Улсын дээд шүүхийн Тогтоол

2022 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 62

 

 

М.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн шүүгч Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Ууганбаатар, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Манлайбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны 257 дугаар шийтгэх тогтоол, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын   12-ны өдрийн 02 дугаар магадлалтай, Г.Бд холбогдох 2138000000133 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Манлайбаярын гаргасан гомдлыг үндэслэн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1979 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын бетон арматурын мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт, урьд ял шийтгэлгүй, М.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн   2021 оны 11 дүгээр сарын 02-ны 257 дугаар шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Урад овогт М.Б-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч М.Б-г 5 жил 10  хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч М.Б-д оногдуулсан 5 жил 10 хоногийн хорих ялаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийг хасаж, түүний биечлэн эдлэх ялыг 3 жил 10 хоногийн хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бд оногдуулсан 3 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Г.Баас 1.513.507 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Үд олгох, нотлох баримтын шаардлага хангаагүй 1.876.140 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч нь сэтгэл санааны хохирол 20.000.000 төгрөг, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж,

Эрүүгийн 2138000000133 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 26 см урттай, бор өнгийн, модон иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж,

Эрүүгийн 2138000000133 дугаар хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Бд шүүхээс авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шүүгдэгч Г.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Манлайбаяр, Д.Содномдорж нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2021/ШЦТ/257 дугаартай шийтгэх тогтоолын “ТОГТООХ нь:” хэсгийн 6 дахь заалтын “... 26 см ...” гэснийг “... 23 см ...” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Манлайбаяр гаргасан гомдол болон хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа    “... Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн   2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2021/ШЦТ/257 дугаартай шийтгэх тогтоол, Хөвсгөл аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2022/ДШМ/02 дугаартай магадлал зэргийг тус тус эс зөвшөөрч гомдол гаргаж байгаа болно. Учир нь, дээрх шийдвэрүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн бөгөөд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн зэрэг нь шүүгдэгч М.Б-ны эрх, хууль ёсны ашиг сонирхолд үл нийцэх шийдвэрүүд болсон байна гэж үзэх үндэслэл болсон. Үүнд: 1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт “шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл ...” зэргийг шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хэсэгт тусгана гэж заасан. Гэтэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд энэ талаар огт тусгаагүй, шүүхийн шийдвэр нь тодорхойгүй, ойлгомжгүй, түүнийг биелүүлэхэд эргэлзээ төрөхөөр буюу шүүгдэгч Г.Быг ямар шалтгаан, хууль зүйн үндэслэлээр хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийг үйлдэхдээ “санаа сэтгэл нь цочирдсон” эсэх нь нотлогдохгүй байгааг дүгнэж чадаагүй байж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэн шийдвэр гаргасан байгааг давж заалдах шатны шүүх мөн анзаарсангүй. Мөн давж заалдах шатны шүүхийн магадлалд “... прокурорын зөвшөөрөлгүйгээр эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн тогтоол үйлдэх шинжээчийн дүгнэлтийг хугацаа хэтрүүлэн гаргах, прокурор дахин шинжээчийн дүгнэлтийг хянан шалгах ажиллагаа явуулах тухай шийдвэр гаргах, шинжээчээс биечлэн мэдүүлэг, хэрэг хянах хугацааг дахин сунгаагүй зэрэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд хамаарахгүй юм ...” гэж дүгнэсэн нь “Шүүх прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчмыг ноцтой зөрчиж буй гажуудал гэдгийг анхаарч үзэх шаардлагатай. Өмгөөлөгчийн зүгээс давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо дээр дурдсан асуудлыг тус бүрд нь тодруулан дэлгэрэнгүй тайлбарласан байдаг. Тухайлбал, тус гэмт хэргийг үйлдэхдээ ашигласан гэх хутганы хэмжээг мөрдөгч, шүүгч тус бүрдээ өөрийн дур зоргоор зохион “23 см, 26 см” гэх мэт ойлгомжгүй байдлаар тайлбарлаж, тэр ч бүү хэл уг хэргийг үйлдэхэд ашигласан зэвсэг хэрэгсэл нь хутга, аль эсвэл хайч хоёрын аль нь болох нь ч одоо хүртэл тодорхойгүй байдаг. Тус эрүүгийн хэргийг шалгаж байсан мөрдөгч нь шүүгдэгч Г.Баас хэргийн газрын үзлэг хийхдээ “... гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэх хайч”-ыг бэхжүүлэн авч явсан гэдэг боловч энэ талаар хавтаст хэрэгт авагдсан баримт огт байдаггүй нь эргэлзээтэй нөхцөл байдлыг үүсгэдэг. Энэ мэт мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэх журмыг ноцтой зөрчсөн буюу хэргийг прокурорт буцаах үндэслэл бий болсон байгааг үл хэрэгссэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр тус тус хүчингүй болох үндэслэлтэй. Давж заалдах шатны шүүхийн магадлалд “... шүүгдэгчийн санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчдах нөхцөл байдал гэмт хэрэг гарах үед үүссэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна ...” гэж дүгнэсэн атлаа “... ялтан Г.Бы эхнэрийн хохирсон хэрэг хэрхэн, яаж шийдвэрлэгдсэн тухай нотлох баримт нь ... уг хэрэгт хамааралгүй ...” гэж тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй байна. Тодруулбал, тус хэргийн хохирогч Д.Ү нь 2021 оны 02 дугаар сарын    22-23-ны өдрийг шилжих шөнө миний үйлчлүүлэгч Г.Бы эхнэр Ц.Мд бэлгийн дарамт учруулж, Зөрчлийн тухай хуулийн 6.26 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бэлгийн дарамт учруулах” зөрчилд шалгагдан улмаар Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2021/ЗШ/622 дугаартай шүүхийн шийтгэврээр шийтгүүлсэн байдаг. Дээрх нотлох баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл”-ийг тодруулах буюу нотолбол зохих нотолгооны чухал ач холбогдолтой баримт байсан болно. Мөн хохирогч Д.Үгийн эмчилгээний болон бусад зардлыг шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэхдээ ... хуульд заасан үндэслэл, журмын дагуу үнэлж 5.213.507 төгрөгөөс шүүгдэгч Г.Бы хохиролд төлсөн 3.700.000 төгрөгийг хасаж, үлдэх 1.513.507 төгрөгийг шүүгдэгч Г.Баас гаргуулж, хохирогч Д.Үд олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байгааг давж заалдах шатны шүүх анзаарсангүй. Үүнд, хохирогч Д.Үгоос хавтаст хэргийн материалд гаргаж өгсөн эмчилгээний зардалтай холбогдох баримтад 518.279 төгрөгийн бензин шатахууны зардлын Е-баримт, 58.098 төгрөгийн хүнс, амттаны зарлагын Е-баримт, 294.000 төгрөгийн ковид-19 шинжилгээний Е-баримт болох нийт 870.377 төгрөгийн баримтыг хавсаргаж өгсөн. Мөн бусад хохирлын баримтад авагдсан “... Голомт банкны постын машинд Мэндсайхан нэрээр уншуулсан 1.550.000 төгрөг ... багажны төлбөр нэрээр шилжүүлэг хийсэн 750.000 төгрөгийн мөнгөн шилжүүлгийн баримт ...” зэргийг нотлох баримтаар тооцсон. Гэвч дээр дурдсан баримтуудад дурдагдсан зардлууд нь хэнд зориулагдсан, ямар зориулалтаар хэрхэн, яаж ашигласан, хаанаас, хаашаа явахад зарцуулсан шатахуун болох нь тодорхойгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн буюу эмчилгээ, сувилгаатай холбогдох баримт мөн эсэх нь эргэлзээтэй байсан бөгөөд тухайн хохирлын талаарх өмгөөлөгчийн санал, хүсэлтийг анхан шатны шүүх анхаарч, хэрэгсээгүй, орхигдуулсан. Өөрөөр хэлбэл, хохирогч Д.Ү нь Иргэний хуулийн          505 дугаар зүйлд заасны дагуу өөрийн эрүүл мэндэд учирсан гэмт хорыг арилгахтай холбоотой нотлох баримтын шаардлага хангасан баримтуудыг бүрэн дүүрэн бүрдүүлж ирүүлээгүй байтал зөвхөн хохирогчийн өөрийнх нь мэдүүлгээр хохирлыг тооцож гаргаснаас шалтгаалан шүүхээс шийдвэр гарган зөвлөлдөхдөө илт үндэслэлгүй үнийн дүнгээр “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээ”-г тооцож, тогтоон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчигдөх үндэслэл болсон. Харин миний үйлчлүүлэгчийн хувьд анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнээд байгаа 3.700.000 төгрөгөөс гадна 2.044.608 төгрөгийн хохирол буюу эм, эмчилгээний зардал төлсөн болох нь /хх-ийн 52-57-р талд авагдсан Е-баримтаар/ нотлогдож байх бөгөөд эмчилгээний зардалд хавсаргаж өгсөн баримтаас давуулан хохирлыг төлсөн байтал бусдад төлөх төлбөртэй гэж дүгнэсэн нь үнэнд нийцэхгүй. Иймд дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн     257 дугаартай шийтгэх тогтоол, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 02 дугаартай магадлал зэргийг бүхэлд нь хүчингүй болгож, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж өгөхийг хүсэж энэхүү гомдлыг гаргаж байна. Хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэхийг хүсье” гэв.

Прокурор Б.Ууганбаатар хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... шүүгдэгч Г.Бд холбогдох хэрэгт авагдсан баримтуудаар гэмт хэрэг үйлдэгдэх үед шүүгдэгчийн сэтгэл санаа хүчтэй цочрон давчидсан гэх үйл баримт тогтоогдоогүй. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Манлайбаяраар Улсын дээд шүүхэд гаргасан гомдолдоо хавсаргаж ирүүлсэн Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн шийтгэвэр нь анхан болон давж заалдах шатны шүүхээр хэлэлцэгдээгүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад эд мөрийн баримт хураан авахдаа тэмдэглэл үйлдээгүй, прокурор хэргийн хяналтын хугацааг сунгаагүй гэх зөрчлүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн буюу шүүхийн шийдвэр гарахад нөлөөлөхүйц зөрчил биш байна. Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 257 дугаар шийтгэх тогтоол, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 02 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Манлайбаярын гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Г.Бд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу хоёр шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянан үзээд анхан шатны шүүхийн тогтоолд өөрчлөлт оруулсан магадлал нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцсэн байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

2. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэргийн нөхцөл байдалтай уялдуулан хянаж үзэхэд гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байх бөгөөд үүнийг дараах байдлаар тодруулан тайлбарлаж байна.

2.1. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Манлайбаяр гомдолдоо “... шүүгдэгч Г.Быг ямар шалтгаан, хууль зүйн үндэслэлээр хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийг үйлдэхдээ “санаа сэтгэл нь цочирдсон” эсэх нь нотлогдохгүй байгааг дүгнэж чадаагүй байж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэн шийдвэр гаргасан байгааг давж заалдах шатны шүүх мөн анзаарсангүй” гэжээ.

Шүүгдэгч Г.Бы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлд заасан санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргээр зүйлчлүүлэх агуулга бүхий гомдлыг түүний өмгөөлөгч гаргасан байх ба хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгчийн үйлдлийн шинж байдал нь эрүүгийн эрх зүй дэх санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах тухай ойлголтын шалгуур шинжийг хангахгүй байна.

Учир нь санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах гэдэгт хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас хүн сэтгэл санааны хүчтэй, огцом хөдөлсөн сэтгэцийн байдал, гэнэтийн цочрол балмагдал зэргээс шалтгаалан хүний сэтгэл зүйн хэвийн байдал алдагдаж, оюун ухааны ухамсарт үйл ажиллагаа саармагжин, өөрийн үйлдэлд зөв дүгнэлт өгөх, үйлдлээ сонгох болон өөрийгөө хянах чадвар тодорхой түвшинд буурах, өөрийн үйлдлийн үр дагаврыг тал бүрээс нь нягт нямбай тунгаан цэгнэх боломжгүй болсон байдлыг ойлгодог билээ.

Санаа сэтгэл хүчтэй цочирсон үед тухайн хүн өөрийн үйлдлийн аюулын бодит шинжийг ухамсарлах болон түүнийг удирдах чадвар нь ихэд буурсан боловч сэтгэхүйн байдал бүрэн алдагдаагүй байдаг (уур хилэн, гоморхол, айдас зэрэг нь сэтгэцэд хүчтэй нөлөөлдөг боловч хүн өөрийн зан үйлийг ухамсарлах ба түүнд хяналт тавих, түүнийгээ хариуцах боломж нь алдагдаагүй) тул хэрэг хариуцах чадваргүй байдалд тооцогдохгүй, харин санаатай үйлдсэн гэмт хэргээс эрүүгийн хариуцлагын хувьд хөнгөрүүлсэн шинжтэйгээр хуульчлагдсан байдаг болно.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэргийн хохирогчийн доромжлол нь хүч хэрэглэхээр заналхийлэх, нэр хүндийг нь гутааж, гэмт этгээдийн санаа сэтгэлийг цочролд оруулсны улмаас тэрээр хоромхон зуур өөрийн үйлдлийг жолоодох чадваргүй байдалд орж, түргэн зуур хариу үйлдэл хийж гэмтэл, хохирол учруулдаг шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргээс ялгагдана.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хэдийгээр энэ гэмт хэрэг гарахад нөлөөлсөн хүчин зүйлд хохирогч Д.Үгийн зүй бус үйлдэл байгаа ч энэ нь доромжлох, дарлах, гутаах байдлаараа шүүгдэгч Г.Быг хүчтэй цочроосон, сэтгэцийн тэнцвэрт байдлыг нь илтэд алдагдуулсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй байх ба энэ талаар дүгнэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болсон тул өмгөөлөгчийн гэмт хэргийн зүйлчлэлийг өөрчлүүлэх агуулга бүхий гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

2.2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Манлайбаярын гомдолд “... давж заалдах шатны шүүхийн магадлалд “... прокурорын зөвшөөрөлгүйгээр эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн тогтоол үйлдэх, шинжээчийн дүгнэлтийг хугацаа хэтрүүлэн гаргах, прокурор дахин шинжээчийн дүгнэлтийг хянан шалгах ажиллагаа явуулах тухай шийдвэр гаргах, шинжээчээс биечлэн мэдүүлэг, хэрэг хянах хугацааг дахин сунгаагүй зэрэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд хамаарахгүй юм ...” гэж дүгнэсэн нь “Шүүх прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчмыг ноцтой зөрчиж буй гажуудал гэдгийг анхаарч үзэх шаардлагатай” гэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчих гэдэгт хэрэг хэлэлцэхэд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасах буюу хязгаарлах замаар эсхүл, бусад хэлбэрээр шүүх хэргийг бүх талаар хэлэлцэх явцад саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол, магадлал гаргахад сөргөөр нөлөөлсөн буюу нөлөөлж болохуйцаар хуулийн шаардлагыг зөрчсөнийг хамааруулан үздэг ба ноцтой зөрчсөн нь тогтоогдсон бол шүүхийн тогтоол, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгох буюу өөрчилнө. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчих гэдгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ойлгон хэрэглэх ба харин эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад илэрсэн зөрчил бүр нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох шалтгаан болохгүй тул шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй гарахад нөлөөлөхгүй зөрчлийг ноцтой зөрчилд тооцдоггүй болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдолд дээр дурдагдсан зарим зүйлүүд нь үндэслэлгүй (тухайлбал, эд мөрийн баримтаар тооцоход прокурорын зөвшөөрөл шаардагдахгүй), зарим нь процессын зөрчилд хамрагдах хэдий ч энэ нь хэргийг хянан шийдвэрлэх, шүүхийн тогтоолд нөлөөлөх, нотлох баримтын үнэлэмжийг үгүйсгэх ноцтой зөрчил биш боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааг явуулж, хяналт тавьж байхыг мөрдөгч, прокурорт анхааруулах нь зүйтэй гэж үзлээ.

2.3. Шүүгдэгчийн өмгөөлөгч гаргасан гомдолдоо “... эмчилгээний зардалд хавсаргаж өгсөн баримтаас давуулан хохирлыг төлсөн байтал бусдад төлөх төлбөртэй гэж дүгнэсэн нь үнэнд нийцэхгүй” гэжээ.

Гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, түүнийг шүүгдэгчээс гаргуулах талаар дүгнэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь үндэслэл бүхий байх бөгөөд үүнийг өөрчлөх, буруутгах үндэслэл тогтоогдоогүй болно.

3. Шүүгдэгч Г.Б нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр баг   26А-16 тоотод 2021 оны 02 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө иргэн Д.Үг хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Хоёр шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хийсэн хэргийн үйл баримт, түүний талаарх хууль зүйн дүгнэлтийг өөрчлөх, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтыг үгүйсгэх, няцаах баримт сэлт, нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

4. Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Быг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчийн хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн байдал, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан ял оногдуулахдаа Эрүүгийн хууль болон Өршөөл үзүүлэх тухай хуулийн хэм хэмжээ, тэдгээрийн агуулгыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

5. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

6. Хяналтын шатны шүүх нь мөрдөн байцаалтын шатанд хавтаст хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судалж хэргийн нөхцөл байдлыг шинээр тогтоох, зарим нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцож, бусад баримтыг няцаан үгүйсгэсэн дүгнэлт хийх буюу анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох замаар хэргийг эцэслэн шийдвэрлэх эрхгүй тул шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Манлайбаярын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолд хавсарган ирүүлсэн Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 622 дугаар шүүхийн шийтгэврийн хуулбарыг нотлох баримтаар үнэлэн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжгүй юм.

7. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Манлайбаярын “хэргийг прокурорт буцааж өгөх” талаар хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн   2021 оны 11 дүгээр сарын 02-ны 257 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан  Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны       01 дүгээр сарын 12-ны өдрийн 02 дугаар магадлалыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Манлайбаярын хяналтын шатны шүүхэд гаргасан  гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.  

 

 

ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

 

ШҮҮГЧ                                                          Б.АМАРБАЯСГАЛАН

 

                                                                      С.БАТДЭЛГЭР

 

                                                                       Б.БАТЦЭРЭН

 

                                                                                                  Б.ЭРДЭНЭБАЛСҮРЭН