Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 52

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Х.Санжидмаа даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ                                                                                     Улсын яллагч Э.Хосбаяр 

Шүүгдэгч Э.Э-ийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар 

Шүүгдэгч Н.Б-ийн өмгөөлөгч Б.Наранцэцэг 

Шүүгдэгч Э.Э, Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаярын  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Э, Н.Б нарт холбогдох эрүүгийн 1930000000027 дугаартай  хавтаст хэргийг 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын  биеийн байцаалтын талаар.

Монгол Улсын иргэн, 1990 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүү нарын хамт, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар баг “Дэлгэр овоо” гэх газарт оршин суух,  ял шийтгэлгүй /РД:ЛЮ90062792/ Цогт овгийн Э.Э

Монгол Улсын иргэн, 1995 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Говь-Алтай аймгийн Тайшир суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар баг “Дэлгэр овоо” гэх газарт оршин суух,  ял шийтгэлгүй /РД:ДЗ95072118/ Цоохор отог овгийн Н.Б

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч  Э.Э, Н.Б нар нь бүлэглэн Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Дэлгэр Овоо” гэх газраас 2018 оны 11 дүгээр сард иргэн Б.Энхтөрийн 2  бяруу, 1  үнээг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 2.100.000 төгрөгийн хохирол учруулсан, 

- Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Дэлгэр Овоо” гэх газраас 2019 оны 01 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө иргэн Б.Энхтөрийн 4 үхрийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 4.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:  

Шүүгдэгч Э.Э шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэгтээ: Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн учраас одоо ярих зүйлгүй гэв.

Шүүгдэгч Н.Б шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэгтээ: Мөрдөн байцаалтад үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн. Тиймээс мэдүүлэг өгөхгүй гэв.

  Эрүүгийн 1930000000027 дугаартай хэргээс:  

Яллагдагч Э.Эийн  мөрдөн байцаалтанд өгсөн: “.... Энэ үед манай зүүн хойд зүгт 30 гаран тооны үхэр байхаар нь Баасандорж бид 2 нийлж 2 бяруу, 1 үнээ ачиж аймгийн төвд авчирч Дэрэм гэх айлд авчирсан. Уг хүнээс 500.000 төгрөг зээлээд авчихсан байсан учраас өрөндөө 2 бярууг өгсөн. Харин үнээг нь 650.000 төгрөгөөр Дэрэм гэх хүний хамаатанд зараад мөнгийг нь Баасандорж бид 2 хувааж авсан. Уг үхэр тухайн үед хэний үхэр болохыг мэдэхгүй байсан дараа нь Б.Энхтөр ах эрээд явж байсан.

....Баасандорж нь 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өглөө манай гэрт ирээд манай хүргэн Улаанбаатар хотоос тавилга ачаад ирж байгаа гэхээр нь Баасандорж бид 2 үхэр нядалж өгч явуулахаар хоорондоо ярилцсан юм. Ингээд бид 2 аймгийн төв орж Баасандоржийн хүргэнийг тосч авсан бөгөөд Батмөнх, Бүрэнжаргал гэх залуучууд байсан. Ингээд Баасандоржийг хөдөө гэр рүү нь явуулаад би хамт байж ачааг нь буулгаж өгч архи ууж байгаад 2019 оны 01 дүгээр сарын 15-ны орой машиныг нь жолоодож Батмөнх, Бүрэнжаргал нарыг суулгаад хөдөө гэр лүүгээ явсан. Ингээд Баасандоржийн гэрээр орж аваад манай гэрт ирж пиво ууж байгаад үхэр нядлах газраа очихоор болж би машиныг нь жолоодон очиж нийт 4 үхрийг бугуйлдаж бариад нядалсан. Үхрийн арьс, толгой гэдсийг дараа нь татаж авна гэж хэлсэн юм. Батмөнх, Бүрэнжаргал нар хулгай хийж байгааг мэдээгүй. Би өдөр нь гадуур явж малын бичиг авчихсан байсан учир уг бичгийг Батмөнхөд өгөөд явуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33, 55/ 

Яллагдагч Н.Бийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Манай гэр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын төвөөс зүүн хойд зүгт 40 километрт “Дэлгэр Овоо” гэх газар нутагладаг юм. 2018 оны 11 дүгээр сарын үед Э.Э бид 2 нийлж аргал түүж байгаад орой болсон юм. Энхтөр ах тэр үед “би хүнд 2 бяруу өгөх ёстой юм, зун мөнгийг нь авчихсан үхэр хулгайлъя” гэхээр нь зөвшөөрч Э.Эийн гэрээс зүүн зүгт бэлчиж байсан үхэрнээс 2 бяруу, 1 үнээг барьж аваад машинд ачсан юм. Тухайн үед Э.Э нь хамаатан Отгоо гэх хүний машинаар аргал зөөж байсан бөгөөд тэр машинд 3 үхрийг ачаад Баруун-Урт сумын төвд ирж 3 үхрийг буулгасан. Э.Э нь надад 300.000 төгрөг өгсөн. Уг 3 үхэр нь Б.Энхтөр гэх хүний үхэр байсан.

....2019 оны 01 дүгээр сарын 14-ний өглөө Э.Эийн гэр рүү очсон чинь  манай хүргэн Батмөнх над руу залгаад би Сүхбаатар аймаг руу ачаа ачаад гарах гэж байгаа гэсэн . Тэгтэл Энхтөр нь машинтай ирж байгаа юм чинь буцах үед нь үхэр нядлаад ачуулаад явуулъя гэж тохирч мотоциклтой Баруун-Урт сумын төв рүү явж шөнө Батмөнхийг тосож авсан. Батмөнх нь Бүрэнжаргалтай цуг ирсэн байсан. Ингээд маргааш өглөө нь буюу 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өглөө би мотоциклтой гэртээ буцаж ирсэн. Орой нь 19 цаг өнгөрч байхад Э.Э, Батмөнх, Бүрэнжаргал нар манай гэрт ирж хамт Энхтөрийн гэр лүү явсан. Ингээд үхрээ хураагаагүй гээд үхэр нядлах газар луу би морь унаж Энхтөр машин жолоодоод Батмөнх, Бүрэнжаргал нарын хамт явсан. 20 гаран тооны үхэр бэлчээрт байхаар нь 4 үхэр барьж аваад нядалж машинд ачаад Энхтөр, Батмөнх, Бүрэнжаргал нар явсан. Энхтөр нь малын бичиг авчихсан байсан. Батмөнх, Бүрэнжаргал нар хулгай хийж байгааг мэдээгүй. Энэ талаар хэлээгүй үхрээ хураагаагүй гэж хэлсэн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27, 52/

Хохирогч Б.Энхтөрийн мөрдөн байцаалтанд өгсөн “...Би Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг “Дэлгэр Овоо” гэх газар нутагладаг юм. 2018 оны 11 дүгээр сарын дундуур манай үхрээс 3  үхэр алга болсон. Алдагдсан үхрийн нас хүйс гэвэл улаан зүсмийн эр 2 бяруу, хүрэн буурал зүстэй нас гүйцсэн сувай 1  үнээ тус тус алдагдсан юм. Тухайн үед эрж хайсан боловч огт олоогүй. Манай гэрээс зүүн зүгт нутаглах Э.Э гэх залуугаас хүртэл асууж сурагласан боловч мэдэхгүй гэж байсан. 1 бярууг 500.000 төгрөгөөр үнэлнэ. Сувай үнээг 1.200.000 төгрөгөөр үнэлнэ. Нийт 2.200.000 төгрөгийг хулгайн гэмт хэрэг үйлдсэн хүмүүсээс нэхэмжилнэ. 

2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр манай үхэр гэрээс зүүн урд зүгт бэлчээрт гарсан бөгөөд 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өглөө үхэртээ явсан чинь үхрийн бэлчээр дээр 4 үхрийг маань нядалж толгой, арьс, гэдсийг нь хаясан байсан. Манай нядлагдсан үхрүүдийн зүс им нь бүгд баруун чих урдаасаа ганзага, зүүн чих араасаа ганзага имтэй юм. Зүс нь хар алаг зүсмийн нас гүйцсэн үнээ, бидэртэй хүрэн үнээ, улаан халзан үнээ нядлагдсан. Миний хувьд 1 үхрийг 1.200.000 төгрөгөөр үнэлнэ. Нийт 4.800.000 төгрөгийг хулгайн гэмт хэрэг үйлдсэн хүмүүсээс нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/

Гэрч Б.Батмөнхийн мөрдөн байцаалтанд   өгсөн “..... Энхтөрөөр хөдөө гэрийг нь заалгаад 2019 оны 01 дүгээр сарын 15-ны орой гэгээ тасарч байх үед Энхтөр, Бүрэнжаргал бид 3 явсан. Баасандоржийн гэрт очиход Баасандорж нь ганцаараа байсан. Баасандоржийг аваад Энхтөрийн гэр рүү очиход Энхтөрийн дүү нь гэх залуу хоол хийгээд байж байсан. Энхтөр аймгаас гарахдаа 2 том пиво авсан байсан бөгөөд уг пивыг ууцгаасан. Тэгтэл үхрээ хураагаагүй байна үхэр лүү явъя гээд гарцгаасан. Баасандорж нь гарч аргамжаатай байсан моринд эмээл тохож би морийг нь унаад явсан. Харин миний машиныг Энхтөр жолоодож машинд Бүрэнжаргал бид нар сууж явсаар байгаад үхэр бэлчиж байсан газарт ирсэн. Би мориноосоо унасан учир Баасандорж морь унаж баруун урд зугт явж байгаад үхэр хурааж байгаад 4 тооны үхрийг нядалсан. Үхрийг Энхтөр, Баасандорж нар лантуугаар цохиж унагаагаад цуслаад байсан. Бүрэнжаргал бид 2 үхрийг нядалхад тусалж махыг зөөсөн. Үхэр нядалсан газар толгой, арьс, гэдэс, 4 шийрнүүдийг нь орхисон. Яаж байгаа юм гэхэд Энхтөр нь “та нарыг гаргаж өгчихөөд буцаж ирж цэвэрлэнэ” гэсэн. Ингээд зөвхөн махыг нь ачиж явсан. Үхрийг нядалж дуусгаад 02 цагийн үед Баасандорж морьтой буцаад явсан. Энхтөр ах зам зааж өгнө гээд Бүрэнжаргал бид 3 аймгийн төвд Энхтөрийн гэрт ирээд надад түлшний мөнгө гээд 50.000 төгрөг өгсөн. Би махыг нь Улаанбаатар хотын “Эмээлт” зах дээр очиж 1 килограммыг нь 4.800 төгрөгөөр тооцож нийт 400 килограмм махыг 1.920.000 төгрөгөнд ченжид зарсан. Энхтөр нь малын бичиг гээд надад бичиг өгч явуулсан. 26-60 ДАХ улсын дугаартай авто машин бол би хүнээс худалдаж авахаар тохирч авсан байсан. Мөнгийг нь өгөөгүй байгаа юм. Миний хувьд ямар нэгэн хулгайн мал нядалж байгаа талаар мэдээгүй. Энхтөр, Баасандорж нар л мах ачуулж явуулна гэж байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн14/, 

Гэрч Б.Бүрэнжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн“..... Ингээд Энхтөр нь машин жолоодоод Батмөнх бид 2 хажууд нь сууж Баасандоржийн гэрт очсон чинь Баасандорж нь хөдөө гэртээ ганцаараа байж байсан. Энхтөр нь би зам мэднэ гээд машин жолоодсон. Баасандоржийг аваад Энхтөрийн гэрт очиж пиво уусан. Тэгтэл Энхтөр нь үхрээ нядална гээд гарсан. Би ч дагаад гарсан чинь Баасандорж морь унаад явсан. Би ч машинд суугаад яваад байсан. Хэсэг дэрстэй газар 20 орчим тооны үхэрнээс 2 үхрийг Энхтөр нь бугуйлдаж бариад лантуугаар цохиж унагаагаад цээжнээс нь цусыг гаргасан. Би нэг хэсэг машинд суугаад байсан чинь Энхтөр нь гарч туслаач гэсэн. Би үхэр гаргаж мэдэхгүй гэсэн чинь “үхэр нь бэлчиж яваад байна хориод байж бай дахин 2 үхэр барьж авна” гэхээр нь морь унаад үхрийг хурааж тогтоосон. Дахин 2 үхэр бариад нийтдээ 4 үхэр барьж нядалсан. Энхтөр ах үхэр нядлах үед нь би хажууд тусалж, үхэрний хөлийг нь барьж үхрийн махыг зөөж машины ачаан дээр тавьсан. Баасандорж, Батмөнх хоёр нийлж 2 үхрийн арьсыг өвчиж байсан. 4 үхрийг нядалж дуусаад махыг нь машиндаа ачсан. Толгой, арьс, гэдсийг нь хөдөө хаясан. Баасандорж морио унаад гэр лүүгээ буцсан. Энхтөр, Батмөнх бид гурав Сүхбаатар аймгийн төв явсан. Үхэр хулгайлж байгааг мэдээгүй. Энхтөр, Баасандорж нар нь хоосон буцаж байснаас түлшний зардалд хэрэгтэй. Мах өгч явуулна гэж байсан. Мөн арьс, толгойг Энхтөр ах татаад авчихна гэж байсан. Би мал нядалхыг мэддэггүй хотын төвд өссөн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 16/, 

-Хэрэг, учралын газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг  / хх-ийн 06-10 хуудас/

        - эд зүйлийн үнэлгээ  /хх-ийн 34, 49-р хуудас/

-Ашид билгүүн ХХК-ны эд зүйлийн үнэлгээ /62-64/

-Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 8/152 дугаартай тодорхойлолт /хх-ийн 56-р хуудас/

- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар багийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 6/59 дугаартай тодорхойлолт /хх-ийн 60-р хуудас/

-Шүүгдэгч Э.Э Н.Б нарын хохирол төлсөн баримт /хх-ийн 77-78/

-Ц.Баасандоржийн  ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58-р хуудас/ 

-Э.Эийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59-р хуудас/ зэрэг баримтууд болно.

Шүүгдэгч Э.Э, Н.Б нар нь бүлэглэн Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Дэлгэр Овоо” гэх газраас 2018 оны 11 дүгээр сард хохирогч Б.Энхтөрийн 2 бяруу, 1  үнээг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 2.100.000 төгрөгийн хохирол учруулсан, 

 Мөн Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Дэлгэр Овоо” гэх газраас 2019 оны 01 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө хохирогч Б.Энхтөрийн 4 үхрийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 4.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүгдэгч нарын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, хохирогч Б.Энхтөр, гэрч Б.Батмөнх, Б.Бүрэнжаргал нарын мөрдөн байцаалтанд гаргасан мэдүүлэг, хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Э.Э, Н.Б  нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй  хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон тул Э.Э, Н.Б нарыг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

Шүүгдэгч  Э.Э, Н.Б нарт ял шийтгэл оногдуулахад анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн  зэрэг нь  Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт  заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хүндрүүлэх нөхцөл байдал  болно.

Шүүгдэгч Э.Э, Н.Б нар цагдан хоригдоогүй, бичиг баримт, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч Б.Энхтөрд 7 000 000 төгрөгийн  хохирол төлсөн,  хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй байна.  

Шүүгдэгч  Э.Э, Н.Б нарын үйлдсэн мал хулгайлах гэмт хэрэг нь  Эрүүгийн   хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-д заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан  бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэсэн тул шүүгдэгч нарын  хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг,  хохирол төлсөн  зэргийг харгалзан  Э.Э, Н.Б нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Шүүгдэгч Цогт овгийн Э.Э,  Цоохор отог овгийн Н.Б нарыг  мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.          

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн  3.7 дугаар  зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр Э.Эийг 1 /нэг / жилийн хугацаагаар, Н.Бийг 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.

3 Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар  тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8,  6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Э.Э, Н.Б  нарт мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Э.Э, Н.Б  нар  цагдан хоригдоогүй, бичиг баримт, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч Б.Энхтөрд 7 000 000 төгрөгийн хохирол төлсөн,  хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай. 

 5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Э.Э, Н.Б  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт   зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй  болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг ялтан, түүний өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг  мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Х.САНЖИДМАА