч жижиг нокиа маркийн гар утсыг аваад цааш коридорын өрөө рүү орж тавиур дээр байсан табыг аваад хажууд нь байсан хар өнгийн цүнхийг аваад буцаж цонхоор нь гарсан. Тэндээсээ доошоо уруудаад түрийвчийг  нь ухаад дотор нь байсан 7000 төгрөгийг аваад хаячихсан. Нарантуул зах руу алхаж очоод нөгөө табыг 30000 төгрөгөөр зарсан. Одоо надад нокиа нь байгаа, цүнх нь хоосон байсан учир тэр хавьд нэг гражны дээвэр рүү шидчихсэн. /1хх-ийн 71/ гэх мэдүүлэг,

 

Хохирогчоор Л.Э мөрдөн байцаалтанд: 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр “Цайхун гэгээ” сургуулийн өөрийнхөө ажлын өрөөнөөс доошоо буугаад багш нарын өрөө орж интернэтээс юм хуулж аваад эргээд иртэл миний сандал дээр тавьсан байсан цүнхэн дотроос түрийвч хулгайлаад аваад явсан байсан. Миний түрийвчин дотор 8 төрлийн бичиг баримт болон иргэний үнэмлэх, дэлгүүрийн хөнгөлөлтийн карт, арилжааны банкуудын карт болон монетон ээмэг 1 ширхэг эд зүйлс алдагдсан байсан. Манай ажлын хяналтын камерт нэг үл таних залуу авч гарч байсан. Үнэлгээний байгууллага миний эд зүйлсийг 241000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. /1хх-ийн 172/ гэх мэдүүлэг,

 

Орхон аймаг дахь “Бан Хас”  ХХК-ийн хөрөнгийн үнэмлгээний тайлангаар “585 сорьцтой монетон ээмэг 140.000 төгрөг, парада брендийн түрийвч 70000 төгрөг, иргэний үнэмлэх болон банкны картууд 31000 төгрөг” эдгээр эд зүйлсийн үнэлгээ нийт /1хх-ийн 184/,

 

З.Б мөрдөн байцаалтанд: 2017 оны 9 дүгээр сарын дундуур Цайхун гэгээ сургууль дотор ороод 2 давхарт явж байтал хаалга нь онгорхой хичээл ордог анги байхаар нь өрөөн дотор ортол хаалганы баруун талд багшийн ширээ бололтой ширээний ар талд хар өнгийн сандал дээр эмэгтэй хүний цүнх байхаар нь цүнхэн дотроос нь улаан хүрэн өнгийн түрийвч аваад шууд сургуулиас гарч яваад сургуулийн хойд талд байрлах гражнуудын хажууд очин түрийвчин доторхийг үзэхэд дотор нь эмэгтэй хүний цахим үнэмлэх, банкны виза карт, монетон ээмэг зэрэг эд зүйлс байсан. Бичиг баримтуудыг нь хаяад монетон ээмгийг нь уртцагааны алт мөнгөний дарханд зарсан. /1хх-ийн 179/ гэх мэдүүлэг,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 55-56/

Гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 57, 167/

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 165-166/

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-ийн 168/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 01/552 дугаартай дүгнэлтэнд: Шинжилгээнд ирүүлсэн 3,4,6,7,8  гэж дугаарласан 5 ширхэг гарын мөр болон гарын хээний дардас шинжилгээнд тэнцэнэ. Санд Зоригтбаатар овогтой Бийн зүүн гарын дунд, ядам хурууны гарын хээний дардастай тохирч байна. /1хх-ийн 75/ гэсэн дүгнэлт болон З.Бийн хувийн байдалтайгаар холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 101/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-ийн 125/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол хор уршгийн талаархи шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч З.Б нь 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Орхон аймгийн Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт байрлах “Цайхун гэгээ” сургуулийн 3 тоот өрөөнөөс Л.Эгийн эд зүйлсийг хууль бусаар авч 241.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Медтравма эмнэлгийн  4 давхарын өрөөнөөс Н.Зын эд зүйлсийг хууль бусаар авч 1.175.100 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 8 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хороо 43 дугаар байрны 90 тоот  Ж.Жын гэрийн цонхоор нэвтрэн орж эд зүйлсийг нь хууль бусаар авч 546.300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Л.Эгийн“...ажлын өрөөнөөс доошоо буугаад багш нарын өрөө орж интернэтээс юм хуулж аваад эргээд иртэл миний сандал дээр тавьсан байсан цүнхэн дотроос түрийвч хулгайлаад аваад явсан байсан...” /1хх-ийн 172/ гэх мэдүүлэг болон хөрөнгийн үнэмлгээний тайлан /1хх-ийн 184/,

 

 

хохирогч Н.Зын“...Медтравма эмнэлгийн  4 давхарын өрөөндөө байж байгаад уг давхарт агуулах ороод 5 орчим минут болоод өрөөндөө орж ирэхэд миний гар цүнх болон Самсунг эс-8 маркийн гар утас хулгайд алдагдсан байсан...” /1хх-ийн 17/, гэрч  Б.Алзахгүйгийн“...З ширээн дээр байсан миний гар утас алга болчихлоо, залга гэхээр нь залгатал дуудаж байсан боловч дуугарахгүй байсан...”/1хх-ийн 18/ гэх мэдүүлэг болон хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-ийн 23/,

хохирогч Г.Жын“...Байгаль ажилдаа явах гээд Таблетаа хайсан чинь олдоогүй бөгөөд Нокиа маркийн гар утас, зээ охины маань улаан өнгийн түрийвч жижиг гар цүнх зэрэг байхгүй байсан...” /1хх-ийн 65/ гэх мэдүүлэг болон хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-ийн 86/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна. 

 

Эдгээр бичгийн нотлох баримтуудаар мөрдөн байцаалтанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн З.Бийн”...ширээний ар талд хар өнгийн сандал дээр эмэгтэй хүний цүнх байхаар нь цүнхэн дотроос нь улаан хүрэн өнгийн түрийвч аваад шууд сургуулиас гарч явсан...” /1хх-ийн 179/, “...9 цагийн үед хулгай хийх зорилгоор 2 давхарт гараад хаалга байхаар нь онгойлгоход ширээн дээр нь хар өнгийн Самсунг эс 8 маркийн гар утас, хажууд нь жижиг хар цүнх байхаар нь авч гарсан...” /1хх-ийн 34/, “...43 дугаар байрны 1 давхрын нэг айлын цонх онгорхой байхаар нь хулгай хийх сэдэл төрж, цонхоор нь орж ширээн дээр байсан түрийвч жижиг нокиа маркийн гар утсыг аваад цааш коридорын өрөө рүү орж тавиур дээр байсан таб аваад хажууд нь байсан хар өнгийн цүнхийг аваад буцаж цонхоор нь гарсан...” /1хх-ийн 71/ гэж мэдүүлсэн мэдүүлэг нь давхар батлагдаж нотлогдсон тул түүний мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлэх үндэслэл болно.

 

Хавтаст хэрэгт авагдсан хэргийн үйл баримтаар шүүгдэгч З.Б нь хохирогч Л.Эгийн эд зүйлсийг сургуулийн албан тасалгаанаас, хохирогч Н.Зын эд зүйлсийг эмнэлгийн албан тасалгаанаас, хохирогч Г.Жын эд зүйлсийг  оршин суух орон сууцных нь цонхоор орж хууль бусаар авсан нь тогтоогдсон.

 

З.Бийн  эдгээр үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэмт хэрэгт тооцогдох үйлдэл” байх бөгөөд уг үйлдэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн санаатай гэмт хэрэгт” тооцогдоно. 

 

Хяналтын прокуророос З.Бийг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд, албан тасалгаа буюу агуулах саванд нэвтэрч үйлдсэн гэх гэмт хэргийн бүрэлдэхүүний хүндрүүлэх шинжүүдээр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч З.Бийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

 

Улсын яллагчаас гэм буруугийн талаар гаргасан санал дүгнэлт хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй болно.

 

Хохирол төлбөрийн хувьд нэр бүхий хохирогч нарын хулгайлагдсан эд зүйлсийг үнэлсэн эрх бүхий үнэлгээний байгууллагуудын үнэлгээний тайланг шүүх нотлох баримтаар үнэлж шүүгдэгч З.Бээс нийт 1.954.900 төгрөг гаргуулж хохирогч Н.Зд 1.175.000 төгрөг, хохирогч Ж.Жд 538.800 төгрөг, хохирогч Л.Эд 241.000 төгрөг тус тус олгохоор шийдвэрлэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдсон З.Бэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх  нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн Гэм буруугийн зарчимд нийцнэ.

 

З.Бэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон урьд нь шүүхээр ял шийтгэгдсэн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол зэргийг харгалзаж хорих ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх Эрүүгийн хариуцлагын зорилго болон Шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд хөрөнгөгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурьдаж байна.