Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 873

 

 

 

 

 

     2016 оны 09 сарын 02 өдөр

            Дугаар 151/ШШ2016/00873

Баян сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шүүхийн шүүгч Б.Цолмон  даргалж,   Төв аймгийн Баян суман дахь Согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын харъяа Төв аймгийн Баян суман дахь Согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын хүсэлттэй,

 

Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 8 дугаар хороо 14 дүгээр байр 98 тоотод оршин суух хаягтай, Хондогынхон овгийн Цэдэндамбын Батболд /ХВ72101370/-ын эмчилгээний хугацааг дуусгавар болгуулах тухай  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Бүдмөгүл, гуравдагч этгээд Ц.Батболд, нарийн бичгийн дарга Г.Сугармаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар шүүхэд гаргасан хүсэлтдээ:

“Өвчтөн Ц.Батболд нь Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 сарын 07-ны өдрийн 322 тоот шийдвэрээр тус газарт ирж эмчлэгдсэн. Ц.Батболдыг эмчлэх явцад түүнд элэгний архаг үрэвсэл онош илэрсэн тул  эмчилгээний хугацааг дуусгавар болгох хүсэлтэй байна гэжээ.

 

Гуравдагч этгээд Ц.Батболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь элэгний архаг үрэвсэлтэй тул эмчилгээ хийхэд харшлаад байгаа гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын харъяа Төв аймгийн Баян суман дахь Согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар нь өвчтөн Ц.Батболдын албадан эмчилгээний хугацааг дуусгавар болгуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

Өвчтөн Ц.Батболд нь Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 сарын 07-ны өдрийн 322 тоот шийдвэрээр захиргааны журмаар албадан эмчлэхээр  шийдвэрлэж, тус газарт эмчилсэн байна. 

Тус газрын мэргэжилийн эмч нарын комиссын 2016 оны 08 сарын 24-ний дүгнэлтээр Ц.Батболд нь элэгний архаг үрэвсэлтэй гэсэн оноштой тул эмчилгээний хугацааг дуусгавар болгосон байна.

Иймд комиссын дүгнэлтийг үндэслэн Ц.Батболдын эмчилгээний хугацааг дуусгавар болгох нь үндэслэлтэй болно.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Согтуурах Мансуурах Донтой өвчтэй этгээдийг Захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасныг баримтлан Ц.Батболдын албадан эмчилгээний хугацааг өвчний учир дуусгавар болгосугай.

 

            2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

           

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт зааснаар эмчлүүлэгч этгээд шийдвэрийг тус тус эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                 Б.ЦОЛМОН