Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 44

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ,

Улсын яллагч хяналтын прокурор Э.Хосбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг 

Шүүгдэгч Б.В нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Эрдэнэбилэгт холбогдох эрүүгийн 1930000000038 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

   Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1991 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой,  мэргэжилгүй, эрхэлсэн  ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт  Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 1 дүгээр баг Орлойн 520А тоотод оршин суух, ял шийтгэлгүй /РД: ЛБ91102514/ Галсан овогт  Б.В

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

          Шүүгдэгч Б.В   нь 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар аймгийн Түвшинширээ  сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр сумын төвд  болон Түвшиншэрээ сумаас 20 км газарт иргэн Ш.Одбаярыг зодож эрүүл мэндэд нь 2 нүдний дотор талд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, толгойн дээд хэсэгт шалбаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.    

 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:  

  Шүүгдэгч  Б.В шүүхийн  хэлэлцүүлэгт  мэдүүлэхдээ: 2019 оны 02 дугаар  сарын 02-ны орой Түвшинширээ суманд очсон. Одбаяр найз охинтойгоо уулзана гээд надтай хамт явсан. Намайг Даваасүрэнтэй хөдөө явж байхад Одбаяр, Өлзийсайхан нар замд таараад замаа мэдэхгүй байна гээд бид хоёрыг хамт явъя гэж гуйсан. Түвшинширээ сумын дэлгүүрээс  нэг шил  архи авч НӨАТ-ын  баримтаа авъя гэхэд худалдагч нь гарахгүй байгаа гэхээр нь яагаад гарахгүй байгаа юм гэтэл Одбаяр чамд ямар хамаатай юм, чи НӨАТ-ын баримтаар яадаг юм гээд маргасан. Тэгэхээр нь би Одбаярыг тонгорч унагасан. Замдаа явж байгаад машин дотор нэг цохисон гэв.

  Эрүүгийн 1930000000038 дугаартай хэргээс:   

Хохирогч Ш.Одбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр би найз охин Билэгмаатай уулзахаар Сүхбаатар аймгийн Түвшинширээ сум руу Өлзийсайхан, Ванчинсүрэн, Даваасүрэн нартай хамт явсан юм. Түвшинширээ суманд очиж найз охинтойгоо уулзчихаад Баяндэлгэр явах замдаа хэрэглэнэ гээд нэг шил архи авахаар Түвшинширээ сумын төвд байх дэлгүүрээс Даваасүрэн, Ванчинсүрэн бид 3 орж 1 шил “Эдэн” нэртэй архи авч гарах гэтэл Ванчинсүрэн нь дэлгүүрээс НӨАТ-ын баримт авна гээд зогсоод байхаар нь “чи бид хоёр НӨАТ-ын баримтаар яадаг юм” гээд хэлсэн чинь уурлаж дэлгүүрээс гараад намайг тонгорч унагаад нэг удаа нүүр лүү цохисон. Тэгээд сумаас гарч яваад замдаа надтай машинд маргаж нэг удаа шанаадсан. Б.В надтай сайн дураараа эвлэрсэн, хохирлын ямар нэгэн маргаангүй, нэхэмжлэх зүйлгүй болсон...” гэх мэдүүлэг, /хх-04/,

Гэрч М.Даваасүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би найз Ванчинсүрэнгээр мотоцикл бариулаад хөдөөнөөс хүн авахаар явж байгаад сумын зүүн хойд өндрийн цаад дор Өлзийсайхан, Одбаяр хоёртой таарсан юм. Тухайн үед Түвшинширээ сум явах гэсэн чинь зам мэдэхгүй байна хамт явъя гэж хэлээд бид хэд цуг явсан юм. Түвшинширээ сум ороод Ш.Одбаяр найз охинтойгоо уулзаад буцаад Баяндэлгэр явахдаа Одбаяр замын архи авъя гээд дэлгүүрээс 0.5 литрийн “Соёрхол” архи аваад гарч ирэхэд Б.В тонгорч унагаад нүүр рүү нь нэг цохихоор нь би болиулаад машинд сууж улмаар сум руугаа явсан юм. Явж байх замд Одбаяр, Ванчинсүрэн хоёр ахиж маргалдаад Ванчинсүрэн, Одбаярыг ахиж нэг шанаадсан. Ванчинсүрэн худалдагчаас НӨАТ авъя гэж асуухад хажуугаас нь чи бид хоёр НӨАТ-өөр яадаг байна гэж хэлснээс болж муудсан. ...Бид дөрөв Түвшинширээ явах замдаа нэг шил архи хувааж уусан Ванчинсүрэн бид хоёрыг анх Өлзийсайхан, Одбаяр хоёртой уулзахад согтуу байсан. ...Ванчинсүрэн, Өлзийсайхан, Одбаяр бид 4 байсан. Ш.Одбаярын хамарнаас  цус гарч байсан...” гэх мэдүүлэг, /хх-10/

Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 98 дугаартай дүгнэлтэнд: Ш.Одбаярын биед 2 нүдний дотор талд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, толгойн дээд хэсэгт шалбаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй гэжээ. /хх-14/,

Б.Вгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-31/ 

Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 1-р багийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 15 дугаартай оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 32/

Б.Вгийн  хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 36/

Эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн прокурорын санал /хх-43/ зэрэг баримтууд болно.

  Шүүгдэгч  Б.В  нь  2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар аймгийн Түвшинширээ  сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр сумын төвд  болон Түвшиншэрээ сумаас 20 км газарт хохирогч  Ш.Одбаярыг зодож эрүүл мэндэд нь 2 нүдний дотор талд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, толгойн дээд хэсэгт шалбаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Вгийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч Ш.Одбаяр, гэрч М.Даваасүрэн нарын мөрдөн байцаалтанд гаргасан мэдүүлэг,  Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны  02 дугаар сарын 11-ний өдрийн 98 дугаартай дүгнэлт зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна. 

Шүүгдэгч Б.Вд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

  Шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.

Шүүгдэгч Б.Вгийн  бусдын биед хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж буй гэмт үйлдэл болох юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.В нь хохирогч Ш.Одбаярыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Шүүгдэгч Б.В нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Прокуророос Б.Вд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 Шүүгдэгч Б.Вд ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-т зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч Ш.Одбаяр гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн,  мөн улсын яллагчийн торгох ялын саналыг харгалзан В.Ванчинсүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар тогтов.   

Шүүгдэгч Б.В нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт, иргэний болон бусад бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ш.Одбаяр гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17.5 дугаар зүйлийн 9, 36.2, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Галсан овогт  Б.Вг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Вг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянган/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.    

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 5 /таван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Б.Вд мэдэгдсүгэй.

5. Ялтан Б.В нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт, иргэний болон бусад бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй,  шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ш.Одбаяр гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус  дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Вд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Х.САНЖИДМАА