Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 340

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,  шүүгч А.Алтанхуяг,  шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Буянхишиг хөтлөн,

иргэдийн төлөөлөгч Х.Алтанчимэг,

улсын яллагч Г.Билгүүжин,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В.Б, түүний өмгөөлөгч О.Одхүү,

шүүгдэгч Н.Е, түүний өмгөөлөгч Я.Батханд нарыг оролцуулан  тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

Ед холбогдох эрүүгийн 1905001730021 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан  хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Н.Е нь өөртөө эдийн засгийн ашигтай байдал бий болгох зорилгоор 2019 оны 01 дүгээр сарын 06-ны орой 23 цагийн үед Баянгол дүүргийн 16 дугаар хороо 14 дүгээр гудамжинд М.Аийг зүүж байсан хүзүүний ороолтоор нь боомилж алсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                              ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.  Үүнд:

 

Шүүгдэгч Н.Е шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Би гэм буруугаа зөвшөөрч байгаа.  Би хохирогчийн  гар утас, 37.000 төгрөг, автобусны карт нь газар унасан байхад нь авсан.  Би хохиролд өөрийн нэр дээрхи газрыг өгнө гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В.Б шүүхийн хэлэлцүүлэгт: 2019 оны 01 дүгээр сарын 07-ны 14 цагийн үед Баянгол дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсээс дуудахаар нь очиж нөхрөө нас барсныг нь мэдсэн. Би 2-13 насны 5 хүүхэдтэйгээ үлдсэн, гомдолтой байна. Манай нөхөр бид нарыг тэжээдэг ганц хүн маань байсан. Миний хүүхдүүд аавыгаа нэхээд хэцүү байна. Би гомдолтой байна. Оршуулгын зардалд 9.676.117 төгрөг, бусад хохирол буюу талийгаачийн олж байсан орлогыг бага хүүхэд болох 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр төрсөн Алтангэрэлийн Буяннэмэхийг 18 нас хүртэл буюу 16 жилээр тооцож 47.840.000 төгрөг буюу нийт 57.516.117 төгрөгийг нэхэмжилнэ гэв.

Хавтаст хэргээс:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч /эх/ Ц.Я мөрдөн байцаалтанд: Би Алтангэрэлийн төрсөн эх юм. Би 2 хүүхэдтэй түүний бага нь юм. Талийгаач 1992 оны 11 дүгээр сарын 30-нд Улаанбаатар хотод төрсөн...Улаанбаатар хотын Өгөөмөр зах дээр хувиараа машины цахилгаан хөгжим засдаг байсан. Одоогоос 3 жилийн өмнө Улаанбаатар хотод 3-4 дүгээр хороололд Б гэх эмэгтэйтэй танилцаад хамтран амьдрах болсон. Тэр эмэгтэй нь өөрөө дагавар 4 хүүхэдтэй манай хүүтэй хамтран амьдраад 1 хүүтэй болсон. Нас барахын өмнө 3 дугаар хороололд эхнэр Бтай хамт амьдарч байсан. Хүнтэй харьцахдаа эвсэг, найз нөхдийнхөө дунд нэр хүндтэй бусад хүмүүстэй хэрүүл маргаан үүсгээд байдаггүй, ааш зан сайтай хүүхэд байсан. Талийгаачийн оршуулгын зардалд нийт 9.676.117 төгрөг гарсан цаашид гарсан зардлыг тухай бүрт нь нэхэмжлэх болно. /1хх-ийн 95/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Н.Гантулга мөрдөн байцаалтанд: Миний бие Баянгол дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Туулын 14-р гудамжны 246 тоотод гэр бүлийн хамт амьдардаг юм, 2019 оны 01 сарын 06-ны өдөр би гадуур ажилтай явж байгаад орой 23 цагийн орчим гэртээ ирэхэд хашааны гадна ямар нэгэн хүнтэй тааралдаагүй хэвийн байдалтай байсан. Тэгээд би 23 цаг 24 минутын орчим өөрийнхөө эзэмшлийн 07-43 УБВ дугаартай “Тоёота ргоbох” маркын автомашинаа гражид оруулах гээд гэрээсээ гарч ирэхэд манай 246 тоот хашааны баруун хойд талд 3 залуу зогсоод гар утсаараа яриад байсан ба энд нэг хүн ийм байдалтай хэвтэж байна. Энэ хүн унаад удаагүй юм шиг байна, шээснээс нь уур савсаад байна  гэж хэлэхээр  нь би 4 метр орчмын зайнаас харахад манай хашааны баруун хойд талд байрлуулсан цагаан өнгийн приус 11 маркын машины хойд гуперын харалдаа дор буюу хашааны ёроолд 30 орчим насны эрэгтэй хүн дээшээ харсан байдалтай хөдөлгөөнгүй хэвтэж байсан ба тэр хүний гадуур хувцасных нь энгэр  хагас задгай, өмднийх нь урд талын цахилгаан татагдаагүй толгой нүцгэн хамарнаас нь бага зэрэг цус гарсан байдалтай харагдсан. Ойр хавьд нь тэр 3 залуу болон надаас өөр хүн харагдаагүй.  Нөгөө 3 залуу утсаараа цагдаа дуудчихсан байсан тул би гражидаа машинаа оруулчихаад буцаад гараад ирэхэд нөгөө 3 залуу явчихсан байхаар нь би өөрийнхөө 99049732 дугаартай гар утаснаас 102 руу залгахад дуудлага хүлээж авлаа гэсэн, удалгүй цагдаагийн машинт эргүүл ирсэн...манай хашааны баруун хойд талд гарч байгаа дуу чимээ тод сонсогддог намайг орой 23 цагийн орчим гаднаас ирснээс хойш хашааны гадаа хүн орилох маргах болон өөр бусдад анзаарагдахаар ямар нэгэн дуу чимээ сонсогдоогүй. /1хх-ийн 96/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.Баярмаа мөрдөн байцаалтанд: Би хувиараа хөдөлмөр эрхэлдэг бөгөөд “Да хүрээ" зах дээр өөрийн нөхрийн хамт машины авто хөгжим, гоёл чимэглэлийг нь зардаг юм. Харин талийгаачийн хувьд манай нөхөр бид хоёрт тусалж машинд авто хөгжим суулгах ажил эрхэлдэг байсан. Миний хувьд талийгаачтай 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр уулзсан бөгөөд талийгаач тэр өдөр Да хүрээ зах дээр ирж ажлаа хийсэн юм. Харин 2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Алтангэрэл ажилдаа ирээгүй. Ямар ч байсан тэр ажилдаа ирээгүй болохоор нь холбоо бариагүй юм. Тухайн өдөр талийгаачийг амарч байгаа юм болов уу гэж бодсон. Сүүлд уулздаг өдөр талийгаачийн биеийн байдал хэвийн ямар нэгэн гэмтэл шархгүй зүгээр байсан. Миний мэдэж байгаагаар архаг хууч өвчин гээд байх зүйл байхгүй ажил дээрээ байх үедээ өвдлөө гэж ярьж байгаагүй. /1хх-ийн 97/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Э.Гансүх мөрдөн байцаалтанд: 2019 оны 01 дүгээр сарын 06-ний 21 цагийн үед талийгаач манай гэрт ирээд бид хоёр Голд нэртэй 0.75 граммтай 1 шил архийг 2-лаа хувааж уусан юм. Тэгээд талийгаач 22 цаг өнгөрч байхад бид хоёр манай гэрээс гараад хажуу талын дэлгүүр рүү ороод Аптангэрэл архи авна гээд байхаар нь би “архи авч яах гээд байгаа юм” гэж хэлээд би тухайн дэлгүүрээс гараад байж байхад Алтангэрэл намайг “архи аваад өг” гээд шаналгаад байхаар нь би “гэрийн чинь тэнд очиж байгаад архи авч өгье” гэж хэлсэн чинь “үгүй би одоо архи авмаар байна” гэхээр нь би явъя гэж хэлээд өөрөө түрүүлж яваад Гандангийн зүүн талын хаалган дээр хараад зогсож байхад Аптангэрэл тухайн дэлгүүр рүү ороод гарч байсан. Тэгээд Алтангэрэлийг харж байхад Алтангэрэл тэр дэлгүүрээс гараад Гандангийн буудал руу зам дагаад алхаж байсан. Тэгэхээр нь би Алтангэрэлийг гэр рүүгээ явчихлаа гэж бодоод би гэртээ ороод байж байхад Алтангэрэл миний утас руу залгахаар нь салгаад буцаагаад залгахад Алтангэрэл надад хэлэхдээ “миний цүнхийг хүн авах гээд байна” гэхээр нь би “яг хаана юм бэ” гэж асуусан чинь” МҮИС-ийн энд байна” гэж хэлэхээр нь “яг наанаа байж бай одоо очлоо” гэж хэлэх үед Алтангэрэлийн утас нь тасарчихсан. Тэгэхээр нь би гэрээсээ гараад Алтангэрэлийн хэлсэн газарт очтол Алтангэрэл байгаагүй. Тэгээд би тэр хавиар  нь Алтангэлэлийг хайж байгад утас руу нь залгахад гар утас нь холбогдохгүй байсан.  Алтангэрэл бид хоёр манай гэрт 075 граммтай Голд нэртэй нэг шил тал архийг 2-лаа хувааж уусан. Тэрнээс өөр архи дарс уугаагүй. Аптангэрэл манай гэрт ирэхдээ архи уусан байсан. Би тухайн үед хир их уусан талаар асуухад нэг лааз пиво уусан гэж хэлж байсан. Ямар ч байсан Алтангэрэл манай гэрээс явахдаа нэг  их  айхтар согтуу байгаагүй. Өөрийгөө авч явах чадвартай байсан. /1хх-ийн 101/ гэх мэдүүлэг,

 

Цогцост хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 251 дугаартай дүгнэлт: Талийгаачийн биед хүзүүнд боолтын ором, баруун гарын сарвуунд зулгаралт, дээд, доод уруулд цус хуралт гэмтэл тогтоогдлоо Дээрх хүзүүнд үүссэн боолтын ором нь зөөлөн зүйлээр буюу уяа гогцоогоор үүсгэгдэнэ. Баруун гарын сарвуунд зулгаралт дээд доод уруулд цус хуралт нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаач нь боолтын улмаас амьсгал бүтэлтэнд орж нас баржээ. Талийгаачид нас барахад нөлөөлөх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь В III бүлгийн цустай байна. Талийгаачийн цусанд 3.4%,  ходоодны шингэнд 3.9%, шээсэнд 3.7% спиртийн агууламж илэрсэн нь хүнд зэргийн согтолт байна. Шээсэнд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй.  /1хх-ийн 106-110/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 459 дугаартай дүгнэлтэнд: Шинжилгээнд ирүүлсэн Чингис архины шил, хар хэтэвч, 3 хуудас бичвэр бүхий шоо дөрвөлжин дэвтрийн цаас, сим картны үүр, хадгаламж банкны виза карт, Скайтел цэнхэр сим картны үүр, 10 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, 5төгрөгийн мөнгөн дэвсгэрт зэрэг зүйлсийн гадаргуунаас мөр илэрсэнгүй. /1хх-ийн 114/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 451 дугаартай дүгнэлтэнд:

Шинжилгээнд ирүүлсэн хувцсанд гэмтэл гарсан байна. Хар хөх оруулгатай цагаан футболканд гарсан 55мм хэмжээтэй гэмтэл нь татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан хуучин ханзралт байна. Хөх жинсэн өмдөнд гарсан 20х10 мм, саарал дотуур өмдөнд гарсан 75х40мм хөндлөн хөх болон цагаан судалтай саарал дотуур өмдөнд гарсан 65х45мм хэмжээтэй гэмтлүүд нь татаж чангаах хүчний үйлчлэлээр тус тус гарсан хуучин урагдалтууд байна. Саарал дотуур өмдөнд гарсан 20х8мм, хөндлөн хөх болон цагаан судалтай саарал дотуур өмдөнд гарсан 130х10мм, хар хос гуталд гарсан 65х15мм, 70х20мм хэмжээтэй гэмтлүүд нь эдэлгээний явцад тус тус гарсан хуучин цооролт элэгдэлт байна. Цэнхэр оймсонд гарсан 8х6мм хэмжээтэй гэмтэл  нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр гарсан хуучин цооролт байна. /1хх-ийн 121/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 561 дугаартай дүгнэлтэнд: Хохирогчийн өмсөж байсан гэх цагаан өнгийн ханцуйгаараа хар оруулгатай подволк хар өнгийн куртик дээр цус илэрсэн. Уг цус нь А /II/ бүлгийн харьяалалтай байна. Хохирогчийн өмсөж байсан гэх эрээн дотуур өмд, саарал өнгийн дотуур өмд, бор өнгийн тэлээ, цэнхэр өнгийн жинсэн өмд, хар өнгийн гутал, цайвар саарал өнгийн ноосон цамц, цэнхэр өнгийн оймс  дээр цус биологийн  гаралтай ул мөр илрээгүй. /1хх-ийн 126/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 464 дугаартай дүгнэлтэнд: Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн гар цүнхний оосор 45 мм татах чангаах хүчний үйлчлэлээр гарсан шинэ ханзралт байна /1хх-ийн 130/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 560 дугаартай дүгнэлтэнд: Бараан өнгийн цүнх дээр цус болон биологийн гаралтай ул мөр илрээгүй. /хх-ийн 132/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 01/046 дугаартай дүгнэлтэнд: шинжилгээнд ирүүлсэн хэн болох нь тодорхойгүй цогцосны гарын хээний дардас нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд тэнцэж байгаа хэн болох нь тодорхойгүй цогцосны гарын хээний дардас нь Папилон санд байгаа хүмүүсийн гарын хээний дардас, эзэнгүй хэргийн гарын мөрүүдтэй  тохирохгүй байна /1хх-ийн 137/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 371 дугаартай дүгнэлтэнд: Шинжилгээнд ирүүлсэн баруун гарын 1 гэж дугаарласан хумснаас хөх өнгийн утасны сэмэрдэж баруун гарын 2 гэж дугаарласан хумснаас хөх болон улаан өнгийн утасны сэмэрдэс, баруун гарын 3 гэж дугаарласан хумснаас хөх өнгийн утасны сэмэрдэс, зүүн гарын 1 гэж дугаарласан хумснаас хөх болон улаан өнгийн утасны сэмэрдэс, зүүн гарын 5 гэж дугаарласан хумснаас хөх өнгийн утасны сэмэрдэсүүд тус тус илэрч байна. Шинжилгээнд ирүүлсэн хумснаас илэрсэн утасны сэмэрдэсүүдийг ямар төрлийнх болох, хувцасны сэмэрдэс мөн эсэхийг тогтооход шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнээс хэтэрсэн байх тул боломжгүй. /1хх-ийн 143/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 368 дугаартай дүгнэлтэнд: Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн ороолтны шошгонд 10 мм татах чангаах хүчний үйлчлэлээр гарсан шинэ ханзралт байна /1хх-ийн 155/

 

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 273 дугаартай дүгнэлтэнд: Н.Е нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна хэрэг үйлдэгдэх үед өөрийн үйлдлийг зөв ухамсарлан ойлгож, үйлдлээ удирдах чадвартай байсан байна. Хэрэг үйлдэгдэх үеийн цаг хугацааг мэдэх чадвартай байсан байна. Үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. /1хх-ийн 161/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 802 дугаартай дүгнэлтэнд: Шинжилгээнд ирүүлсэн хувцсанд уранхай, цоорхой гарсан байна. Шинжилгээнд ирүүлсэн хувцасны хүрмэнд гарсан 8 см 17х5см, 21см, футболконд гарсан 1.5 см, 1.5 см хэмжээтэй уранхай татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан уранхай байна. Хүрмэнд гарсан 8см, 21 см хэмжээтэй уранхай шинээр гарсан байна. Харин хүрмэнд гарсан 17х5 см футболканд гарсан 1.5 см, 1.5 см хэмжээтэй уранхай хуучин уранхай байна. Хүрмэнд гарсан 4х4 мм, футболканд гарсан 5х5 мм хэмжээтэй цоорхой хатуу үзүүртэй зүйлийн үйлчлэлээр гарсан хуучин цоорхой байна. /1хх-ийн 168/

 

 

Яллагдагчаар Н.Е мөрдөн байцаалтанд: 2019 оны 01 дүгээр сарын 06-ны орой 22 цаг өнгөрөөд 23 цагийн орчим Баянгол дүүргийн 16 дугаар хороо Гандангийн Экс-2-н хажуугаар явж байхад миний насны залуу согтуу миний урд явж байсан бөгөөд зүүн талын сугандаа хавчуулчихсан байсан жижиг бор өнгийн цүнхний нь оосор тасарчихсан газар чирэгдээд явж байхаар нь араас нь алхаж очоод нөгөө залууд “цүнхний чинь оосор тасарсан байна янзлаад өгье” гэсэн чинь миний хэлснийг сонссон мөртлөө цаашаа нэг хүнтэй утсаар яриад байгаа бололтой байсан. Тэгсэн тэр утсаар ярьж байгаа хүндээ “энд нэг залуу намайг зодох гээд байна” гэж хэлэхээр нь би “чи юу яриад байгаа юм би чамайг зодох гээгүй биз дээ” гэж хэлсэн чинь урдаас пээдэлзээд “ална шүү, чи хэн бэ” гээд байхаар нь өөдөөс хараад утсаар ярьж байхад нь хүзүүгээрээ ороосон байсан цагаан өнгийн ороолтны үзүүрээс бариад татаад унагасан чинь куртикных нь зүүн талын дотор халааснаас нь хар өнгийн гар утас, бэлэн мөнгө, автобусны төлбөрийн карт зэрэг гарч ирэхээр нь тэдгээр гарч ирсэн зүйлийг нь авсан чинь нөгөө залуу миний баруун гар руу 2-3 удаа гараараа цохисон. Тэгэхээр нь би гарч ирсэн зүйлийг нь аваад алхаад явсан. Тэр үед нөгөө залуу гудамжинд байсан хоёр машины голд дээшээ хараад хэвтэж байсан. Хүзүүгээр ороосон ороолт нь баруун талаасаа гогцоолдоод зүүн талаасаа хоёр үзүүрийг нь гогцоолдсон хэсэгт нь оруулчихсан байхаар нь би ороолтны хоёр үзүүрээс нь барьж байгаад татаж унагаад, баруун талын мөрөн дээгүүр нь ороолтны үзүүр хэсгийг зүүн талын мөр хэсэг рүү нь татаж боосон. Тэр үед талийгаач өөдөөс эсэргүүцэл үзүүлээд 2-3 удаа цохихоор нь энгэрээс нь унасан зүйлийг нь аваад явсан. Би тэрнээс цохиж зодсон зүйл байхгүй...эхлээд намайг татаад унагахад түрүүлгээ хараад унасан тэр үедээ хамраараа газар мөргөсөн байх...автобусны карт, хар өнгийн SKY маркийн гар утас нь надад байна. Талийгаачаас авсан 37000 төгрөгийг  эхнэртээ түлээгээ аваарай гээд өгсөн. /1хх-ийн 196/ гэх мэдүүлэг,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5/, Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-12/, Цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 13-17/, Эд зүйлд үзлэг  хийсэн тэмдэглэл /хх-ийн 18/, Хэргийн газарт үзлэг  хийсэн тэмдэглэл /хх-ийн 21-22/, хохиролын  баримтууд /хх-ийн 31-87/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

 

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор Н.Е цусны бүлэг /хх-ийн 178/, эрүүгийн хариуцлага хүлэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 198/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 200/,  тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 211/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 212/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 213, 214/, шилжсэн тухай тодорхойлолт /хх-ийн 221/, зээлийн болон барьцааны гэрээний хуулбар /хх-ийн 226/, хөдөлмөрийн гэрээний хуулбар зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

    

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол хор уршгийн талаархи шүүхийн дүгнэлт:      

Шүүгдэгч Н.Е өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор 2019 оны 01 дүгээр сарын 06-ны шөнийн 23 цагийн орчимд Баянгол дүүргийн 16 дугаар хороо 14 дүгээр гудамжинд М.Аийг зүүж байсан хүзүүний ороолтоор нь боомилж алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

гэрч Н.Гантулгын”...манай хашааны баруун хойд талд...хашааны ёроолд 30 орчим насны эрэгтэй хүн дээшээ харсан байдалтай хөдөлгөөнгүй хэвтэж байсан ба тэр хүний гадуур хувцасных нь энгэр  хагас задгай, өмднийх нь урд талын цахилгаан татагдаагүй толгой нүцгэн хамарнаас нь бага зэрэг цус гарсан байдалтай харагдсан...”/1хх-ийн 96/, гэрч Э.Гансүхийн”...Алтангэрэл миний утас руу залгахаар нь салгаад буцаагаад залгахад Алтангэрэл надад хэлэхдээ миний цүнхийг хүн авах гээд байна гэхээр нь би яг хаана юм бэ гэж асуусан чинь МҮИС-ийн энд байна гэж хэлэхээр нь яг наанаа байж бай одоо очлоо гэж хэлэх үед Алтангэрэлийн утас нь тасарчихсан...” /1хх-ийн 101/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлгүүд болон цогцост хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 251 дугаартай”...талийгаач нь боолтын улмаас амьсгал бүтэлтэнд орж нас баржээ...” /1хх-ийн 106-110/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 368 дугаартай”...шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн ороолтны шошгонд 10 мм татах чангаах хүчний үйлчлэлээр гарсан шинэ ханзралт байна” /1хх-ийн 155/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 802 дугаартай”...хүрмэнд гарсан 8см, 21 см хэмжээтэй уранхай шинээр гарсан байна...” /1хх-ийн 168/ гэсэн шинжээчдийн дүгнэлтүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 5, 21/, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 7-12/, цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 13-17/, эд зүйлд үзлэг  хийсэн тэмдэглэл /1хх-ийн 18/, хохиролтой холбогдох баримтууд /1хх-ийн 31-87/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.  

 

Эдгээр энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй байх эрхтэй” Н.Е мөрдөн байцаалтанд”...хүзүүгээр ороосон ороолт нь баруун талаасаа гогцоолдоод зүүн талаасаа хоёр үзүүрийг нь гогцоолдсон хэсэгт нь оруулчихсан байхаар нь би ороолтны хоёр үзүүрээс нь барьж байгаад татаж унагаад, баруун талын мөрөн дээгүүр нь ороолтны үзүүр хэсгийг зүүн талын мөр хэсэг рүү нь татаж боосон. Тэр үед талийгаач өөдөөс эсэргүүцэл үзүүлээд 2-3 удаа цохихоор нь энгэрээс нь унасан зүйлийг нь аваад явсан...” /1хх-ийн 196/ гэж үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь давхар батлагдаж нотлогдож байх тул Н.Е мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлэх үндэслэл болно.

 

Н.Е дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай гэмт хэрэгт тооцогдох үйлдэл” байх бөгөөд уг үйлдэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн санаатай гэмт хэрэгт” тооцогдоно. 

Өөрөөр хэлбэл Н.Е шунахайн сэдэлтээр М.Аийн эд зүйлийг авах зорилгоор түүний зүүж явсан хүзүүний ороолтоор нь боосон үйлдлийн улмаас талийгаач амьсгал бүтэлтэнд орж нас барсан нь гэмт үйлдэл үхэл хоёрын хоорондын шууд шалтгаант холбоотой гэж үзнэ.   

 

Иймд хяналтын прокуророос Н.Ед холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэж, шүүгдэгч Н.Е “Өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов. 

 

Улсын яллагчаас Н.Е “Өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

Шүүх хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн хохиролтой холбогдох баримтуудыг шинжлэн судлаад дараах байдлаар шийдвэрлэлээ.

 

Оршуулгын зардалтай холбогдуулан нэхэмжилсэн 9.676.117 төгрөгийн үнийн дүн бүхий баримтууд нь  нотлох баримтын шаардлага хангасан байх тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг шүүх бүхэлд нь хангаж, үүн дээр талийгаачаас биет байдлаар авсан 37.000 төгрөгийг нэмж тооцон нийт 9.713.117 төгрөгийг  гэм буруутай этгээд Н.Еэс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В.Бд олгох хууль зүйн үндэслэлтэй.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч талийгаачийн гэр бүлийн хүн В.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт “би одоо 2-13 насны 5 хүүхэдтэйгээ буюу өөрийн 4 хүүхэд, талийгаач бид хоёр дундаас төрсөн 1 хүүхэдтэйгээ амьдарч байна.  талийгаачийн төрсөн хүүхэд А.Буяннэмэх 2017 оны 10 сарын 15-нд төрсөн. Тэгэхээр А.Буяннэмэхийн тэжээгчээ алдсаны тэтгэмжид түүнийг 18 нас хүртэлхи хугацаагаар тооцож 47.840.000 төгрөгийг Н.Еэс гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт гаргаж нийгмийн халамжийн байгууллагаас тэжээгчээ алдсаны тэтгэмж 174.000 төгрөгөөр тогтоосон баримтыг хэрэгт хавсаргуулав. 

 

Талийгаач нь эхнэр 5 хүүхдийн хамт ам бүл 6-уулаа амьдардаг байсан байх бөгөөд Гэр бүлийн тухай хуульд зааснаар дагавар хүүхэд хойт эцэг, хойт эхийн хооронд эцэг, эх, хүүхдийн эрх, үүрэг үүсэх бөгөөд тэдгээр хүүхдүүд тэжээгчээ алдсаны тэтгэмжийг төрсөн хүүхдийн нэгэн адил авах эрхтэй.

 

Тэгэхээр тэжээгчээ алдсаны тэтгэмжийн цалин хөлсний зөрүүг гаргахдаа талийгаачийн сарын дундаж цалин хөлсийг хуульд заасан нотлох баримтаар тогтоож, нийгмийн халамжийн байгууллагаар хүүхдүүдэд сар бүр олгох тэжээгчээ алдсаны тэтгэмжийг мөн тогтоолгосны эцэст хууль ёсны төлөөлөгч В.Б Иргэний хуулийн 508 дугаар зүйлд заасан хохирогч нас барснаас учирсан гэм хорыг арилгуулахаар нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлээ.

 

Ингэж шийдвэрлэсэнтэй холбогдуулж шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Батханд “Н.Еэс хохиролын 9.713.117 төгрөгийг төлүүлэхээр шүүх хуралдааныг завсарлуулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасныг бусад оролцогчид дэмжиж оролцсоныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийг 3 дахь хэсэгт “...шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан өмгөөлөгчийн санал, хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг засварлуулж болно” гэж заасны дагуу ажлын 5 хоногийн хугацаагаар шүүх хуралдааныг 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл завсарлуулав. 

 

Эрүүгийн хариуцлагын хуралдаан дээр Н.Е ар гэрээс 37.000 төгрөгийг амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В.Бд хүлээлгэн өгснийг 9.713.117 төгрөгнөөс хасаж тооцсон болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс, “Өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон Н.Ед Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2  дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн Гэм буруугийн зарчимд нийцнэ.

 

Шүүгдэгч Н.Ед эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал  буюу Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний амьд явах эрх, эрх чөлөөнд халдаж хүний амь нас хохироож хүнд хор уршиг учруулсан байдлыг харгалзаж ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх Эрүүгийн хариуцлагын зорилго болон Шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Түүний анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон хохирол нөхөн төлөхөө илэрхийлж байгаа зэрэг хувийн байдлыг харгалзан эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

 

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Sky маркийн гар утас 1 ширхэг, автобусны карт 1 ширхэг, цагаан өнгийн ороолт 1 ширхэг, ногоон өнгийн гар цүнх 1 ширхэгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хүсэлтээр буцаан олгох нь зүйтэй.