Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 499

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

         Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум 2 дугаар баг, 6 дугаар хэсэг 3 дугаар байрны 08 тоотод оршин суух, Сэлэнгэ аймгийн Ерөнхий боловсролын 2 дугаар сургуульд үйлчлэгч ажилтай, Талхаан овогт Цэндсүрэнгийн Туяа /РД: МЮ 62011261/-ийн нэхэмжлэлтэй,

 “Ж.Цэндсүрэнг сураггүй алга болсонд тооцуулах” тухай  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Туяа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Бүүвэйцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч Ц.Туяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... Манай аав Ж.Цэндсүрэн нь 2011 оны 06 дугаар сарын 24-нд гэрээсээ гараад одоо болтол олдоогүй, сураггүй алга болсон. Тухайн өдөр би өдөр гэртээ ирэхэд манай аав Шаамар суманд байдаг манай дүүгийнд очно гэж байсан. Тэгээд би орой нь ажлаа тараад гэртээ ирсэн чинь манай аав гэртээ байхгүй байсан.

Тэгээд би дүүгээсээ аавыгаа очсон уу гэж асуухад очоогүй гэж хэлсэн.

Ингээд манай аавын сураг чимээ гарахгүй байсан учраас урд талын уул хадаар их хайсан, мөн Онцгой байдлынхантай хамт голоор хайсан боловч олдоогүй.

Мөн цагдаагийн байгууллагад аавыгаа алга болсон талаар бүртгүүлсэн бөгөөд одоо болтол цагдаагийн газар гомдлыг хаагаагүй эрэн хайж байгаа. Аавыгаа сураггүй алга болсон тооцуулахад ямар нэгэн зорилго байхгүй тул Ж.Цэндсүрэнг сураггүй алга болсонд тооцож өгнө үү! гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Туяа нь “Ж.Цэндсүрэнг сураггүй алга болсонд тооцуулах” тухай нэхэмжллэийн шаардлага гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Учир нь: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасаар “нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэл, түүнтэй холбоотой баримтыг гаргаж өгөх үүрэгтэй” бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй байна.

Өөрөөр хэлбэл “Ж.Цэндсүрэнг сураггүй алга болсонд тооцуулах” ыг хүсч байгаа зорилго, мөн сураггүй алга болсныг батлах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.

Мөн амь үрэгдсэн гэх үндэслэлийг хүсэлтэнд зааж, нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй.

            Иймд Ц.Туяагийн “Ж.Цэндсүрэнг сураггүй алга болсонд тооцуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

            Нэхэмжлэгч Ц.Туяагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийг орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 133.1.2 дахь хэсэгт зааснаар Талхаан овогт Цэндсүрэнгийн Туяагийн “Ж.Цэндсүрэнг сураггүй алга болсонд тооцуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар  зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг  бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, энэ хуулийн 119.4 дэх хэсэгт зааснаар дээрхи хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч өөрөө шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг гардан авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар 119.4 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрийг зохигч гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай. 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, түүний өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргаж болохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                           Б.МӨНХЗУЛ