Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 347

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сугар даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ 

Улсын яллагч Э.Хосбаяр 

Шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б.Гт холбогдох 1930000000015 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.

Монгол Улсын иргэн, 1991 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар аймгийн Онгон суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг 180 айлын 2-6 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй /РД:ЛЖ91111813/ Гэгээн овгийн Б.Г.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Б.Г нь 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын төвөөс урагш 4 километр газарт байх З.Тэмүүжингийн гэрт иргэн Т.Алтанхундагыг зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, цээжний баруун 8 дугаар хавирганы цууралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний салстын цус хуралт, дээд, доод зовхи, баруун хацрын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нурууны бүсэлхий орчмын цус хуралт, баруун тохойд өнгөц зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн   хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь: 

Шүүгдэгч Б.Гт  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй гэв.

Хохирогч Т.Алтанхундагын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Тэгээд сууж байгаад Халзан сумын уяач Чинзориг манай найз гээд яриад сууж байтал Б.Г гэдэг залуу танай Чинзориг яадаг юм гээд надтай маргалдаж томорч байгаад миний баруун нүд рүү нэг удаа, толгой руу хэд хэдэн удаа цохисон. Мөн ар нуруу руу хэд хэдэн удаа өшиглөсөн. Ганзориг их согтуу байсан...Б.Г надад 500 000 төгрөг өгсөн. Бид 2 тохиролцож 2019 оны 02 дугаар сарын 20-ны дотор үлдэгдэл 300 000 төгрөгийг надад өгөхөөр болсон. Энэ нь эмчилгээний зардал мөнгөтэй холбоотой хохирол юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 4-6/,

 Гэрч З.Тэмүүжингийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Мөн Алтанхундага нь Ганзориг ахад томроод байсан. Тухайн үед Ганзориг нь Алтанхундага ахтай маргалдаад байсан. Тэгээд тэр хоёр хоорондоо зууралдаж байгаад Ганзориг ах ах дээр нь гарч доор нь байсан Алтанхундага нь Ганзоригийн цээжнээс хазсан. Үүнээс болж Ганзориг Алтанхундага ахын нүүр рүү нь тохойгоороо тохойлдсон. Тухайн үед Төрболд ах гаднаас орж ирээд тэр 2-ыг болиулсан. Тэр хоёрын муудсан шалтгаан гэвэл Алтанхундага нь бид нарт томроод Ганзориг ахыг аймгийн алдарт уяач гэсэн чинь чам шиг бацаан алдарт байх уу гээд доош нь хийх маягтай байсан. Би хазуулсных нь дараа харсан цээжний баруун хэсэгт шүдний ором орсон ...” гэх мэдүүлэг /хх-ийн 10/, 

Гэрч О.Төрболдын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Тэгээд архиа хувааж ууж байгаад морио эргээд ирье гээд гараад 10-20 минут болоод орж ирэхэд Алтанхундага, Ганзориг 2 муудсан шинжтэй байсан. Мөн дахиж хоорондоо муудаж Алтанхундага, Ганзориг нар хоорондоо зууралдаад байсан. Би Анхааг Алтанхундагыг аваад яв гээд явуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 9/, 

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 49 дугаартай: Т.Алтанхундагын биед тархи доргилт, цээжний баруун 8 дугаар хавирганы цууралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний салстын цус хуралт, дээд, доод зовхи, баруун хацрын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нурууны бүсэлхий орчмын цус хуралт, баруун тохойд өнгөц зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3.Учирсан гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 14/ 

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр багийн Засаг даргын 1/0027 дугаар тодорхойлолт /хх-ийн 31/

 Шүүгдэгч Б.Гийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 44/ 

Шүүгдэгч Б.Гийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүгдэгч Б.Г нь 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын төвөөс урагш 4 километр газарт байх З.Тэмүүжингийн гэрт иргэн Т.Алтанхундагыг зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, цээжний баруун 8 дугаар хавирганы цууралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний салстын цус хуралт, дээд, доод зовхи, баруун хацрын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нурууны бүсэлхий орчмын цус хуралт, баруун тохойд өнгөц зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгч Б.Гийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч Т.Алтанхундага, гэрч З.Тэмүүжин, О.Төрболд нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 50 дугаартай дүгнэлт зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч Б.Гт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно. 

Шүүгдэгч Б.Г нь уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. Тэрээр бусдын эрх чөлөөнд халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсэн атлаа иргэн Т.Алтанхундагыг зодож эрүүл мэндэд зориуд хохирол учруулсан байна. 

Шүүгдэгч Б.Гийн үйлдсэн хэрэг нотлогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон тул Б.Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв. 

Шүүгдэгч Б.Гт ял шийтгэл оногдуулахад хохирогч Т.Алтанхундагад эмчилгээний зардалд 500000 төгрөг төлсөн, үлдэгдэл 300000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Шүүгдэгч Б.Г нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир “гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн саналыг харгалзан шүүгдэгч Б.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй байна.

 Шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч эмчилгээний зардалд 800 000 төгрөг нэхэмжилснээс 500 000 төгрөгийг төлж үлдэгдэл 300000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн хохирогч Т.Алтанхундага гомдолгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв

. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Шүүгдэгч Гэгээн овгийн Б.Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Гийг 500 / таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Гт оногдуулсан торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурван/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Б.Гт мэдэгдсүгэй.

 5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхээс шүүгдэгч Б.Гт таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 6. Ялтан Б.Г нь цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч Т.Алтанхундагат эмчилгээний зардал 500000 төгргийг төлсөн, 300000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, хохирогч гомдолгүй гэснийг тус тус дурдсугай. 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.СУГАР